Нийгмийн

Ш.Баатар: Энергийн төвд ирсэн 13 настай хүүхэдтэй эмэгтэйн хөхнөөс сүү асгарч байсан

Хамрын хийд, Энергийн төв гэж сонсож л байсан болохоос Говь руу ч зүглэж үзээгүй сэтгүүлч би Дорноговь аймгийг зорих боломж тохиов. Тиймдээ ч Энергийн төв, Шамбалын оронд очиж, үүх түүхийг нь сонсоно, өөртөө энерги шингээнэ гэхээс ихэд яарч явсан.

Биднийг очих газраа очиход цэнхэр торгон дээл өмссөн 70 орчим настай болов уу гэмээр өвөө биднийг угтав. Сонсвоос бидэнд газар орныхоо үүх, түүхийг тайлбарлаж, хөтөч хийх хүн гэнэ. Түүний унасан машин нь дээлтэй нь ижил цэнхэр өнгөтэй, өвгөн ахтай хамт олон олон үүх түүх, цаг хугацааг хамтдаа туулж яваа бололтой сайхан унаа байв. Яагаад ч юм түүний амнаас “24 жил хөтөч хийж байна” гэдэг үгийг нь сонсоод маш сонин содон хүн шиг санагдаж, түүнээс машинд хамт сууж яваад ярилцахыг санал болгоход дуртайяа зөвшөөрсөн юм.

Түүнийг Ш.Баатар гэдэг. Дорноговь аймгийн Сайхандулаан сумын нутагт төрсөн хүн. “Насныхаа сүүлд хутагтынхаа нутагт тайлбар хийгээд явж байна даа” хэмээн бахдангуй инээгээд, жолоогоо эргүүлэх. Тэр хүний нэгэн онцлог нь үргэлжилж, уянгалсан, шүлэг, яруу найраг уншиж буй мэт дуржигнасан яриатай. Зарим үгийг нь ойлгохгүй ч өнгөрч мэдэхээр тийм л нэг, содон өвөрмөц яриатай хүн байлаа. Түүнтэй цөөн хором ярилцсанаа хүргэж байна.

-ХАМРЫН ХИЙДЭД 13 ЖИЛ ГЭСГҮЙ ЛАМ ХИЙЖ БАЙГААД ХӨТӨЧ БОЛСОН-

-Сайн байна уу та. Та Хамрын хийд, Энергийн төвд 24 жил хөтөчөөр ажиллаж байгаа гэж үнэн үү?

-Үнээн хүү минь.

-Хөтөчөөр ажиллахаасаа өмнө юу хийж байсан хүн бэ?

-Би өөрөө энэ Хамрын хийдэд гэсгүй лам байсан юм. 13 жил гэсгүй хийгээд сүүлд нь ард түмэн намайг хөтөч хий гэсэн санал их гарсан учраас хөтөч хийдэг болсон доо.

-Тэгэхээр та лам байхдаа ч хөтөч хийдэг байжээ дээ?

-Ерөнхийдөө гэсгүй байхдаа л хурлынхаа зав чөлөөгөөр хөтөчөө хийгээд явдаг байсан. Тэр маань өдий 24 жил энэ ажлыг дурлаж хийж явах эхлэл болсон юм.

-Хамрын хийд, Энергийн төвийн түүхийг та сөхөж яривал?

-19-р зууны соён гэгээрүүлэгч, бурхан номын гүн ухаантан Дулдуйтын Данзанравжаа 1803 онд Түшээт хан аймгийн Говь Мэргэн вангийн хошуу, одоогийн Дорноговь аймгийн Хөвсгөл сумын нутаг анх мэндэлсэн байдаг. Энэ цагаас хойш 54-хөн наслаад хорвоогийн жанч халж байсан. Амьдрах хугацаандаа хийд орон байгуулъя, ямархуу орон газар байгуулах вэ, ямар нэр өгөх вэ гээд өөрийнхөө багшаас асуусан.

-Багш нь юу гэж хэлсэн юм бэ?

-Багш нь Өвөрбаясгалант гэж нэр өг. Олон модтой, зүүн хойд талдаа дов толгодтой газар байгуул гэж айлдсан. Хамрын хийд барьсан тэр газар тухайн үед нэг нөхөр өдрийн халуунд гурван тийшээ цахиураа зоогоод сүүдэр татчихсан хэвтэж байсан гэнэ. Ингээд “чамайг хэн гэдэг вэ. Яагаад хээр талд хэвтэж байгаа юм бэ” гэхэд өөрийгөө танилцуулсан нь тэр үеийн шилийн сайн эр байж. Тэр хүн Ар монгол, Манж хоёрын дунд явсан жинчдийг дээрэмдэж, татвар аваад нутгийн ядарсан ард олонд тараагаад аваад өгчихдөг байсан юм байна. Үүнээс болж манжуудад баригдан есөн эрүү тулгуулаад энэ газар цөллөгт хэвтэж байна гэж хэлж. Ингээд хутагт энэ газар орныг шинжилж үзтэл зүүн хойд талаараа хүрэнтсэн, урдуураа ухаарсан дов толгодтой байсан нь багшийн хэлж байсантай яг таарчээ. Түүнчлэн сайртай гол дагасан 108 хайлаас ургасан байжээ. Түүнчлэн шилийн сайн эрийн хэвтэж буй газар гурван тийш цахиур мод зоосон байсныг гурван зүгээс халдлага ирэхгүй хэмээн бэлгэдэж 1820 онд тэр газар Хамрын хийдийг байгуулж байсан түүхтэй. Энэ цагаас хойш 1937 хүртэл гурав, дөрвөн аймаг болж, зүүн, баруун хүрээ гэж 80 гаруй сүм дугантай, 560 гаруй лам хуваргатай болж өргөжиж ирсэн газар.

-Энэ газар бас Монголын анхны театр Саранхөхөө үүссэн гэдэг бил үү?

-Энд Монголын анхны театр байгуулж байсан. Саранхөхөө зуны дунд сарын шинийн нэгнээс битүүн хүртэл 30 хоног тоглодог, бусад хугацаанд нүүдлийн маягаар тоглоод явдаг байсан байна. Хутагт маань ганцхан яруу найрагч байгаагүй жүжгийн зохиол бичиж Хамарын хийдэд анх удаагаа жүжиг найруулан тоглуулж олны хүртээл болгосон байдаг. Анхны театр байгуулагдсан гэдгээрээ Хамрын хийд Монголын түүх соёлын үнэт өв мөн гэдгийг баталж байгаа хэрэг. Өөрөөр хэлбэл монголын театр урлагийн үндсийг тавьж байсан газар. Монголын соёл урлагийн  үүх түүхийг яръя гэвэл Хамарын хийдээс эхэлнэ.

-ДАВХАРДСАН ТООГООР 600 ГАРУЙ МЯНГАН ХҮНД ХӨТӨЧ ХИЙЖ, ТАЙЛБАРЛАЖЭЭ-

-24 жил хөтөч хийх хугацаанд энэ газар орныг үзэж сонирхохоор дөрвөн зүг, найман зовхисоос зон олон ирдэг байсан байх даа?

-Тэгэлгүй яах вэ. Хорио цээрийн дэглэмээс өмнө гадаад, дотоодын жуулчны цуваа тасардаггүй байлаа. Манай энэ газар дэлхийн 150 улс орон, Монголын 21 аймаг 336 сумаас ирж үзсэн дээ. Давхардсан тоогоор 600 гаруй мянган хүнд тайлбар хийсэн гэсэн дундаж тоо байна даа.

-Энэ сайхан үүх түүхийг залуу хойч үе маань хэр сайн мэддэг бол. Ер нь энэ тал дээр олон жил хөтөч хийсэн хүний хувьд юу хэлэх вэ?

-Залуу хойч үеийнхэн энэ түүхээ маш сайн мэдэж байх ёстой юм. Би ч гэсэн шавиа бэлтгэж сургах гээд оролдоод байна. Гэхдээ үндсэндээ эндээ байнга байж, амьдрах хүн олдохгүй, хүүхдүүд сургууль, соёл гээд явчихаад байх юм. Би энд тайлбар, хөтөч хийж байгаа мэт боловч Монголын ард түмэнд давхар сургалт явуулж байгаа гэж бодож явдаг даа.

-Та энэ олон жил хөтөч хийхэд танд тохиолдож байсан сонин тохиолдол, зүйлс байна уу?

-Манай энэ газар их сонин. Хүнд янз бүрийн мэдрэмж өгдөг. Даралт ихсэж байгаа юм шиг болно. Ухаан алдаж унана. Би 13 жилийн өмнө нэг эмэгтэйд тайлбар, хөтөч хийж явтал сонин зүйл болсон. Тэр эмэгтэйгийн хүүхэд нь 13 настай байсан. Гэтэл хоёр хөхнийх нь сүү ивэлж, гоожлоо гээд явж байсан. Энэ мэт сонин тохиолдлууд их болно шүү. За ах нь ажлаа хийхгүй бол болохгүй нь.

-Ярилцсанд баярлалаа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Мундаг бас боловсролтой хүн байна
Мундаг бас боловсролтой хүн байна
2022-03-18 13:33

Гэхдээ даруухан өөрийнхөө дуртай ажлыг хийгээд явж буй нь сайша�##�тай.

Холбоотой мэдээ

Back to top button