Үйлдвэрлэгч: Нэг ч модны амь огтлохгүй урладаг “эко эмээл”
Монголд бизнес эрхлэх үнэхээр хэцүү. Бизнесээ эхлүүлээд хөөрхөн цэцэглүүлж байсан хэн нэгэн цар тахлын хүнд нөхцөлд өвдөг сөхөрсөн тохиолдол цөөнгүй. Нөгөө талаар коронавирусийн цар тахлын хөл хорионы хүнд нөхцөлд эсрэгээсээ бизнес санаагаа олсон нэгэн ч байна. Тэдний нэг нь И.Ганхуяг, Т.Тунгалаг нар. Тэд 2020 оны хөл хорионы үеэр эмээл үйлдвэрлэх санаагаа олж, хөгжүүлж яваа тэднийг энэ удаагийн үйлдвэрлэгч буландаа онцолж байна.
Брэндийн нэр: Урлан брэнд
Компанийн нэр: “Цайны их зам” ХХК
Захирал: Г.Марал
Холбогдох утасны дугаар: 99372214, 95596696
-БИЗНЕС ЭХЛҮҮЛСЭН ТҮҮХ: ЦАР ТАХАЛ БУСДАД ХҮНДРЭЛ БЭРХШЭЭЛ, ХӨЛ ХОРИО БАЙСАН Ч, ТЭДЭНД ШИНЭ БИЗНЕС ЭХЛҮҮЛЭХ БОЛОМЖ-
Т.Тунгалагийнх 2017 Дархан-Уул аймгийн ЗДТГ болон эртэмтэн судлаачидтай хамтран аялал жуулчлалын мастер төлөвлөгөөнд хамтран ажиллажээ. 2018, 2019 онд аялал жуулчлалыг хөгжүүлэхэд чухам юу шаардлагатай вэ гэдэг судалгаагаа үргэлжлүүлсэн байна. Энэ хүрээнд морин аялалын туршилт явуулсан байна. Тухайн үед Япон, Солонгосоос ирсэн жуулчид морь унаж үзсэн жуулчид эмээлийг нь ихэд голж л дээ. Манай монгол эмээл гадаадынхны биед таарч тохирохгүй, холгосноос дээрээс нь өнгө үзэмж муутайгаас тэр.
Улмаар эмээлээ сайжруулахаар Монголд ийм төрлийн бизнес эрхэлдэг хүмүүс байдаг эсэх судалгааг хийсэн байна. Хариуд нь Америк зэрэг газруудаас хуучин эмээл авч ирж өндөр үнээр зарах, эсвэл өнөөх л нэгэн хэвийн модон эмээлүүд байдаг тухай олж мэджээ. Ингээд “өөрсдөө үйлдвэрлэх ёстой юм байна” гэсэн л хариулт олж чадсан байна.
-КОРОНАВИРУСИЙН БАГАХАН СОРИЛТ-

Тэд 1990 оноос алт мөнгөн эдлэл, гар урлал чиглэлээр дагнан бизнес эрхэлж иржээ. Энэ ч утгаараа эмээл үйлдвэрлэлийн салбарт ороход ойр бөгөөд төвөггүй байж. Коронавирусийн цар тахлын улмаас алт мөнгө урлалын бизнес нь таг зогссон хугацаанд эмээл урлалаа амжиж эхлүүлжээ. Энэ тухай “хүмүүс коронавирусийн цар тахлын хөл хорио гээд уйдаж байхад бид ямар ч завгүй өнгөрүүлсэн. 2018, 2019 онд түүхий эдийн судалгаагаа хийсэн тулдаа 2020 онд үйлдвэрлэлээ шууд эхлүүлсэн” хэмээн хуучиллаа.
Цар тахлын нөхцөл байдал тэдэнд ийн шинэ бизнесээ эхлүүлэх боломж авч ирсэн ч тодорхой бэрхшээлүүд ч тулгарч байж. Олон улсын нислэг хумигдаж, хөл хорио татрах үеэр түүхий эдээ гадаадаас оруулж ирнэ гэдэг хүнд байсан аж. Гэвч энэхүү удааширч, саатсан гэх зэрэг жижиг сажиг асуудлуудыг туулаад л гарснаа тэд өгүүлэв. Монголд энэ төрлийн бизнес төдийлөн байдаггүй учир бараа бүтээгдэхүүнээ борлуулах, олон нийтэд танигдах тал дээр асар хүндрэл бэрхшээл байхгүй хэмээн ярьсан юм.
-НАЙМАН ӨӨР ЗАГВАРЫН ЭМЭЭЛ ҮЙЛДВЭРЛЭЖ, ХУДАЛДААНД ГАРГААД БАЙНА-
Одоогоор нийт найман төрлийн эмээл урлаж худалдаанд гаргаж байгаа юм.
- Ковбой загвар,
- Англи загвар,
- Австрали загвар,
- Итали загвар,
- Спорт эмээл,
- Хүүхдийн эмээл,
- Унаач хүүхдийн эмээл,
- Эртний Монгол эмээлийг орчин цагийн хэв загварт “хэрэглээний эмээл”,
Гэсэн найман нэр төрлийн эмээл үйлдвэрлэн гаргаж хэрэглэгчдийн гарт хүргэдэг аж. Эднийх дан ганц эмээл үйлдвэрлэдэггүй. Эмээлийн цүнх, ус борооны хамгаалалт зэргийг иж бүрнээр нь гаргадаг байна. Түүнчлэн эмээлүүд дээрээ нэмээд аяны богц, гутлын түрий мөн арьсаар үйлдвэрлэдэг нь морины хорхойтнуудын хараа булаах зүйл яах аргагүй мөн.
-“МОД ОГТЛОХГҮЙ” БАЙГАЛЬД ЭЭЛТЭЙ, ГАДНААС АВДАГ ТҮҮХИЙ ЭД-

Монголчууд бид эмээл хийнэ гэхээр байгаль дахь амьд, том модыг тайрч огтлоод авч ирэн углуургаар нь эвлүүлж хийдэг тухай ойлголт хамгийн түрүүнд буудаг. Эднийх харин тэгдэггүй. “Мод огтолдоггүй” байгаль экологид ээлтэй гэдэг нь хамгийн ихээр анхаарал татаж байв.
Тодруулбал, эмээлийн яс модыг хийдэг гол түүхий эдээ Солонгос улсаас оруулж ирдэг байна. Энэ нь хөнгөнөөс гадна хагарч бутарч, элэгдэж, гэмтдэггүй асар удаан насжилттай гэдгээрээ давуу талтай аж. Үүн дээр нэмээд дотоодынхоо үхрийн арьс шир ашигладаг байна.
Харин ковбой болон англи эмээлийг италиас оруулж ирсэн тусгай арьсаар урладаг байна. Учир нь итали арьсанд элдэв хээ оруулж, давтаж цохиход зориулагдсан онцлогтой байдаг гэлээ.
-МОНГОЛ МОРИНЫ НУРУУНААС ХЭВ АВЧ ОНЦГОЙЛОН ЗОРИУЛЖ УРЛАДАГ-
Ингэхдээ Монгол морины нуруунаас хэв авч, тааруулж хийдэг гэдгээрээ онцлогтой. Итали, Англи, Солонгос, Япончууд монголд ирэхээрээ өөрсдийн нутгийн биед эвтэйхэн эмээл унаж буй мэдрэмж төрүүлэхээр урлахыг зорьдог байна. Энэ утгаараа дэлхийн улс орнуудын эмээлийн загварыг маш сайн судалж байгаад монгол морины нуруунд тохируулан хэв авч, өөрсдийн санааг нэмсний үндсэн дээр хосгүй загварууд гаргаж ирдэг байна. Ингэхдээ ихэвчлэн интернет сувгаас санаагаа авдаг гэв. Ерөнхий технологичиор Т.Тунгалагийн нөхөр И.Ганхуяг өөрөө гардан ажилладаг байна. Эхнэрийнхээ хэлсэн санааг баяжуулан өөрийн оюун ухаан, гарын ур дүйгээрээ эмээлийн загвараа гаргаж ирээд урлачихдаг аж.
Үйлдвэрлэлийн хүчин чадлын хувьд ч, нийгэмд дэх худалдан авалт буюу эдийн засгийн хувьд ч одоогоор сард 30-40 эмээл үйлдвэрлэдэг байна. Эдийн засаг арай жаахан сэргээд хил гааль бүрэн нээгдчихвэл аялал жуулчлалын компаниуд эмээл олноор захиалах бололцоо нээгдэх бололцоотой. Энэ тохиолдолд арьс шир оёх зориулалтын сүүлийн үеийн тоноглолтой хоёроос гурван машин дахин нэмж, оруулж ирж үйлдвэрлэлийн хүчин чадлаа нэмэгдүүлэхээр зэхэж байгаа юм байна.
-ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ, ТЭТГЭВРИЙН НАСНЫ ХҮН ЦАЛИНЖУУЛДАГ-
Байгуулагдсан цагаасаа эхлэн ажилчдынхаа тоог баг багаар нэмэгдүүлсээр өдгөө 12-уулаа болжээ. Тэдний нэг нь хөгжлийн бэрхшээлтэй, хоёр нь тэтгэврийн насны бусад нь шижигнэсэн залуус байдаг аж. Нийгэмд ялангуяа өндөр настай, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг гадуурхаж, ажилд авахгүй байх тохиолдол их.
Харин эднийх ажил хийх, бүтээх чинхүү хүсэл сонирхолтой, гарын ур дүйтэй, зөв хандлагатай л бол нас, хүйс заах зэргээр тодорхой шаардлага тавихгүйгээр зааж сургаад л авахыг хичээдэг гэв.
-МОРЬ УНАХААС ИЛҮҮ ГЭРТЭЭ, АЖЛЫН БАЙРАНДАА, МАШИНДАА ТАВИХ СОНИРХОЛТОЙ ХҮМҮҮСИЙН ХУДАЛДАН АВАЛТ ИЛҮҮ ӨНДӨР-
Эднийх хэдийн өөрийн гэсэн хэрэглэгчидтэй болж явна. Одоогоор малчид, аялал жуулчлалын компаниуд, байгаль хамгаалагчид, хилийн цэргүүд, цагдаа нараас гадна сонирхогчид нилээн авдаг гэв. Сонирхогчид гэдэг нь ажлын байрандаа эсвэл гэртээ эмээл тавьж гангарагчид. Мөн машиныхаа ард хийчихээд хаа нэг хөдөө гадаа явж морь унахдаа гаргаж ирэх зорилгоор авдаг хүмүүс нилээдгүй их болсон тухай бидэнд онцлов. Ийм төрлийн сонирхогчдын худалдан авалт 30-40 хувийг эзэлдэг байна.
Монгол ахуйн, уламжлалт соёлууд эргээд сэргэж байгаа нь эмээлийн борлуулалтад эерэг нөлөө үзүүлж байгааг онцлов. Энэ тухай “ахуйн соёлоор л дамжиж аялал жуулчлалын салбар хөгжиж байна. Иймд Монголчууд бид морины соёлоо хөгжүүлж байж аялал жуулчлалыг татаж чадна. Тал нутаг, монгол морь бол бидний хамгийн том нөөц бололцоо” хэмээлээ.
Хаана худалдаалагддаг: Эцэст нь эдгээр эмээлүүдээ Улсын их дэлгүүрийн 6 давхар, Галлерей их дэлгүүр, Яармагийн шинэ нисэх буудал, Драгон худалдаан төв, Нарантуул олон улсын худалдааны төв гэсэн газруудад худалдаалж байгааг дуулгая.
Харин яваандаа Өвөрмонгол, ОХУ, БНСУ, Австрали зэрэг улс орнууд руу гаргаж экспортлох зорилго өвөртөлж яваагаа дэлгэн хуучиллаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ямар хөөрхөн үйлдвэрлэгч вэ
Гоё юм аа амжилт хүсье ээ
Ийм хүмүүс ээ л төр нь дэмжих хэрэгтэй дээ
Уран бүсгүй байна. Хөөрхөнм аа
Их дэлгүүрт дөрвөн сая хэдэн зуун мянгатай байсан эмээл байх шив дээ
Амжилт хүсье, улам ихийг хийж бүтээгээрэй
Мод биш бол юугаар хийдгээ хэлсэнгүй. Хөнгөн мод биш гэхээр хуванцартай л холбоотой зүйл байх. Хуванцар ашиглав�##� эко гэж нэрлэхэд тохиромжгүй.