
Коронавирусийн халдвар арай гэж намжтал үргэлжлээд хүүхдийн халдварт томуу төст өвчлөл дэгдэв. Эл халдвар сар гарны өмнөөс их байгаа гэх мэдээлэл гарсан ч сүүлийн үеийнх шиг эрчээ авалгүй, олны анхаарлыг бага татаж байсан юм.
Бид томуугаар өвдсөн иргэдэд үйлчилж байгаа эмнэлгийн ачаалал, нөхцөл байдлыг сурвалжлахаар Баянзүрх, Сонгинохайрхан гэх нийслэлийн хамгийн их хүн амтай, том дүүргүүдийн нэгдсэн эмнэлгүүдийг зорилоо.
Өчигдөр буюу Ням гарагт Баянзүрх дүүргийн Нэгдсэн эмнэлгийн үзлэгийн танхимын өмнө 10 орчим хүүхэд эцэг эхийн хамт зогсож байв. Тэдний ихэнх нь ирээд нэг цаг болсон тухайгаа бидэнд хэлж байлаа. Үзлэг хийлгэхээр хүлээж байгаа нэг ой хоёр сартай О.Аригун охины ээжээс тодруулга мэдээлэл авав.
-ОР БАЙХГҮЙ ГЭЭД ХАТГААТАЙ ОХИНЫГ МИНЬ БУЦААСАН-

-Танай охин хэзээнээс ханиаж эхэлсэн бэ?
-Охин маань өчигдөр зүв зүгээр байсан. Орой агаарт гаргахдаа дааруулчихсан юм болов уу даа. Өглөөнөөс хойш ханиалгаж байна. Маш хурдан цэр бөмбөрч байна.
-Охинд нь ямар шинж тэмдэг илэрч байна вэ?
-Халуурч байна. Бас ханиалгаж байгаа. Ингэхдээ хоолой нь боогдох гээд байна. Хүүхдэд ханиад хүрэхээр хоолой нь боогдох гээд байдаг учраас юу юугүй эмнэлэгт айсандаа хүрээд ирлээ.
-Өрхдөө үзүүлэлгүй шууд нэгдсэн эмнэлэг дээр ирсэн гэж ойлголоо. Ирээд хэр удаж байна вэ?
-Тийм ээ. Амралтын өдрүүдэд өрхийн эмнэлэг ажилладаггүй шиг санагдаад шууд наашаа гүйчихлээ. Гэр ч ойрхон байдаг. Энд ирээд яг цаг болж байна.
Харин дөрөвдүгээр ангийн сурагч М.Намуун-Эрдэнэ өчигдрөөс хойш хоёр дахь удаагаа иржээ. Учир нь өчигдөр хатгаатай байсан ч ор байхгүй гэх шалтгаанаар буцсан байна. Энэ талаар түүний ээжээс тодруулахад,
-Танай том хүүхэд хэзээ өвдсөн бэ?
-Намуунаа өвдөөд дөрөв хонож байна. Гэрээрээ авч болох бүхий л аргыг авсан. Саримстай шөл ус, дархлааг нь гэрийн аргааг дэмжиж болох бүх л аргаа хэрэглээд зүгээр болоогүй, хатгаа болчихсон. Уг нь бид хоёр өчигдөр эмнэлэгт ирж үзүүлсэн ч гэсэн ор байхгүй гэх шалтгаанаар буцсан.
-Өчигдөр буцсанаасаа хойш улам хүндэрсэн хэрэг үү, эм бичиж өгсөн үү?
-Гэрээр уух дөрвөн эм бичиж өгсөн. Өчигдөр үзүүлчхээд авч уусан ч гэсэн бүр дордчихлоо. Дуу нь гарахаа больтод халуураад байгаа. Өнөөдөр эрх биш хэвтүүлж магадгүй гэж горьдоод ирлээ. Гэртээ энэ байдлаараа яагаад ч охиныхоо биеийг дээрдүүлж чадахгүй юм байна.
Харин М.Намуун-Эрдэнэ хэлэхдээ, "Ангийн маань тал хүүхэд ханиадтай. Бид нар бүгд амны хаалтаа авахгүй дор бүрнээ ханиагаад л суудаг. Багш маань биднийг өвдсөн байсан ч нэг их тоодоггүй. Өнгөрсөн тав дахь өдөр гэхэд манай ангиас ханиад нь хүндэрсэн гэж таван хүүхэд эмчийн магадлагаат чөлөөний хуудас бичүүлсэн" гэлээ.
-НЭМЭЛТЭЭР ДӨРВӨН ЭМЧ АЖИЛЛАЖ БАЙГАА Ч ҮЙЛЧЛҮҮЛЭГЧДИЙН ЦУВАА ТАТРАХГҮЙ БАЙНА-

Харин тус өдрийн жижүүр эмчээс нөхцөл байдлын талаар тодруулахад "Хэвийн үед өдөрт 200 хүрэхгүй хүүхэд ирж үзүүлдэг байсан. Харин сүүлийн үед энэ тоо 400 хүрсэн. Тиймээс хүүхдийн тасаг гэхэд л өдөрт таван жижүүр эмч ажилладаг байсан бол дөрвөн эмч ачааллаас шалтгаалан нэмэлтээр дайчлагдаж байгаа. Эмч нар маань нэмэлтээр гарч байгаа ч үйлчлүүлэгчид тасралтгүй цуварч дугаарласаар байна. Тасгуудад ор хүрэлцэхгүй, нэг орон дээр адил шинжтэй гурван хүүхдүүдийг хэвтүүлж байгаа. Иймд байдлаар зохицуулалт хийсэн ч ачааллаа дийлэхгүй тасгуудад гудас дэлгэж шалан дээр өвчтөнүүдээ авч байна. Аль болох хүнд хүүхдүүдийг гэр лүү нь явуулж улам дордуулчихгүй юм сан гэсэндээ л энэ" гэлээ.
-НИЙТ ХАЛДВАРЫН 50 ХУВИЙГ 1-4 НАСТАЙ ХҮҮХЭД ЭЗЭЛЖ БАЙНА-
Монгол Улсын томуу төст өвчний тооцооллыг гаргадаг томуу.мн сайтаас томуугийн сүүлийн үеийн мэдээллийг шүүрдэн үзвэл сүүлийн хоёр долоо хоногт нийт томуугаар өвчлөгсдийн 50 гаруй хувийг зөвхөн 1-4 настай хүүхдүүд эзэлжээ. Харин 0-11 сартай хүүхэд үлдсэн хувиас нь 17 хувь, 5-9 настай хүүхэд 20 хувь, 10-14 настангууд тав орчим хувийг эзэлсэн байгаа юм.
Томуугийн хамгийн сүүлийн үеийн тоон мэдээлэл

Харин дараагийн том дүүрэг болох Сонгионхайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэгт хүүхдээ сахин хэвтэж байгаа Б.Баяраас тодруулга мэдээлэл авлаа.
-НЭГ ОРЫГ ХОЁР, ГУРВАН ХҮНИЙ ДУНД ГАРГАЖ, ШАЛААР ӨВЧТӨНҮҮД ХЭВТЭЖ БАЙНА-

Тэрбээр "Улирлын томуугийн энэ өдрүүдэд дүүргүүдийн хүүхдийн тасгууд маш их ачаалалтай ажиллаж байна. Яаралтай хүлээн авахаар ирсэн эцэг эх, асран хамгаалагч нар 2-4 цаг оочерлож жижүүр эмчид үзүүлэх энүүхэнд байна. Эмчдээ үзүүлж өвчтөний түүхээ нээлгэж “виз” гарсан ч дараа нь ор, өрөөний асуудал бас л хүнд.
Ор гартал коридорт байрлах, жижиг өрөөнд олуулаа хуваарилагдах, эрэгтэй, эмэгтэй сахиулууд холилдож нэг өрөөнд байрлах зэрэг асуудал зөндөө. Ойрын өдрүүдэд бага насны хүүхдүүд ихэнх нь хатгаа, гуурсан хоолойн багтраа болж хүндэрсэн, хоолой боосон шинж тэмдгүүдтэй ирж байна лээ. Харин өсвөр насныхан ухаан балартсан, толгой эргэсэн, үе мөч янгинаж өндөр халуурсан зэрэг шинж тэмдэгтэй ирж байсан.
Үнэхээр гамшиг гэдэг энд л байна. Ихэр хүүхэдтэй ээж, хамаатан садны хүүхдүүд гурваараа нэг орон дээр хуваарилагдаж, шалан дээр гудас дэлгээд хэвтэж байна.
Өглөө нь эмнэлгээс гарсан хүүхэд шөнөдөө хүндрээд эргээд ирэх жишээний. Хүүхдүүд ч, сахиурууд ч эмнэлгийн зарим ажилтнууд ч маш их стресстэй байна. Цаашид эцэг эхчүүд өөрсдөө хүүхдүүдээ сайн анхаарч, дархлааг нь дэмжиж, ханиад томуунаас сэргийлэхгүй бол эмнэлгийн нөхцөл байдал бол үнэхээр хүнд байна шүү” гэж ярилаа.
Харин хүүхдийн ханиад томуугийн шинж тэмдэг үүр, шөнөөр хамгийн их илэрч, амьсгал, хоолой боогдох гэдэг учраас энэ цагуудад дуудлага мэдээлэл огцом өсдөг талаар Нийслэлийн түргэн тусламжийн газраас мэдээллээ. Үүнийг түргэн тусламжийн эмчээс тодруулбал,
-ҮҮР ШӨНӨӨР ХҮҮДҮҮДИЙН АМЬСГАЛ БООГДОЖ БАЙГАА УЧРААС ТҮРГЭН ТУСЛАМЖИЙН ДУУДЛАГА ИХЭСЧЭЭ-

"Хүүхдийн амьсгалын замын өвчлөл нэмэгдээд сар болж байгаа. Ор нэмэх, хэвтэх асуудлыг ЭМЯ-наас шийдчихсэн. Гэхдээ л хүрэлцээ их муу байна. Дүүргүүдийн хүүхдийн амбулаториуд ажлын өдөр 22:30 цаг хүртэл ажиллаж байгаа. Хагассайн өдрүүдэд өрхийн эмнэлгүүд 10:00-17:00 хүртэл ажиллаж байгаа. Ням гарагт дүүргийн хүүхдийн амбулаториуд үзлэгээ хийсээр байгаа. Энэ журмыг дөрөвдүгээр сарын 15-ныг хүртэл үргэлжлүүлнэ. Энэ хүртэл сурагчдын амралт эхлээд буурна гэж харж байгаа.
22:30 цаг хүртэл амбулаториудаар хүүхдээ авч очоод эцэг эхчүүд үзүүлж байгаа. Үүнээс хойш нийслэлийн түргэн тусламжийн утсанд дуудлага ирж байгаа. Бага насны хүүхдийн бачуурал шөнө, үүрээр ихэсдэг учраас тэр. Энгийн үед яаралтай түргэн тусламжид 100 хүрэхгүй хүүхдийн дуудлага ирдэг байсан бол сүүлийн үед 400 давдаг болсон. Гэхдээ халдвар буурах хандлагатай байна" гэв.
Хэдийгээр буурах хандлагатай байгаа ч эмнэлгийн ор хүрэлцээгүй, иргэд хатгаатай, хүнд гэж оношлогдсон ч орны хүрэлцээнээс болж эмнэлгийн тусламж авч чадалгүй дэмий л олон цаг дараалан зогсож, дархлаагаа унагаж байгаад гэртээ буцна. Маргааш нь бүр илүү хүндэрсэн байдалтай иргэд ирсээр, туйлдсаар байх өнгө эл сурвалжилгыг бэлтгэх явцад хамгийн тод ажиглагдаж байлаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Энэ хавар ханианд их байна
Zugeer l gamshig.Yana daa
Ёоо аймар тоо байна шүү
Ханиад мөн үү
Хятадууд чинь дахиад шинэ вирус зохиочихсон юм биш биз дээ
Хүүхдүүдээ өвтгөхгүй анхаар�##�, х�##�амжтай баймаар байна шүү