Нийгмийн

Х.Алтанцацралт: Хятадын компанид хүлэмжний зориулалтаар 50 га газар олгохыг ЭСЭРГҮҮЦНЭ

Хятадуудад өвлийн хүлэмжийн зориулалтаар 50 га газрыг нийслэл орчимд олгох тухай асуудлыг Монголын хүлэмжийн фермер эрхлэгчид эсэргүүцэн нийгэм даяар хөдөлгөөн өрнүүлж байна. Бид өвлийн хүлэмж эрхлэгчдийн төлөөлөл болгон “Асрал” ХХК-ийн захирал Х.Алтанцацралттай ярилцлаа.

-ОРОСООС ХӨӨГДСӨН ХЯТАДУУДЫН ЗАРИМ НЬ 61-ИЙН ТЭНД НОГОО ТАРЬЖ БАЙНА-  

-Тяньжин фүүдсийн 50 га хүлэмжийг эсэргүүцэгч иргэд” нэртэй пээж хуудас та бүхэн нээсэн байна. Энэ талаар мэдээлэл өгөөч?

-ЗГХЭГ-аас өгсөн чиг үүргийн дагуу Монгол-БНХАУ хооронд найрамдалт харилцаа тогтсоны 60 жилийн ойн хүрээнд Хятадын Тяньжин, Улаанбаатар хот хооронд хамтын ажиллагааны чиглэлээр хэд хэдэн ажлыг зохион байгуулах юм байна. Үүн дотор Тяньжин фүүдс ТӨХК-тай нийслэлийн захиргаа 50 га газарт хүлэмж ногооны аж ахуй байгуулах газрыг нь шийдэж өгөх тухай яриа өнгөрсөн оны сүүлчээс гарсан.  Өнгөрсөн гуравдугаар сарын 27-нд НИТХ-ын тэргүүлэгчдийн хурлаар Тяньжин фүүдс- Улаанбаатар агро парк нэртэй хамтарсан компани үүсгэн 50 га газрын асуудал ороод олонхийн саналаар  дэмжигдээгүй. Гэтэл Нийслэлийн засаг дарга С.Амарсайхан тухайн өдрөө ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэд энэ хамтарсан компанийг бүртгүүлэх хүсэлт бүхий албан тоот явуулсан байгаа юм. Өчигдөр ҮАБЗ-өөс санаачилсан “Хүлэмжийн аж ахуй хөгжүүлэх цаашдын зорилго” сэдэвт хэлэлцүүлэг оролцлоо. Ингэхдээ 50 га газрын асуудал яг хаанаа юу болж байгааг холбогдох хүмүүсээс тодрууллаа. Ерөнхийлөгчийн зөвлөхүүд болон тамгын газрынхны хэлснээр энэ шийдвэрийг нийслэл зөвшөөрөөгүй юм байна, нөгөө талаас ерөнхийлөгч үүнийг  ногоо тарьдаг сургалтын төв барих ажил гэсэн ойлголттой яваа юм байна.  Төрийн үйл ажиллагааны нууц юм нь бол маш нууц л байдаг. Тэр болгон бид мэдье гэснээ мэдэх боломжгүй. Албан бус мэдээгээр бол  50 газраа 61 гарамын тэнд сонгоод, цаад компани нь хүлэмж барих бэлтгэл ажлаа эхлүүлсэн бөгөөд монголчуудыг ногоогоор хангаад улмаар Хятад улс руу гаргахаа хүртэл төлөвлөгөөгөө хүртэл баталсан байгаа юм.

-Махны үнэ ханш энэ жилээс хятадуудаас хамааралтай болчихоод байгаа шүү дээ. Гэтэл?

-Өнөөдөр төрийн бодлого ямар түвшинд явааг хүн бүр мэдэж байгаа. Бидний ноос ноолуур, арьс шир, махны үнэ ханшийг өнөөдөр хятадууд л барьж байна. 70 сая малтай монголчууд өнөөдөр махныхаа үнийг дийлж идэхэд хэцүү боллоо. Одоо ингээд хүнсний ногоо руу ороод ирэх бид ходоодоо урд хөршөөрөө удирдуулна гэсэн үг. Ходоодыг нь барьчихсан байхад улс орны тусгаар тогтнол ойрхон байна л гэсэн үг. Тэгэхээр манай энэ дарга удирдлагууд яагаад заавал 50 га газар өгөх гэж байгаа юм бэ? Өчнөөн монгол хүн ганц га газар аваад ногоо тарья гэхэд олддоггүй шүү дээ. Бүх газруудыг кадастр хэлбэрээр худлаа эзэн тавиад битүүлээд хашаа барьчихдаг.  

-Хүлэмжийн аж ахуй эрхлэгчид та бүхэн өнөөдөр ямар байр суурьтай байна вэ?

- Энэ бол маш олон сөрөг үр дагаврыг Монгол улсад авч ирэх шийдвэр. Бидний зүгээс хэлэхэд дөнгөж хөгжиж хөл дээрээ тогтож ядаж байгаа энэ хүлэмжийн аж ахуйнууд шууд уналтад орно. Бидэнд маш урт удаан хугацаанд жилийн дөрвөн улиралд ус, агаар, хөрсөө ашиглаад малынхаа бууцаар бордоод органик жимс ногоо тарих боломж байгаа. Гэтэл Хятадын технологийг бид бүгдээрээ мэднэ.  Хойд хөршид хятадууд хэдэн жилийн өмнөөс хүлэмжийн аж ахуй эрхэлж эхэлсэн. Эцэст нь хөрсийг нь амьгүй болгож  генийн өөрчлөлттэй химийн бодисоор бордсон ногоо тариалж байгаад баригдаад тэндээс хөөгдөөд гарсан. Тэр хятадуудын зарим нь одоо энэ 61 гармын цаана төв замын урд уулын судаг жалгаар ногоо тариад байж байна. Өнөөдөр маш олон иргэд ААН өвлийн хүлэмжийн аж ахуйг эрхлэх гээд төсөл бичээд, янз бүрийн тендерт ороод мөнгө хөрөнгө нь шийдэгдэхгүй явж байна.

Мэдээжийн хэрэг -40 градуст зуны улирлыг бий болгоод хөрөнгө мөнгө зарцуулаад явахад төрийн бодлого яалт ч үгүй хэрэгтэй. Өнөөдөр монголын мянга мянган тариаланч, өрхийн тариаланчид, хүлэмж эрхлэгчид төр засгийн, салбарын системээр бодлогоор дутаж алдаж онож өр зээлтэй яваа. Хятадуудын өртөг багатай химийн бордоогоор тэжээж хүчээр ургуулдаг хүнсний ногоо, жимс монголын зах зээлд нийлүүлэгдээд эхлэхээр бид хүссэн хүсээгүй зах зээлээс арчигдана.  Улмаар монгол хүн ногоо тарих боломжгүй болоод ирэхээр үнэ ханшаа өөрсдөө тогтоож эхэлнэ. Хүн амын хүнсний аюулгүй байдал төрийн хяналтад байх ёстой монгол хүн эрүүл амьд явахыг төр хангах ёстой. Хятад үндэстэн хаа очсон газраа суусан газраасаа шороо атгадаг дэлхийн бүх том хотуудад чайна таун бариад улс доторх улс болоод явж байна.  Маш олон сөрөг үр дагавар, хор хөнөөлийг бий болгох ажлыг төр засгийнхан яагаад хийх гээд улайраад байна вэ гэдэг нь өөрөө хамгийн том асуудал.

- ТЯНЬЖИН ФҮҮДСИЙН 50 ГА ХҮЛЭМЖИЙГ ЭСЭРГҮҮЦЭГЧ ИРГЭД ФЭЭЖИЙГ МАШ ОЛОН ХҮН ДЭМЖИЖ БАЙНА-

-50 га газарт хэчнээн тариаланч үйлдвэрлэл явуулах боломжтой вэ? Жишээ нь та хэдэн гад тарьж байна вэ?

-Би  15 га газрынхаа 0.4 га-д  дөрвөн өвлийн хүлэмж барьсан. Цаашдаа паркийн системээр хөгжүүлэх гээд 40 хүлэмжийн ерөнхий төлөвлөгөө төсөв гаргачихсан байна. 50 га газар гэдэг бол 150  хүлэмж барих газар байхгүй юу. Өчигдөр бид нар  цуглаад ярихаар янз бүрийн мэдээлэл байна.  Нэг хэсэг Хятадууд Налайхад 100 га газар авах хөөцөлдөж байгаа сураг ч байна. Ингээд 50, 100 га-гаар нь хятадууд авчих юмбол энэ асуудал ирээдүйд монголчуудыг ямар байдалд хүргэх вэ гэдгийг хүн бүр бодох хэрэгтэй. Н.Алтанхуягийн засгийн газрын үед Чингис фондоор зөвхөн тариаланчдад зориулж 17 сая ам,долларын зээл олгосон. Би тэгэхэд 800 саяын үнийн дүнтэй төсөл бичээд 80 саяыг авсан.

Өнөөгийн энэ паркийнхаа ихэнх хэсгийг тэр мөнгөөрөө босгосон. Гэтэл тэндээс “Ногоон сор” хятадуудын компани 4.5 тэрбум төгрөгийн зээл аваад Цонжинболдогт хэдхэн хүлэмж барьсан. Удалгүй хоорондоо маргалдлаа гэсэн асуудал дэгдэж зээл нь эргэн төлөгдөхгүй нөхцөлтэй болсон. Хятадууд мөнгөө аваад нутаг руугаа явчихсан. Одоо Голомт банк тэр хэдэн хүлэмжийг яаж борлуулах вэ гээд явж байгаа.

- Тяньжин фүүдсийн 50 га хүлэмжийг эсэргүүцэгч хэдэн хүн нэгдээд байна вэ?

- Тяньжин фүүдсийн 50 га хүлэмжийг эсэргүүцэгч иргэд фээж хуудсыг маш олон хүн дэмжиж байна. Бид эхлээд санал бодлоо нэгтгээд төр засагтаа шаардах хуудас өгнө. Хэвлэлийн бага хурал хийнэ. Засгийн газар, НЗДТГ-т  бичиг өгнө. Ингээд зогсоож чадахгүй бол бид компани, фермерийнхээ үйл ажиллагааг зогсоогоод тэр 50 га газар дээр нь очиж “хэвтэнэ”. Өөр арга байхгүй.  

-Монголын нөхцөлд өвлийн хүлэмж эрхлэх амаргүй ажил байх. Хятадууд үүнийг хийж чадна гэж үзэж дээ?

-Амаргүй хэдий бүх зовлон жаргалыг нь туулаад алдаа оноог нь мэдрээд засаад залруулаад ирсэн Монгол агрономичид зөндөө байна. -40 градусын хүйтэнд хүлэмжинд нь зөгий нисээд, гүзээлзгэнэ ургаж байгааг миний хүлэмжнээс харж болно. Монголд нарлаг хүлэмж маш сайн зохицно гэдгийг бид мэдэрчихсэн, хийгээд явж байна. Үүнийг хийж биеэрээ мэдэрсэн бид нар, очиж нүдээрээ харсан манай үйлчлүүлэгч нар мэднэ. 2014 онд Хөххот бид нарыг энд Чингис бонд гээд яриад явж байхад хотынхоо төсвөөс мөнгө гаргаад 156 хүлэмжийг бүх асуудлыг нь цогцоор шийдэж барьсан.

Тэгээд иргэддээ ипотекийн зээл маягаар өгчихсөн. 2.5 жил болоход ганц ширхэг гурван дугуйттай  очсон ядуу айл 800 м кв хүлэмжийнхээ өртөгийг улсдаа өгөөд үл хөдлөхийн гэрчилгээгээ авсан. Миний нүдэн дээр шүү.  Хэдэн сая юаньтай болсон. Төр засаг нь борлуулалтыг нь хүртэл шийдээд өгчихөж байсан. Гэтэл манайхан яаж байна. Янз бүрийн тендер зарлаад ЖДҮ дээр аваачиж төсөл хийлгээд ямар ч ургамал мэдэхгүй банкны эдийн засагчаар зээлийн судалгаа хийлгээд Лениний боть шиг юм болно. Тэрийг хэн ч уншиж, судалж харьцуулж хардаггүй л байхгүй юу. Цаашдаа хүлэмжийг паркийг системээр хөгжүүлэх хэрэгтэй. Мэддэг чаддаг хүнээр нь зөвлүүлэх хэрэгтэй.  Би өнөөдөр 14 өвлийн хүлэмж барьчихаад сууж байна. Тийм учраас зовлон үзсэн хүнээс юмаа сонсох хэрэгтэй.

Б.БАЯРТ

ГЭРЭЛ ЗУРГИЙГ С.БОРГИЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button