НийгмийнСПОРТЯрилцлага

Ц.Наранжаргал: Мэргэжлийн спортоор оргилд нь гарахыг хүсэж байна

Өнөө жилийн боксын улсын аварга шалгаруулах тэмцээний нэгэн содон өнгө нь жүдоч, холимог тулааны тамирчин Цэнд-Аюушийн Наранжаргал байлаа. Түүнийг Монголын урдаа барьдаг жүдоч гэдгээр нь манай уншигчид илүү сайн мэднэ. Ц.Наранжаргал жүдо бөхийн улсын 11 удаагийн аварга, багийн ДАШТ-ий мөнгө, Азийн аваргын алт, мөнгө, хошой хүрэл, Азийн наадмын гурван хүрэл медальтай жүдоч. Үнэндээ түүнд олимп, дэлхийн медаль л дутуу.

Спортоос хэсэг завсарласан тэрбээр өнгөрсөн жил жүдогийн улсын аваргаас 11 дэх түрүүгээ хүртэхдээ шилдэг эмэгтэй тамирчнаар шалгарсан.

Ц.Наранжаргал энэ жил ёстой хэний ч таамаглаагүй шийдвэрийг гаргасан нь холимог тулааны спортод хүч сорихоор шийдсэн явдал.  Улмаар холимог тулааны спортын Монгол Улсын аварга болж, хэдхэн хоногийн өмнө MFC холбооны тэмцээнд ялан, АНУ-д тулаан хийх эрх өвөртөлсөн. Тухайн тулааны хөлс нь ч хатаагүй шахам байхад боксын улсын аваргад оролцон, мөнгөн медаль хүртэж, дахин шуугиуллаа. Түүнтэй ярилцлаа.

-Та өмнө нь боксын улсын аваргад оролцож байсан бил үү?

-Үгүй ээ, анх удаа өрсөлдлөө. Энэ миний боксын анхны тэмцээн. Боксын улсын аваргад анх оролцохдоо шигшээд шалгарч, мөнгөн медаль хүртсэндээ баяртай байна. Энэ тэмцээн зохион байгуулалт сайтай, үнэхээр гоё боллоо. Медаль авсан, оролцсон бүх тамирчдад амжилт хүсье. Улам хичээгээд урагш алхаарай.

-Аваргын төлөөх тоглолтод Н.Анутай хүч үзлээ. Түүнийг ялах боломж байсан уу. Тоглолтоо, төлөвлөсөн зүйлээ бүрэн гаргаж чадав уу?

-Үнэнийг хэлэхэд их сандарлаа. Хүч шавхсан, хүнд тулаан боллоо. Мэдээж ялахын төлөө бүхнээ шавхлаа. Яалт ч үгүй туршлага дутлаа, аргагүй ээ. Өрсөлдөгч маань надаас удаан хугацаанд боксоор хичээллэсэн байх. Үнэхээр мундаг тамирчин байна. Боксын спортын гайхамшгийг түүнээс мэдэрлээ.

Сайн тамирчинтай тоглосондоо баяртай байна. Ёстой нэг ач тач үзэлцээд нэг мэдэхэд гурван үе дуусчихсан байлаа.

Өрсөлдөгчдөөсөө, энэ тэмцээнээс маш их зүйл сурлаа, туршлага хуримтлууллаа. Ийм сайхан тэмцээн зохион байгуулсан Монголын боксын холбооныхондоо баярлалаа. Намайг үргэлж дэмждэг “Ихэр бээлий” клубийн хоёр багшдаа, АНУ-д байгаа ихэрдээ, Монголын жүдо бөхийн хамт олон, ивээн тэтгэдэг байгууллагууддаа, бүх хүнд баярлалаа. Бэлтгэл хийх бүхий л нөхцөл боломжоор ханган, охиныг минь харж өгдөг ээждээ баярлахгүй байхын аргагүй. Арыг минь найдвартай даадаг ёстой супер ээжтэй хүн байхгүй юу, би. Цаашид улам хичээгээд сайжирна аа. Энэ бол дөнгөж эхлэл.

-Та хэдхэн хоногийн холимог тулааны тоглолт хийж, MFC холбооны тэмцээнд оролцсон. Сэргэж амжсан уу?

-Аль болох бэлтгэл, амралтаа тааруулж, хурдан сэргэхийг хичээлээ. Холимог тулааны тоглолт, боксын улсын аварга гээд багагүй ядралттай, нервитэй байлаа. Ямар ч байсан хичээж байгаад ард нь гарлаа. Одоо хэсэг хугацаанд сайхан амармаар байна.

-Боксын спортоор хэр удаан хичээллэж байгаа билээ?

-Нэг жил болох гэж байна.

-Цаашид үргэлжлүүлэн хичээллэх үү, тэмцээнд оролцох уу?

-Ер нь тэмцээн үүгээр дуусахгүй. Би туршлага үнэхээр дутуу байна. Өөрийгөө хөгжүүлэх, шилдэг боксчин болох өдий байна. Хэзээ ч ингэж муйхраар дайрсан зүйл байж болохгүй. Бокс өөрөө классик, өндөр түвшний спорт. Хөл дээрээ хэрхэн ажиллах, шүүгчийн үзэмж. Ядаж л гараа хэрхэн авч тулалдахаас шүүгчид харагдах үзэмж өөр. Бүх юм шүүгчийн гарт байдгийг ойлголоо. Боксын спортод яг зориулж бэлтгэл хийгээд улам сайжрахыг хүсэж байна.

-Бокс, холимог тулаан тэс өөр спортын төрөл. Цаашид хоёулангаар нь зэрэг хичээллэх үү. Эсвэл аль нэгээр тууштай явах уу?

-Ер нь хоёулангаар нь хичээллэнэ. Би АНУ-д тавдугаар сард тулаантай. Жүдогоор барилддаг тул барилдааны ур чадвар, техник сайтай. Холимог тулаанд барилдаанаас гадна гарын цохилт их чухал. Тиймээс би гараа сайжруулахын тулд боксын улсын аваргад оролцсон. Дан гараар өрсөлдөгчөө унагаадаггүй юм байна гэдгийг ойлголоо. АНУ-д хийх тулааны өмнөх том сорилт, туршлага боллоо.

-Тулааны спортоор хичээллэн, амьдралаа холбоход тань юу нөлөөлөв?

-Би багаасаа тулааны спорт сонирхсон. Ихэртэйгээ зодолдож, ноцолдож өссөн. Бокс, холимог тулаанаар хичээллэх, зодолдох хообийтой охин байлаа. Тэр дур хүсэл минь намайг өнөөдөр энд зогсоож байна. Мэдээж жүдо бөхийн спортоор олимп, дэлхийн медальтан болохыг хүсэлгүй яах вэ. Хожим харамсахгүйн тулд холимог тулааны спортод хөл тавьж, боксоор хичээллэж явна. Дараа нь “Хэрвээ хичээллэсэн бол яах байсан бол” гэж харамсахыг хүсээгүй.

-Холимог тулаанд гарын цохилт, хэвтээ барилдаан их чухал. Өөрийгөө хэрхэн хөгжүүлж, ур чадвараа ахиулж байна вэ?

-“Ихэр бээлий” клубийн хоёр багш дээрээ бэлтгэл хийж байгаа. Ер нь бүх талаар өөрийгөө жигд хөгжүүлэхийн төлөө зүтгэж байна.

-Америкийн дэвжээнд тавдугаар сард хүч сорих өрсөлдөгчийнх нь нэр тодорсон уу?

-Өрсөлдөгч маань тодорхой болчихсон байгаа. Мэргэжлийн дэвжээнд есөн тулаан хийснийхээ тавд нь ялж, дөрөв ялагдсан тамирчинтай тоглохоор болсон. Нэр нь хэн билээ байз. Одоо яг сайн санахгүй байна. Өрсөлдөгчийнхөө тулааны бичлэгийг үзэн, судалж байгаа.

-Жүдогоос зодог тайлсан гэж дуулсан. Үнэн үү?

-Би өөрийгөө жүдогоос зодог тайлсан гэж хэлэхгүй. Би бууж өгөх болоогүй.

-Та түрүүн “Олимп, дэлхийн медальтан болохыг хүсэж байна” гэлээ. Парисын олимп хүртэл жүдогоор дагнаж хичээллээд үүндээ хүрэх бодол байсан уу?

-Энэ талаар бодолгүй яах вэ. Гэхдээ тамирчны амжилт залуу насных. Холимог тулаан, боксын спортоор ч мөн дэлхийн аварга болох боломжтой. Бокс олимпын төрлийн спорт. Боксоор олимпод амжилт гаргах боломж бий. Тиймээс би аль боломжой төрлөөр нь амжилт гаргаж, зорилгодоо хүрэхийг хүсэж байна. Хэрвээ би өнөөдөр (уржигдар) боксын улсын аваргад түрүүлсэн бол энэ жил ДАШТ-д оролцох эрх авах байсан. Би чадах төрлөөрөө тултал нь явна. Хожим харамсахгүйн тулд байгаа бүхнээ зориулна, дайчилна. Оргилд нь хүрмээр байна.

-Хөдөлмөрийн баатар М.Уранцэцэг энэ жил жүдо бөхөөс зодог тайлж, холимог тулааны спортод хөл тавьсан. Хэд хоногийн өмнө Америк руу явлаа. М.Уранцэцэгийн шийдвэрийг та хэрхэн хүлээж авсан бэ?

-Хүн  дуртай юмаа хийгээд, түүнээсээ кайф аваад явах шиг гоё зүйл байхгүй. Чадаж байвал дуртай, хүссэн зүйлээ хийх л хэрэгтэй. Чадаж байгаа юманд арга байхгүй. Хэн ч буруутгах эрхгүй. Зорилгодоо хүрэхийн тулд бодит алхам хийгээд явснаар нь Урнаагаар бахархаж байна.

Холимог тулаан, мэргэжлийн спортоор эмэгтэй хүн хичээллэх, тулалдах хүнд үү хүнд. Хэцүү юү хэцүү. “Үхэхэд гомдолгүй” гэсэн гарын үсэг зураад тулалдана гэдэг хэр баргийн эмэгтэй хүнээс гарах зориг, тэсвэр тэвчээр биш. Нүүр, нүдгүй балбалцсан хүнд спорт руу хүссэн бүхэн орохыг хүсэхгүй. Үнэхээр энэ спортод дур сонирхолтой, хайртай, дуртай зүйлээсээ кайф мэдэрдэг хүний л хийх зүйл. Урнаа маань дэлхийн аваргын бүсийг торохгүй авна. Түүний сэтгэл зүй үнэхээр супер. Би лав эргэлзэхгүй байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-03-29 08:54

mongol tamirchid chadnaa delhiid garch

Холбоотой мэдээ

Back to top button