Нийгмийн

Өмнөд Солонгос, АНУ, Японы арми Умард Солонгосын пуужингийн хөтөлбөрийн талаар хэлэлцэнэ

Өмнөд Солонгосын Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга нарын хорооны дарга Вон Ин Чул, АНУ-ын Нэгдсэн штабын дарга, генерал Марк Милли, Японы Өөрийгөө хамгаалах хүчний Нэгдсэн штабын дарга, генерал Ямазаки Кожи нар гуравдугаар сарын 30-нд Хавайд уулзахаар төлөвлөсөн. Энэ талаар өнөөдөр /2022.03.29/ Өмнөд Солонгосын ”Ёнхап” агентлаг мэдээллээ.

Гурван талт хэлэлцээрийн гол сэдэв нь Солонгосын хойг болон Зүүн хойд Азийн энх тайван, тогтвортой байдлыг дэмжих олон талт хамтын ажиллагаа гэдгийг эх сурвалж онцолжээ.

Эх сурвалжийн мэдээлснээр, талууд ялангуяа Ази Номхон далайн бүс нутгийн нөхцөл байдал, Умард Солонгосын сүүлийн үеийн пуужингийн туршилт, хөөргөлтийн талаар хэлэлцэх аж.

Хамгийн сүүлд өнгөрсөн оны дөрөвдүгээр сард гурван улсын Зэвсэгт хүчний удирдлагууд уулзсан удаатай. Хожим нь тэд Ким Жон Уны хэрэгжүүлж буй пуужингийн хөтөлбөрийн аюул заналхийлэл, цөмийн зэвсгээр хөөцөлдөх бодлогод санаа зовж байгаагаа илэрхийлсэн. Тиймээс, Өмнөд Солонгос, АНУ, Япон улсын гурван талт хамтын ажиллагаа чухал ач холбогдолтой гэдгийг чухалчлав.

Умард Солонгос Пхунгери цөмийн туршилтын талбайн гурав дахь хонгилын үйл ажиллагаагаа сэргээхээр ажиллаж эхэлсэн талаар ням гараг /2022.03.27/-т “Ёнхап” агентлаг Өмнөд Солонгосын Засгийн газрын эх сурвалжаас эш татан мэдээлсэн.

Мэдээлэлд, Пхеньян цөмийн туршилтын талбайн сэргээн босголтын ажлыг нэг сарын дотор дуусгах боломжтой гэжээ. 2018 онд Умард Солонгос АНУ-тай цөмийн зэвсгээс ангижрах яриа хэлэлцээгээ эхлүүлэхийн өмнө сайн санааны илэрхийлэл болгож, цөмийн зэвсгийн байгууламжуудаа устгаж байгаа хэмээн зарласан.  

Гэсэн ч, энэ оны гуравдугаар сарын 24-нд Умард Солонгосын Зэвсэгт хүчин удирдагч  Ким Жон Уны шууд тушаалаар “Хвасон-17” тив алгасах баллистик пуужин /ICBM/-гаа хөөргөн туршсан. Ким Жоны Уны эл тушаалыг Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин илтэд буруутгаж, Умард Солонгос пуужин хөөргөснийг гэрээ хэлэлцээрээр хүлээсэн үүрэг, амлалтаа сайн дураараа зөрчсөн үйлдэл хэмээсэн.

Харин Умард Солонгос энэ үйлдлээ АНУ-ын зүгээс дайсагнасан бодлого, цэргийн заналхийлэл тасралтгүй ирсэн хэвээр байгаа тул баллистик пуужин хөөргөж, гэрээний үүргээ эргэн харах бодолтой байгаа хэмээн хариу тайлбар өгсөн юм.

Эх сурвалж: Yonhap 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button