Оросын Украинд явуулж буй “цэргийн тусгай ажиллагаа” Орос дахь хар тамхины наймаанд нөлөөлсөн гэсэн мэдээлэл байна. Энэ талаар “Известия” сонин нийтэлжээ.
Сонины нийтлэлд бичсэнээр, хар тамхины зах зээл Украинаас авдаг зарим нэр төрлийн мансууруулах бодисын нийлүүлэлт тасалдсан тул Оросын хар тамхины наймаачид хохирол амсаж эхэлсэн гэжээ. Тиймээс, эцсийн хэрэглэгчдэд зориулсан синтетик эмийн үнэ даруй 20 хувиар нэмэгдсэн талаар ОХУ-ын Дотоод Хэргийн Яамны эх сурвалж мэдээлжээ.
Украинд болж буй үйл явдлын цаана Төв Азиас героин нийлүүлэх сувгууд идэвхжиж эхэлсэн аж. Тиймээс, хил гаалийн зурвасууд дахь хяналт шалгалтыг чангатгасан байна.
Гуравдугаар сарын 15-нд ОХУ-ын Дотоод Хэргийн Яамны төлөөлөгч Ирина Волк мэдэгдэхдээ, Дотоод Хэргийн Яамны ажилтнууд Украинд үйлдвэрлэсэн олон тонн хууль бус мансууруулах үйлчилгээтэй бодисыг Оросын нутаг дэвсгэрт борлуулж байсан хар тамхины наймаачдын гэмт бүлэглэлийг устгасан гэв.
Гэмт бүлэглэл нь 2019 оны зургадугаар сараас 2021 оны гуравдугаар сар хүртэлх хугацаанд ажиллаж байсан ба хар тамхины наймаачин 19 хүнд зохион байгуулалттайгаар гэмт хэрэг үйлдсэн хэмээн эрүүгийн хэрэг үүсгэжээ. Мөн тус бүлэглэлийн толгойлогчийг хоёр хүний амийг хороосн хэрэгт сэжиглэн ОХУ-д эрэн сурвалжилж байгаа нь тодорхой болоод байна. Сэжигтэн Украины нутаг дэвсгэрт нуугдаж, гэмт хэргийн бүлэглэлийг удирдаж байжээ.
Эх сурвалж: Lenta
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.