ВИДЕО КОНТЕНТНИЙГЭМ

О.Отгонтөгс: Би олны танил болоод яах юм бэ. Рекламанд тоглох юм уу

“Би эх орондоо сайхан амьдармаар байна. Гэхдээ тийм боломж залуус бидэнд байгаа бил үү. Төр, засаг өнөөдөр “Ингэж амьдрахаар Монголоос зайлъя” гэтэл нь залуус биднийг туйлдуулж чадаж байна. Үнэндээ цөхөрч байна. Тэглээ гээд би зүгээр л санаа алдаж суухыг, гадаад руу амиа бодоод явахыг хүсээгүй. Шударга зүйл нийгэмд бий болоосой гэсэндээ ингэж тэмцэж, дуугарч явна” гэж буй түүнийг О.Отгонтөгс гэдэг.

Цар тахлын улмаас хөл хорио тогтооход тэр анх гарч ирсэн, үзэл бодлоо илэрхийлсэн. Түүнээс хойш тууштай тэмцэж, дуугарсаар явна. “Ард нь хэн байгаа бол. Хэнээс хэдэн төгрөг авсан бол” гэх хардлага түүнийг ч бусад тэмцэгчдийн адил дагадаг.

Сүхбаатарын талбайд хоёр дахь өдрөө суулт хийж буй түүнтэй ярилцлаа.

-Монгол Улс хатуу хөл хорио тогтооход та анх дуугарч эхэлсэн. Жирийн нэгэн иргэн тэсрэхэд, өнөөг хүртэл үзэл бодлоо тууштай илэрхийлээд явахад юу нөлөөлөв?

-Коронавирусийн халдварын улмаас хөл хорио анх тогтооход Монголын төр иргэн биднийг гэрт нь сар амьдруулсан. Төр засгаас, Төрийн ордонд суугаа хүмүүсээс “Чи дөрвөн сая төгрөгний зээл банканд төлөөд, улсаас 300 мянган төгрөг өгөөд гэрээс чинь гаргахгүй амьдруулбал чи бухимдах уу” гэж асуумаар байсан.

Тухайн үед би хоёр автомашин зээлээр авчихсан, сард дөрвөн сая төгрөгний зээл банканд төлж байлаа. Энэ бага мөнгө биш. Би бухимдсан, тэсэрсэн. Лоозон барьж, үзэл бодлоо илэрхийлсэн. Тэгсэн чинь намайг шууд баривчилсан. Лайв хийж байхад цагдаа нар ирсэн. Аятайхан, эвтэйхэн харилцаж байснаа лайв дуусангуут “Наад п..гаа аваад яв” гэсэн.

-Баривчилсан гол шалтгаан нь Цар тахлын эсрэг хуулийг зөрчсөн гээд үү?

-Яг тийм. Цар тахлын үед суулт хийсэн, хүн цуглуулсан гээд. Тэгж баривчлагдаад ирэхээр хүссэн ч, эс хүссэн ч хууль судалдаг юм билээ. Биднийг ийм байдалд хүргэсэн, нийтийн албаны хурган дарга нарыг шийтгэдэг хууль нь инээдтэй. Хэдэн тэрбум төгрөг идсэн дарга нарыг 40-хөн сая төгрөгөөр торгоод өнгөрч байгаа нь шударга зүйл үү. Яавч шударга зүйл биш. Би үзэл бодлоо илэрхийлээд суусантай дүйцэх үү.

Тэр албан тушаалтан хэчнээн хүний боломжийг хулгайлсан бэ. Жирийн нэгэн иргэн хэдэн тэрбумаар нь зувчуулбал юу болох вэ. Ёстой нэг сүр дуулиантай гэгч нь баривчлаад, олон жилийн ял онооно. Танилтай, эрх мэдэлтэй хүмүүс нь “Миний буруу. Би хэргээ хүлээж байна” гээд л 40 сая төгрөгөөр торгуулаад зүгээр өнгөрч байна. Энэ бол ял биш бараг массаж байхгүй юу.

-Хүмүүс олон шударга бус зүйлийн эсрэг дуугардаг, үзэл бодлоо илэрхийлдэг. Та Авлига, албан тушаалийн хуулийг яагаад онцлов?

-Шударга зүйлийг би зүгээр хараад тэвчихгүй. Тиймээс өнөөдөр энд жагсан, хуульд өөрчлөлт оруулахын төлөө тэмцэж сууна. Ямар нэгэн шийдвэр гаргах эрх мэдэл надад байхгүй. Гэхдээ би нөлөөлж чадна.

Сая Хөгжлийн банкнаас авсан зээлийнх нь асуудлаар Дамдинням гишүүнээс нэг сэтгүүлч асуухад “Миний гэм буруутайг чи тогтоох уу. Шүүх тогтооно” гээд томроод, таахалзаад байгаа биз дээ. Хууль тэдэнд тэгж үйлчилдэг.

Хөгжлийн банкны хулгайг хоёр сэтгүүлч тавилттай, тавилтгүй нь мэдэгдэхгүй ил болгодог нийгэмд л бид амьдарч байна. Тэр хоёр сэтгүүлч энэ асуудлыг хөндөхөөс өмнө хяналт тавих учиртай газар, хуулийн байгууллагууд юу хийж байсан бэ. Инээдтэй байгаа биз дээ.

Энэ зүйл, ангийн шийтгэл нь “40 сая төгрөгөөр торгоно. Нийтийн албанд ажиллах эрхийг 2-8 жилээр хасна” гэдэг заалттай. Ял гээд бод доо. Сүүлд л гэхэд УИХ-ын гишүүн асан Хаянхярваа яалаа даа. Тэрбумын авлига авсан атлаа хялбаршуулсан журам энэ тэр гэж байгаад  40 сая төгрөгөөр торгуулсан. Ийм бодит жишээ олон бий. Хялбаршуулсан журам, хөөн хэлэлцэх хугацаа эрх мэдэлтэй, танил талтай хүмүүст л үйлчилдэг.

Энэ хуулийг шинэчилвэл юу өөрчлөгдөх вэ. Энэ их чухал. Бидний төлсөн татвараар 190 мянган төрийн албан хаагч цалинждаг. Тэдний дунд төсвийн мөнгөнөөс иддэг маш олон дарга бий. Бүр хэдэн тэрбумаар нь. УИХ-ын дарга Г.Занданшатар “Иргэд хэмнэлтийн горимд шилжмээр байна. Бүсээ чангалъя” гээд хуцаад байгаа биз дээ.

Төрийн албаныхны идэж уудгийг, үрэлгэн тансаглалаас тэр хэмнэлтээ эхлүүлэх хэрэгтэй байхгүй юу. Хэрэгтэй, хэрэггүй баахан дарга, туслахын тоог тана л даа. Нэг хүний хийх ёстой ажлыг 10 хүн хийж байна. Бүгд иргэд бидний татварын мөнгөөр л цалинжиж байгаа. Коронавирусийн эсрэг хуулийг яагаад сунгав. Энэ хуулийг сунгаснаар ажилтай үлдсэн томилгоо олон бий. Олон, олон албан тушаалтан, дарга нарт энэ хуулийг сунгах чухал байсан уу гэвэл байсан.

Хууль бус зүйл хийсэн, идэж уусан нь илэрвэл шууд хорьдог, эд хөрөнгийг нь хураадаг болчихвол дарга нар ингэж дураараа авирлаж чадах уу, чадахгүй. Одоо Хөгжлийн банкнаас дарга нар яаж зээл авч, дураараа авирласныг бид харлаа. Хууль чанга, бүгдэд тэгш үйлчилдэг болсон цагт Монголд шударга ёс тогтоно. Иргэд Монголдоо сайхан амьдрах боломж бүрдэнэ, бидний төлсөн татвар нийгэмд, иргэдийн төлөө зарцуулагдана. Одоо бол хэдэн дарга нарын халаасыг л дүүргэх төдий байна.  

Энэ хуулийг өөрчлөхийг залуус, иргэд дэмжиж байгаа. Эх орондоо сайхан амьдрах хүсэлтэй олон залуус бий. Гэтэл сайхан амьдрах боломж Монголд байгаа бил үү. Залуус өөрчлөлтийг хүсэж байна. Тэсэрч байгаа нь ч олон.

-Жагсаж, тэмцэж буй хүмүүсийг “Ард нь хэн байгаа бол. Хэдэн төгрөгөөр жагсаж байгаа бол” гэх хардлага бий. Таны ард хэн нэгэн бий юү?

-Ийм хардлага намайг хоёр жил дагаж байна. Миний ард нэг л хүн бий. Отгонтөгс л бий. Хоёр жилийн хугацаанд олон юм өөрчлөгдөж байна. Бт гэнэт нэг нөхрийг дагаад намирсан уу, бөгсийг нь долоож гүйсэн үү. Би анхнаасаа хуулиа шинэчилье, өөрчилье гэж тэмцсэн. Нэг ч удаа үүнээсээ ухраагүй, өөрчлөгдөөгүй.

Одоо тэмцэж, жагсаж байгаа олон хүн байна. Бүгд энэ хуулийг цоорхойтой байгааг нь мэднэ. Гэхдээ хэн нь ч дуугардаггүй. Яагаад дуугарахгүй байна вэ гэвэл, хэнд нь ч ашиггүй байгаа байхгүй юу. Тэмцэж, жагсаж байгаад төрийн албанд очих, албан тушаалд шургалчих санаа байдаг юм биш үү.

-Энэ талаар дуугарч, тэмцэх нь танд ямар ашигтай вэ?

-Надад биш Монголын ард түмэнд хэрэгтэй. Үр хүүхэд минь шударга нийгэмд амьдраасай гэсэндээ би ингэж дуугарч, үзэл бодлоо илэрхийлж яваа юм.

Өнөөдөр намайг ингээд тэмцэж, энэ хуулийн талаар дуугарч явахад нэг ч хуульч “Чи буруу юм яриад байна. Наад хуулийг чинь өөрчлөх шаардлагагүй” гэж хэлээгүй. Бүгд дэмждэг, намайг сумладаг. Тууштай явахад маань энэ мотиваци өгдөг.

Баривчлагдаад очиход цагдаа нар, хуульчид “Чиний зөв. Наад хууль чинь алдаатай, цоорхойтой. Шинэчлэх, өөрчлөх шаардлагатай. Бид төрийн албан хаагчид. Яг энэ хуулиар дуугарч чаддаггүй юм аа. Ажилгүй болчих гээд” гэдэг. Энэ хууль чухал уу чухал. Үүнийг бүгд мэднэ. Гэхдээ дуугардаг нь л цөөхөн.

“No war” бидэнд ямар хамаатай юм бэ. УИХ-ын гишүүдийг солилоо гээд юу өөрчлөгдөх юм бэ. Дараагийн бас нэг бүтэхгүй нөхөр нь гараад л ирнэ. Тиймээс хуулиа шинэчилсэн цагт яг бодит өөрчлөлт ирнэ.

-Одоогоор та хэчнээн удаа баривчлагдан, торгуулаад байгаа вэ?

-Лав 5-6 удаа, 900-гаад мянган төгрөгөөр торгуулсан. Одоохондоо би аав болоогүй байгаа. Боломжтой байгаа дээрээ нийгмээ өөрчлөхийн төлөө дуугараад үзье л гэсэн бодолтой явна. Хэдий болтол би ингэж бусдад хараалгуулаад, шантаажны гэж зүхүүлээд явах вэ. Хүсэх зүйл биш байхгүй юу. Дахиад тодотгоход, би хоёр жилийн хугацаанд зөвхөн энэ хуулийн талаар л ярьж, дуугарч байгаа. Үзэл бодол, итгэл үнэмшилдээ үнэнч, тууштай явж байгаагийн маань илрэл.

-“Ард нь хэн байгаа бол. Шантаажчин” гэх мэтээр шүүмжлэхээр шантармаар, “Больё” гэмээр бодогдох юм уу?

-Намайг тэгж шүүмжилж, элдвээр хэлж буй хүмүүс надад зүгээр л инээдтэй санагддаг. Би хэрвээ хэн нэгнээс мөнгө аваад тэмцэж байгаа бол өнөөдөр шал өөр шаардлага тавиад сууж байгаа. Засгийн газрыг огцруулъя гээд ч юм уу. Хоёр жилийн турш ганцхан хуулийн талаар дуугараад явах уу. Хэд хэд хувьсаад, жагсаал болгонд оролцоод явж байгаа. Би тэгэхгүй. Тэгэх ч шаардлага надад байхгүй. Би хууль л ярьдаг. Олны танил болоод яах юм бэ. Рекламанд тоглох юм уу. Олонд танигдаад, од болох сонирхол ч надад байхгүй.

Хөл хорионы үед иргэдийг ямар нөхцөл байдалд амьдрууллаа даа. Одоо үнийн өсөлт ямар байна. Дайн, цар тахал руу чихчихээд өөрсдөө уснаас хуурай гарах санаатай. Ингэж явсаар байтал залуу насны минь 5-6 жил өнгөрлөө. Ийм шударга бус зүйлтэй, тэгш бус нийгэмтэй би эвлэрэхгүй. Эхлээд коронавирус, хөл хорио руу баахан буруугаа чихсэн. Дараа нь хил хаалттай байгаа рүү. Одоо дайн руу. Ер нь төр засагт буруу байдаг юм уу. Бүхий л юм бусдын буруу, иргэд буруутай болоод л өнгөрдөг.

Миний уур бухимдал хүрээд байна. Юу ч хийж чадахгүй байгаадаа гутарч, хорсож байна. Өс санах нь холгүй л байна.

-Улс төрд орох сонирхол танд бий юү?

-Байхгүй ээ. Хийх юм ямар мундсан биш дээ (инээв).

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
4 сар 5, 2022 08:02

Үзэл бодлоо л ярьжээ

Зочин
Зочин
4 сар 5, 2022 08:03

Миний уур бухимд�##� хүрээд байна. Юу ч хийж чадахгүй байгаадаа гутарч, хорсож байна. Өс санах нь холгүй л байна.

Зочин
Зочин
4 сар 5, 2022 09:38

Энэ з�##�ууг дэмжиж бгаа

ҮНЭН
ҮНЭН
4 сар 8, 2022 10:07

тонил цаашаа

Холбоотой мэдээ

Back to top button