АРИЛЖААНЫ БАНКНУУД: Зөвхөн ам.доллар бус рубль, вон, юань гээд бүх валют хязгаарлалтад орсон
Гадаад валютыг хязгаарласан. Үүнд зөвхөн ам.долларт хязгаар тогтоосон гэх ойлголт нийт иргэдийн дунд бий. Харин цахим сүлжээнд рублийн ханш унасан байгаа энэ үед төгрөгөөр солиулж, нөөцлөх хандлагатай байгааг банкны ажилчид иргэдэд хэлсэн талаар нэгэн иргэн бичжээ. Ингэхдээ рублийн гүйлгээг зогсоож, бэлэн мөнгөөр огт солихгүй байгаа тухай дурдсан байна.
Энэ асуудлыг тодруулахаар Төрийн банк, Худалдаа хөгжлийн банкнуудаар орлоо. Ингэхэд рубльд хязгаар тогтоосон мэдээлэл нотлогдов. Банкны ажилчдаас тодруулсан мэдээллийг хүргэе.
-БҮХ ВАЛЮТ ХЯЗГААРТАЙ. ЗӨВХӨН АМ.ДОЛЛАР БИШ-
Төрийн банкны ахлах теллерээс тодруулахад дараах мэдээллийг өглөө.
-Рублийн бүх гүйлгээ зогссон гэх мэдээлэл үнэн үү?
-Рублиэр ямар ч арилжаа хийгдэхгүй байгаа. Дансаар болон бэлэн гүйлгээ зогссон.
-Бусад вон, евро, юань зэрэг валютыг бэлнээр гаргаж байгаа юу?
-Гарч байгаа. Гэхдээ хязгаар тогтоосон учраас зөвшөөрөл авсны дараагаар иргэний гарт ирнэ. Бэлнээр аль болох гаргахгүй байгаа.
-Хязгаарлалтыг хэрхэн зохицуулж байна вэ?
-Нэг сая төгрөг дотроо гаргаж байна. Иргэний долларын дансанд доллар байлаа гэхэд гурваас дээш сарын хугацаанд тогтмол ашигладаг байсан бол тооцооны төвд доллар нь байвал л нэг сая төгрөг доторхоо гаргаж өгнө. Түүнээс дээш гаргах бол дээгүүр зөвшөөрөл хөөцөлдөж байж гаргуулж байна. Ер нь л сая төгрөгөөс дээш валют гаргахыг зөвшөөрөхгүй байгаа.
-Банкнууд дотоод зохицуулалтаараа ийн хязгаарлаж байгаа юу эсвэл Монгол банкнаас ирсэн чиглүүлэг үү?
-Монгол банкны нөлөөлөл бий. Дотоод нөөцийг Монгол банкнаас хуваарилсан. Үүнийг тухайн банкнууд иргэдэд зөв, тэгш хуваарилахын тулд ийм арга хэмжээг авч байгаа. Түүнээс төв банк таг хориод энэ хязгаарлалтыг банкнуудад үүрэг болгоогүй.
-Зайлшгүй вон, юань зэрэг бусад валютыг гаргах байсан ч ямар нэг гарц байхгүй гэж ойлголоо. Зөв үү?
-Бүр хориг тогтоосон юм байхгүй. Зөвшөөрлөө аваад, шалтгаанаа нарийн тайлбарлаж чадвал ам.доллар рублиэс бусад валютад уян хатан байж болж байгаа.
-Дансаар хийх гадаад валютын гүйлгээг яаж зохицуулж байгаа вэ?
-Дансан дахь гадаад валютыг шилжүүлэх байдлаар хэрэглэвэл ямар нэг хязгаарлалт байхгүй. Хамгийн гол нь бэлэн болгож хувиргахад л хязгаар байгаа.
-Энэ хязгаарлалт ам.долларт хязгаар тогтоохтой зэрэг эхэлсэн үү?
-Тийм ээ. Хүмүүс зөвхөн ам.доллар гээд байгаа боловч бүх гадаадын валют ийм хязгаарлалттай байгаа.
Харин дээрх агуулгаар Худалдаа хөгжлийн банкнаас тодруулахад “Бусад банкнуудын адилаар бэлэн гүйлгээндээ нэг сая хүртэлх төгрөгийн хязгаарлалт тогтоож байгаа. Үүнд вон, евро, юань гээд бүгд багтаж байгаа. Сая төгрөгөөс илүү гүйлгээ хийх бол иргэн хүсэлт, өргөдөлдөө шалтгаанаа нарийн дурдсаны дагуу цааш нь уламжилж уян хандахыг хичээж байна. Гэхдээ аль валютыг ам.доллартой адилхан л хязгаарлаж байгаа” гэлээ.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
хүний дансанд ахь мөнгийг өгөхгүй хязгаарлана гэдэг нь бүр дампуурч буй юм байа л даа чааваас