
“Би архи уудаггүй. Эрдэм боловсролгүй учраас харуулын ажил л олддог. Ажил голохгүй очоод хийхээр нэг, хоёр сар ажиллуулаад цалин өгөхгүй халчихна. Амьдрах арга алга. Хороон дээрээ очоод ажил асуутал амьтны амь таслуулна гэсэн. Яаж амьтны амь тасалж мөнгө авах вэ дээ. Яах учраа олохгүй байна. Муу явахаар сайн үх гэдэг дээ. Украин руу явдаг ч юм бил үү гэж бодох юм” гэж нэгэн иргэн манай редакцаас лхагва гарагт “Иргэдийн цалин хэд хоноод дуусдаг вэ” талаар мэдээлэл бэлтгэх үед ярьсан юм.
Энэ яриаг авснаас хоёр өдөр өнгөрсөн ч “Муу явахаар сайн үхье” гэтлээ хүн амьдралд нухлагдаж буй тухай бодолд уягдаж, цаг үеийн хэцүү бүхнийг хамж шимэн тунгаасаар байв. Мөн түүнийг ийн ярьсныг үзсэн олон мянган хүн дундаас 200 гаруй нь цахим хуудас болон манай сайтын утас руу залгаж “Тусалмаар байна”, “Ажилд авъя” гэж хандсаар байлаа. Ерөөс л энгийн номхон ард иргэдийн төлөөлөл болж, амьдрахын төлөө зүтгээд ч болохгүй байгаа түүний эрэлд гарч, олж уулзахаар шийдэв.
Түүнтэй дахин уулзахад “Ах нь дээр их дэмий юм ярьчхаж уу, санаа зовж л сууна. Олон хүн “Eguur.mn сайтад яриа өгсөн хүн мөн үү” гэж холбогдсон. Тухайн үед жаахан тулгамдсан шүү” гэж ярих түүнийг Т.Бибиш гэдэг.
Тэрбээр Завхан аймгийн Тэс сумын иргэн. Морь, мал, бөх, сийлбэр гээд уламжлалт ахуйдаа хайртай, жирийн л нэг хөдөөний хүн. Түүний амьдрал тийм ч дардан байгаагүй, одоо ч тэр...
20 гаруй жил архи ууж, 12 жилийн өмнө аавыгаа алдаж, ээждээ золголгүй уджээ. Олон жил архи уусан учраас хань ижил, үр хүүхдээсээ ч хөндийрсөн байна. Амьдрал нь салаалаад дөрвөн жилийг үдсэн тэрбээр хоёр жилийн өмнөөс архи уухаа больж, эмчилгээ хийлгэсэн байна. Энэ хугацаандаа нэг ч удаа өөрт амласан амлалтаа зөрчиж архи амсаагүй аж. Тиймдээ ч танил, төрөл садантайгаа уулзахаас татгалзаж “Хаа нэгтэйгээс архи гаргаж ирээд намайг хорлох вий” гэж битүүхэндээ эмээж ирсэн тухайгаа бидэнд хуучлав. Ингээд түүний яриаг хүргэе.
-ТАНЬДАГ ХҮНТЭЙГЭЭ УУЛЗВАЛ ХАА НЭГТЭЭГЭЭС АРХИ ГАРГААД ИРЭХ ВИЙ ГЭЖ АЙДАГ-

-Таныг олох гэж их хайлаа шүү. Уншигчид маань таны талаар илүү мэдмээр байгаа бололтой. Та өөрийнхөө талаар ярихгүй юу?
-Би 1974 онд төрсөн Түмэн-Өлзийгийн Бибиш гэдэг хүн байна. Тааруухан явахдаа аавынхаа нэрийг хэлэх их дургүй хүн дээ, уг нь. Тогтсон ажилгүй, группийн мөнгөөр амьдралаа болгох янзтай л байдаг. Комиссоос хоёр шуудай гутал авсан. Түүнийгээ тав, гурван цаас дээр нь нэмж зарах санаатай. Зарагдаагүй л байна. Одоогоор Улаанбаатар хотын Сүхбаатар дүүрэгт ээжийнхээ хашаанд амьдарч байна. Харин ээж маань Булган аймагт бий.
-Ямар шалтгаанаар группд хамрагддаг вэ?
-Тархинд хавдар үүсээд авахуулсан. Одоо бол эдгэчихсэн л дээ. Гэхдээ мартаж санах, будилах үе бий.
-Залуудаа юу хийдэг хүн байв?
-1990 онд наймдугаар ангиа төгсөөд хөдөө аав, ээж дээрээ мал малласан. Адуу малд их хайртай. Эмнэг догшин сургах, уяж сойгоод уралдуулах, ан гөрөө хийх дуртай. Ер таван хошуу малаа хүндэлж хайрладаг. Модон эдлэлээр юу л бол юу хийж чаддаг гарын уртай хүн байсан. Эмээлийн бүүрэг, хана туурга, гоёлын сийлбэр, хаалга цонх, сандал ширээ бүгдийг нь урлаж чадна. Харин одоо түүнийгээ орхиод удаж байна. Гэхдээ хийж чадна.
2000 онд төв газар суурьшаад хэдэн малаа цувуулж идсээр барсан даа. Одоо тав, гурван үхэр маань айлд бий.
-Манайд яриа өгөхдөө архи уудаггүй гэж байсан. Ер огт амсдаггүй хүн үү?
-Би архи уудаг байсан. Уух уухдаа олон хоногоор ууна. Яаж архинд орсноо ч мэддэггүй. Хоёр жилийн өмнөөс архины эмчилгээ хийлгэж өөрийгөө бүрэн татаж чадсан. Одоо бол архийг жигшдэг. Архи уудаг хүмүүсээс холхон явах гэж хичээдэг болсон. Сая л нэг ухаан суусан юм болов уу даа. “АА” нийгэмлэгт хамрагдаж хэдэн залуустай зориг шулуудаж амьдрал уруудуулагч архийг бүр мөсөн хаясан. Залуус архи уусан байхыг хараад харамсдаг болчихлоо. Би өөрөө залуу насаа архинд алдсан учраас хайран залуу нас гэж бодогдох юм.
Би тамхи татдаг л даа. Тамхи татахыг хориглосон газар гэж байдаг хэр нь архи уухыг хориглосон газар гэж байдаггүй. Үүнийг хязгаарлах хэрэгтэй л санагддаг. Архинаас гарч чадсан юм чинь тамхийг хаячихна л гэж бодож байгаа. Удахгүй татдаггүй болно гэж зорьж байна.
-АМЬ Л БОЛ АМЬ. ТҮҮНД ИХ БАГА ГЭЖ ҮГҮЙ-

-Найз нөхөд танд бий юү?
-Багын найзууд бий бий. Гэхдээ тэдэнтэйгээ холбогддоггүй. Ойр ойрхон очих найз бол байхгүй ээ. Таньдаг мэддэг хүнтэйгээ уулзах сан гэж бодохоор архи гаргаад ирэх вий гэж айдаг болсон. Учир нь архийг үзэн ядаж, жигшдэг болсон болохоор тэр биз.
-Хороон дээрээ очиж ажил сураглаж үзсэн гэж байсан?
-Хороо руу ажил горьдож л очдог. Хөдөлмөрлөх юм сан. Өр зээлээ төлөх юм сан гэж боддог. Харин хорооноос намайг нохой алах уу гэсэн. Би үнэндээ нохой алахыг хүсэхгүй байна. Тэр чинь айлын хашаанд байдаг тэр айлын манаач, бас нэг хань шүү дээ. Тэгээд хүний амь гэдэгтэй л адилхан амь л бол амь. Ер нь амь насанд их бага гэж байдаггүй. Их, бага бие л гэж бий.
Нохой ер нь архичнаас илүү хүнд хань болж чадна. Гэхдээ бас айлын нялх хүүхдийг урчих гээд дайрдаг золбин нохой бол хэцүү л дээ. Ер яасан ч байсан амьтны амь тасалж л мөнгө олохгүй ээ.
-Амьдрах аргагүйдээд Украин явдаг ч юм бил үү гэж байсан. Яагаад энэ талаар бодох болсон юм бэ?
-Амьдрах нөхцөл хүнд байна. Хэнд гомдож, хэнд туних вэ дээ. Өдөр бүр юмны үнэ өсөөд байхад надад олдож байгаа орлого өчүүхэн байна. Украин руу цагаа тулбал явахгүй байх. Тэр үгийг хэлсэн нь энд муу амьдарч байхаар л гэж бодсон хэрэг. "Муу явахаар сайн үх" гэж эртний үг байдаг. Тэнд очоод дэмий үхье гэсэн санаанаас хэлээгүй. Бас баатар болъё ч гэж бодоогүй.
-ӨДӨР БҮР НОЙР ХУЛЖИЖ, ХАНЬ ИЖИЛ, ҮР ХҮҮХДЭЭ БОДДОГ Ч ОЧИХ НҮҮР АЛГА-

-Гэр бүлийнхээ талаар ярихгүй юу?
-Эхнэртэйгээ ханилаад 20 гаруй жил болж байна. Тэр хугацаанд сайхан амьдралын төлөө хичээж, зүтгээгүй. Амьд явахын төлөө л амьдарсан юм шиг бодогдож байна даа. Би муу байсан учраас эхнэр маань үр хүүхдээ аваад өрх тусгаарласан. Би энэ олон өдөр хоног, жилүүдэд зовоосон учраас эргээд очих зүрх, зориг хүрдэггүй. Сэтгэл гундуухан, элэг бүтэн амьдралыг битүүхэн хүсэж л явна.
-Хүүхдүүдтэйгээ холбоотой байдаг уу?
-Дөрвөн хүүхэдтэй. Том хүү минь 1998 оных. Саяхан эхнэр авч хүү минь аав болж, би өвөө болсон гэж дуулсан. Өдөр бүр, орой унтах болгондоо очих юм сан, ачаа харах юм сан гэх бодол тээж нойр хулжиж хэвтдэг. Заримдаа хоол ч ордоггүй. Их гомдоосон учраас үнэхээр очих нүүр байхгүй нь.
-Гомдоосон гэхээр та зодож нүддэг байсан гэсэн үг үү аль эсвэл архи ууж амьдралд нь түшиг болоогүй учраас гэдэг утгаар хэлж байна уу?
-Яалаа гэж. Архи ууж амьдралаа бодоогүйд л учир бий. Орон гэрээсээ зугтаж тэнэдэг байсан. Одоо уучлаарай гэж хэлэх ч нүүр алга.
-Ханийнхаа талаар яриасай гэж хүсэж байна. Их л сайн хүн байдаг болтой?
-Миний хань их сайн хүн. Мал малладаг байхад идээ цагаагаа сайхан авдаг. Дээл хувцас хатгадаг уран гартай. Орон гэрээ цэмцийтэл цэвэрлэдэг. Үр хүүхдүүддээ энэрэлтэй гэж жигтэйхэн. Их л сайхан сэтгэлтэй, хүнд түшигтэй хүн бий. Одоо хүүхдүүдийг минь тэжээгээд өсгөөд л явна. Нэг ажил хийгээд хороололд амьдраад сайн яваа сурагтай.
-ЭЭЖИЙГЭЭ ИХ САНАЖ БАЙНА-

-Алсуураа харж, холоос энэрч явдаг хэрэг үү?
-Тэр нь ч хаашаа юм бэ, хороололд амьдардгийг нь мэдээд тэр зүгээр эргэлдэж, алсаас барааг нь харах гэж өндөлзөж л явдаг. Хүн амьтнаас сураг тавьж асууна. Хүүхдүүдтэйгээ ярьж хоолойг нь сонсох сон гэж боддог. Гэхдээ эхнэрээсээ айгаад залгаж чаддаггүй юм аа.
-Танд төрөл садан хэр олон байдаг вэ, эжий, аав нь байдаг уу?
-Бий бий. Эжийдээ очиж золголгүй хоёр жил болсон. Корона гээд явж чадаагүй. Дотроо эжийгээ их санана. Энэ жил "Март-8"-наар очиж ах, дүү, ээжтэйгээ золгосон. Өдий наслачхаад ижийгээ санаад золиг юм аа. Ээж минь өглөө бүр цайны дээжээ хүүдээ өргөөд л зогсдог байх. Хайртай гэж хэлэхэд ч багадам. Би хүн шиг амьдарч чадвал ээж минь тайван нүд аньж чадна байх.
Харин аав минь 12 жилийн өмнө бурхан болсон. Дэргэд минь байдаггүй ч хажуухнаас харж явдаг байх гэж боддог. Бурхан болсон хойно нь нутагт нь тавьж чадаагүйдээ харамсаж явдаг.
-Аавыгаа сэрүүнд хэр сайн хүү байв?
-Сайн хүү нь байж чадаагүй ээ. Аав минь архи дарс амсдаггүй, мундаг ажилсаг хүн байдаг. Үр хүүхэд наймуулаа амьдрахад амьдралын төлөө эрвийх дэрвийхээрээ л зүтгэсэн. Биднийг тэжээх гэж махаа идсэн байх даа. Надад аав шигээ сайн хүн болох тавилан заяагаагүй юм болов уу даа. Аав шигээ болох юм сан гэж их боддог байсан, уг нь. Миний эцэг мундгаас мундаг хүн байсан.
-ХАНЬДАА, ҮР ХҮҮХДҮҮДДЭЭ ЗОРИУЛЖ ДУУЛЪЯ-
-Таныг хүмүүс хүнгэнэсэн сайхан хоолойтой гэдэг үү?
-Зарим хүмүүс Цэрэнболдын ах, дүү юу гэж цаашлуулдаг юм. Би бөхөд их дуртай болохоор морь, бөх тайлбарлаж үзэх юм сан гэдэг хүсэл тээдэг байв. Одоо ч замхраад л байна. Би өөрөө зориогүй учраас энэ хүслээ биелүүлж чадаагүй. Бас дуулах их дуртай хүн.
Хар багаасаа алдарт дуучин Адарсүрэнг их сонсдог байсан сонсохоор өөрийн эрхгүй уярч, уйлж сонсдог. Тэр хүний дууг үр хүүхдүүд, ханьдаа зориулж дуулъя аа.
Таанын үнэрт салхи чи
Талаар нисэн өнгөрөхдөө
Танхил хонгор түүнд минь
Танил дууг минь дамжуулаарай
Сэвшээ зөөлөн салхи чи
Сэрүүн талаар аялахдаа
Сэтгэлт хонгор түүнд минь
Сэтгэлийн үгийг минь шивнээрэй
Үелзүүр зөөлөн салхи чи
Үүлсийг хөөн наадахдаа
Үнэнч хонгор бүсгүйг минь
Үнсэн таалан илбээрэй
Хангайн сэрүүн салхи чи
Хаврын шувуудтай хамтдаа
Хайрт намайг очно гээд
Хайртай түүнд минь дамжуулаарай
-Таныг ажилд оруулъя гэж манай редакцад их хандсан. Таны утас руу ч бас залгасан байх?
-Тийм ээ. Хүмүүс их залгасан. Олон сайхан сэтгэлтэй хүмүүс байдаг юм байна. Тэр олон хүн хандахаар хэн нэгэнд нь ажилд оръё гэчихвэл нөгөөдүүл нь гомдчихдог болов уу гэж бас бодох юм. Ямартай ч ажил төрөл, тогтмол орлоготой залгавал ажил олгогчоо хайрлаж, итгэлийг нь даахын төлөө хичээнэ дээ. Хүнээс илүү гэж хэлэх нь ч хаашаа юм дутуугүй сайхан ажиллана л гэж бодож байна.
-МИНИЙ АМЬДРАЛ МУУ БАЙГААД ТӨР ХАМААГҮЙ-

-Ярианы эхэн үед банканд зээлтэй гэж дурдсан. Хэдэн төгрөгийн зээл авч түүгээрээ юу хийсэн бэ. Нууц биш бол хэлж болох уу?
-Хоёр сая хоёр зуун мянган төгрөгийн зээлтэй. Түүнийгээ төлж чадахгүй л явж байна. Цагаан сарын дараахан дэлгэцэн дээрээ мэдэрдэг утас барьж үзье гээд зээл авч 620 мянган төгрөгөөр утас авсан. Аваад хоёр хонуулж чадалгүй Бөмбөгөрийн урд явж байгаад алдчихсан. Уг нь их гоё эд байсан юм аа. Би анх удаа тийм утас барьж үзсэн байхгүй юу. Ер нь “Нокиа”-наас өөр утас мэдэхгүй ээ. Одоо бол олон хөлийн газар утаснаасаа ичээд дууг нь хаачхаад л явна /инээв/. Утсаа алдсан гээд цагдаа сэргийлэхэд хэлэлтэй нь биш. Гарах юм нь гарсан юм байлгүй. Яамай яамай.
-Таны амьдрал нэг л дээрдэж өгөхгүй байгаа бололтой. Үүнд төр, засгийг буруутгаж боддог уу?
-Ард түмэн бид өнчин өрөөсөн хүүхэд шиг болжээ. Олж байгаа орлого хүрэлцээгүй. Бүх юмны үнэ өссөн нь надад хүртэл мэдрэгдэж байна. Хэнд нь юу гэж хэлэх вэ дээ. Өөрсдөө амьдралын төлөө хичээх хэрэгтэй. Гэхдээ төрөөс зарим бодлогын арга аваасай гэж боддогоо нуух юун. Ажлын байраа олшруулж, хүртээмжтэй байлгаасай гэж л бодох юм.
-ОЛОН ХҮНД СЭТГЭЛЭЭ УУДАЛСАН МЭТ САНАГДААД ДОТОР УУЖИРЧ БАЙНА-

-Дотроо их л шаналаад явдаг бололтой. Жаахан хэсгээс нь яриад уужирч байгаа харагдлаа?
-Тийм ээ, хүнд ярьдаггүйгээ яриад сайхан уужирч байх чинь. Хүн болгонд хэлж дотроо уудалсан мэт л санагдаж, үнэндээ сайхан байна. Амьдрах урам маш их авч байгаагаа мэдэрч байна. Дэндүү их баярлаж байгаагаа үгээр хэлж чадахгүй нь. Тусалъя, дэмжье гэсэн хүмүүс их юм. Танай сайтын л буян.
-Ярилцлагаа энд хүргээд өндөрлүүлье. Ярианы төгсгөлд та юу хэлмээр байна вэ?
-Монгол түмнийхээ хайрыг дааж амьдарна аа. Монгол түмэндээ маш их баярлалаа. Танай хамт олонд бүр их баярлалаа. Бүгдийнх нь итгэлийг дааж сайхан амьдарна аа. Ажил төрөлд орж жаахан жигдэрчхээд үр хүүхдэдээ сайн эцэг нь болж буцаад очно оо. Уучлаарай гэж хэлэх эрхгүй ч хань минь, үрс минь намайг уучлаарай. Өөртөө андгайлсан шиг монгол түмэндээ ч архи уухгүйгээ хэлье.
-Бидэнтэй илэн далангүй ярилцсанд баярлалаа. Таны цаашдын амьдралд амжилт хүсье.
-Баярлалаа. Та бүхэнд ч амжилт хүсье.
Тэрбээр биднийг хашааны үүднээс гараа даллаж үдэх үед хажуугаар нь зөрсөн хүн өөр нэгнийг сураглатал “Миний утсаар ярих уу” гээд өнөөх "Нокиа"-гаа барин гараа сунгаад үлдэв.
Хэрэв та Т.Бибишэд туслахыг хүсвэл Eguur.mn сайтын 77170607 дугаарт хандана уу.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Монгол эр хүн байна
Ард түмэн бид өнчин өрөөсөн хүүхэд шиг болжээ. Олж байгаа орлого хүрэлцээгүй. Бүх юмны үнэ өссөн нь надад хүртэл мэдрэгдэж байна
Амьдраад байж дээ
Сайхан монгол эрийг өөд нь татаад аваарай. Ийм сайхан эрчүүд дэндүү гэнэн цагаанаасаа болж ийм новшийн нийгэмд хөл алдсан байдаг юм шүү
Өөрөө муу амьдарснаа бусад руу чихэж болохгүй ээ.
Ориг монгол хүн бна. Энэ хүнийг муулж бга гарууд монгол хүмүүс биш бололтой
Сайхан сэтгэлтэй хүн байна өдий насний хүнд жоохон дэм өгч ажилд оруулвал итгэл эвдэхгүй хүн байна гэж ойлоголоо
Жинхэнэ монгол эр хүн байна.Дахиж алдмааргүй дүртэй юм байна. Амжилт.
Арай үнэтэй утас авчихаж дээ
Ухаарч чадсанд нь баяр хүргэe. Олон.сайхан сэтгэлт ажил олгогчид бдагт бахархаж бна. Чи өөрийн сайн хийж чадах ажлаа л сонгосон нь дээрдээ. Мужаан дархан г.м
Олон хүн хүн ийм замаар орсон. Тэдний ихэнхи нь гэнэн цагаан сэтгэлтэй, сэтгэлийн тэнхээгүй, амьдралдаа арчаагүй байдаг.
Сайхан пан гөрдөг нөхөр байна
Amitnii ami tasalmaargui bgaa hun Ukraind ochij yahjaagaan.iim humuus hamgiin urt nasaldiim.gehdee...
Үүлийг бас бус хүмүүс ийг цуглуулж ядаж 1 бригад болоод явахгүй юу
Yavaach lalraa
арчаагүй амиа бодсон ийм эрчүүд олон болж байна залуу хүн байж ажил хий хөдөө малаа малла энд худлаа юм ярьж солиорч байхаар