Францын одоогийн Ерөнхийлөгч Эммануэль Макрон болон хэт барууны үзэлт “Үндэсний Фронт” намын дарга Марин Ле Пен нар Ерөнхийлөгчийн сонгуулийн хоёр дахь шатанд өрсөлдөх төлөвтэй боллоо. Учир нь, дээрхи хоёр нэр дэвшигчийн эхний шатны сонгуулийн урьдчилсан дүн гарчээ.
Францын Дотоод Хэргийн Яамны мэдээлснээр, саналын хуудасны 84 хувийг боловсруулсны дараа Эммануэль Макрон эхний шатанд 28,5 хувь, Марин Ле Пен 24,2 хувийн санал авчээ. Гуравдугаарт хэт зүүний үзэлтэй “Invictus France” намын дарга Жан-Люк Меланшон 20,1 хувийн санал авсан байна. Бусад нэр дэвшигчдийн хэн нь ч 10 хувийн санал авч чадаагүй аж.
Тус улсын “BFM” телевизийн мэдээлснээр, Эммануэль Макрон бараг 29 хувийн, Ле Пен 24 хувь, Меланшон 20 хувийн санал тус тус авчээ.
Францын Дотоод Хэргийн Яам өмнө нь мэдээлэхдээ, эхний шатны санал хураалтад нийт сонгогчдын 65 хувь нь оролцсон нь 2017 оныхтой харьцуулахад дөрвөн хувиар буурсан ажээ.
ҮР ДҮН, ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ ТАЛААР
Эммануэль Макрон сонгуулийн хоёр дахь шатанд өрсөлдөх нь тодорхой болох үеэр Ерөнхийлөгчөөр дахин сонгогдоно гэсэн амлалт, баталгаа хараахн өгч чадахгүй хэмээн мэдэгдлээ. Тэрбээр дэмжигчдэд хандан хэлэхдээ, “Хэт төсөөлөлдөө автаж болохгүй. Одоохондоо юу ч шийдэгдээгүй байна. Ирэх хоёр долоо хоног бол манай улсын болон Европын хувьд шийдвэрлэх цаг үе байх болно” хэмээв.
“Бид Франц улсыг эдийн засаг, экологи, хөдөө аж ахуй, соёлын салбарт илүү бие даасан байлгахыг хүсэж байгаа юу. Бид Франц улсыг сүүлийн таван жилийнх шиг шинжлэх ухаанд, эрүүл ухаанд, чадварлаг хүмүүст найдсаар байхыг хүсэж байна уу” хэмээн дэмжигчдэд хандан үг хэлсэн байна.
Харин Эммануэль Макроны гол өрсөлдөгч Марин Ле Пен эхний шатны сонгуулийн санал хураалт дууссаны дараа “Хэрэв би Ерөнхийлөгчөөр сонгогдвол улс орныхоо бүх зүйлийг эмх цэгцтэй болгоно. Франц улсад хэрэгтэй өөрчлөлтийг авчрахын тулд ард түмнийхээ эв нэгдлийн төлөө баруун, зүүн гээд ямар ч үзэлтэй байх нь хамаагүй францчуудыг нэгдэхийг уриалж байна” хэмээв.
“Үндэсний Фронт” Намын дарга түүний гол зорилго бол “Францчуудыг нэгтгэж, Францыг дахин агуу болгох төлөвлөгөө” хэмээн амлалт өгсөн байна. Тэрбээр мөн “Хэрэв би Ерөнхийлөгчөөр сонгогдвол “үндэснийхээ тусгаар тогтнол”-ыг баталгаажуулж, цагаачлалын асуудлыг хянаж, “бүх нийтийн аюулгүй байдал”-ыг сэргээнэ” хэмээн онцоллоо.
Марин Ле Пенийн хэлснээр, хоёрдугаар шатны өрсөлдөөнд францчууд чухам хэнийг сонгох вэ гэдгээс “Бидний ирэх 50 жилийн хувь заяа шийдэгдэнэ” хэмээн нэмж ярив.
ГОЛ ӨРСӨЛДӨГЧДӨӨС ГАДНАХ ӨРСӨЛДӨГЧИД
Ерөнхийлөгчийн сонгуулийн хоёр дахь шатанд шалгарч чадаагүй нэр дэвшигчид олон нийтэд мэдээлэл хийлээ.
Тэд бараг бүгдээрээ сонгогчид, дэмжигчдээ хоёр дахь шатны сонгуульд одоогийн төрийн тэргүүн Эммануэль Макроныг дэмжихийг уриаллаа. Тэдний дунд сонгогчдын 20 орчим хувийн санал авсан Меланшон бас багтсан байна.
“Бид хэнд хэзээ ч санал өгөхгүй гэдгээ маш сайн мэднэ. Хатагтай Марин Ле Пен биднээс нэг ч санал авах учиргүй” хэмээн гуравдахь өрсөлдөгч Жан-Люк Меланшон мэдэгдлээ. Өмнөх сонгуулиудад ч ийм утгатай үг хэлж байсан гэдгээ тэр онцлоод, тухайн үед хүмүүс түүний үгийг анзаарч сонсоогүй гэв. Тиймээс энэ удаад тэрбээр хэд хэдэн удаа энэ үгээ давтан хэлсэн байна.
Урьдчилсан мэдээллээр, францчуудын долоо орчим хувийн дэмжлэгийг авч чадсан хэт барууны үзэлтэй нэр дэвшигч Эрик Земмур хоёрдугаар шатны сонгуульд Марин Ле Пений төлөө саналаа өгөхийг иргэдэд уриалсан байна.
“Би Жан-Люк Меланшонтай санал нэг биш байна. Гэвч, хэрэв Меланшон Ерөнхийлөгчөөр сонгогдсон бол улс орны аюулгүй байдлыг улам дордуулж, цагаачлалын талаар нэг ч үг цухуйлгаагүй байж Марин Ле Пенийг эсэргүүцэх нь зүйд нийцэхгүй. Миний зүгээс сонгогчдыг хатагтай Марин Ле Пенийн төлөө саналаа өгөхийг уриалж байна” хэмээн Эрик Земмур мэдэгдлээ.
Нэр дэвшигчдийн хэн нь ч үнэмлэхүй олонхийн санал авч чадаагүй юм. Хоёрдугаар шатны сонгууль дөрөвдүгээр сарын 24-ний ням гарагт болно.
Хамгийн олон санал авсан хоёр нэр дэвшигчийн хооронд мэтгэлцээн болж, хоёрдугаар шатанд өрсөлдөх төлөвтэй байна. Мэтгэлцээнийг дөрөвдүгээр сарын 20-ны лхагва гараг эсхүл дөрөвдүгээр сарын 21-ний пүрэв гарагт зохион байгуулахаар төлөвлөж байгаа аж.
Сүүлийн санал асуулгаас харахад, Макрон, Ле Пен нарын тэмцэл хоёрдугаар шатанд нэлээд ширүүн өрнөх янзтай байгаа юм. Энэ оны гуравдугаар сарын дунд үе хүртэл одоогийн Францын Ерөнхийлөгчийн рейтинг өндөр байсан ч сүүлийн долоо хоногт хоёр нэр дэвшигчийн хоорондын зөрүү мэдэгдэхүйц багассан. Зарим санал асуулгаар Макрон Ле Пенээс дөнгөж гуравхан хувиар тэргүүлсэн байна.
Эх сурвалж: Interfax
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Макрон шаах байхөө