НийгмийнСПОРТ

Д.Номин-Эрдэнэ: Надад амжилтын нэг их айхтар нууц байхгүй ээ

Эрэгтэйчүүдийн их мастер цолны болзол хангасан Монголын анхны эмэгтэй шатарчин Даваадэмбэрэлийн Номин-Эрдэнэтэй цахим хуудсаар нь холбогдон, ярилцлаа. 19 настай тэрбээр гэр бүлийнхнийхээ хамт Унгар улсад амьдардаг юм.

-Түүхэн амжилтын эзэн болсонд тань баяр хүргэе. Эрэгтэйчүүдийн их мастер цолны болзолыг хэрхэн хангав?

-Маш их баярлалаа. Монгол, Унгар улсын хооронд дипломат харилцаа тогтоосны түүхт 70 жилийн их ойг угтан Дебрецен хотод хэд хэдэн тэмцээн болсон юм. Энэ сарын 9-15-нд “Монгол Унгарын наймрамдлын цом” олон улсын фестивал, Унгарын өндөр зэрэглэлийн шилдэг шатарчдын Их мастер цолны норматив горилох  анхдугаар  тойргийн тэмцээн, 14-нд түргэн тоглолтын олон улсын нээлттэй тэмцээн, 15-нд түргэн тоглолтын өсвөрийн шатарчдын цомын аварга шалгаруулах тэмцээн боллоо. Тус арга хэмжээг Монгол улсаас Унгар улсад суугаа Элчин сайдын яам, Дебрецен хотын засаг Захиргаа, Унгар улсын шатрын холбоо, Монголын шатрын холбооны Европ тив дахь төлөөлөгчийн газар, Дебрецен хотын сургуулуудын Квизда холбоо, “MON-HUN” клуб хамтран зохион байгуулсан.   Европ тивд анх зохион байгуулсан тэмцээний ерөнхий ивээн тэтгэгчээр Ө.Энхбаатар захиралтай “Титэм” компани ажилласан.

Мэдээж хамгийн чухал нь олон улсын өндөр зэрэглэлийн шилдэг шатарчдын Их мастер цолны норм горилох  анхдугаар  тойргийн тэмцээн байлаа. Тус тэмцээнд 2000 оны багийн дэлхийн аварга, Украины Их мастер  Владимир Баклан, Их мастер Александар Ковчан, Унгарын Их мастер Варга Золтан, Сербийн Их мастер Лаятхам Борко, олон улсын мастер Лакетич Гоёко болон эх орноо төлөөлж би оролцлоо. Бид 10 өрөг өрсөлдөн, аваргаа тодруулсан.

Би Украины шатрын эмэгтэйчүүдийн шигшээ багийн дасгалжуулагч, Их мастер Александар Ковчантай адилхан оноотой тэргүүлсэн ч коэффицентийн зөрүүгээр мөнгөн медаль хүртлээ. 10 өргөөс дөрөв хожин, зургаа тэнцэж, долоо оноо авснаар Их мастер цолны сүүлийн буюу гурав дахь болзлоо амжилттай биелүүлж чадсандаа үнэхээр их баяртай байна. 

-Их мастерын болзлыг нь хангалаа, одоо чансаагаа өсгөх чухал. Чансааны хэдэн оноо дутуу байгаа вэ?

-Олон улсын шатрын холбоо (ФИДЕ)-ны мөрдөж буй журмын дагуу Их мастерын гурван болзол биелүүлж, олон улсын чансаагаа 2500-д хүргэх учиртай. Тэгээд ФИДЕ-ийн цол олгох зөвлөлийн хурлаар албан ёсоор баталж, олгодог. Тус холбооноос шатарчдынхаа чансааг сар бүр шинэчилдэг. Би энэ сард чансааны 2377 оноотойгоор Монголдоо хоёрт, дэлхийн шилдэг эмэгтэй 100 шатарчдын 86-д эрэмбэлэгдэн, нэлээд уналтын үе тохиолоо. Одоогоор сайхан сэргэлт авчихсан, форм өндөр байгаа. Барагцаагаар ирэх сард чансаа маань 2420-д хүрнэ. Энэ сар дуустал оролцох цөөнгүй тэмцээн бий. Тэгэхээр 80 орчим оноо дутуу байгаа гэсэн үг. Чансааныхаа оноог аль болох 2500-д хурдан хүргэхийг хүсэн, хичээж байна.

2016 онд рейтингээ 2490-д хүргэсэн нь миний хамгийн өндөр чансаа. Тухайн үед дэлхийн шилдэг 100 эмэгтэй шатарчны жагсаалтын 18-д, 20-иос доош насны шилдэг 100 эмэгтэй тамирчны гуравт эрэмбэлэгдэн, дэлхийн болон Ази тивийн 16, 18 хүртэлх насны охидын чансааг 2,5 жил гаруй хугацаанд тэргүүлсэн. Ер нь чансааны оноогоо 2500-гаас давуулбал дэлхийн шилдэг эмэгтэй шатарчдын жагсаалтын эхний 10-т багтах боломжтой.

-Д.Номин-Эрдэнэ энэ амжилтад хүрэхийн төлөө олон жил хөдөлмөрлөсөн. Монголдоо анхдагч болоод хамгийн түрүүнд юу бодов?

-Намайг үргэлж чин сэтгэлээсээ дэмжсээр ирсэн олон хүний итгэл найдварыг алдалгүй, бүхий нөөц, бололцоогоо дайчлан, улам шаргуу хөдөлмөрлөж, хичээх хэрэгтэйг ухаарсан. Мөн тэднийхээ ачийг үргэлж амжилтаар хариулах учиртайг ойлголоо.

-Гэр бүлийнхэн нь танаас дутахгүй их баярласан байх. Тэд юу гэсэн бэ?

-Манайх спортлог гэр бүл. Аав маань миний дасгалжуулагч. Ээж минь намайг үргэлж дэмждэг. Өвөө, эмээ маань намайг үргэлж хайрладаг. Гэр бүлийнхэн, хамаатнууд маань үнэхээр их баярласан. Тэдэндээ бүгдэд нь их хайртай шүү гэдгээ энэ дашрамд хэлье.

-Та Унгарт гэр бүлийнхээ хамт амьдардаг. Хамгийн сүүлд хэзээ Монголын хэвлэлд ярилцлага өгсөн бэ?

-Харин ээ, юу билээ. Сайн санахгүй байна.

-Унгарт очоод хэдэн жил болж байгаа билээ. Эх орноо санадаг уу?

-Манайх энд амьдраад зургаан жил болж байна. Мэдээж эх орноо, эмээ, өвөө, ах, дүү нараа, найз нөхөд, дотны хүмүүсээ маш их санадаг. Харамсалтай нь, бэлтгэл сургуулилалт, тэмцээн уралдааны шахуу төлөвлөгөө, мөн санхүүгийн бага зэрэг хүндрэл зэрэг бас бус шалтгааны улмаас тэр болгон Монголдоо очиж чаддаггүй. Өмнөө тавьсан том зорилготой, Төрийн алтан соёмбот далбаагаа  энгэртээ зүүн, Монгол хэмээх зургаан үсэгтэй бурхан нэрээ зүрхэндээ тээж, ид хөдөлмөрлөн, амжилтын төлөө зүтгэж яваа залуу тамирчин шүү дээ, би. Тэгж бодож л өөрийгөө тайтгаруулдаг.

-Бэлтгэл, тэмцээн гэсээр нэлээд завгүй байдаг болов уу. Унгарын ямар нэг сургуульд сурдаг уу?

-Одоохондоо сурах боломж, цаг үнэхээр гарахгүй байна. Би Нийслэлийн 45 дугаар сургуулийг төгссөн. Одоогоор олон улсын гурван их сургуулиас 100 хувь тэтгэлгээр суралцах урилга ирсэн. Зорилгодоо бүрэн хүрэхийн тулд ойрын жилүүдэд шатраараа тууштай хичээллэн, амжилтын төлөө зүтгэнэ. Би мэргэжлийн шатарчин. Тиймээс өдөр бүр бэлтгэл хийн, уйгагүй хөдөлмөрлөх шаардлагатай. Тэгэхгүй л бол амжилтад хүрэхгүй. Тиймээс би бэлтгэлээ өдөр бүр найман цагаар хийдэг.

-Үлгэрлэж явдаг шатарчин бий юү?

-Яг үлгэр дуурайлал авдаг гэж тодотгоход хэцүү юм. Учир нь тамирчин бүхэн өөр өөрийн гэсэн онцлог, давуу талтай. Түүндээ тохирсон тоглолтын хэв маягтай. Шатрын тоглолтын үе шатуудын бэлтгэлээ (гарааны онол, стратеги, тактик, төгсгөлийн техник, өргийн анализ) домогт шатарчид, дэлхийн шилдгүүд, аваргуудаас, тэдний өргүүдээс байнга суралцаж, судалдаг.

-Төрж, өссөн нутгийнхаа талаар сонирхуулна уу. Өвөөг тань Завхан аймгийн Дөрвөлжин сумынх гэж дуулсан.

-Тийм ээ, миний ээжийн аав, намайг үргэлж тулж, түшдэг өвөө минь Завхан аймгийн Дөрвөлжин сумын хүн. Аавын талынхан маань Өвөрхангай, Ховд , Төв аймаг гээд олон аймгийн хүмүүс бий. Аав, ээж, би, дүү нар маань Улаанбаатар хотод төрж өссөн.

-Завхан аймгаас Гавьяат тамирчин, их мастер Б.Хатанбаатар, их мастер, Гавьяат тамирчин Б,Мөнгөнтуул, Гавьяат дасгалжуулагч П.Жигжидсүрэн тэргүүтэй олон шилдэг төрсөн. Д.Номин-Эрдэнийн амжилтын нууц юу вэ?

-Завхан аймаг олон алдартай шатарчдаараа улсдаа дээгүүрт ордог. Би залуу хүн болоод ч тэр үү, нутгархаг үзэлд арай өөр байр сууринаас ханддаг. Бид бүгд л Монголын тамирчин гэж боддог.

Би хийж буй зүйлдээ тууштай, үнэнч хандан, чин сэтгэлээсээ дурлаж хийн, зарчимч, хөдөлмөрч, хичээл зүтгэлтэй, зорилготой, тэвчээрэй, сахил баттай байхыг хичээдэг. Тамирчны, шатарчны амаргүй замыг би өөрөө л сонгосон. Зарим зорилгоо эхнээс нь биелүүлээд байгаа ч тийм ч өндөр амжилтад хараахан хүрч амжаагүй явна. Надад амжилтын нэг их айхтар нууц байхгүй ээ.

-Эхээс хэдүүлээ билээ. Дүү нар нь шатар тоглодог уу?

-Би эхээс дөрвүүлээ, хоёр эмэгтэй, нэг эрэгтэй дүүтэй. Дүү нартайгаа хамт Герман, Унгарын лигт тоглодог. Бүгд шатраар хичээллэхэд аав, ээжийн хүмүүжил, гэр бүлээрээ спортлог нь нөлөөлсөн.

-Шатар тоглохоос өөр авьяас бий юү?

-Яг тийм авьяастай гээд тодотгоод хэлчих юм байхгүй ээ (инээв). Яах вэ, чөлөөт цагаараа усанд сэлэх, сагсан бөмбөг тоглох дуртай. Аав, ээж хоёр маань сагсан бөмбөг тоглодог. Аав минь шатрын төдийгүй сагсан бөмбөгийн олон шавьтай, дасгалжуулагч хүн.

-Гэр бүлээрээ тойрон аялж, шатрын спортыг сурталчилдаг. Монголын шатарчин гэхээр бусад орныхон хэрхэн хүлээж авдаг вэ?

-Манай гэрийнхэн 2017 оны дөрөвдүгээр сарын 23-наас долдугаар сарын 24-ний хооронд Европын 13 орны 36 хотоор 15 000 км туулан, “Эх орноо эерэгээр сурталчилъя, эв нэгдэл” уриан дор авто аялал зохион байгуулсан. Аялал маань “Mongolian chess family Europe chess tour” гэдэг нэртай. Аяллын үеэр нүдээ боож байгаад олон хүнтэй тоглох зэрэг олон сонирхолтой арга хэмжээ зохион байгуулсан. Үүний сацуу олон улсын цөөнгүй тэмцээнд оюунаа сорьсон юм. Олон хүнтэй танилцсан, дурсамж дүүрэн аялал болсоон. Бусад орныхон, байгууллагууд “Монгол шатарчин” гээд гайхан, их дотно хүлээн авч, уулзсан.

- Ойрын хугацаанд эх орондоо ирэх бодол бий юү?

-Ирэх онд очихоор төлөвлөсөн. Амжих нь уу, яах нь вэ. Монголчууддаа, “Eguur.mn” сайтын уншигчдад хамгийн сайн сайхан бүхний дээдийг хүсэн ерөөе.

Өсвөрийн ДАШТ-д түрүүлсэн Монголын анхны шатарчин,  эмэгтэйчүүдийн их мастер, эрэгтэйчүүдийн олон улсын мастер цолны болзол хангаж, дахин “давхар цохилт” хийсэн дэлхийн анхны шатарчин, нэг жил ДАШТ, Азийн АШТ-д ховор амжилтын эзэн гээд олон бахдам амжилт гаргаад буй Д.Номин-Эрдэнийн тухай ХӨРГИЙГ ЭНД дарж уншаарай.

 Б.БУЯНДАЛАЙ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button