Нийгмийн

Худалдааны бизнес эрхлэгчдэд сургалт явууллаа

Татварын ерөнхий газрын “Татварын хяналт, шалгалт арга зүйн газар”-аас найман нэрийн дэлгүүрт татварын хяналт шалгалт хийхэд гарсан нийтлэг зөрчил ба түүнээс урьдчилан сэргийлэх нь сэдэвт сургалтыг зохион байгуулаа. Сургалтад хүнсний дэлгүүрийн бизнес эрхэлдэг 150 гаруй бизнес эрхлэгчид оролцлоо. Ирэх оноос хэрэгжих “Татварын багц хууль”-ийн шинэчлэлээр татварын эрсдэлгүй татвар төлөгчийг хяналт шалгалтанд оруулахгүй байх заалт тусгагдсан. Тиймээс татвар төлөгчдөд ижил төрлийн бизнес эрхэлдэг аж ахуйн нэгжид хийсэн хяналт шалгалтын жишгээр зөвлөх сургалтыг зохион байгуулах ажлыг ийнхүү эхлүүлж байгаа ажээ.

Сургалтын үеэр  Татварын ерөнхий газрын Хяналт шалгалт арга зүйн газрын дарга О.Тэнгистэй товч ярилцлаа.

-         Сайн байна уу. Энэ өдрийн сургалтын онцлог юу вэ?

Татварын албаны шинэчлэлийн бодлоготой холлбоотойгоор ТЕГ-ын Татварын хяналт шалгалт арга зүйн газраас энэ сард эрсдэлд суурилсан татварын хяналт шалгалтыг найман нэрийн дэлгүүрүүдэд түүвэрлэн хийсэн. Одоогоор нийслэлийн хэмжээнд 5800 орчим найман нэрийн тусгай зөвшөөрөлтэй ААН-үүд байна. Энэ шалгалтын үр дүнгээс хамаарч нийтлэг гарч байгаа зөрчил дээр суурилан цаашид энэ зөрчлийг дахин гаргахгүй байлгах чиглэлээр найман нэрийн тусгай зөвшөөрөлтэй ААН-ийн төлөөлөлд тусгайлан сургалт хийж байгаагаараа онцлог юм.

-         Цаашид татвар төлөгчдийг татварын эрсдэлээс хамгаалах ямар арга хэмжээ авч ажиллах төлөвлөгөөтэй байна вэ?

Энэ сургалт нэг удаа хийгдээд зогсохгүй, энэ сард дүүрэг, орон нутгийн татварын албаны хэмжээнд хийгдэнэ. 10 сард мах экспортлогч компани, 11 сард тээврийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа компаниудад  түүвэр шалгалт хийн гарсан зөрчил дээр үндэслэн холбогдох сургалтыг тухай бүр хийн дахин эрсдэлээс хамгаалсан сургалтыг хийхээр төлөвлөн ажиллаж байна.

-        Татвараас зайлсхийсэн эсвэл эрсдэл өндөртэй найман нэрийн дэлгүүрүүд ямар давтамжтай хяналт  шалгалт хийдэг вэ?

Оны эхнээс төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус татварын хяналт шалгалтыг хийдэг. Ер нь татварын хууль, журмын хүрээнд үйл ажиллагаа явуулж байгаа бизнес эрхлэгчийг заавал хяналт шалгалтанд хамруулах шаардлагагүй, шалгахгүй ч байсан болно. Харин эрсдэл бий болгоод байгаа дэлгүүрүүдэд холбогдох шалгалтыг хийж арга зүйгээр ханган ажиллах нь бидний үүрэг болоод байна.

-      Найман нэрийн дэлгүүрүүдэд ямар нийтлэг зөрчил илэрч байна байна вэ?

Аж ахуйн нэгжүүд тусгай зөвшөөрлөө бусдад түрээслэх, анхан шатны баримтыг бүрдэл дутуу, санхүү татварын тайландаа орлогоо бууруулах, зардалаа өсгөх, төлбөрийн баримтаа тухай бүр олгодоггүй зэрэг нийтлэг зөрчил гарч байна. Иймд дээрх зөрчлийг арилгах чиглэлээр энэхүү сургалтыг хийж байгаа бөгөөд сургалт хийж, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авсаар байхад алдааг давтан гаргаж байвал тус ААН-д холбогдох хуулийн дагуу хариуцлага хүлээлгэхээс өөр аргагүй болохоо сургалтын үеэр татвар төлөгчиддөө онцгойлон анхаарууллаа. 

-  Татвар төлөгчдөд хандан нэмж хэлэх зүйл байна уу ?

Цаашид татварын алба татвар төлөгч аж ахуйн нэгж, бизнес эрхлэгч иргэдтэйгээ хамтран ажиллах, тэднийг хуулийн хүрээнд дэмжин ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлмээр байна. 

ЭХ СУРВАЛЖ: ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button