
“Light Rail Transit” буюу Xөнгөн галт тэргийг нийтийн тээврийн үйлчилгээнд нэвтрүүлснээр Улаанбаатар хотын замын түгжрэл даруй 25 хувиар буурна гэсэн тооцооллыг гаргаад байгаа юм. УИХ-ын Улаанбаатар хотын хөгжлийн асуудал эрхэлсэн түр хорооны хуралдаанаар “Тулгуурт гүүрэн байгууламж бүхий Улаанбаатар хөнгөн галт тэрэг /LRT/-ний шугам тавих” төслийн талаарх мэдээлэл танилцуулсан. Тэгвэл энэ “Light Rail Transit” буюу хөнгөн галт тэргийн талаарх товч мэдээллийг хүргэе.
---ХӨНГӨН ГАЛТ ТЭРГИЙН ДАВУУ ТАЛ---
Өндөр эрэлт – “LRT” системүүд нь метро /Subway/-ны системтэй харьцуулахад хэд дахин их зорчигчийг тээвэрлэх чадвартай тээврийн хэрэгсэл.
Тав тухтай байдал – “LRT” нь илүү өргөн зайтай, илүү олон суудалтай. Хурдаа нэмэх, эсхүл тоормослох нь илүү зөөлөн огцом биш тул тав тухыг мэдрүүлнэ.
Ашиглалтын зардал бага – “BRT”-тэй харьцуулахад нэг чиглэлд илүү их зорчигч тээвэрлэх боломжтой учир үйл ажиллагааных нь зардал бага юм.

“BRT” гэдэг нь “Bus Rapid Transit” буюу тусгай замын автобус гэж орчуулагдана. Өөрөөр хэлбэл, экспресс /хурдны/ автобусны үйлчилгээ. Уг нь “BRT”-ийн систем нь өөрийн тусгай зам, эгнээгээр зорчихоос гадна уулзваруудаар давуу эрхтэй нэвтэрдэг тул замын түгжрэлд саатахгүй давуу талтай. Тиймээс, “LRT”-тай харьцуулахад эдийн засгийн хувьд хавьгүй хямд зардалтай. Зарим судалгаанаас харахад, “LRT”-аас даруй 4-20 дахин бага өртөгтэй гэгдэж байгаа юм.
Эдийн засгийн өсөлт – Хэрэв “LRT”-ийг нийтийн тээврийн үйлчилгээнд гаргаад эхэлвэл зогсоол буудлын ойролцоо зорчигчдын урсгал ихсэж, ТҮЦ гэх мэт худалдааны мухлаг, дэлгүүр хоршоод гэх мэт худалдааны салбар эрчимтэй хөгжих боломжтой. Үүнийг дагаад оршин суугчдын ахуй амьдралд ч сайнаар нөлөөлөх боломж бүрдэнэ.
Экологи – “LRT” нь байгаль орчинд ээлтэй тээврийн төрөл гэдгийг дэлхийн хамтын нийгэмлэг хүлээн зөвшөөрдөг.
Хурд – “LRT” нь автобусны тээвэртэй харьцуулахад хурд нь өндөр учир цаг хэмнэнэ. Мөн ашиглалтын хугацаа нь жирийн автобусны ашиглалтаас хэд дахин удаан байдаг.

---ХӨНГӨН ГАЛТ ТЭРГИЙН СУЛ ТАЛ---
Хөрөнгийн зардал – “LRT” нь дэд бүтцийн хувьд асар их зардалтай. Үүнээс гадна үйл ажиллагааны зардал нь ч өндөр гэсэн тооцоо бий.
Зогсоол – Жирийн автобус шиг ойр ойрхон буудал дээр зогсох нь зардлыг нь нэмэгдүүлдэг сул талтай.
БНХАУ “LRT” болон “BRT” гэх тээврийн хэрэгслийн төслүүдийг дэлхийн улс орнуудад хэрэгжүүлж байгаа юм. Ингэснээрээ БНХАУ дэлхийд эдийн засгийн эрх мэдлээ тогтоох нэг алхам хэмээн олон улсын шинжээчид дүгнэж байгаа юм. Үүнийг товчхон тайлбарлавал, төслийг хэрэгжүүлэхдээ тухайн улс оронд нь Хятадын Засгийн газраас санхүүжилт, зээл олгодог. Энэ нь эцсийн дүндээ Хятадын мөнгөн тэмдэгт юанийг дэлхийн зах зээл дээр ноёрхох боломжийг далдуураа олгоно гэсэн таамгыг экспертүүд дэвшүүлж байгаа юм.

1960-аад оны Японы “Шинкансэн” буюу хурдны галт тэрэгтэй адил Хятад улс эдийн засгийн хүч чадал, хурдацтай шинэчлэлт, өсөн нэмэгдэж буй технологийн ур чадвар, хөгжил цэцэглэлтээрээ илүүрхэж эхэлж байна.
Хятадын эрх баригч Коммунист нам болон түүний удирдагч Ши Жиньпиний хувьд өндөр хурдны галт тэрэг, хөнгөн галт тэргийн төслийг хэрэгжүүлснээрээ нийгэмд зөвхөн Хятад төдийгүй дэлхийн хэмжээнд эв нэгдэл, улс төрийн нөлөөлөл, өөр өөр соёлтой ялгаатай улс орныг нэгтгэх хүчирхэг хэрэгсэл гэж үзэж байгаа юм.
Лондонгийн Их Сургуулийн Дорно дахин, Хятадын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, доктор Оливиа Чень хэлэхдээ, “Эдгээр шинэ төмөр зам барих төслүүд нь Ши Жиньпиний “Үндэсний зах зээлээ тэлэх” гэсэн томоохон төлөвлөгөөнийх нь нэг хэсэг. Мөн түүний “хөгжлийн шинэ философи”-ийг тусгасан” хэмээн онцолсон юм.

Энэ утгаараа Хятад улс дэлхийд эзлэх байр сууриа өргөжүүлж буйн илрэл. Төмөр замаар дамжуулан төмөр замын түүхийг давтаж байна гэж шинжээч дүгнэж байна. Хойд Америк, Европ болон Европын эзэнт гүрний колони дахь олон эртний төмөр замууд ижил төстэй зорилгоор баригдсан түүхтэй.
Орос дахь төмөр замын сүлжээг хөгжүүлэхэд, ялангуяа “Транссибирь”-ийн төмөр замыг бий болгосон нь Франц, Итали, Британи зэрэг улс төрийн болон эдийн засгийн хөгжилд ихээхэн нөлөөлсөн.
Нөгөөтэйгүүр, XIX, XX зууны эхэн үед хэдэн арван жил үргэлжилсэн амжилтыг Хятад улс хэдхэн жилийн дотор хийж байгаа нь бодитой зүйл юм. Энэ утгаараа БНХАУ эдийн засгийн хувьд улам хүчирхэгжиж байгаагийн илрэл аж.
Олон улсын жишээг дурдвал, Казахстан, Хятадын улсын хооронд 2015 оны хавраас “LRT” төслийг хэрэгжүүлэх гэрээ байгуулсан ч цуцлагдсан. Казахстаны Ерөнхий сайдаар Карим Масимов ажиллаж байхдаа Бээжинд айлчлах үеэрээ Хятадтай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан. Дараа нь талууд удаан хэлэлцээ хийсний эцэст тохиролцоонд хүрсэн.
Төслийн 80 хувийг Хятадын тал, 20 хувийг Казахстан санхүүжүүлэх ёстой байв. 2019 оны арванхоёрдугаар сарын 31 гэхэд “LRT”-ийн барилгын ажлыг дуусгаж, 2020 оны зун төслийг эхлүүлэхээр төлөвлөж байсан. Төслийн өртөг нь өмнө нь нэг тэрбум 887 сая ам.доллар гэж тооцоолж байсан. Гэсэн ч, эл төсөл мөнгө санхүүгийн хүндрэлээс болж саатаж, цуцлагдсан.
Өөр нэг жишээ бол, Африктай холбоотой. Бээжингийн Цинхуа их сургуулийн Африк судлаач Тан Шяоян хэлэхдээ, "худалдааны хэлэлцээр нь урт хугацаанд Африкийн эдийн засагт нөлөөлнө. Африкийн орнуудын хоорондын худалдаанд тулгарч буй хамгийн том саад бол гаалийн татвар биш, харин тус тив дэх "эдийн засгийн бүтэц, тээврийн харилцааны харилцан уялдаа холбоо" муу гэсэн. Өөрөөр хэлбэл, Африкт илүү дэд бүтэц хэрэгтэй, Хятад үүнд туслах боломжтой. Тухайлбал, нэгэнт баригдсан Момбаса-Найроби төмөр зам баруун зүгт Уганда, Руанда зэрэг орнуудад хүрч байгаа нь Зүүн Африкийн ачаа тээврийн хөгжлийг хурдасгана" гэсэн.
Хятадын тусламжаар нийтдээ зургаан мянга гаруй километр төмөр зам, мөн тооны хурдны зам, 20 орчим боомт, 80 гаруй том цахилгаан станц, 130 гаруй эмнэлгийн байгууллага, 45 спортын цэнгэлдэх хүрээлэн, 170 гаруй сургууль баригдсан байна. Эдгээр бүх төслүүд нь Африкийн орнуудын үйлдвэржилт, эдийн засгийн өөрчлөлтөд чухал үүрэг гүйцэтгэсэн. Гэсэн ч, энэ бүх төслийг Хятадын Засгийн газрын санхүүжилт, зээлээр хэрэгжүүлсэн гэдгийг энд дурдах нь зүйтэй. Өөрөөр хэлбэл, Африкт дэд бүтэц хөгжсөн сайн талтай ч эргээд Африк өрийн дарамтад орсон.
Эх сурвалж: CNN
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.