Нийгмийн

Б.Батдаваа: 14.4%-ийн инфляцын 51%-ийг импортын бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт эзэлсэн

Үндэсний Статистикийн Хорооны дарга Б.Батдаваагийн NTV телевизэд өгсөн ярилцлагаас тоймлон хүргэж байна.

-Үнийн өсөлт буюу инфляц улсын хэмжээнд 14.4% байна. Нийслэлд үүнээс давчихсан байгаа. Тэгэхээр үүний гол шалтгаан юу вэ. Засгийн газрын буюу эрх баригчдын хийж чадах, үнийн өсөлтийг бууруулах боломжтой хэсэг нь аль вэ?

-Гуравдугаар сарын байдлаар хэрэглээний үнийн индекс буюу бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт улсын хэмжээнд 14.4%, Улаанбаатар хотод 15.8% гарсан байгаа. Үнэ ноднинтой харьцуулахад дунджаар 14.4% өссөн гэсэн үг. Үүн дотор үнэ нь 200% өссөн бараа байгаа, үнэ нь өсөөгүй бараа ч байгаа. Судалгаагаар нэг өрх дунджаар сард 373 төрлийн бараа бүтээгдэхүүн хэрэглэдэг. Биднээс хамааралтай буюу Монгол Улсын зүгээс хэрэгжүүлж, үнийг тогтворжуулах боломжтой бараанууд юу вэ гэвэл дотоодод үйлдвэрлэдэг мах, гурил зэрэг бараа бүтээгдэхүүнүүд байж болох юм гэж харж байна.

Импортын бараа бүтээгдэхүүнүүд гадаад зах зээлээс шууд хамааралтай учраас үнэд нь шууд нөлөөлөх боломжгүй, хүлээж л авдаг улс гэсэн үг. 14.4%-ийн инфляцын талыг буюу 51%-ийг импортын бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт эзлээд байгаа. Үүн дотроо нефтийн бүтээгдэхүүний үнэ 48 хувийн өсөлттэй байна. Ноднин 1450 төгрөг байсан АИ 92 бензиний үнэ 2400 төгрөг рүү дөхсөн. Яагаад гэвэл гадаад зах зээл дээр нефтийн үнэ ерөнхийдөө 1.5 дахин өсчихөөд байгаа.

Тэгэхээр бид импортоор орж ирж буй бараа бүтээгдэхүүний үнэд нөлөөлөх боломжгүй. Харин дотоодод үйлдвэрлэж буй бараа бүтээгдэхүүний нийлүүлэлтийг тасалдалгүй байлгах арга  хэмжээ авч болох юм. Дээрээс нь эрэлтийн гаралтай инфляц байвал үүн дээр төсөв, мөнгөний бодлогын хүрээнд зайлшгүй арга хэмжээ авч, үнийн өсөлтийг тогтворжуулах шаардлагатай  гэж онолын хувьд үздэг.

-Тэгэхээр үнэ өсөж буйгийн 40% дээр нь бид ямар нэгэн бодлого, зохицуулалтын арга хэмжээ авах боломжтой гэж ойлгож болох уу?

-Тийм. 373 бүтээгдэхүүний 200-г нь бид импортолдог. Үлдсэн 173 орчим нь дотоодод үйлдвэрлэдэг боловч сав баглаа боодлоос эхлээд импортын орцууд бий. Мөн бүхий л түүхий эд, бараа бүтээгдэхүүн, үйлчилгээн дээр нефтийн бүтээгдэхүүний орц байдаг. Яагаад гэвэл бензин, машинаар тээвэрлэдэг, зардал ордог учраас тэр. Тэгэхээр дотоодод үйлдвэрлэдэг бараа бүтээгдэхүүний үнэд импортын болон нефтийн бүтээгдэхүүний үнэ шингэж байна гэсэн үг.

Өнгөрсөн 7 хоногт батлагдсан хуулийг харвал үнийн өсөлтийг мах, гурил, шатахуун дээр тогтворжуулах хууль гарсан гэж харж байгаа. Гэхдээ иргэд ойлгох ёстой. Бидний сонгосон эдийн засгийн зарчим бол чөлөөт зах зээл. Энэ хууль үнийн огцом өсөлтийг л аль болох сааруулах болохоос биш яг нэг түвшинд барина гэж ойлгож болохгүй. Яагаад гэвэл үнийг нэг түвшинд барьвал бараа бүтээгдэхүүний хомсдол үүсэх эрсдэлтэй.

Жишээ нь талхны үнийг 1600 төгрөгөөс дээш гаргаж болохгүй гээд үйлдвэрлэгчид заагаад өгчихвөл зардал нь 1600 төгрөгөөс давбал талх зарах болгондоо алдагдал хүлээх тул үйлдвэрлэхээ больчихно. Ингээд хомсдол үүсэх эрсдэлтэй учраас энэ хуулийн хувьд олон улсын хямралт нөхцөл байдлын үед аль болохоор зах зээлд бүтээгдэхүүний тасалдал гарахгүй байх дээр илүү нөлөө өгөх болов уу гэж харж байна.

-Манай инфляц сүүлийн 3 жил нам дор, ерөнхийдөө бодлогын зорилтын түвшинд байж байгаад энэ жил ковид болон ОХУ, Украины асуудал гээд 2 том хүчин зүйлээс болж савалж байна. Олон улстай харьцуулахад үнийн өсөлт ямар түвшинд байна вэ?

-Хөгжиж буй улсуудыг харахад сүүлийн 40 жилд болоогүй үнийн өндөр өсөлт явж байна гэсэн статистикууд гарч байна. АНУ-д инфляц 8.4%, Европын холбооных 7-8%, ОХУ-д 10% давж, Туркт 20-30% давжээ. Манайх мөн нэлээн өндөр өсөлттэйд орж байгаа. Яагаад гэвэл импортын хараат байдал их.

Мөн гол худалдааны түнш БНХАУ-д цар тахлын эсрэг хилийн хориг хатуу баримталж байгаа нь инфляцад дам нөлөө илүү өндөр байна. Бүс нутгийн хэмжээнд харахад хүнсний инфляцын өсөлтөөр манай улс 18% буюу бүс нутагтаа нэгдүгээрт явж байгаа. Тэгэхээр инфляц яалт ч үгүй бидний хувьд анхаарах асуудал юм. Яагаад гэвэл ядуурлын шугам гэдэг нь хэрэглээн дээр үндэслэдэг.

Бараа бүтээгдэхүүний үнэ дунджаар өсөөд байх тусам тэр үнийн өсөлтийг дааж чадахгүй, ядууралд өртөх хүн амын эзлэх хувь өндөр байдаг учраас үнийн өсөлтийг УИХ, ЗГ дээр хууль хүртэл гаргаж байна гэж ойлгож байгаа.

Ярилцлага бүтнээр нь үзэх: https://www.facebook.com/NTVNewsMN/videos/512700680397866

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
4 сар 26, 2022 13:47

шууд барихгүй ч гэсэн тодорхой хязгаарл�##�т хийхгүй бол энэ худ�##�даачид чинь г�##�зуурч байна

Холбоотой мэдээ

Back to top button