НийгмийнСурвалжилга, Нийтлэл

СУРВАЛЖИЛГА: Хөдөлмөрч, шуурхай, сэтгүүл зүйд цахиур хагалсан “Zarig.mn” сайт

Хөдөлмөрч... “Zarig.mn” сайт хэрхэн амжилтад хүрсэн бэ. Тэдний амжилтын нууц юу вэ” гэж уншигч та өөрөөсөө эсвэл өрөөлөөс асууж үзсэн үү. Одоо нэг асуувал юу гэж хариулах вэ. Тэд уйгагүй, тууштай хөдөлмөрлөж чадсан учраас өнөөгийн амжилтад хүрсэн, миний бодлоор. Надтай санал нийлэх хүн олон байгаа гэдэгт би лав эргэлзэхгүй байна.

“Zarig.mn” сайт шууд дамжуулж байна” гээд шөнийн цагаар, үүрээр шууд дамжуулалт хийвэл би лав гайхахгүй. Үнэндээ бусад сайт, хэвлэлийнхэн аль хэдийнэ гэртээ харьчихсан, бүр зарим нь унтаж амарч байхад “Zarig.mn” сайтынхан газар дээрээс нь шууд дамжуулалт хийгээд, бужигнуулж явдаг. “За, маргааш л больё” гээд хойш тавьж болно, тэдний л эрх, дурын асуудал. Харин “Zarig.mn” сайтынхан өдөр, шөнөгүй хөдөлмөрлөж, шуурхай ажиллаж буйгаараа бусдаас ялгарч чаддаг уу гэвэл чаддаг.

Тэд тавхан жилийн дотор Монголын сэтгүүл зүйн салбарт өөрийн гэсэн өнгө төрх, орон зайг хэдийнэ эзэлсэн. “Zarig.mn” сайтын нэг контент 24 цаг хүрэхгүй хугацаанд нэг сая хүнд хүрч буй нь өнөөгийн Монголын сэтгүүл зүйд тасархай үзүүлэлт. Өөрийн гэсэн орон зайг тод тамгалж, эзлэснийх нь нэгээхэн илрэл.

“Энэ асуудлыг төрд хүргэх юм сан. Zarig.mn сайтад л ярилцлага өгчихвөл масст хүрнэ” гэж итгэдэг, тэднийхийг л зорьдог, найдвартай эх сурвалжаа болгосон уншигчдын томоохон хүрээлэл хэдийнэ бий болжээ. Үүний сацуу “Хандалт, дуулианы араас явдаг. Шантааж хийдэг” гэх тодотгол ч мөн тэднийг дагадаг. Зөвхөн тэднийг бус Монголын бүхий л хэвлэлийг ийм шүүмжлэл дагадаг. Юу үнэн, энэ үнэн. Бусдын адил магтаал, шүүмжлэлийг дөрөө харшуулан хүртэж явна, “Зариг”-ийнхан.

 “Zarig.mn” сайтад ярилцлага өгөхийг, сурвалжилгынх нь гол баатар болохыг олон, олон хүн хүсдэг. Үүний сацуу олон хүн “Zarig.mn” сайтаас зугтдаг. Ялангуяа, улс төрийнхөн, хууль бус, шударга бус зүйлтэй хутгалдсан хүмүүс.

Монголын хамгийн олон дэмжигчтэй, уншигчтай бас хамгийн олон дайсантай хэвлэл бол яах аргагүй “Zarig.mn”. “Eguur.mn” сайт Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тохиолдуулан “Zarig.mn” сайтыг сурвалжиллаа.

Биднийг очиход тэд өглөөний хурлаа хийн, ажил нь ид бужигнаж байлаа. “Zarig.mn” сайтын сэтгүүлчид салбар, салбарынхаа онцлох үйл явдал, хийхээр төлөвлөсөн сурвалжилга, тойм, хөөж буй сэдвээ ярилцав. Ингэснээр “Ажлаа хэрхэн амжуулах вэ” гээд цаг хугацаатай уралдан, цаг, наргүй гүйдэг сэтгүүлчийн нэг өдөр эхэллээ. Хурал дуусангуут сэтгүүлчид тус тусын төлөвлөсөн ажил, хийхээр товлосон ярилцлага, сурвалжилга руугаа яарлаа. Сэтгүүлчийн ажил цаг, наргүй. Өглөө ажилдаа ирэх цаг л тодорхой. Хэдэн цагт гэртээ харихыг харин тухайн өдрийн ажлын ачаалал л мэднэ.

Н.ӨНӨРЦЭЦЭГ: БИД ЦААШИД ЛАЙВААС АЛЬ БОЛОХ ТАТГАЛЗАН, ТЭНЦВЭРТЭЙ МЭДЭЭЛЭХИЙГ, ЭЕРЭГ НӨЛӨӨЛӨГЧ БАЙХЫГ ЗОРИНО

“Заригийн Өнөрөө”. Тэр бүхнийг тэгээс нь эхлүүлсэн. “Zarig.mn” сайтыг анх багуулахад түүнд лайв хийх гар утас, “Алаад өгье” гэсэн хор шар, хүсэл тэмүүллээс өөр зүйл байгаагүй. “Ийм сайт нээе. Чи удирдчих” гээд томоохон байгууллагын тавьсан саналын дагуу ирээд, санхүү мөнгөнөөс авхуулаад бусад зүйлд санаа зовохгүй ажиллах нэг хэрэг. Бүхнийг тэгээс нь эхлүүлээд, оргил өөд мацах тэс өөр. Н.Өнөрцэцэг мацсан, огт эргэж харалгүйгээр, шантарч, цуцалгүйгээр. Хөдөлмөрлөсөн хүнийг амьдрал шагнадгийг тэр ажлаараа, амжилтаараа харуулж, үлгэрлэсээр явна.

САЙН СУРВАЛЖИЛГА ХИЙСЭН СЭТГҮҮЛЧИЙНХЭЭ ӨМНӨӨС ИХ БАЯРЛАДАГ, ХАЙР ХҮРЭЭД УЙЛЧИХ ГЭЭД БАЙДАГ ЮМ

-Сая та өглөөний хурлаа хийчихээд гараад ирлээ. Таны ажлын шинэ өдөр хэрхэн өрнөдөг вэ?

-Өнөөдрийн онцлох үйл явдлууд юу байна, юуг ямар өнцгөөр, хэрхэн хийх талаар ажлынхантайгаа ярилцдаг, санал бодлоо солилцдог. Өдөрт мэдээнд тогтмол таван сэтгүүлч гардаг. Таван сэтгүүлч, тус бүр нэг зураглаачийн хамт таван тийшээ явна гэсэн үг.

Миний хувьд өглөөний хурлаа хийчихээд ганц нэг байцаалт байвал өгнө. За, тэгээд товлосон уулзалт байвал уулзчихаад, баримт ухдаг.

“Тэгж, ингэж хийвэл зүгээр. Өмнө нь ингэж байсан. Одоо ингэх магадлалтай” гээд сэтгүүлчдэдээ хэрэгтэй мэдээлэл өгөх шаардлага гарвал хэлдэг. Сэтгүүлчдээ ерөнхийд нь чиглүүлчихээд, хөшигний ард ажиллаж байна.

Сүүлийн үед сайтынхаа өдөр тутмын ажилд тэр бүр оролцохгүй байгаа. Сэтгүүлчдэдээ, хамт олондоо итгэж байна. Намайг байхгүй байсан ч “Zarig.mn” сайт хэмнэлээ алддаггүй, үйл явдлаас хоцордоггүй, ажил маань урагшилдаг. Тиймээс арагш санаа зовох зүйлгүй, сэтгэл амар өөрийгөө чөлөөлж чаддаг, заримдаа. Нөгөө талаар өнгөрсөн хугацаанд сайтынхаа төлөө ганцаараа хангалттай зүтгэсэн гэж боддог.

-Ажил дээрээ, хамт олныхоо дунд ороод ирэхэд танд хамгийн түрүүнд ямар мэдрэмж төрдөг вэ?

- Хамт олноо “Энэ миний ажилтан” гэж огт хардаггүй. Гэртээ, гэр бүлийнхнийхээ дунд ороод ирж байгаа юм шиг сайхан санагддаг.

Би их уян, уяхан хүн. Сайн сурвалжилга хийсэн сэтгүүлчийнхээ өмнөөс их баярладаг, хайр хүрээд уйлчих гээд байдаг юм. Яалт ч үгүй хамт олон маань миний гэр бүл. Манай ажлынхан нэг хүн мэт нэгнээ ойлгож, хүндэлж ажиллаж чаддагт нь баярладаг. Залуучуудынхаа хөдөлмөр, зүтгэлийн хүчээр “Zarig.mn” сайт олонд улам танигдаад сайхан байна.

ШИНЭ АЖИЛТАН АВАХДАА СЭТГЭЛ, ХАНДЛАГЫГ НЬ ИЛҮҮ ЧУХАЛЧИЛДАГ

-Шинэ ажилтан авахдаа та юуг нь илүү чухалчилдаг вэ. Ур чадвар чухал уу, хийе, бүтээе гэсэн чин сэтгэл, эрмэлзэл чухал уу?

-Ер нь манайд том автор орж ирж байгаагүй. Сэтгүүл зүйн гал тогооныхныгоо, хэн нь хэн бэ, юу хийдэг вэ гэдгийг сайн мэднэ. Хүн ямар ч байж болно. Гол нь хийж, бүтээхийн төлөөх чин сэтгэл, зүтгэл, хөдөлмөрч хандлага чухал. Шинэ ажилтан авахдаа сэтгэл, хандлагыг нь юуны түрүүнд чухалчилдаг. Гоё хандлагатай, сэтгэлээсээ ажилладаг часхийсэн баг бүрдүүлж чадсандаа олзуурхаж явдаг.

-Та “Zarig.mn” сайтаа ганцаараа эхлүүлсэн. Одоо ер нь хэдүүлээ болоод байгаа билээ?

-Үндсэн баг, гэрээт ажилчид нийлээд бид 24-үүлээ ажиллаж байна. Анх ганцаараа энэ бүхнийг эхлүүлж байлаа. Одоо ингээд өнөр, олуулаа болоод, хамт олноо харахаар сайхан санагдаж байна. Бүгд “Би хийх ёстой” гэсэн сэтгэлтэй. Шөнө, үүрээр ажлын группт чат бичихэд бүгд хариу өгөөд, бэлэн байдаг. Шуурхай үйл явдал гарахад бүгд “Би явъя” гэдэг. Хэн нь ч биеийн амрыг харж, ажлаас хойш суудаггүй. Ажлын, хамт олныхоо төлөө гэсэн сэтгэлд нь талархдаг.

Хүссэн сэдвээ хөндөх, шүүмжлэх боломжийг сэтгүүлчдэд олгох их чухал. Хүссэнээ хийх боломжийг би сэтгүүлчиддээ олгодог. “Энэ гишүүнийг шүүмжилж болохгүй. Энэ сэдвийг орхи” гэж би хэзээ ч хэлж байгаагүй. Энэ хэрээр манай сэтгүүлчид чөлөөтэй, өөрийнхөөрөө ажиллаж, хүссэн асуудлаа хөндөж чаддаг.

“АМЬДРАЛАА ӨӨД НЬ ТАТЪЯ” ГЭЭД Л САЙТАА БАЙГУУЛСАН, ХУДЛАА ЯРИАД ЯАХ ВЭ

-Багаараа зүтгэх, ганцаараа ажиллах хоорондоо тэс өөр. Ганцаараа хөдөлмөрлөхөд танаас асар их цаг хугацаа, хөдөлмөр, хичээл зүтгэл шаарддаг байсан нь мэдээж. “Zarig.mn” сайтыг анх нээхдээ хэтийн зорилго, амбицаа хэрхэн тодорхойлж байв. Яг өнөөгийн хэмжээнд хүрнэ гэх зорилго, итгэл танд байсан уу?

-Ганцаараа хүн бол ганцаараа л байдаг. “Ганц мод гал болохгүй. Ганц хүн айл болохгүй” гэдэг яг үнэн. Анхандаа би ганцаараа, камергүй, зураглаачгүй байлаа. Утсаараа лайвдаад. Дараа нь өнөөхөө буулган, сайтдаа оруулаад л. Одоо ингээд бодоход, 4-5 хүний ажлыг ганцаараа хийж байсан юм билээ.

Жирэмсэн, нялх биетэй байхдаа “Zarig.mn” сайтаа хөл дээр нь босгох гээд гүйж байлаа. Тэр хэрээр өөр дээрээ их ачаалал үүрсэн.

“Zarig.mn” сайтаа анх байгуулахдаа, үйл ажиллагааг нь эхлүүлэхдээ “Бусдын дор ажиллаад миний амьдрал ахуй дээрдэхгүй. Ямар ч гэсэн өөрийн гэсэн сайттай болъё, амьдралаа өөд нь татъя” гэж бодсон. “Сэтгүүл зүйн салбарыг эрүүл болгон, олонд танигдах гэж эхлүүлсэн” гэж худлаа яриад яах вэ. Үнэн нь л энэ юм чинь. Сайтаа олон хүнд таниулах, хөл дээр нь босгох зорилго бол дараа нь тавигдаж байсан. Ямар ч байсан хоёуланд нь хүрч чадлаа.

ОЛОН АСУУДАЛ ДЭЭР “ZARIG.MN” САЙТ ШҮГЭЛ ҮЛЭЭСЭН. ТЭР ХЭРЭЭР ОЛОН ДАЙСАНТАЙ БОЛСОН

-“Zarig.mn” сайтын Монголын сэтгүүл зүйд, өнөөгийн нийгэмд оруулсан хувь нэмэр, нөлөө, өөрчлөлт гэвэл та юу, юугаа онцлох вэ?

-Юуны түрүүнд шууд дамжуулалтаа онцлохыг хүсэж байна. Бодит байдлыг ямар ч нэмэлт хачиргүйгээр хүргэдэг шинэ хандлагыг сэтгүүл зүйд нэвтрүүлж чадсан гэж би нүүр бардам хэлнэ. Өмнө нь ийм байсан уу гэвэл үгүй. Хорвоогийн хамгийн муу, авлигач, луйварчин, бохир намтартай хүний ярилцлага, нэвтрүүлгийг монтажлаад, хорвоогийн хамгийн сайн хүн болгон харагдуулж болдог байсан. Үүнтэй бид эвлэрэхийг хүсээгүй. Томоохон албан тушаалтан, нөлөө бүхий хүмүүсийн үнэн нүүр царайг “Zarig.mn” хуулсан.

ЖДҮ-ийг дэмжих сангийн асуудал дээр юу болсон билээ дээ. Өмнө нь “Тэр гишүүн ЖДҮ-ийг дэмжих сангаас мөнгө авч” гээд баахан шүүмжлээд, шуугиад өнгөрдөг байсан. Бид “Та яагаад хувьдаа мөнгө авсан юм бэ. Авсандаа харамсаж байна уу. Буцаагаад төлөх үү” гээд баримтыг нь үзүүлээд шууд асуусан. Зарим гишүүн Төрийн ордны кордорт уйлсан шүү дээ. Буруу юм хийсэн бол уйлах л ёстой.

Бидэнд оноо бий, алдаа ч бий. Алдаа, оноо нь зэрэгцээд явж байгаа. Мэдээж гаргасан алдаагаа давтахгүйн төлөө зүтгэж явна.

Олон асуудал дээр “Zarig.mn” шүгэл үлээсэн. Олон асуудал дээр. Тэр хэрээр олон дайсантай болжээ. Цагдаагийн хурандаа нь (Э.Бөхбат) автомат тоглоомын газар ажиллуулж байсныг илчилсэн. Тэр хүн ажлаасаа халагдсан. Манайд сайн санаагүй, баярлаагүй нь ойлгомжтой. ТЕГ-ын дарга Д.Гэрэлийн хүү алтны уурхайтай, тэр уурхай нь гол мөрөн сүйтгэсэн. Үүнийг бид сурвалжлан, тусгай зөвшөөрлийг нь цуцлуулсан. Тэр хүн бас баярлаагүй л байх.

Тагнуулын хурандаа нар ажлын цагаар архи уун, нэгнийхээ толгойг хагалсан. Тэр хэргийг манайх гаргаж тавьсны үр дүнд тухайн хурандаа нарт хариуцлага хүлээлгэн, ажлаас нь  чөлөөлсөн. Энэ мэт төрийн томоохон албан тушаалтан, нөлөө бүхий хүмүүсийн хууль бус үйлдэл, шударга бус зүйлийг илчлээд тодорхой үр дүнд хүрсэн олон жишээ бий. Дээр нь хандивын аян өрнүүлж, хоёр хүүхдийг байртай болгосон.

ХЭВЛЭЛ УЛС ТӨРЧИЙН НӨЛӨӨГҮЙ, ХАРААТ БУСААР АЖИЛЛАВАЛ ХЭРХЭН ШҮГЭЛ ҮЛЭЭЖ, ҮР ДҮНД ХҮРДГИЙГ МАНАЙХААС ҮЛГЭРЛЭЭСЭЙ

Сүүлийн үед тодорхой үр дүнд хүрч, шүгэл үлээсэн асуудал бол Хөгжлийн банкны асуудал. Монголд өмнө нь ийм том хулгай болж байгаагүй. 2,1 их наядын хохиролтой ийм том хэрэг. УИХ-ын гишүүд, шүүх, прокурор, банкууд  хувийн хэвшил хамтран хуйвалдсан бүлэг хэрэг. Аалзны тор шиг хэрсэн том сүлжээ, бүлэглэлийг манайх илчилсэн.

Одоогоор 167 тэрбум төгрөг эргэн төлөгдөөд байгаа нь бодит үр дүн. Хөгжлийн банкныхны гар утсыг авдаггүй, тоодоггүй байсан зээлдэгч нар өнөөдөр “Зээлээ хэрхэн төлөх вэ. Яах вэ” гээд чих нь зөөлөрчихсөн гүйж байна. Бүхий л юмнаас мултардаг цагаан захтнууд, УИХ-ын гишүүд түрүүчээсээ татагдаад эхэллээ. Энэ бол маш том үр дүн. Үүнийг дагаад асар том эрсдэл дунд “Zarig.mn” сайт туучиж, туулж явна.

Эндээс хүмүүс нэг л зүйлийг анзаараасай. Сэтгүүл зүйн байгууллага улс төрчийн нөлөөгүй, хараат бусаар ажиллаж чадвал хэрхэн шүгэл үлээж, нийгмийн идээ бээрийг шахаж болохыг биднээс хараасай, үлгэрлээсэй. Хэрвээ “Zarig.mn” сайтын, миний ард хэн нэгэн улс төрч байсан бол ингэж нөлөөлөхгүй, өөрийнхөөрөө ажиллаж чадахгүй.

-Шударга бус зүйлтэй нь эвлэрэхгүй, үнэн нүүр царайг нь илчлэх гэсэндээ хэтэрхий улайрсан, “Арай хэтрүүлчихлээ” гэж бодсон удаа танд бий юү?

-Байгаа, байгаа. Зөндөө бий. Хүнд байдалд орсон хүмүүстэй нүүр тулсан нь олон. Одоо ч нүүр тулж явна. Төрийн ордонд бүрэн эрх нь хөндөгдөж байна гэдэг чинь тухайн гишүүн шоронд орох эсэх нь шийдэгдэх гэж байна гэсэн үг. Шударга бус, хууль бус зүйлийг илчлэх, асуух нь бидий ажил л гэж боддог. Тэр хүн алдаа гаргасан ч гэсэн бидэнтэй адилхан хүн. Сэтгэлээр унан, барьц алдан, уйлах шахаж буйг нь хараад миний лав инээд хүрдэггүй. Хэдий худалч, хулгайч хүн байсан ч би өрөвддөг. 

БИД ЦААШИД ЛАЙВААС АЛЬ БОЛОХ ТАТГАЛЗАН, ТЭНЦВЭРТЭЙ МЭДЭЭЛЭХИЙГ ЗОРИНО

-“Zarig.mn” сайт цаашдын зорилго, алсын хараагаа хэрхэн тодорхойлж, төлөвлөж байна вэ?

-“Zarig.mn” сайт амжилттай явахын хэрээр зарим хэвлэл манайхыг дуурайх хандлага анзаарагддаг. Хэн дуртай нь микрофон бариад, лайвдаад дайрч буйд миний айдас төрж байна, сүүлийн үед. Юу тарина, түүнийгээ хураана гэдэг дээ. Би дагуулчихсан, эхлүүлчихсэн ч юм шиг айгаад байгаа.

Сүүлийн үед манайх сэтгүүлчдээ орон нутаг руу томилолтоор их явуулж байгаа. Зардал ихтэй л юм. Энгийн, эгэл жирийн иргэдийн амьдралыг хүмүүс их сонирхон, урам зориг авч байна. Манайх хөдөлмөрлөж, хийж бүтээн, бусдад үлгэрлэж, гэрэл гэгээ түүчээлж яваа эгэл иргэдийн амьдралыг харуулахыг зорьж байгаа. Хандалт ч өндөр байна. Манай ийм контент 10 цагийн дотор л нэг сая хүнд хүрч байна. Тиймээс би эгэл амьдралыг түгээх, бусдад урам зорих өгөхөд нийтлэлийн бодлогоо чиглүүлж байгаа. Биднийг дуурайж гарч ирсэн видео сайтууд үүнийг анзаараасай, олж хараасай. 

Лайв дамжуулалт шууд явж байгаа гэдэг талаасаа тэнцвэртэй мэдээлэх боломжгүй. Иргэн Дулмаа энд асуудал ярилаа гэхэд эрх ашиг нь зөрчигдсөн Д-гээс байр суурийг нь зэрэг авах боломжгүй, одоо ч хэвээрээ. Зөвхөн манайд ч бус Монголын төдийгүй дэлхийн бүхий л хэвлэл мэдээллийн хэрэгсэлд тулгамдаж буй асуудал. Тиймээс бид цаашид аль болох лайвдахгүй, хоёр талын эх сурвалжийн байр суурийг авч, тэнцвэртэй мэдээлэхийг зорино.

Цаашид бид том нөлөөлөгч байхыг хүсэж байна. “Zarig.mn” гэхээр л хурц, ширүүн имиджтэй бус нийгмийг гэгээрүүлэгч, эерэгээр нөлөөлөгч байя. Үүний сацуу нийгмийг соён гэрээрүүлэх үүргээ гүйцэтгэхийг зорьж байна.

Мөн шударга бус зүйлтэй эвлэрдэггүй үндсэн зарчмаа арай өөр хүрээнд, асуудлыг хүн рүү бус тогтолцоо руу нь харж сурвалжлах зорилго тавьж байгаа. Илүү нямбай, мэргэжлийн, судалгаа, гаргалгаатай сурвалжилна. Шүүмжлээд өнгөрдөг бус шийдлийг нь эрэлхийлдэг, илүү том нөлөөлөгч байхыг зорино. Эдгээр зорилгодоо “Zarig.mn” сайт өлхөн хүрч чадна гэдэгт итгэлтэй байна.

“ТӨРИЙН ОРДНООС СЭТГҮҮЛЧ АДЪЯАМАА СУРВАЛЖИЛЖ БАЙНА”

“Zarig.mn” сайтын гол багана, Н.Өнөрцэцэг эрхлэгчид хамгийн их түшиг, тулгуур болдог хүмүүсийн нэг нь ерөнхий редактор Шийлэгмаагийн Адъяамаа. Сэтгүүлч мэргэжлээр зургаа дахь жилдээ ажиллаж буй тэрбээр Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн “бүтээгдэхүүн”. Ажлын гараагаа “Zindaa.mn” сайтаас эхлүүлсэн Ш.Адъяамаа парламентын сэтгүүлч. “News.mn” сайтад 3.5 жил ажилласан тэрбээр өнгөрсөн жил “Zarig.mn” сайтад орж, халуун гал тогоонд нь нэгджээ. Түүнийг ажилд авснаас хойш Н.Өнөрцэцэг эрхлэгчийн ажлын ачаалал эрс багассан.

Улс төрийн шууд дамжуулалт, ярилцлага, тодруулга гээд шуурхай бүхэнд гүйж, улс төрийн хүрээлэлд хэдийнэ танигдаад буй ирээдүйтэй сэтгүүлч, Ш.Адъяамаа. “Төрийн ордноос сэтгүүлч Адъяамаа сурвалжилж байна” гэдэг үг улс төрийн хүрээлэлд, сэтгүүл зүйд аль хэдийнэ хоногшсон, танигдсан гэдэгтэй маргах хүн үгүй биз ээ.

Өөрийнх нь эрх ашиг хөндөгдөөгүй, өөрийгөө нэг сайн рекламдах шаардлага гараагүй л бол “За, нэг яриа өгчихье” гээд зогсож байдаг улс төрч хуруу дарам. “Ярилцлага авъя” гэж санал тавиад, хүлээгээд, хөөцөлдөөд байхад л завгүйгээ урьтал болгоод зугтдаг, дөлдөг нь хэчнээн олон билээ дээ. Олон цаг, өдөр хүлээн, уйгагүй хөөцөлдөж байж л хүссэн ярилцлага, тодруулгаа авдаг.

Хамгийн уйгагүй, хөдөлмөрч сэтгүүлч гэж Ш.Адъяамааг салбарынхан нь үнэлдэг юм билээ. Өнгөрсөн баасан гарагт л гэхэд УИХ-ын дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг хэлэлцсэн. Ш.Адъяамаа зураглаачийн хамт тодорхой шийдвэр гарахыг хүлээсээр 23.47 минутад МАН-ын Бүлгийн дарга Д.Тогтохсүрэнгээс шуурхай ярилцлага авсан. Тийм орой болчихсон байхад ажлаа хийгээд, шуурхай дамжуулаад явдаг хэчнээн сэтгүүлч байгаа билээ. Зөвхөн тэр өдөр л гэхэд дөрвөн гишүүний асуудлыг сурвалжлах, шуурхай мэдээлэх гээд түүн шиг хүлээсэн нь хэд бол. Ёстой хөдөлмөрч, тууштай, мэргэжилдээ, ажилдаа хайртай, дуртай хүний л хийх ажил.

Ш.АДЪЯАМАА: СЭТГҮҮЛЧИД НЭГНИЙХЭЭ ХӨДӨЛМӨРИЙГ ҮНЭЛДЭГ, ЭХ СУРВАЛЖАА ДУРДДАГ БАЙГААСАЙ

Сэтгүүл зүйн салбарынхан “Авьяастай, хөдөлмөрч, тулхтай парламентын сэтгүүлч торниж байна” гэж үнэлдэг Ш.Адъяамаа “Би сэтгүүлч мэргэжлээр зургаа дахь жилдээ ажиллаж байна. Өнгөрсөн хугацаанд сайтуудад ажиллахдаа үргэлж бичдэг байлаа. Өөрийгөө шинээр нээх, сорих, видео хэлбэрт хөгжүүлэхийн тулд “Zarig.mn” сайтад өнгөрсөн жилээс ажиллаж эхэлсэн.

Шууд дамжуулалт хийгээд камерын өмнө гарах, хөтлөлт хийхэд хэцүү санагддаг байсан. Лайвын үеэр алдах эрх надад байхгүй. Микрофон, камертайгаа яаж зөв харьцах вэ, зураглаачтайгаа хэрхэн ойлголцох вэ гээд надад сурах зүйл их байлаа. Уйгагүй оролдож, суралцаж, өөрийгөө хөгжүүлсээр байгаад богино хугацаанд сурсан.

Хамгийн хурдан, шуурхай, гал халуун редакц бол “Zarig.mn” сайтын редакц. Томилолт, шуурхай үйл явдалд хаашаа явж мэднэ. Тэр бүхэнд бэлэн байх учиртай. Үргэлж бэлэн байдаг, ажлаа, хамт олноо гэсэн сэтгэлтэй, зүтгэлтэй хамт олон манайд бий.

Парламентын сэтгүүлч мэдлэг, мэдээлэлтэй байх чухал. Тухайн асуудлын өргөн хүрээний мэдлэг, ойлголттой байж гишүүдээс илүү нарийн, иргэдэд хэрэгтэй зүйл асууна, яриулна.

Би мэргэжилтэй хайртай, дуртай. Сайхан зүйл олон. Үүнийг дагаад бэрхшээлтэй зүйл ч мөн бий. Бэрхшээлтэй зүйлсийн нэг нь, парламентын сэтгүүлч бид тодорхой шийдвэр гарахыг, ярилцлага авах хүнээ маш их хүлээдэг. Ярилцлага авах хүнийхээ цаг завыг нь харна. Тэр бүхний эцэст бидний ярилцлага, мэдээ, мэдээлэл бэлэн болдог.

Бид шөнийн 24.00 цаг хүртэл хүлээж байгаад авсан ярилцлага, тодруулгыг маань зарим хэвлэл өөрсдөө яриулсан, тодруулсан юм шиг шууд текстэн хэлбэрт буулгаад мэдээлчихдэг. Бидний хөдөлмөр үнэгүйдэж буйн нэг хэлбэр л дээ. “Zarig.mn” сайтад өгсөн ярилцлагадаа, тодруулгадаа гээд эх сурвалжаа дурдаад мэдээлдэг байгаасай. “Zarig.mn” сайтын видеоноос энэ мэдээллийг бэлтгэлээ” гээд эх сурвалжаа дурдан, ёс зүйтэй байж, нэгнийхээ хөдөлмөрийг үнэлвэл сэтгүүл зүйн салбарт шударга өрсөлдөөн бий болно.

Баасан гарагт л гэхэд УИХ-ын дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг бүтэн зургаан цагийн турш хэлэлцээд, 24.00 цагийн үед тодорхой шийдвэр гарсан. Би зураглаачийнхаа хамт 24.00 цаг хүртэл Төрийн ордонд хүлээж байгаад, шийдвэр гарсных нь дараа Д.Тогтохсүрэн гишүүнээс шуурхай ярилцлага авсан. Тэр ярилцлагыг л гэхэд зарим хэвлэл өөрсдөө авсан, тодруулсан юм шиг шууд нийтэлсэн. “Тогтохсүрэнгээс тодрууллаа” гээд л оруулчихаж байгаа юм. Тиймээс сэтгүүл зүйн салбарынхан, сэтгүүлчид маань бусдынхаа хөдөлмөрийг үнэлдэг, эх сурвалжаа дурддаг байгаасай” гэв.

БАЙГУУЛЛАГЫН ШИЛДЭГ АЖИЛТАН, “ОНЦ ҮЙЛСТЭН”

“Zarig.mn” сайтыг анх үүсгэн байгуулсан цагаас өнөөг хүртэл тууштай ажиллаж, хөдөлмөрлөж яваа анхдагчдын нэг нь сэтгүүлч Нарангэрэлийн Мижидмаа. 2016 онд СУИС-ийг төгссөн тэрбээр ажлын гараагаа “Ibook.mn” сайтаас эхлүүлжээ. Улмаар 2017 оны есдүгээр сард “Zarig.mn” сайтад ажилд орсон юм.

“Та завтай юу” ярилцлагын цуврал нэвтрүүлгээс гадна олны үзэх дуртай, хандалт өндөртэй олон, олон контентоор нь Н.Мижидмааг уншигчид сайн мэднэ. Сүүлд л гэхэд Монголын хамгийн намхан иргэн Ж.Ичинхорлоог сурвалжилсныг нь долоохон хоногийн дотор 1,3 сая хүн үзжээ. Н.Мижидмаа сурвалжилгаа хэр уртай, “амттай” бэлтгэн, олны сонирхлыг татаж чаддагийн нэгээхэн илрэл нь энэ.

Зөвхөн олны сонирхлыг татаж, хүндлэлийг нь хүлээхээс гадна тодорхой шийдэл, үр дүнд хүрсэн олон контент түүнд бий. Өнгөрсөн жил Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант тосгоны Эрээн гол гэдэг газарт самарт явсан дөрвөн иргэн төөрч, сураггүй алга болсон. Тухайн үед ар гэрийнхэн нь “Zarig.mn” сайтад ханджээ. Иргэдийн төөрсөн газар бартаа саад ихтэй, мориор, автомашинаар очих боломжгүй. Тиймээс нисдэг тэргээр хайхаас өөр аргагүйд хүрчээ. Гэвч ОБЕГ-аас гурван хүн суух багтаамжтай нисдэг тэрэг нисгэхэд нэг цагт гурван сая, найман хүний багтаамжтай нь 16 сая төгрөгийн зардал гарахаар байж. Төөрсөн иргэдийг аврах боломж цагаар бус минут, секундээр хумигдаж байсан эгзэгтэй цаг үед Н.Мижидмаа сэтгүүлч сурвалжилга бэлтгэн, хандивын аян өрнүүлжээ. Улмаар хоёрхон өдрийн дотор зардлыг нь бүрдүүлж, нисдэг тэргээр эрэн хайснаар төөрсөн дөрвөн иргэний амийг аварч чадсан юм.

ОБЕГ-аас түүний гавьяа, онцгой үйлсийг нь үнэлж, “Онц үйлстэн” шагнал олгосон. Тус шагналыг хүртсэн анхны сэтгүүлч нь Н.Мижидмаа.

2021 он Н.Мижидмаагийн хувьд уран бүтээлийн төдийгүй амжилтын одтой, шагналын хур буусан жил байлаа. Тэрбээр өнгөрсөн жил “Zarig.mn” сайтын шилдэг ажилтнаар тодорч, байрны урьдчилгаа болох 40 сая төгрөгөөр шагнуулсандаа ихэд урамшжээ.

Н.МИЖИДМАА: АЖИЛДАА БАРИМТАЛДАГ ГОЛ ЗАРЧИМ МААНЬ ҮНЭН БАЙХ

Н.Мижидмаа “Би СУИС-ийг төгссөний дараа “Ibook.mn” сайтад ажилласан. Үнэнийг хэлэхэд тэнд би юу ч сураагүй. Үйл явдлын мэдээнд яваад л таардаг байв. Хөгжих, ур чадвараа ахиулах боломж надад хомс байлаа. 2017 оны есдүгээр сард “Zarig.mn” сайтад ажилд орсноос хойш би өөрийгөө бүх талаар хөгжүүлж чадсан. Ялангуяа, видео чиглэлд. Видео контент хэрхэн бэлтгэх, хөтлөлт яаж хийх, микрофоноо яаж барихаас авхуулаад бүхнийг эхнээс нь, шинээр сурсан. Одоо байгууллагадаа ажиллаад таван жил болж байна.

Энд ажилд орсноор маш олон боломж надад нээгдсэн. Би даруухан, ичимхий хүн. Камерын өмнө гарах, ярих талаар төсөөлж ч байгаагүй, өмнө нь. Бичдэг л сэтгүүлч болно гэж боддог байлаа. Камерын өмнө гараад өөрийгөө илэрхийлэх, хөгжүүлэх боломжийг “Zarig.mn” сайт надад олгосон.

Залуу сэтгүүлчдэд тулгамддаг олон асуудлын нэг нь өөрийн гэсэн байр. Өнгөрсөн жил намайг байгууллагынхаа шилдгээр тодроход 40 сая төгрөгөөр шагнан, байрны асуудлыг маань шийдэж өгсөн нь надад том дэмжлэг болсон.

Шилдэг ажилтан болоход гоё мэдрэмж төрдөг юм билээ. Цаашид улам их хичээх, хөдөлмөрлөх үүрэг, хариуцлагаа ухамсарласан. Мөн их урам авсан. Н.Өнөрцэцэг эрхлэгчээрээ, хамт олноороо маш их бахархдаг.  

Шуурхай дамжуулах, мэдээлэх үйл явдал хэзээ ч гарч мэднэ. Тэр бүхэнд сэтгүүлч хүн бэлэн байх учиртай. Ажлын бус цагаар шуурхай сурвалжлагад явах, лайв дамжуулах шаардлага гарна. Тийм үед шуурхай очоод ажилладаг. “Ажлын бус цагаар ажиллалаа. Өөр хүн явуулчихаасай, амрах юм сан” гэх бодол огт төрдөггүй. Тэгж хэзээ ч хойш сууж байгаагүй. Хэчнээн ачаалал ихтэй байсан ч нэг ч удаа шантарч үзээгүй. Ажилдаа хайртай болохоор харин ч эсрэгээрээ дуртай хийдэг.

“Zarig.mn” сайтад ажиллаж эхэлснээс хойш өнөөг хүртэлх хугацаанд нийт хэчнээн ярилцлага, сурвалжилга бэлтгэснээ нарийн тоолж байгаагүй. Би “Та завтай юу” гэдэг нэртэй, 10 асуулттай нэвтрүүлэг бэлтгэдэг. Үүнийхээ хажуугаар нийгмийн асуудлыг хөндсөн, бусдад үлгэр дууриал болсон гэгээлэг сурвалжилга хийдэг.

Саяхан хоёр хүн манай сайтад хандсан. Нөхөр нь намхан нуруутай, эхнэр нь харааны бэрхшээлтэй. “Бид хоёрт ажил олддоггүй юм. Миний дүү манайд ирээд сурвалжилга бэлтгээд өгөөч” гэж манайд хандсан юм. Маш цэвэрч амьдардаг, амьдрахын төлөө бор зүрхээрээ, чадлаараа зүтгэж яваа гэр бүл байсан юм л даа. Тэднийг сурвалжилсны дараа маш олон хүн туслах хүсэлтээ илэрхийлсэн. Манай сайтын сурвалжилгын үр дүнд тухайн ах, эгч хоёр ганцхан хоногийн дараа хүнсний компанид ажилд орон, тодорхой орлоготой болоод байгаа. Энэ мэт тодорхой үр дүнд хүрсэн олон сурвалжилга манайд бий.

Сэтгүүл зүйд, ажилдаа баримталдаг гол зарчим маань үнэн байх.

Хийсэн контент бүхэндээ хайртай. Мэргэжлийн хувьд хамгийн гоё мэдрэмж, кайф өгсөн бүтээл бол Монголын хамгийн намхан иргэн Ж.Ичинхорлоо гуайнхаас хийсэн ярилцлага.

Орой харих бүрдээ тэр сурвалжилгаа дахин, дахин эхнээс нь дуустал үздэг. “Энэ гоё болж. Энэн дээр нь цаашид анхааръя” гэж өөрийгөө цэгнэдэг. Хүмүүс Ж.Ичинхорлоо эмээгийн талаар гоё, гоё эерэг сэтгэгдэл бичин, магтсаар байгаа. Намайг ч мөн магтаж байгаа юм шиг гоё санагдан, улам их хичээх урам авсаар байна” гэлээ.

“ZARIG.MN” САЙТЫН “АЖИЛСАГ ШОРГООЛЖ”

“Zarig.mn” сайтын урдаа барьдаг сэтгүүлчдийн нэг нь Маналжавын Төгөлдөр. Олонх оюутан их сургуулиа төгсөөд Улаанбаатар хотод, олонд танигдсан хэвлэлд ажиллахыг илүүд үздэг, чухалчилдаг. Тэгвэл М.Төгөлдөр тэгээгүй. Харин ч эсрэгээрээ орон нутгийг тэр тусмаа төрсөн нутаг Дорнод аймгаа зорьсон. Тэндээс ажлын гараагаа эхлүүлсэн нь тун өвөрмөц. Үнэндээ өнөө цагт түүн шиг сонголт хийсэн, ажиллаж, хөдөлмөрлөе гээд орон нутгийг зорьсон залуус өдрийн од шиг ховор.

“Зариг”-ийн Төгөлдөр” ёстой хөдөлмөрч” гэдэг үгийг хэвлэлийн цөөнгүй хүнээс сонсож байлаа. Өдгөө “Zarig.mn” сайт нийгмийн хариуцлагын хүрээнд хэрэгжүүлж буй “5-хан хором анхааръя, хүлээе... Талархъя” зорилтот төслийг М.Төгөлдөр хариуцан, цаг үеийн, олонд хэрэгтэй цөм мэдээллийг багтаасан контентууд бэлтгэж байгаа юм.

М.ТӨГӨЛДӨР: СЭТГҮҮЛЧДЭД ИЛҮҮ ЦАГ ОЛГОДОГ НЬ МАНАЙ БАЙГУУЛЛАГЫН НЭГ ДАВУУ ТАЛ

“Zarig.mn” сайтын “ажилсаг шоргоолж”-уудын нэг тэрбээр “Би эхлээд MCS-ийн тэтгэлэг аваад, эрх зүйч мэргэжлээр сурч байлаа. Эмээгээ санаад байхаар нь Дорнод аймагтаа очиж, нэг жил өнжсөн. Дараа жил нь КУДС-иас урилга ирсэн нь сэтгүүлч болж, багын мөрөөдлөө биелүүлэх боломж надад олгосон юм. Эмээ маань миний сургалтын төлбөрийг төлөхийн тулд хуучин хувцсаар бээлий оён, станцад тушаадаг байлаа. Тэгж цуглуулсан мөнгөөрөө намайг сургасан.

АЖЛЫН ГАРААГАА ТӨРСӨН НУТГААСАА ЭХЛҮҮЛСЭН

КУДС-ийг сэтгүүлч мэргэжлээр 2012 онд төгссөнийхөө дараа сургуульдаа багшлах урилга аван, хэсэг хугацаанд туслах багш хийсэн. Дараа нь ажиллая, хөдөлмөрлөе гээд ангиасаа ганцаараа орон нутгийг зорьж байлаа. Төрсөн нутаг болох Дорнод аймгийн телевизээс ажлын гараагаа эхлүүлсэн. Орон нутгийг тэр тусмаа Дорнод аймгийг зорьсон маань эмээ, ээж хоёртой минь салшгүй холбоотой.

Би дөрөвдүгээр курсийн оюутан байхдаа хүүгээ гаргасан. “Камерын өмнө гарах, дадлага хийх боломж” тухайн үед гараагүй. 2012 он сонгуулийн жил байлаа. Дөнгөж сургуулиа төгссөн, туршлагагүй охин сонгуульд нэр дэвшигчидтэй ярилцах амар байгаагүй.

“Орон нутагт ажиллаад хөгжих боломж, цаг хугацаа алдаж” гэж огт бодогддоггүй. Харин ч эсрэгээрээ эвлүүлэг, монтажнаас авхуулах реклам хүртэл хийх хэмжээнд олон зүйл сурсан. Энэ бүх сурсан зүйлс минь одоо “Zarig.mn” сайтад ажиллахад их хэрэг болж байна. Шаардлагатай тохиолдолд эвлүүлгээ хийчихдэг.

Би “Zarig.mn” сайтад ажилд ороод хоёр жил болж байна. Энд орох гээд ажлын ярилцлагад ороход Өнөрөө эгч их олзуурхсан. Орон нутгийн хэвлэл ямар билээ, хүн хүч багатай. Би өөрөө бүх юмаа хийчихдэг, нүүрэмгий байлаа. “Zarig.mn” сайтад анх ажилд ороход Өнөрөө эгч “Миний дүү юмаа шуурхай хийгээрэй. Бүх зүйлийг өөрөө хийх гэж өөр дээрээ ачаалал битгий нэм” гэж зөвлөсөн. Би өөрөө л бусад юмаа хийх гээд удаад, цаг алдаад байсан юм л даа. Мэдрэмжтэй, шуурхай ажиллах хэчнээн чухал вэ гэдгийг байгууллагаасаа, хамт олноосоо ойлгосон.

Би хааяа боддог юм. Хэрэв өөр газарт, төрийн байгууллагад ч юм уу ажиллаж байсан бол хэзээ ч ингэж өөрийнхөөрөө, эрх чөлөөтэй, халуун дулаан ярилцаад ажиллаж чадахгүй байсан.

Сэтгүүлчийн ажил цаг, наргүй. Нэг чанартай ярилцлага, сурвалжилга, контент хийхийн тулд олон цагаар суудаг. Шөнийн цагаар ажиллах ч шаардлага заримдаа гардаг. “Zarig.mn” сайтын нэг давуу тал, онцлог нь бүх сэтгүүлчийнхээ илүү цагийг олгодог. Амьдрал баялаг. Чөлөө авлаа гэхэд өнөөх илүү цаг нь нөхчихдөг. Тиймээс цалингаа дутуу авсан мэдрэмжийг хэзээ ч авч байгаагүй.

Мэдээж хайртай олон сурвалжилга, контент надад бий. Өөрийнхөө гэхээс илүү бусад сэтгүүлчийн бүтээлийн эвлүүлэг, монтажийг хийж өгөөд, өнөөх контент нь олон хүнд хүрэхийг хараад илүү гоё мэдрэмж авдаг.

Хэрвээ хүмүүс анзаарсан бол, би камерын өмнө ихэвчлэн амны хаалттай гардаг. Төдийлөн нүүр царайгаа ил гаргадаггүй. Энэ маань мэргэжлийнхээ гоё сайхныг арай өөрөөр, арай өөр өнцгөөр гаргах хүсэлтэй явдгийнх юм шүү” гэлээ.

Э.СУГАРСҮРЭН: МАНАЙ БҮХ СЭТГҮҮЛЧ, ЗУРАГЛААЧ НЭГНЭЭ ХАРЦААРАА ОЙЛГОЛЦДОГ

Видео контент дагнасан сайтад зураглаач чухлын чухал. Зураглаачийн өнцөг, мэдрэмж, эвлүүлэг монтажаас тухайн контентын хийц ихээхэн шалтгаална. “Zarig.mn” сайтын арын албаны гол “мотор”-уудын нэг нь зураглаач Э.Сугарсүрэн. Тэрбээр “Би сайтдаа ажиллаад таван жил болж байна. Санаандгүй учралаар Өнөрөө эгчтэй танилцан, хамтрагч болсон доо. Байгууллагаараа, хамт олноороо бахархах зүйл олон. Бидний хийсэн ярилцлага, сурвалжилга контент олон түмэнд хүрдэг нь гоё санагддаг. Хэчнээн гоё юм хийсэн ч хүмүүс үзэхгүй, хандалт авахгүй бол хайран хөдөлмөр, цаг хугацаа болно шүү дээ.

Зураглаач, сэтгүүлч хоёр маш сайн ойлголцож, нэгнээ мэдэрч байж сайн контент гарна. Манай бүх сэтгүүлч, зураглаач нар нэгнээ харцаараа ойлголцдог” гэлээ.

Бидний сурвалжилга энд хүрээд өндөрлөж байна.

Өнөөдөр Хэвлэлийн эрх чөлөөний өдөр. Монголын хэвлэл мэдээллийн салбарынхандаа, "Zarig.mn" сайтын хамт олонд Хэвлэлийн эрх чөлөөний өдрийн мэнд хүргэе.

ГЭРЭЛ ЗУРГИЙГ С.БОРГИЛ

ЗУРАГЛААЧ Б.ТЭМҮҮЛЭН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
5 сар 3, 2022 08:29

Zarig yer ni ih hund tus bolson handiviin ayand ordog bas ih olon avilgal avsan humuusiig il bolgoson doo

Зочин
Зочин
5 сар 3, 2022 08:50

Зариг мундаг шүү

Оюун эрдэнэ
Оюун эрдэнэ
5 сар 3, 2022 11:21

Лайв гэдгээ шууд дамжуул�##�т гэж монголоор нь бичээч сэтгүүлчээ. Ингэж биччихээд өөрсдөө олон түмэнд яаж үнэлэгдэх юм бэ. Нууц гэрээ байгуулж мөнгө олдог асуудлаа ярих хэрэгтэй шүү өнөрөөө үйл ажиллагаа ил байх ёстой.

зочин
зочин
5 сар 3, 2022 13:11

Зариг анх "тэг"-с эхэлсэн, шургуу ажилласан байж болноо. Гэхдээ хууль зүй , гэмт хэрэг, банктай холбоотой... гм хэрийн хүний олж авч чаддахгүй мэдээллийг хэний дэмжлэгтэй, хаанаас хамгийн түрүүнд авдаг вэ? Ха�##�тын гэрээ хийж мөнгө шантажилдагийг нь бүгд мэднэ. Энэ тэгээд шургуу хөдөлмөрийн үр дүн үү? Зариг бол сул мөнгө олохын төлөө өөрийн хүссэн мэдээгээ бичдэг. Та нар ажигласан бол нийгмийн тулгамдсан асуудлыг тэр бүр бичээд байдаггүй л юм даа. Яахав бичих юм олдохгүй болохоороо эсвэл хааяа энх тайвны цагаан тагтааны дүр эсгэж бичмээр аяддагл байх. Монголчууд мэднэээ...

уншигч
уншигч
5 сар 3, 2022 13:27

сэтгүүлч үнэхээр гоё хийсэн байна. урамшуул�##� өгөх ёстой юм шиг санагдлаа. Заригийг үнэхээр цагаанаар бичиж чадсан байна. хайр хүргэм санагдаж байна. гайх�##�тай эгүүрээс ийм гэгээлэг зүйл уншина гэж бодож байсангүй. ЗАРИГ Азиймаа бас гое шуурхай шүү

тамир
тамир
5 сар 3, 2022 13:30

төгөлдөр сэтгүүлч гял�##�зан гарч ирж байгаа шүү мундаг эгч

Холбоотой мэдээ

Back to top button