Нийгмийн

СУРВАЛЖИЛГА: “Хонины ээлж” буюу хүүхдүүдээ нэгтгэж, ээлжлэн зөөх эцэг эхчүүдийн шийдэл

Хичээлийн шинэ шил эхлэхтэй зэрэгцэн бага ангийн сурагчдыг сургуульд зөөх том ажил эцэг эхийн нуруун дээр ирдэг. Зарим нэг нь хүүхдээ биеэ дааж сургуульдаа явдаг болтол нь ажил хийлгүй зөвхөн хичээлд нь зөөх тохиолдол цөөнгүй. Ингэхдээ хүн бүр л хүүхдээ автобусанд суулгахгүй гэсэндээ хувийн унаагаараа зөөж тэр хэрээр автозамын түгжээ ч ихэсдэг.

Улаанбаатар дахь ийм нэгэн "шүдний өвчнийг" ухаалаг бөгөөд энгийнээр шийдсэн эцэг эхчүүд ч байна. Тэд нэг ангийн дөрвөн хүүхдийг нэгтгэн, ээлжлэн зөөх ажлаа “Хонины ээлж”, “Хишиг өдөр” гэж нэрийднэ.

-ХОНИНЫ ЭЭЛЖИЙГ ЭХЛҮҮЛСНЭЭР ӨДӨР БҮР ХҮҮХЭД ЗӨӨХ ТОМ АЖЛААС ЧӨЛӨӨЛӨГДӨЖ, АЖИЛДАА Ч ТЭР, ХҮҮХДЭДЭЭ Ч ТЭР САНАА ЗОВОХ ЗҮЙЛГҮЙ БОЛСОН-

Хөдөө орон нутагт малчид айл саахалтаараа нийлэн хонио маллаж, хонины ээлжээр явж нэгнийхээ ажлыг хөнгөвчилж өгдөг. Малчин ардын энэ уламжлалт ухаалаг зарчмыг бага ангийн хүүхэдтэй эцэг эхчүүд үлгэрлэн хэрэгжүүлэх болжээ. Үүний нэг нь Х.Буянтогтох. Түүний хүү энэ жил ЕБС-ийн сургуулийн нэгдүгээр ангид элсэн орсон.  Хүүгээ хавраас эхлэн бэлтгэл ангид суралцуулахдаа ангийнх нь гэр ойролцоо нэг хүүхэдтэй ээлжлэн хүүхдээ зөөх болжээ. Улмаар дахин гэр ойролцоо нэг ангийн хоёр хүүхдийг нэгтгэн хичээлд нь хүүхдүүдээ ээлжлэн зөөх санаачилгыг гаргасан байна.

Тэрээр ярихдаа ”Бид бүгд ажилтай эцэг эхчүүд, хүүхдээ сургуулийнх нь автобусаар хүргүүлж авч болно. Гэхдээ мөн л өдөр бүр хүүхдээ зөөсөнтэй адил өглөө оройдоо заавал хэн нэгэн гэртээ байх хэрэг гардаг. Тиймээс нэг ангийн гэр ойр хэдэн эцэг эхчүүд нийлэн ээлжлэн хүүхдээ зөөх ажлыг эхлүүлсэн. Ингэснээр бид өдөр бүр хүүхэд зөөх том ажлаас чөлөөлөгдөж, ажилдаа ч тэр, хүүхдэдээ ч тэр санаа зовох зүйлгүй болсон.

Сардаа нэг удаа л долоо хоногт хоёр өдөр зөөх ээлж таарч байгаа юм. Энэ бол өдөр бүр хүүхэд зөөснөөс тэс өөр шүү дээ хэмээсэн юм.

-ХҮҮХДЭЭ ХУВИЙН МАШИНААР ЗӨӨХ НЭГ АНГИЙН 25 ЭЦЭГ ЭХИЙН МАШИНЫГ ТАВ БОЛГОН ЦӨӨЛЖ, 20 ЗОГСООЛЫГ СУЛ БОЛГОЖ ИХ ХОТЫН СТРЕССИЙГ БАГА Ч БОЛОВ ТАНАЖ БАЙНА-

Түүнчлэн хотын замын хөдөлгөөн их ачаалалтай. Хүн бүр хүүхдээ даарч хөрүүлж, шахцалдуулахгүй хэмээн хувийн унаагаар явах болсон.

Харин бид тэр их түгжээнд орох дөрвөн машинаас ядаж гурвыг нь цөөлж чадсандаа баяртай байгаа. Манай хүүхдийн анги 25 хүүхэдтэй бидэн шиг нэг бүлэг болоод ийм арга хэрэглэвэл замын түгжээнд оролцох 25 машин тав болж цөөрнө, 20 машины зогсоол сул болж их хотын стрессийг бага ч болов танаж байна хэмээн ихэд цоглогоор ярьж байлаа.

Түүний хэлж буйгаар "Бид зүгээр л нэг ангийн хүүхдүүдийг гэр ойролцоогоор нь зөөж буй хэсэг бүлэг хүмүүсийн нэг. Биднээс өөрөөр хамтарч хүүхдээ зөөж буй олон хүмүүс бий шүү дээ. Хамаатан садангаараа ээлжилж хүүхдээ зөөх хүмүүс байна. Манай хүүхдийн ангид тав зургаан эцэг эх нийлэн хүүхдүүдээ өглөө автобусанд нь өөрсдөө өгчхөөд өдөр тарахаар ээлжлэн автобуснаас нь авдаг арга ч байна.

Х.Буянтогтох “Хичээлийн шинэ жил эхэлсэн эхний долоо хоногт бидэнд тун ч хэцүү байсан. Ажлаа амжуулах гэж нэг сүйднэ, мөн есдүгээр сарын эхний долоо хоногийг хэлэх үү замын түгжээнд ч нам суусан. Манай дөрөв ч шуугилдаад, дуунд нь дасах гэж долоо хоносон шүү. Одоо ч тун давгүй болсон. Манай дөрвийг хардаа тэнд бөөнөөрөө зогсчихсон тоглож байгаа биз. Эцэг эхчүүд бид ч фэйсбүүк чаттай, бүх мэдээллээ тэндээ солилцоод, цагаа тохироод явчихдаг, амар шүү дээ” гэж ихэд сэтгэл ханамжтай ярилаа.

Тэрээр "Миний муу машин энэ хэдийгээ зөөхөд амар, жижигхэн хоёр хаалгатай, дээрээс нь хаана ч хамаагүй багтаж шингэнэ шүү дээ. Үүнийг хардаа" хэмээн инээсээр хүүхдүүдээ сургуульд нь оруулж өгөөд ажилдаа яаран явлаа.

Д.ЖАРГАЛМАА

ГЭРЭЛ ЗУРГИЙГ: Г.БЭЛГҮТЭЙ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2019-09-20 14:50

Зөв дөө, ирэх долоо хоногт эцэг эхийн хур�##� дээр энэ сан�##�ыг чинь хэлж хэрэгжүүлдэг хэрэг ээ.

Холбоотой мэдээ

Back to top button