БНХАУ: Зургаан хоногийн дараа нурангин дороос эмэгтэйг аварчээ
Хятадын төв хэсэгт орших Чанша хотод зургаан давхар барилга нурсан талаар бид өмнө нь мэдээлж байсан. Тэгвэл тус хотын аврагчид барилга нурснаас зургаан хоногийн дараа нурангин дороос нэгэн эмэгтэйг эсэн мэнд гаргаж авчээ.
Тэр эмэгтэй пүрэв гараг /2022.05.05/-ийн шөнө дунд аврах ажиллагааны үеэр ухаантай байсан аж. Ингээд аврагчдад эмэгтэйг хэрхэн аюулгүй гаргаж авах талаар түүнд наанаас нь зөвлөгөө өгөн ажилласан хэмээн орон нутгийн хэвлэлд мэдээлжээ.
Аврах ажиллагаа дуусч, арван хүнийг эсэн мэнд гаргаж авсан байна. Харин 53 хүн нурангид дарагдан нас барсан гэж албаныхан мэдээлэв.
Орон нутгийн албан тушаалтнууд барилгын аюулгүй байдал, стандартыг зөрчихөөс гадна авлига, хээл хахуульд идэгдсэн зэрэг нь Хятадад хэд хэдэн барилга нурахад хүргэсэн гэж хэвлэлүүд онцолж байна.
Чанша хотын аврагчид нурангин дор дарагдсан ч амьд үлдсэн иргэдийг олж илрүүлэхийн тулд уламжлалт арга болох хашгирах, тогших, шүгэлдэх, мөн үнэрч нохой, дрон ашигладаг байна.
Пүрэв гарагийн өглөөний байдлаар нэгэн иргэн 132 цаг орчим нурангин дор дарагдсан байсныг олж илрүүлэн, аварсан байна. Үүнээс гадна, өөр нэг иргэнийг 88 цагийн дараа аварчээ.
БНХАУ-ын дарга Ши Жиньпин гамшгийг бүрэн дүүрэн шалгаж, аврах ажиллагааг хурдан шуурхай явуулах үүрэг өгсөн байна. Хэрэгт холбоотой 11 хүнийг баривчлан саатуулжээ. Барилгын байцаагч нар аюулгүй байдлын хуурамч акт үйлдсэн байж болзошгүй хэмээн тус барилгын эздийг сэжиглэж байгаа аж.
Эх сурвалж: ВВС
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.