Нийгмийн

Х.Мөнхзул: Зоотехникч зэрэг мэргэжилтэй нийгмийн ажилтнууд хүчирхийлэлтэй тэмцэж чадахгүй

Цар тахлын нөхцөл байдал болон өөр олон шалтгаанаас болж гэр бүлийн хүчирхийлэл нэмэгдээд буй. Тэгвэл энэ төрлийн хүчирхийлэл үйлдэж байгаа гол шалтгаан болон гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх эрх зүйн орчин нөхцөл ямар байгаа талаар Хүний Эрхийн Үндэсний Комиссын гишүүн Х.Мөнхзултай ярилцлаа.

- Гэр бүлийн хүчирхийлэл гэдэг нь яг юуг хэлж байна. Зарим залуу хосууд маргалдах төдийд л "чи хүчирхийлэл үйлдлээ" гэдэг ойлголт байдаг шүү дээ. Энэ асуудлаар яриагаа эхэлье?

- Хэрүүл маргаан, гэр бүлийн хүчирхийллийг хооронд нь ялгаж салгаж ойлгох хэрэгтэй. Айл гэр болгон маргаантай байдаг. Гэр бүл маргаантай байна гэдэг нь харилцаа тэнцвэртэй байна гэсэн үг. Хэн хэнээсээ айдасгүй асуудлаа гаргаж тавьж байгаа хэрэг. Харин хүчирхийлэлтэй гэр бүл гэдэг нь хэн нэгнээсээ айдаг, асуудлаа гаргаж тавьдаггүй, эрх мэдлийн хувьд нэг тал нь давамгай байдал тогтоосон тэнцвэргүй, нэгнээ өөрийн эрхшээлд байлгах, ноёрхолдоо байлгах гэсэн үзэл хандлагаас үүсдэг. Гэр бүлийн хүчирхийлэл бие махбодийн, сэтгэл санаа, эдийн засгийн, бэлгийн хүчирхийлэл гэсэн дөрвөн хэв шинжээр илэрдэг.

 - Тэгвэл гэр бүлийн хүчирхийллийн өнөөгийн нөхцөл байдал ямар байна вэ?

-Гэр бүлийн хүчирхийллийн дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгддэг. Энэ дуудлага мэдээллээс харахад 2021 онд гэр бүлийн хүчирхийллийн 40148 дуудлага мэдээлэл ирсэн байна. Энэ тоон мэдээллийг өмнөх онтой харьцуулж үзэхэд зургаан хувь өссөн. Харин гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой гэмт хэрэг 35 хувиар өссөн үзүүлэлт гарсан.  Үүнээс юуг харж болох вэ гэхээр гэр бүлийн хүчирхийлэл манай нийгэмд амь бөхтэй байна гэдэг нь харагдаж байна. Эрх зүйн орчныг сайжруулах тал дээр олон ажил хэрэгжүүлсэн. Гэмт хэрэг, зөрчлийн хүрээнд авч үздэг болсон. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуулиар гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, хохирогчийг хамгаалах хамтарсан баг,  хамгаалах байр бий болгох, мөн гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуулийг хэрэгжүүлэх хүрээнд 30 гаруй  журмыг гаргасан.

Харамсалтай нь хүчирхийлэлд өртсөн хохирогчийн аюулгүй байдлыг бүрэн хамгаалж чадахгүй, хохирогчид үзүүлж буй тусламж үйлчилгээ хангалтгүй байна. Ялангуяа орон нутагт гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх  хуулийн хэрэгжилт хангалтгүй байна. Энэ төрлийн гэмт хэрэг буурахгүй байгаад ХЭҮК анхаарлаа хандуулж 2021 онд Хүчирхийллийн эсрэг үндэсний төвтэй хамтран Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг анхан шатанд хэрэгжүүлэх  чухал үүрэг хүлээсэн  хамтарсан баг, нэг цэгийн үйлчилгээ түр хамгаалах байранд хяналт үнэлгээ хийсэн.

"ХЭҮК-ООС ХИЙСЭН ШАЛГАЛТААР ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЭЛТЭЙ ТЭМЦЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТ ХЭЛБЭРИЙН ТӨДИЙ БАЙСАН"

Энэхүү хяналт үнэлгээнд нийт 21 аймгийн 40 хамтарсан баг, 24 нэг цэгийн үйлчилгээ, түр хамгаалах байрууд хамрагдсан. ГБХТТ хуулиар сум, хороо бүрт тухайн сум, хорооны Засаг даргаар ахлуулсан эмч, нийгмийн ажилтан, цагдаа, төрийн бус байгууллагын төлөөллийг оролцуулсан хамтарсан багийг бий болгосон. Тухайн хамтарсан баг нь харьяалах сум, хороондоо гэр бүлийн  хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, хүчирхийллийг эрт шатанд илрүүлэх, хохирогчийн аюулгүй байдлыг хамгаалах, хохирогчид шаарлагатай   үйлчилгээг үзүүлэх чухал үүрэг хүлээсэн.  

Ийм бүтэц хуулиар бий болгоод зургаан жил болж буй. Хүний эрхийн үндэсний комиссын хяналт үнэлгээгээр газар дээр нь шалгахад Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн хэрэгжилт орон нутагт хангалтгүй, хамтарсан багийн үйл ажиллагаа жигдрээгүй, зарим үйл ажиллагаа нь хэлбэрийн төдий, хохирогчдод үзүүлж буй үйлчилгээний  чанар, хүртээмж хангалтгүй байна. Хөдөө орон нутгийн хамтарсан багууд гэр бүлийн хүчирхийллийг эрт шатанд нь илрүүлэх ёстой байтал хэдэн хүчирхийлэлтэй зан үйлтэй гэр бүл байдаг вэ гэдэг судалгаа ч алга.

"ХАМТАРСАН БАГИЙН 678 НИЙГМИЙН АЖИЛТНЫ 62 ХУВЬ НЬ МЭРГЭЖЛИЙН БУС БУЮУ ЗООТЕХНИКЧ ЗЭРЭГ МЭРГЭЖИЛТЭЙ БАЙНА"

-Хамтарсан баг ажлаа муу хийж байгаа гол шалтгааныг нь юу гэж тогтоосон бэ?

- Үүнд нөлөөлж буй хэд хэдэн шалтгаан байна. Нэгдүгээрт хамтарсан багийн хуулиар олгосон чиг үүргээс харахад гэр бүлийн хүчирхийллийн хохирогчид хуульд заасан долоон төрлийн мэргэжлийн нийгмийн ажлын үйлчилгээг үзүүлэх ёстой байдаг. Гэтэл энэхүү чиг үүргийг хэрэгжүүлэх ёстой нийгмийн ажилтнууд нь мэргэжлийн бус хүмүүс байна.

Улсын хэмжээнд хамтарсан багийн 678 нийгмийн ажилтан ажилладаг. Түүний 62 хувь нь мэргэжлийн бус хүмүүс ажилладаг судалгаа гарсан. Ялангуяа сумдад нийгмийн ажилтны орон тоо хангалтгүй байна. Нийгмийн ажилтны орон тоо дээр зоотехникч мэргэжилтэй хүн байж байх жишээтэй. Энэ хүмүүс яаж гэр бүлийн хүчирхийллийн хохирогчдод үйлчилгээ үзүүлэх, яаж урьдчилан сэргийлэх, хамгаалах зөвлөгөө өгөх вэ. Хүний нөөцийн хувьд ийм учир дутагдалтай асуудлууд байна. Мөн нийгмийн ажилтан нь Засаг даргынхаа бүтцэд багтдаг учраас сонгуулийн үр дүнгээр байнга солигддог нь хамтарсан багийн үйл ажиллагаанд мөн ихээхэн нөлөөлж байна.

Иймд  Хамтарсан багийн нийгмийн ажилтнууд нь ХНХЯ юм уу ГБХЗХГ-т харьяалагддаг байх шаардлагатай гэж харж байгаа. Тэгж байж мэргэжлийн байгууллагуудаас мэргэжлийн арга зүйгээр хангаж,  мэргэжлийн хүмүүсээ илүү үр дүнтэй ажиллуулна гэсэн үг шүү дээ. Одоо байгаа хэдэн нийгмийн ажилтан нь дөрвөн жилд нэг удаа солигддог, Засаг даргынхаа хамт солигдчихдог.  Хүмүүсийг ядаж хүний эрхийн чиглэлээр сургана, дадлагажуулна. Одоо нэг гайгүй хүний эрхийн мэдрэмжтэй ажиллах нь гэтэл солигдчихоор ямар олиг байх вэ. Мөн санхүүжилтийн асуудал байна. Хамтарсан багийн санхүүжилтийг тухайн орон нутгийн Засаг даргаас, Иргэдийн хуралдаа өргөн мэдүүлж батлуулах ёстой. Гэтэл Комиссын хяналт үнэлгээнд хамрагдсан 40 хамтарсан багийн 80 хувь нь санхүүжилтгүй байх жишээтэй. ГХУСАЗЗ-өөс энэ жил анх удаа хамтарсан багуудад санхүүжилт олгосон  байсан.  Улсын хэмжээнд 2021 онд хамтарсан багт олгосон нийт санхүүжилтийн зөвхөн 12 хувийг орон нутгаас нь гаргасан байсан.  Өөр нэг нөлөөлж буй шалтгаан нь хамтарсан багийн үйл ажиллагаанд хяналт тавих, мэргэжил арга зүйн удирдлагаар хангах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, иргэдийн төлөөлөгчдийн хурал, Засаг дарга, зэрэг орон нутгийн удирдлагууд хуулиар хүлээсэн үүргээ  хангалтгүй биелүүлж байгаа нь нөлөөлж байна.

"ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЭЛ ГЭМТ ХЭРЭГ"

Гэр бүлийн хүчирхийлэл өсөж байгаа шалтгаан, нөхцөл нь юу вэ?

- Олон шалтгаан нөлөөлж байна. Үүний нэг нь  хууль эрх зүйн орчноо сайжруулах шаардлага. Эрүүгийн болон Зөрчлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт  оруулах асуудал ярьж байна. Үүн дээр ХЭҮК саналаа хүргүүлсэн.  Гэр бүлийн хүчирхийлэл гэмт хэрэг. Зөрчлийн хэмжээнд авч үзэж байгаа нь учир дутагдалтай. Манайд бүр зөрчлийн олон удаагийн үйлдэлтэй явуулсаар байгаад хохирогч амиа хорлох хүртэл даамжруулж байна. Хамгийн их асуудал үүсгээд буй асуудал бол Эрүүгийн хуулийн 11.7  заасан байнга гэдэг ойлголтыг  өөрөөр хэлбэл хэдэн удаа гар хүрснийг нь байнга гэж үзэх  гэдгийг эрүүгийн хуулиар тодорхойлж өгөх асуудал байгаа. Энэ нь практикт хуульчдын дунд эргэлзээтэй байдлыг төрүүлж, ихэнх гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэргийг  зөрчил хэмээн үзэж зүйлчлэгдэж, хүчирхийлэл үйлдэгчийг ял завшихад хүргэж байна. Мөн ГБХТТХуульд заасан сэтгэл санааны, бэлгийн, эдийн засгийн  гээд хэлбэрүүдийг Эрүүгийн болон Зөрчлийн хуульд нарийвчлан тусгах шаардлагатай байгаа.

"ХҮЧИРХИЙЛЭЛ ҮЙЛДЭЖ БАЙГАА ХҮМҮҮСИЙГ БАРИВЧЛАХ ХОРЬЖ ЦАГДАХ БИШ ҮЗЭЛ ХАНДЛАГАТАЙ НЬ ТЭМЦЭХ ХЭРЭГТЭЙ"

Өөр нэг асуудал бол манайх хүчирхийлэл үйлдэж байгаа хүмүүсийг баривчлах, хорьж цагдах гэх мэтээр үйлдэлтэй нь тэмцдэг. Харин тухайн хүний үзэл хандлагатай нь тэмцэх хариуцлагын механизм байдаггүй. Сая Зөрчлийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлт дээр "сануулах" гэдэг заалт оруулж ирж байна.  Гэр бүлийн хүчирхийллийн хохирогчид нөхөр, эхнэрээ хууль хяналтын байгууллагаар хориулъя, цагдуулъя гэж  хүсдэггүй. Харин энэ байгууллагууд нөхөрт маань ойлгуулаад ухамсарлуулаад өгөөсэй хэмээн хүсдэг. Манайд ихэнх тохиолдолд баривчлах хугацаанд хүчирхийлэл үйлдэгчид албадан зан үйлд нөлөөлөх сургалтыг явуулдаг. Гэтэл тухайн сургалтын нэгдсэн тодорхой хөтөлбөр байхгүй, явуулах багш нар хүрэлцээгүй. Нөгөө талаар хүчирхийлэл үйлдэгчийн зан байдалд нөлөөлөх сайн дурын сургалт байхгүй.  Зан үйлд нөлөөлөх сайн дурын   сургалтыг аймаг орон нутагт хийж эхлээ ч үгүй байна.

-Хүчирхийлэл үйлдэж хариуцлага тооцуулсан нөхөр нь дуудлага өгсөн эхнэрийгээ аминд хүрсэн хэрэг гарч байсан шүү дээ. Баривчлуулсан хүмүүс нь улам л өс санадаг байх тийм үү?

 - Зөрчлийн тухай хуулийн хүрээнд  баривчилж, хорьж цагдаж байгаа нь үр дүнгүй байна гэдгийг л харуулж байгаа нь тэр. Баривчлагдаж ирээд өширхдөг үйл явц улам л даамжирдаг. Олон удаа баривчлагдсан үйл явцыг гэмт хэрэг гэж үзэхгүй л бол болохгүй. Хүчирхийлэл үйлдэж байгаа хүмүүсийн гэр бүлд ч гэсэн сэтгэл зүйн зөвлөгөө өгөх асуудал дутагдаж байна. Тиймээс сум хороо болгонд сэтгэл зүйч хэрэгтэй. Өнөөдөр манайд сэтгэлзүйн тусламж үйлчилгээ үгүйлэгдэж байна.

-Гэр бүлийн хүчирхийлэлд байнга өртдөг эмэгтэйчүүдийг хүмүүс харахдаа яагаад салчихаж болдоггүй юм бол гэсэн бодол байдаг шүү дээ? 

-Гэр бүл гэдэг нь сэтгэл санаа, үр хүүхэд гэх мэт бүхий л асуудлаараа холбоотой хүмүүс. Гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн эмэгтэйчүүдийн байр сууринаас харах юм бол орхиод явчихаж чаддаггүй. Хохирогчид хүчирхийлэл үйлдэж байгаа хүнээ хэзээ нэг цагт ойлгоно, ухаарна гэсэн найдвар тээдэг. Энэ байдал нь улам даамжирдаг. Гэр бүлийн хүчирхийллийн нэг онцлог нь давтагддаг, даамжирдаг. Даамжрах тусмаа нууц байдалд, циклд ордог. Хүчирхийлэлд өртөж байгаа эмэгтэйг гарах гарцгүй болгодог гэж ойлгож болно.

"ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЭЛД ӨРТСӨН ЭМЭГТЭЙЧҮҮД ИХЭНХДЭЭЛАМ БӨӨГӨӨР ЯВАХ, НАЙЗ НӨХДӨДӨӨ ЯРИХ ГЭХ МЭТ ХУВИЙН БАЙДЛААР АСУУДЛАА ШИЙДДЭГ"

-Тийм эмэгтэйчүүд яах ёстой вэ?

- Гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн эмэгтэйчүүд ихэнхдээ 5-7 жилийн хугацаанд лам бөөгөөр явах, найз нөхдөдөө хэлж ярих гэх мэт хувийн байдлаар асуудлаа шийддэг. Амь насанд нь аюул учраагүй л бол чимээгүй байдаг. Эндээс харахад цагдаагийн байгууллагад л мэдэгдэх хэрэгтэй.

"ЭХНЭР НЬ ХҮСЭЭГҮЙ БАЙХАД БЭЛГИЙН ХАРЬЦААНД ОРОХ ЯВДЛЫГ НӨХӨРТӨӨ ҮЙЛЧЛЭХ ЁСТОЙ МЭТЭЭР ХАРДАГ"

-Түрүүн та хэлэхдээ гэр бүлийн хүчирхийллийг дөрөв ангилдаг гэсэн. Сонирхолтой зүйл нь гэр бүлийн хосууд хооронд бэлгийн хүчирхийлэл үйлдсэн тохиолдолд хэрхэн шийдвэрлэдэг бол. Ийм төрлийн хүчирхийлэл гардаг уу?

-Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд дөрвөн хэлбэрээр илэрдэг гэдгийг зүйлчилсэн хэрнээ энэ хэлбэрүүдийг нарийвчлан тусгаж өгөөгүй. Эхнэр /нөхөр/ нь хүсээгүй байхад бэлгийн харьцаанд орох явдлыг олон улсад /merital rape/ буюу гэр бүлийн хосуудын хүчин, бэлгийн хүчирхийлэл гэсэн асуудлууд яригддаг.  Харин манай улсад эхнэр нь нөхөртөө үйлчлэх ёстой мэтээр хардаг. Ийм төрлийн хүчирхийллийг хүртэл хуульд  оруулах хэрэгтэй.

-Нөхөр маань надад бэлгийн хүчирхийлэл үйлдсэн гэвэл бараг шоолно биз дээ?

-Хуульд ороогүй учраас бараг л тэгэх байх. Энэ чиглэлээр ажиллаж байгаа хууль хүчний байгууллагын хүмүүсийн хандлага асуудалтай. Хохирогчийг буруутгах хандлагатай байдаг. Ялангуяа жендэрт суурилсан хүчирхийлэл буюу гэр бүлийн хүчирхийлэл, бэлгийн хүчирхийллийн гэмт хэргийн хохирогчийг "чи өөрөө асуудлыг өдсөн биз дээ, чи өөрөө богино банзал өмссөн, биеэ үнэлэгч" гэх мэт буруутгах хандлага гаргадаг. Тиймээс хохирогч өргөдлөө татаж авах, цаашлаад нуух, энэ төрлийн хүчирхийлэл улам л далд хэлбэрт ороход нөлөөлдөг.

-Мөн хохирогч, гэрчийг хамгаалах хууль эрх зүйн орчин муу байна уу?

-Иргэд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгдэж байгаа талаар харьцангуй сайн мэдээлдэг болсон. Харин мэдээлж буй  иргэнийг  нууцлалыг хадгалахгүй шууд заагаад өгчихдөг гомдлууд ирдэг.   Гэр бүлийн хүчирхийллийг бүхэлд нь гэмт хэрэгт тооцоогүйгээс зөвхөн гэр бүлийн хүчирхийллийг гэмт хэргийн үед гэрч хохирогчийг хамгаалах асуудал яригддаг.Өөрөөр хэлбэл Гэрч, хохирогчийн хамгаалах тухай хууль зөвхөн гэмт хэргийн үед л хамаардаг.

Гэтэл гэр бүлийн хүчирхийллийг зөрчлийн хэмжээнд үйлдсэн үед тухайн хууль үйлчлэхгүй байх жишээтэй.  Харин Гэр бүлийн хүчирхийллийн хохирогчийг хамгаалах тал дээр сүүлийн жилүүдэд гарсан нэг дэвшил бол олон улсын байгууллага, төсөл хөтөлбөрүүдийн санаачлагчаар бараг бүх аймагт гэр бүлийн хүчирхийллийн хохирогчийн амь нас, аюулгүй байдлыг хамгаалах  түр хамгаалах байр, нэг цэгийн үйлчилгээний төвүүд байгуулагдаад байна.  

Цаашид эдгээр төвүүдийн үйл ажиллагааг стандартад нийцүүлэх,тогтмол  санхүүжилтээр хангаж, тогтвортой ажиллах нөхцөлийг бүрдүүлэхэд орон нутгийн удирдлагууд анхаарах шаардлагатай байгаа. Энэ талаар Хүний эрхийн үндэсний Комисс Монгол Улсын хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 21 дэх илтгэлээрээ тодорхой зөвлөмжийг УИХ-д хүргүүлсэн.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-05-11 09:34

Haramsaltai

Зочин
Зочин
2022-05-11 09:50

Эмэгтэйчүүд өөрсдөө хүчирхийлэгчид болоод байна. Гадуур тэнэх, гэр бүлээсээ орлого эд зүйлсээ тусад нь байлгах, нууцлах, гэр бүл, үр хүүхдийнхээ асууд�##�д оролцохоо болих, нөхрөө үргэлж бу�####�д худ�##� гүтгэж муулах, үргэлж нөхрөө хардах, согтуурах, агсан тавих, гэр орондоо агсамнаж хашгирч хүүхдүүдээ айлгаж уйлуулах, энэ үйлдлээ ойр тойрныхондоо худлаар гүтгэж нөхөр хүчирхийлэл үйлдсэн мэтээр ойлгуулах, хүүхэд нөхрийг сэтгэл санааны хүчирхийллийг хамгийн ёс бус үйлдлийг эмэгтэйчүүд хийж байна. Гадуур гудманд, булан тохойд, машиндаа эмэгтэйчүүд маш их тамхи татаж байгаа нь хүүхэд з�##�ууст маш муу үлгэр дуури�##�. Хүүхдүүд ойр тойрныхонтойгоо орой үдэш хотын гудамжинд, амр�##�тЫн газарт явахад хөгшин өввөө эсвэл гадны шар толгойт эсвэл хужаа тэвэрсэн охид бүсгүйчүүд эрээгээ �##�дсан байд�##�тай байдаг нь асууд�##� хаанаа байна вэ? Хаашаа чиглүүлж соён гэгээрүүлэх ажил зохиох вэ гэдэг нь маш тодорхой юм. Баасан гаригийн орой үдшийн УБ-ын гудамж ихэнхи нь согтуу эм болдог. Иймд ёс заншил эмэгтэйчүүдийн ёс зүйн байдлаар авч үзэх цаг нь одоо болсон.

Зочин
Зочин
2022-05-11 11:24

Төрийн �##�банд мэргэжлийн бус иймэрхүү нөхдүүд дарга хийгээд л байгаа даа.

Батуш
Батуш
2022-05-11 13:40

Зоотехникч хүн МХЕГ м�##� эмнэлгийн ахлах байцаагч хийж байгаа нь төстэй л юм

МХГ
МХГ
2022-05-11 13:54

МХЕГ ийм байхад бусад байгууллага ч аргагүй л дээ хэцүүшдээ

Иргэн
Иргэн
2022-05-11 15:10

Яагаад мэргэжил зааж ярих ёстой гэж?

Холбоотой мэдээ

Back to top button