ВИДЕО КОНТЕНТНийгмийнСУРВАЛЖИЛГА, НИЙТЛЭЛ

СУРВАЛЖИЛГА: "Сувилагч мэргэжил ямар сайхныг тав, арван хүүхдэд ч хамаагүй таниулах юм сан"

Өрөө бүхнээс нялхсын уйлах чимээ сонстож, эм тариа хоол барьсан сувилагчид борви бохис хийх завгүй гүйлдэнэ. Өнөөдөр дэлхийн сувилагчдын эрхийг хамгаалах өдөр. Сувилсан өвчтөн нь илааршиж эмнэлгээс гарахад тэнгэр хагартал баярладаг тэд “миний  баярын өдөр дөө” гэж бодох завгүй ажиллаж буй нь энэ.

Бид Хүүхдийн төв сувиллын тусгай хэрэгцээтэй хүүхдийн тасаг болон, дутуу төрсөн нярайн тасгийн сувилагчдын талаар энэхүү сурвалжилгаа бэлтгэлээ.

Тасгийнхаа нэг захаас эхлэн хүүхдүүдээ хооллож, тариа дуслыг нь хийж нөгөө захад нь хүрэхэд дараагийн хоол, тарианы цаг нь эхэлчихсэн байдаг хэмээн ярьж, ядарсан, цөхөрсөн шинжгүй инээмсэглэх энэ эгэл жирийн эмэгтэй бол тусгай хэрэгцээтэй хүүхдийн тасгийн сувилагч  Г.Оюунгэрэл.

“ТУСГАЙ ХЭРЭГЦЭЭТЭЙ ХҮҮХДҮҮД Ч ГЭСЭН ХҮН ШҮҮ ДЭЭ. ИЛЭХ ӨХӨӨРДӨХ БҮРТ Л ЦОГЛОГ БОЛДОГ. ТИЙМЭЭС БИ ЭНЭ ХЭДИЙНХЭЭ ЭЭЖ НЬ ГЭЖ ӨӨРИЙГӨӨ  БОДДОГ”

-Та сувилагч хийгээд хэдэн жилийг ардаа үдэв?

-Гуч гаруй жил болжээ. Энэ хугацаанд баяртай жаргалтай олон л юм тохиолдлоо доо. Нэг сувилагч жилдээ 3200-3600 хүнд сувилахуйн тусламж үйлчилгээ үзүүлдэг гэсэн судалгаа байдаг юм билээ. 30 гаруй жил ажиллахдаа ойролцоогоор 40 мянган хүнд сувилахуйн тусламж үйлчилгээ үзүүлсэн байна. ЭХЭМҮТ-д ажиллаж байхдаа бага байхад нь сувилж байсан хүүхэд өнөөдөр 20 настай ээж болчихсон хүүхдээ сувилуулах гээд ирж байна. Таны ач буянаар би өнөөдөр өдий зэрэгтэй яваа шүү гэж хэлэхэд нь баярласандаа золтой л гараад гүйчихээгүй шүү.

 -Тэртээ 40 жилийн өмнө яагаад сувилагч мэргэжлийг сонгох болов?

- Яг үнэндээ эгч нь сувилагч болно гэж бодоогүй юм аа /инээв/. Харин эмч болно л гэж боддог байлаа. Гэтэл яагаад ч юм нэг л өдөр сувилахуйн сургуульд нь гүйгээд орчихсон байсан. Одоо энэ мэргэжилдээ үнэн голоосоо хайртай болжээ. Би нэг зүйлийг боддог юм. Эгч нь удахгүй тэтгэвэртээ гарах байх. Тэр үед энэ хэдэн хүүхдийг минь хэн гэдэг хүн асарч сувилах бол дараа дараагийн залгамж халаа болсон сувилагчид юу билээ гэдэгт их санаа зовдог. Сувилагч хийх залуус улам л ховордоод байгаад эмзэглэж буй нь тэр л дээ. Ямар ч мэргэжлийг сайн сайхнаар мэдэрч дурлаж хийж чадвал хүний амьдрал аяандаа жигдрээд ирдэг гэдгийг энэ хэдэн дүү нартаа үлгэрлэх юм сан гэж боддог. Сувилагч мэргэжлийн ямар сайхныг тав арван ч хамаагүй хүүхдэд таниулах юм сан. Өнөөдөр над дээр би сувилагч болох гэсэн юм аа гээд нэг хүүхэд гүйгээд ирвэл би лав татгалзахгүй, сурч мэдсэн бүхнээ зааж өгмөөр  байна.

-Тусгай хэрэгцээтэй хүүхдийн тасгийн сувилагч байна гэхээр заримдаа хэцүү байх уу?

-Тусгай хэрэгцээтэй хүүхдүүдийг асарч сувилна гэдэг нь маш их тэвчээр хариуцлага шаарддаг. Тусгай хэрэгцээтэй хүүхэд учраас аав, ээж нь асарч сувилахаас халшран манайд авчирч өгсөн тохиолдол ч бий. Тэр ч бүү хэл тийм төрлийн хүүхдээ хаяад явснаар манайд ирж “Олдох” гэдэг нэрийг авсан нь ч байгаа. Гэхдээ өнөөдөр эгч нь олдохуудынхаа талаар яримааргүй байна. Харин манай энэ хэдэн хүүхдийг хөгжлийн бэрхшээлтэй гэж хэлэхэд эгч нь их дургүй байдаг шүү. Ер нь тусгай хэрэгцээтэй хүүхдүүд ч гэсэн хүн шүү дээ.

Илэх өхөөрдөх бүрт л улам цоглог болоод хүн гэдгээ мэдрээд байх шиг надад санагддаг. Тиймээс би энэ хэдийнхээ ээж нь л гэж өөрийгөө боддог.  Сувилагч зөвхөн эмчийн зааврын дагуу тариа, асаргаа сувилгаа хийхээс гадна санаачилгатай, мэдлэгтэй, мэдрэмжтэй тухайн нөхцөлд тохируулан ажиллах ур чадварыг эзэмшсэн байх хэрэгтэй гэдэг нь харагдаж байгаа биз.  Харин ийм тусгай хэрэгцээтэй хүүхдүүдтэй ажиллахад хэцүү зүйл гарах нь гарна. Жишээлбэл хооллохдоо шууд л халбагадаад ам руу нь хийнэ гэсэн ойлголт байхгүй. Янз бүрийн арга хэрэглэнэ. Тэр ч бүү хэл өтгөнийг нь хуруугаараа ухахаас наагуур юм болно шүү дээ /инээв/.

-Ийм зүйл хийнэ гэхээр хүмүүс сувилагч мэргэжлийг сонгож, сувилагч болохоос халшраад байдаг юм болов уу?

- Үгүй дээ дүү минь. Ажил мэргэжил бүхэнд л хүнд хэцүү зүйл байгаа. Энэ дэлхий дээр чинь амар хялбар зүйл гэж байхгүй шүү дээ. Жишээ нь чи өдөр шөнөгүй сурвалжилга хийгээд, заримдаа хүнд хэлэх хэлэхгүй үгээр доромжлуулдаг хэдий ч сэтгүүлчээ хийгээд л байгаа биз. Нэг сайн сурвалжилга бэлтгэхдээ олон хүний амьдралыг өөрчилж чадвал чи тэрнээсээ муу муухайгаасаа илүү сайн сайхан мэдрэмж авдаг уу.

-Авна шүү?

- Тэгэхээр сувилагч хийх яг түүнтэй чинь л адил зүйл. Би өнөөдөр эндээс цурам хийлгүй 24 цаг ажиллаад гарахдаа миний сувилсан хүүхдийн биеийн байдал дээрдсэн байвал хязгааргүй баяр жаргалтай болчихдог. Би ч гэлтгүй бүх л сувилагч үйлчлүүлэгчийнхээ баярлалаа, та тариагаа ямар зөөлхөн хийдэг юм бэ гэж хэлэхэд нь хүртэл аз жаргал мэдэрдэг. Хүн ажлыг зовж хийх биш жаргаж хийх хэрэгтэй.

-24 цаг цурам хийлгүй ажиллах тохиолдол бий гэлээ. Тэгэхээр сувилагчдын ихэнх нь эмэгтэй хүмүүс байдаг. Ар гэрийнхэн нь таны ажлыг сайн ойлгож байж л сэтгэл амар хийдэг байх тийм үү?

- Мэдээж сайн ойлгоно. Хэзээ ээлжид гарах уу, хэдэн цагаас буух уу гээд л бүгдийг нь мэднэ. Эрэгтэй сувилагчид ч бас байгаа. Эхнэр нь арыг нь даагаад явчихдаг, эмэгтэй бол нөхөр нь арыг нь даагаад явчихдаг юм. Цаанаасаа зохицчихсон байдаг юм. Нэгэнт л хүн ардын эрүүл энх сайн сайхны төлөө явж байгаа юм болохоор цаанаасаа буян заяа нь тэгш дүүрэн байх биз ээ.

 Сонссон хүн ч халгаж бэргэмээр энэ ажлыг ийм сайн сайхан өөдрөгөөр хардаг сувилагчид олон.  Цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан ачаалал нь 4-5 дахин өссөн хэдий ч тэд мэргэжилдээ хайртай байж, мөн чанараа алдсангүй.  

Ингээд дараагийн тасаг болох Дутуу төрсөн нярайн тасгаар ороход хаалганууд нь онгорхой 10 гаруй өрөөнөөс хүүхдүүдийн уйлалдах чимээ тасралтгүй сонстоно. Үнэхээр л алгын чинээ ув улаан жаалуудыг хэвийн жинд нь хүргэх, амьдралтай нь хөл залгуулах гэсэн тэмцэл тэнд өрнөж байсан юм. Дутуу төрсөн нярайн  ээжийн нүднээс итгэл найдвар, горьдлого тээсэн харц мэдрэгдэж байсан бол тэр хүүхдийг хүн болгохоор ажиллаж буй сувилагч ёстой л нөгөө бурхны элч мэт харагдав.

Тус тасаг дөрвөн сувилагчтайгаар үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд 24 цагаар ээлжилж гардаг юм байна. Дутуу төрсөн нярайн тасгийн “гяв шалав” хийсэн хөдөлгөөнтэй өөртөө зохицсон шар царай, даруу төлөв яриатай, дунд зэргийн нуруутай энэ эмэгтэй бол А.Орломсүрэн. “Би сувилагч болоод долоон жил болж байна. Анх дутуу төрсөн нярайг харахдаа гайхаж бас их сандарч байж билээ. Арга ч үгүй биз дээ тийм жижигхэн гар хөл хараад балмагдалгүй яах вэ” хэмээн намуухан инээмсэглэнэ. Биднийг ийнхүү ярилцаж эхлэх төдийд л нярайнууд уйлах нь уйлж, сувилагч маань гүйн гарч одов. Хэдий бид дутуу төрсөн нярайд ойртох эрхгүй ч хүлээсний эцэст дараах яриаг өрнүүлэв.

-Сувилагч мэргэжлийн сайхан зүйл нь юундаа байдаг юм бэ?

- Хүн асарна, сувилна гэдэг чинь өөрөө сайхан зүйл шүү дээ. Миний анх сувилж байсан дутуу төрсөн нярай одоо нэгдүгээр ангийн том залуу болчихсон гээд бод доо.  Ер нь  энэ мэргэжлийн хамгийн сайхан зүйл нь бүх зүйлийг гардаж хийдэгт оршино. Эмч оношилж, эмчилгээ бичиж өгнө. Харин сувилагч тухайн хүний эмийг нь өгч, тариаг нь гардаж хийнэ. Өвчтөнтэйгөө тасралтгүй 24 цаг байдаг. Тиймээс маш сайн сонсогч байж, тухайн хүнийхээ сэтгэлзүйтэй ажиллах шаардлагатай болдог. Ер нь сэтгэлзүй, орчин, хооллолт, эмчилгээ, сувилгаа, асаргаа зэрэг нийлж байж өвчтөн эрүүл, саруул болно. Үүнд сувилагчийн хандлага харилцаа, асаргаа, сувилгаа маш чухал үүрэгтэй. Тэгэхээр мэргэжлээрээ үнэхээр бахархаж, насан туршдаа буян үйлдэж байдаг мэргэжил гэж боддог доо. Цааш цаашдаа сувилахуйн салбарт маш олон зүйлийг хийнэ.  Надад суралцах зүйл маш их байна.

-Дутуу төрсөн нярайг хүн болгоно гэдэг өөрөө их амаргүй ажил байх шүү?

-  Хүн болж төрөх нь зүүний үзүүр дээр будаа тогтохтой адил гэж үздэг биз дээ. Харин бидний хувьд амьгүй шахам дутуу төрсөн нярайг амьдралтай нь залгуулахын тулд ёстой л нөгөө будааг нь зүүн дээр нь тогтоох эрхэм үүргийг хүлээж байгаа хүмүүс гэж ойлгож болно. Тэр жижигхэн гар хөлийг өдрөөс өдөрт томорч байгааг харах ямар сайхан байдаг гээч.  Би хүүхэд үнэгчлэхийг харах  дуртай. Биеийн байдал нь сайжирч хоног хугацаа өнгөрөх тусам жин нь нэмэгдэж жижигхэн хацар суух нь хүртэл ямар эгдүүтэй гэж санана.  Ажлаасаа авдаг хамгийн жаргалтай зүйл бол тэрийг л харах шүү дээ. Яаж хүн болно доо гэж бодож байсан хүүхэд хүн болдог л юм даа.

-Эцэг, эхчүүд талархлаа илэрхийлэх үү?

- Алгын чинээ үрийг минь хүн болгож өгсөн эмч, сувилагчдаа баярлалаа гэх нь ойлгомжтой. Аав, ээж байхын сайхныг мэдрүүлж өгсөнд баярлалаа, хүүхдээ анх хүн болоход нь эргэлзэж байсан хэдий ч одоо сайн хүн болоход нь анхаараад явах ямар сайхан юм бэ гэх мэтээр баярласнаа илэрхийлнэ. Дутуу төрсөн нярайд нь хүн болоход тус хүргэсэн эмч, сувилагчийн нэрийг өгсөн аав ээжүүд байдаг юм билээ.

 Нярайн тасагт удаан зогсож болохгүй тул энэхүү гуравхан асуултыг асуугаад л бидний яриа өндөрлөх болсон юм.

 Харин энэ олон хүүхдийн уйлах дуу чимээг чагнаж зогссон надад

 "Суурь машины хажууд цурам хийлгүй хоносондоо
Сульдахаасаа илүү ажилчин чимээнд нь эцнэ" хэмээн их зохиолч Д.Цоодолын шүлгийн мөр санаанд орж билээ. Үнэхээр сувилагчийн ажил үүнтэй агаар нэг гэдгийг ойлгож авсан юм.

НЭМЭЛТ МЭДЭЭЛЭЛ,

Манай улсад өнөөдрийн байдлаар 13,473 сувилагч эрүүл мэндийн байгууллагад ажиллаж байгаагийн 13,009 нь буюу 96.5 хувь нь эмэгтэй, 464 буюу 3.5 хувь нь эрэгтэй байна. Олон Улсын Сувилагчдын Нийгэмлэгээс орчин үеийн сувилахуйн шинжлэх ухааныг үндэслэгч Флоренс Найтингелийн төрсөн өдөр болох тавдугаар сарын 12-ныг “Олон улсын сувилагчдын өдөр” болгон тэмдэглэдэг байна.

Сувилагчдыг боловсролын зэргээр харвал:

  • Бакалавр – 6,648
  • Дипломын 5,932
  • Туслах – 893 сувилагч байдаг аж.

Х.УМААХАН

ГЭРЭЛ ЗУРАГ ВИДЕО БИЧЛЭГИЙГ: Б.ЭРДЭНЭБАЯР


Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-05-12 09:09

Эгчдээ амжилт хүсье

Холбоотой мэдээ

Back to top button
1
0
Would love your thoughts, please comment.x
()
x