Нийгмийн

УИХ-ын дарга МУБИС-ийн оюутнуудад "D-parliament" цахим систем танилцууллаа

УИХ-ын дарга Г.Занданшатар өнөөдөр (2022.05.16) Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн оюутнуудад D-Parliament цахим системийн талаар танилцуулж, хэрэглээ, ач холбогдлын тухай мэдээлэл өглөө.

Хууль тогтоох үйл хэрэгт олон нийтийн санал бодлыг тусгах, иргэдийн эрх ашигт нийцсэн бодлого, шийдвэрийг гаргахад тэдний дуу хоолойг хүргэх, ард олны засаглах эрхийг хангахад вэб, аппликейшн хосолсон уг платформын зорилго оршиж байгаа юм. D-Parliament бол цахим хувьслаар дамжуулан аливаа нийгмийн асуудлыг дэвшүүлэн, УИХ-аар хэлэлцүүлэх, шийдвэр гаргах түвшинд оролцоогоо бодитойгоор нэмэгдүүлэх дэвшилтэт боломж юм гэдгийг УИХ-ын дарга Г.Занданшатар онцоллоо. 

Анх 1996 онд манай улсын интернет хэрэглэгчид 500 гаран байсан бол өнгөрсөн оны байдлаар энэ тоо 2.600.000-д хүрч, хүн амын 84.7% нь ухаалаг утас хэрэглэж байна. Иймээс технологийн дэвшлийг ашиглан ардчиллыг шинэ шатанд гаргахад залуусын оролцоо, манлайлал чухал гэж УИХ-ын дарга тодотгосон юм. Тухайлбал, боловсролын тухай багц хуулийн шинэчлэлийн асуудалд уг хуулийн хэрэглэгчид буюу оюутнууд зүйл, заалт бүрээр саналаа илгээж, сэтгэгдлээ үлдээх боломжтой төдийгүй эрдэмтэн, судлаачид, салбарын мэргэжилтнүүд ч цахим хэлэлцүүлэг өрнүүлэх талбар бий.

МУБИС-ийн Багшийн сургуулийн оюутнуудын зүгээс боловсролын багц хуулийн хэлэлцүүлэгт өөрсдийн саналыг тусгах хүсэлтэй байгаагаа уламжилж байв. Мөн багш нарын цалин хөлсийг нэмэгдүүлэх, тэдний нийгмийн асуудлыг шийдвэрлэх, судалгаа, шинжилгээний ажлыг дэмжих зэрэг зохицуулалтууд хэрэгтэй байгаа гэдгийг уулзалтын үеэр оюутнуудын төлөөлөл хэлж байлаа.

Цахим платформын хөгжүүлэлт одоо ч үргэлжилж байгаа бөгөөд цаашид олон нийтийн саналд тулгуурлан илүү боловсронгуй, хүртээмжтэй болгохоор зорьж байгаа юм. Өнөөдрийн уулзалтын дараа D-Parliament аппликейшнийг гар утсандаа суулгасан оюутнууд яг одоо хэлэлцэж байгаа зарим хуулийн төслүүдэд саналаа өгч, хэрэглээг туршин, УИХ-ын даргад сонирхсон асуултуудаа тавьсан юм. Цаашид D-Parliament цахим системийн хэрэглээг улам бүр өргөжүүлж, олон нийтийн идэвх оролцоог нэмэгдүүлэхийн тулд энэ мэтчилэн цувралаар танилцуулах юм байна гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв. 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button