Ерөнхий сайд “Эрдэнэт шинжлэх ухаан технологийн парк”-ийн үйл ажиллагаатай танилцлаа

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байгаа бөгөөд энэ үеэр "Эрдэнэт шинжлэх ухаан технологийн парк”-ийн үйл ажиллагаатай танилцжээ.
Тус паркийг 2016 онд Орхон аймгийн Засаг дарга Д.Батлутын санаачилгаар Орон нутагт шинжлэх ухаан, техник, технологийн судалгаа, инновацын үйлдвэрлэлийг хөгжүүлэх зорилгоор байгуулсан аж. Энэхүү ажилд орон нутгийн төсвөөс нийтдээ 780 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийжээ.

“Эрдэнэт ШУТП” ОНӨААТҮГ-ын захирал Г.Энхбаяр хэлэхдээ, “Өнөөдрийн байдлаар Эрдэнэт шинжлэх ухаан технологийн парк нь Гагнуурын электродын үйлдвэр, Хүний экологийн төв, Дөрвөн улирлын хүлэмж зэрэг төслүүдийг амжилттай хэрэгжүүлж байна. Үүнээс Гагнуурын электродын үйлдвэр нь жилд 100 тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай бөгөөд 2018, 2019 онд 800 орчим сая төгрөгийн борлуулалт хийжээ” хэмээв.

Түүнчлэн Орхон аймгийн Засаг дарга Д.Батлут, “Эрдэнэт шинжлэх ухаан технологийн парк одоогоор хэд хэдэн үйлдвэрийн судалгаа хийж байна. Судалгааны дүнд Эрдэнэт хотын дэд бүтэц, эдийн засгийн нөөцөд тулгуурлаж 50 орчим үйлдвэрийг шинээр байгуулж хөгжүүлэх боломжтой гэж үзэж байна. Эдгээрээс эхний ээлжинд 6 үйлдвэрийг цогцолбор хэлбэрээр хөгжүүлэхээр төлөвлөөд буй. Үйлдвэр барих 10 мянган м.кв газрыг орон нутгаас Эрдэнэт шинжлэх ухаан технологийн паркт олгосон” хэмээсэн юм.
Мөн энэхүү үйлдвэрийн цогцолборт шаардлагатай санхүүжилт дээр дэмжлэг үзүүлэх хүсэлтийг Эрдэнэт шинжлэх ухаан технологийн паркийн эрдэмтэд Ерөнхий сайдаас хүслээ.
С.ХОНГОРЗУЛ















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.