ВИДЕО КОНТЕНТ

Комедиан Т.Ариун-Эрдэнэ: Үзэгчид өмнө нь "Хараагүй хүн юм чинь инээчихье" гэж ханддаг байсан

Түүний "Цас нэвсийтэл дарсан өглөөд дуртай. Алхахад хөл дор гардаг чимээ таатай санагддаг. Бороо орсны дараа алхах сайхан. Борооны дараах үнэр хамгийн гоё мэдрэмжийг өгдөг" хэмээн ярьсаныг энд эшлэв.

Т.Ариун-Эрдэнэ харж чадахгүй ч бидэнтэй адил ингэж мэдэрдэг. Түүний бусдад ойлгуулахыг хичээж, бодож, ярьж явдаг гол зүйл дээрх агуулгатай холбоотой юм. Учир нь харааны бэрхшээлтэй ч бусадтай адил үнэрлэж, амталж, мэдэрч, сонсож чадна. Тиймээс дутуу зүйлийг нь ярих, өрөвдөх биш бусад шиг л энгийн нэгэн гэж ойлгож, хүлээж авдаг нийгмийн төлөө тэр чадахаараа дугарч яваа залуусын төлөөлөл.

Тэрбээр "Хөгжлийн бэрхшээл" гэдэг үгийг хуулийн нэр томьёоноос бусдаар хэрэглэх нь зохимжгүй. Энэ үг хамгийн их ялгаатай, эрх зөрчсөн байдлыг үүсгэдэг. Хайрлаж ойлгож байгаа нь энэ гээд тусгаарлаад, өөрөөр хандаад байгаа нь буруу тогтолцоо. Хамгийн наад зах нь ялгалгүйгээр анхнаасаа нэг сургуульд, нэг ангид сургадаг боловсролын тогтолцоо хэрэгтэй" хэмээн ярьж байсан юм.

-ЧИМЭЭГҮЙ БАЙХ НЬ ИРЭЭДҮЙД САЙНААР НӨЛӨӨЛӨХГҮЙ ГЭДГИЙГ ОЙЛГОСОН-

-Сайн байна уу. Уншигчдад маань өөрийгөө танилцуулахгүй юу?

-Намайг Т.Ариун-Эрдэнэ гэдэг. Би одоо 25 настай. Харааны бэрхшээлтэй хүүхдүүдийн 116 дугаар сургуулийг төгсөөд 2018 онд Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн харьяа Билэг дээд сургуулийг Олон улсын харилцааны мэргэжлээр суралцаж төгссөн.

-Одоо мэргэжлээрээ ажиллаж байна уу?

-Би одоогоор Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын Яамны "Зайнаас туслан дэмжих төв"-д мэдээллийн ажилтан буюу нийгмийн даатгалтай холбоотой иргэдийн асуултад 1800-0724 утсаар хариулт өгч ажилладаг. Мөн сонирхлоороо комеди хийдэг.

-Комедиг яагаад сонирхох болсон бэ?

-Багадаа их юм боддог хүүхэд байлаа. Өөрийгөө илэрхийлэх тал дээр дутмаг байсан гэж хэлж болно. Их сургуульд орсны дараа багш маань надад өөрийгөө нээж чөлөөтэй илэрхийлэх тал дээр суралцаж эхлэх хэрэгтэй гэдгийг зөвлөсөн. Сонгосон мэргэжлийн хувьд ч гэсэн бүрэг чимээгүй байх байдлууд нь сайнаар нөлөөлөхгүй гэдгийг ойлгосон. Мөн олон улсын харилцаагаар суралцаж байгаа учраас тодорхой хэмжээнд хэл сурах шаардлагатай болсон. Түүнийгээ сонирхолтойгоо холбоод англи хэл дээр комеди, хөл бөмбөг үздэг байсан.

-ИНЭЭДТЭЙ САНАГДСАН Л БОЛ ИНЭЭ-

-Анх комеди хийж эхлэх болсон тэр үеэ хуваалцаач. Хүнийг инээлгэнэ гэдэг хамгийн хэцүү зүйл гэж ярьдаг шүү дээ?

 -Манай Хараагүйчүүдийн номын санд 2019 онд комедиан Батаа ирж уулзалт зохион байгуулсан юм. Тэрхүү уулзалтаас анхан шатны гэж болох ойлголтуудыг авсан. Тухайлбал, комеди клубт "Open mic" болдог гэж мэдээд "Би ч гэсэн тайзан дээр гарч ярьж болох нь" гэж бодох болсон.

Анх удаа комедигийн тайзнаас сандрах мэдрэмжийг маш ихээр мэдэрсэн. Сүүлдээ тэр мэдрэмжид донтох болсон гэж хэлж болно шүү. Хоёр дахь удаагийн гаралт дээрээ би түрүүлчихсэн. Энэ нь надад маш их итгэл, хүч, урам болсон учраас эргэлт буцалтгүйгээр энэ зүйл рүү орсон. Миний комеди хийж байгаа гол зорилго бол хөгжлийн бэрхшээлтэй гэж яриад байгаа энэ хүмүүсийг ялгаагүй хүн гэж хардаг, ямар нэгэн ялгаатай байдал гаргаад дунд нь хана босгоод байдаггүй хандлагыг төлөвшүүлэх, үүнд нөлөөлөх.

-Таны комеди хийхдээ ярьж байгаа сэдвүүд "сонирхолтой" санагдсан. Сайн мэдэхгүй хүмүүс сонсоход гайхмаар ч юм шиг?

-Миний сонгож ярьдаг сэдвүүд хүнд талдаа. "Dark humor" гэж ангилахад ч багадана. Учир нь хүний бусдаас дутуу байдлыг, бусадтай адилхан болох боломжгүй тэр эмзэг талуудыг буюу хөгжлийн бэрхшээлтэй холбоотой асуудлуудыг хүргэж инээдэмтэй болгож байгаа болохоор хүмүүс тэгж ойлгоод байдаг.

-Тийм сэдэвт комеди яриа сэтгэл хүнд тусах, улмаар инээхээр хүндэтгэлгүй загнасан хэрэг шиг санагдах тал бий байх.

-Минийхээр бол ухаалгаар инээх хэрэгтэй гэж ойлгодог. Бодож инээх гэсэн үг. Комеди хийж байгаа хүмүүс анх голчлон ил харагдаж байгаа зүйлсийг ярьж инээлгэдэг байсан бол жил ирэх тусам үзэгчид илүү бодож инээдэг болоод байгаа.

Нөгөө талаас хэлгүй хүний талаар ярьж байгаа зүйл дээр инээж болох үгүй талаар бодож байгаа нь өөрөө буруу. Тэр нь харин ч тухайн хүмүүсийг хөгжлийн бэрхшээлтэй гэдгийг илүү мэдрүүлж, ялгаж харьцаж байгаа мэт мэдрэмж өгдөг гэж ойлгож болно. Энгийнээр бол инээдтэй санагдсан л бол инээх хэрэгтэй. Хөгжлийн бэрхшээлтэй хүний тухай юм чинь гээд инээхгүй байх нь өөрөө тэднийг бусдаас ялгаатай гэж ойлгуулж буй нэг том хэлбэр шүү дээ.  

-ХАЙРЛАЖ БУЙ ГЭЭД ӨӨРӨӨР ХАНДДАГ НЬ ГАЖУУДАЛ-

-Комеди манай улсад сүүлийн хэдэн жил хүчийг авлаа гэж хэлж болно. Танд комеди ямар мэдрэмжийг өгдөг вэ?

-Чөлөөтэй байдлаар үзэл бодлоо бусдад илэрхийлж байгаа нь таалагддаг байсан. Анх тайзан дээр гарч эхлэхэд "Энэ хараагүй хүн юу л ярив гэж дээ", эсвэл "Хараагүй хүн учраас инээчихье" гэдэг байдлууд мэдрэгдэж анзаарагддаг байлаа. Гэхдээ "Open mic" буюу өрсөлдөөн тэнд явагдаж байдаг. Тиймээс инээдгүй гэхдээ хараагүй гээд бусдыгаа ялаад байх юм бол тэнд мөнгөөр бооцоо тавиад өрсөлдөж байгаа хүмүүст хэцүү шүү дээ. Тийм учраас жинхэнэ шударга өрсөлдөөн бий болоод ирэхээр  би ч гэсэн өөрийгөө өөрөөр, гоёор мэдэрч эхэлж байгаа юм л даа.

Адилхан зохиолоо бичээд, ижил түвшинд буюу ялах үедээ ялаад, ялагдах үедээ ялагдаад явж байгаа нь хамгийн сайхан мэдрэмж. Одоогийн тухайд ярихад би хүмүүсийг инээлгэж чадаж байна, намайг сонсоод хүмүүс жинхнээсээ инээж байна гэдэг маш гоё мэдрэмжийг өгч байна. Учир нь өрөөнийхөө буланд өдөр хоногийг уйтгартай, нэгэн хэвийн өнгөрүүлж байсан хүү өнөөдөр бусдад инээд бэлэглээд явж байгаа нь аз жаргал. Энэ тал дээр манай найз Зулаа надад маш их тусалдаг. Ийм талаас нь ингээд бичвэл, яривал гээд маш их зөвлөдөг. Энэ байдал нь надад сайнаар нөлөөлдөг.

-Хөгжлийн бэрхшээлтэй гээд яриад, хэлээд, бичээд байгаа нь өөрөө ялгаатай байдал тогтох том шалтгаан гэж хараад байгаа юм л даа. Таны бодол?

-Энэ үгээр зааглагдаж байж нийгмийн даатгалаас, халамжаас тэтгэвэр тэтгэмжээ авдаг хүмүүс байгаа шүү дээ. Тийм учраас энэ үгийг хуулиндаа тусгаж өгөх нь зөв. Харин нийгэмд тодотгож дуудаад, нэршил болгоод байх албагүй гэж боддог. Зүгээр л иргэн гэдэг тодотгол ялгаагүй үйлчлэх ёстой гэж хардаг. Өөрөөр хэлбэл энэ хүмүүс танаас тусламж хүсээгүй л бол битгий оч. Тэд өөрсдөө маш сайн чадна, битгий өрөвд. Дэргэдүүр нь өнгөрөхдөө “Ээ хөөрхий, ийм юм байна, тийм юм байна” гэдэг өнгө аясыг битгий мэдрүүл. Энэ нь хэнд ч хэрэггүй зүйл. Өрөвдүүлснээрээ сайхан мэдрэмж авдаг хүн гэж байхгүй шүү дээ.

Харин танаас тусламж хүсээд "Зам гаргаад өгөөч, шатаар өгсөхөд туслаач" хэмээн өөрөө хандаж байгаа бол өөр хэрэг. Ийм ялгаатай байдал үүсгэж байгаа нь боловсролын асуудал л гэж харагддаг. Жишээ нь бид анхнаасаа нэг сургуульд сурах ёстой. Өөрөөр хэлбэл хөгжлийн бэрхшээлтэй, тусгай хэрэгцээтгэж ангилаад, боловсролыг хүртэл тусад нь олгоод эхлэхээр асуудал үүсдэг шиг санагддаг. Амьдралын бүхий л түвшинд бид ижил тэгш оролцоотой байснаар энэ ялгаатай байдалд өөрчлөлт гарна шүү дээ. Хайрлаж ойлгож байгаа нь энэ гээд тусгаарлаад бусдаас, өөр байдлаар хандаад байгаа нь хамгийн том гажуудал.

-Зарим эцэг эхчүүдийн хувьд энэ тал дээр бас алдаа гаргаж байгаа анзаарагддаг?

-Зарим эцэг эхчүүд хүүхдээ хөгжлийн бэрхшээлтэй гэдгээс нь ичдэг, боловсрол эзэмшүүлэхгүй тусгаарласаар байдаг, эсвэл оройтуулж сургуульд сургах шийдэлд хүрдэг. Эдгээр тохиолдлууд аль ч талаараа хүүхдийг хохироож байгаа хэлбэр. Насаараа хамт байхгүй, ямар нэгэн байдлаар бие дааж амьдрах нь үнэн учраас нийгмийн амьдралтай аль болох эрт хөл нийлүүлэх хэрэгтэй. Энэ нь хүүхдээ бодож хайрлаж байгаа хамгийн зөв алхам юм шүү дээ.

-Ярилцсанд баярлалаа.

ВИДЕО:

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Д. Мөнхбат

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. МҮОНР-ийн Урлаг соёлын алба болон МҮОНТ-ийн Нийгэм, эдийн засаг, бодлогын нэвтрүүлгийн редакцад сэтгүүлчээр ажиллаж байсан. Сэтгүүл зүйн салбарт гурав дахь жилдээ ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
10 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-05-23 08:44

yostoi setgeliin hattai zaluu yumaa

Зочин
Зочин
2022-05-23 09:07

зөв ярьж байна хүн угаасааа хэзээ ч тийм нэр томьео зүүгээд явж байхыг хүсэхгүй шүү дээ

Зочин
Зочин
2022-05-23 09:26

unheer mundag zaluu yumaa

Зочин
Зочин
2022-05-23 09:29

Mundag setgeltei zaluu

Зочин
Зочин
2022-05-23 09:33

Chi mundag zaluu shuu

777771234
777771234
2022-05-23 10:21

Комедиан гэж өөрсдийгөө нэрлэсэн энэ хүүхдүүд МОНГОЛ ХЭЛИЙГ ЖИНХЭН СҮЙРҮҮЛЖ БАЙХ ЮМ ДАА ... САЙХАН МОНГОЛ ХЭЛЭЭРЭЭ ЯРИХ ХЭРЭГТЭЙ БАЙНА ДАА.... муу ёрын үг хэлэхгүй , гадаад үг хэлэхгүй цэвэр сайхан монгол хэлээрээ ярьж байгаарай ...

Зочин
Зочин
2022-05-23 11:10

Хайр юм бэ????????????

Зочин
Зочин
2022-05-23 11:51

Мэдрэмж хайр дүүрэн хүн юмаа. Таны гэгээхэн сайхан ертөнцөд аз жарг�##� хүсий

Зочин
Зочин
2022-05-23 16:47

сүрхий байна ш дээ, амжилт хүсье

m.mandaxai.
m.mandaxai.
2022-05-24 00:02

amjilt xusie.

Холбоотой мэдээ

Back to top button