НИЙГЭМ

Нийслэлийн 2021 оны төсвийн гүйцэтгэлд хийсэн аудитын дүгнэлтийг өргөн барилаа

Төрийн аудитын тухай хууль, Төсвийн  тухай хуульд заасны дагуу 2021 оны нийслэлийн санхүүгийн нэгдсэн тайлан болон төсвийн гүйцэтгэлд хийсэн аудитын дүгнэлтийг Нийслэл дэх төрийн аудитын газрын дарга М.Эрдэнэжаргал Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгаланд өргөн барилаа. 

2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр нэгтгэсэн санхүүгийн байдал, санхүүгийн үр дүн, цэвэр хөрөнгө/өмчийн өөрчлөлт, мөнгөн гүйлгээний тайлангаар нийслэл хот зөрчилгүй дүгнэлт авсан байна. Харин 30 гаруй газар “хязгаарлалттай” дүгнэлт авсан бол “сөрөг” дүгнэлттэй нэг байгууллага байна. 

Өнгөрсөн онд нийслэлийн нэгдсэн төсвийн гүйцэтгэл сайн бүрдсэн бөгөөд татварын орлого давж биелсэн байна. Харин ОНӨААТҮГ-уудын өр төлбөрийг анхаарах шаардлагатайг Нийслэл дэх төрийн аудитын газрын дарга М.Эрдэнэжаргал санууллаа. 

Энэ үеэр Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан “Өнгөрсөн жилүүдэд цар тахлаас үүдэн төсвийн орлогыг бүрүүлэхэд хүнд байсан. Харин нийслэлийн төсөв харьцангуй эерэг гарсан. Гэсэн хэдий ч орлого хумигдаж, бараа эргэлтийн үйл явц хязгаарлагдаж байгааг анхаарах хэрэгтэй. Нийслэлийн хувьд орлогын дийлэнх нь буюу 70 орчим хувь ХХОАТ-аас бүрддэг. Ажлын байр хадгалах, аж ахуйн нэгж, иргэдийг орлоготой болгоход нийслэл хэрхэн дэмжих вэ гэдэг нь чухал байна…” гэлээ.

Улмаар нийслэл үргүй зардлаа багасгах, ялангуяа нийслэлийн өмчит газрууд, ОНӨААТҮГ-уудын үйл ажиллагаанд дүн шинжилгээ хийнэ гэдгийг онцлов. Нийслэл хот төрийн үйлчилгээг түргэн шуурхай, бага зардлаар, ил тод цахимаар үзүүлэх ажлыг эрчимтэй хийж байна. Тиймээс шаардлагагүй албан тушаал, орон тоог эргэж харах, тэвчиж болох зардлуудаа хэмнэхтэй холбоотой гарч буй хууль, тогтоомжуудын хэрэгжилтийг хангахад Нийслэлийн ИТХ аудитын байгууллагатай хамтран ажиллана хэмээв. 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button