СУРВАЛЖИЛГА: Ханиад хүрсэн хүүхэд, том хүнээр өрх, дүүргийн эмнэлгүүд дүүрчээ
Коронавируст халдварын нөхцөл байдал намжихтай зэрэгцэн олон нийтийн дунд ханиад, хатгалгааны шинж бүхий өвчлөлийн гаралт нэмэгдэж байна. Ингэхдээ байгууллагаараа болон сургууль, цэцэрлэгийн орчинд нэг ангийн сурагчид ханиадаар өвчилж ирэх тохиолдлууд ч их байгаа аж. Энэ байдлаас шалтгаалан өрхийн эрүүл мэндийн төв болон харъяа дүүргийн эмнэлгийн орнууд ханиадаар өвчилсөн хүүхдүүдээр дүүрчээ.
Манай сурвалжлах баг Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлэг болон тус дүүргийн наймдугаар хорооны өрхийн эмнэлгээр орж, энэ төрлийн ханиадаар өвчилсөн иргэдийн нөхцөл байдал ямар байгаа талаар болон эмнэлзүйн хувьд илэрч буй шинж тэмдэг зэргийг мэргэжилтнүүдээс тодруулан сурвалжиллаа.
Ердөө хоёр эмнэлгээр л ороход ханиад нь хүндэрч, хатгаа авсан хүүхдүүдийн тоо их байлаа. Тодруулбал, СБД-ийн нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасаг 125 ортой ба 130 орчим хүүхэд ханиад хүрч хатгаа болон хүндэрсний улмаас хэвтэн эмчлүүлж байгаа аж. Энэ талаар СБД-ийн нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасгийн эрхлэгч М.Ариунжаргал дараах мэдээллийг өгч байна.

-УЖИГ ЯВЦТАЙ, ХҮНДРЭХ ЭРСДЭЛТЭЙ ХАНИАД ХҮҮХДҮҮДИЙН ДУНД ЗОНХИЛЖ БАЙНА-
-Хэдий томуугийн улирал өнгөрсөн ч ханиадаар өвчлөх хүүхдүүдийн тоо нэмэгдэж байгаа талаар эцэг, эхчүүд хэлж байна. Бодит нөхцөл байдал дээр ямархуу дүр зураг харагдаж байна вэ. Тухайлбал, танай эмнэлгээр өдөрт дунджаар хэчнээн иргэн ханиадтай холбоотойгоор үйлчлүүлж зөвлөгөө мэдээлэл авч байна?
-Манай нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасаг 125 ортой. Өнөөдрийн байдлаар 130 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Ажлын өдрүүдээр 60-70, амралтын өдрүүдэд 80-100 хүүхэд хүлээн авахаар үйлчлүүлж байгаа. Ерөнхийдөө ханиадтай, уушгины хатгалгаатай болон төвөнхийн бачуурал өвчний улмаас хандаж байна. Голцуу хандаж байгаа нь амьсгалын замын өвчин гэсэн үг. Өмнөх долоо хоногтой харьцуулахад буурсан хэдий ч анхаарлаа сулруулж болохгүй.

-Одоо дэгдээд байгаа ханиадны тухайд тодорхой мэдээлэл өгөхгүй юу. Ер нь хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?
-Нэлээд ужиг явцтай хүндрэх эрсдэлтэй ханиад байна. Маш олон төрлийн томуугийн вирус, RS вирус гэх мэт эргэлтэд байгаа олон төрлийн вирусын халдвар зонхилж байна. Хэдийгээр өмнөх долоо хоногийг бодвол хүндэрч ирж байгаа тохиолдол цөөрсөн. Харин сэхээн амьдруулах, яаралтай тусламжаар ирж байгаа хүүхдүүдийн тоо их байна. Ингэхдээ нярай хүүхдүүд голчлон амьсгалын замын бөглөршил, цэр салстаар бөглөрөх гэх мэт байдлаар хүндрэн ирж байгаа. Мөн цэцэрлэг, сургуулийн насны хүүхдүүд ихээр өвчилж байна. Сургууль, цэцэрлэг гэлтгүй гэр бүлийн орчноос ч ханиад авах байдал түгээмэл ажиглагдаж байна.

Биднийг эмчтэй хэсэг хугацаанд ярилцах зуур ханиадтай хүүхдээ дагуулсан гурван ч эцэг, эх эмчийг завтай болсон эсэх талаар лавлав. Тиймээс бид саад бололгүйгээр яриагаа ийнхүү өндөрлөсөн юм. Ханиадтай хүүхдээ эмчид үзүүлэхээр ирсэн хүүхдүүдийн эцэг, эхчүүд ийнхүү ярьж байна.
-ХАНИАДТАЙ БАЙХАД НЬ ДУР МЭДЭЖ ЭМ УУЛГАХГҮЙГЭЭР ЭМЧИД ҮЗҮҮЛЭХ НЬ ЗҮЙТЭЙ-

Иргэн Н.Гэрлээ “Манай хүүхэд анги дээрээсээ л ханиад хүрээд ирэх шиг боллоо. Одоо гэрт их, багагүй хавтгайрсан ханиад. Хоолой нь өвдөөд халуураад л байх шиг байна. Томчууд нь ч дүүрч. Пянг нь даагаад гарах байх. Хүүхдээ ханиад хүрсэн л бол дур мэдэж эм уулгахгүйгээр эмчид үзүүлэх нь зүйтэй юм билээ"

Иргэн Д.С.... “Ажил, ажил гээд охиноо анзаарахгүй явсаар ханиадыг нь хүндрүүлчих шиг боллоо. Урд шөнөжин халуурсан. Би өөрөө бас ханиад авчихсан. Эм уугаад ч намдахгүй байхыг бодоход их л хүнд ханиад бололтой. Би ч яах вэ. Хүүхдээ л эдгээх нь чухал болчихоод байна. Өчигдөрхөн л зүгээр шахуу байсан чинь өнөөдөр хатгаа болчих шиг боллоо. Халуун нь буухгүй байна. Ямартай ч дулаарч байгаа гэлтгүй эцэг, эхчүүд хүүхдэдээ анхаарал хандуулаарай. Одоо эмнэлэгт хэвт гэвэл ажлаасаа чөлөө аваад хэвтэнэ дээ” хэмээн ярив.
-ӨӨРТӨӨ ОНОШ ТОГТООГООД, ДУР МЭДЭН АНТИБИОТИК ХЭРЭГЛЭЭД БАЙЖ БОЛООХГҮЙ-
Эцэг, эхчүүдийн хувьд дур мэдэн хүүхдэдээ антибиотик өгөхгүй эмчид хандаж байгаа хэдий ч хурдан хугацаанд хүндэрч байна гэдгийг хэлж байсан юм. Мөн гадуур хурдацтай тархаж буй эл ханиадны хувьд эдгэх нь удаан буюу дор хаяж 14 хоног, эдгэсэн гэж бодсон хэдий ч буцаад л хурдан сэдэрч байгаа аж. Тэгвэл энэ талаар СБД-ийн наймдугаар хорооны өрхийн эмнэлгийн эмч С.Батцэцэгээс тодрууллаа.

-Танай өрхийн эмнэлэгт өдөрт ханиад хүрсэн иргэд хэр их хандаж байна вэ?
-Цаг агаар жаахан дулаараад ирсэн чинь иргэд хэт нимгэн хувцаслаж байна. Манай эмнэлгээр өдөрт 30 гаруй хүүхэд үзүүллээ гэж бодоход талаас дээш хувь нь ханиад хүрсэн хүүхдүүд ирж байна. Хүүхдүүддээ зайрмаг идүүлж, хэт нимгэн хувцалснаас шалтгаалж ханиад хүрээд байна. Түүнчлэн хүүхдүүдийн дархлаа сул байгаа учраас вирусийн гаралтай ханиад улам газар авч идэвхжих шинжтэй байгаа. Эл ханиадны хувьд хуурай ханиалга ихтэй, хүүхдийн биеийн байдлаас шалтгаалж халууралт нь янз бүр. Цаашид ч үргэлжлэх хандлага ажиглагдаж байна.
-Энэхүү ханиадыг иргэд коронавирустэй холбон тайлбарлаад байх шиг байна?
-Коронавирустэй холбоотой. Ерөнхийдөө улирлын чанартай л юм болж байна.
-Өмнө таны яриандаа дурдсанчлан антибиотик төрлийн эмэнд л дарагдах ханиад гэлээ. Уг нь ханиад хүрмэгц шууд л антибиотик хэрэглээд байж болохгүй биз дээ?
-Мэдээж шүү дээ. Эхлээд эмчид үзүүлнэ. Дараагаар ямар, ямар эм уухыг нь зөвлөнө. Эмчийн заавраар л хэрэглэх ёстой болохоос дур зоргоороо "Би ханиад хүрчихсэн юм чинь, энэ эм л тохирно" гээд өөрийгөө оношлоод байж болохгүй. Өөрөө өөрийгөө оношилсноос болж л ханиад нь эдгэхгүй хүндрэх тохиолдол гарч байна. Ихэвчлэн томчууд л иймэрхүү хайхрамжгүй үйлдэл гаргаж байна шүү дээ.
-Ханиад нэгэнт хүрсэн бол яах ёстой вэ? Ханиад хүрчхээд гүрийгээд л яваад байгаа хүмүүс байна шүү дээ?
-Хамгийн гол нь эмчид эхлээд хандах хэрэгтэй. Тэгж байж л эмчилгээ, уух эм ээ бичүүлж авна. Бусдаар эмч оношлоогүй байж эм зөвлөдөггүй. Мөн улиралдаа тааруулж хувцаслах, халуун бүлээн шингэн зүйл сайн уух хэрэгтэй. Дархлаа дэмжих зүйлс тогтмол хэрэглэх нь чухал. Гадаад орчинд амны хаалт зүүхгүй байж болох ч ажил дээр чинь хэн нэг нь ханиадтай байвал урьдчилан сэргийлээд амны хаалтаа зүүсэн ч болно шүү дээ.
ТОХИОЛДОЛ: "Эм уугаад тухайн үедээ намдсан ч удахгүй сэдэрсэн"

Харин өрхийн эмнэлгээр үйлчлүүлж буй иргэн Д.Ц –гийн хувьд ханиад хүрээд 10 гаруй хонож байгаа гэнэ. Тэрбээр эхлээд эм дур мэдэн авч уусан хэдий ч эдгэрэхгүй улам хүндрэн эмнэлэгт хэвтэхэд хүрсэн аж. Тодруулбал, анх ханиад хүрэхдээ ямар ч эмчийн зааваргүйгээр антибиотик уужээ. Энэ талаараа бидэнд ярихдаа “Би одоо 60 дөхөж яваа хүн. Ханиад хүрээд халуураад, хамаг яс янгинаад байхаар Coldamin авч уусан. Давхарлаж уугаад эхний гурав хоногт арай дээрдэх шиг болсон юм. Гэтэл ахиад л сэдрээд эмнэлэгт хэвтэхдээ тулсан даа” гэв.
-ХАНИАД ЭДГЭХГҮЙ БАЙГАА НЬ АНТИБИОТИКИЙН БУРУУ ХЭРЭГЛЭЭТЭЙ ХОЛБООТОЙ ЮУ-

Харин дээрх агуулгаар бид эмийн санч С.Нандинцэцэгтэй ярилцахад дараах мэдээллийг өгөв. Тэрбээр “Аль 2016 оноос эхлээд л эмийн буруу хэрэглээ манай улсад гаарсан. Антибиотикийг чихэр шиг хэрэглэж эхэлсэн. Энэ нь буцаад хүний биед эсрэг биет үүсгэчихдэг. Ханиад ямар ч антибиотикт дарагдахгүй байна гэдэг чинь товчхондоо ийм л учиртай.
Эмийн чанар муудлаа гээд зарим албан тушаалтнууд "орилоод" байдаг. Гэтэл тийм биш. Ганц нэг чанар муутай эм байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ нийтээрээ муудаагүй. Яг л хэвэндээ. Харин эсрэг биет гэдэг нь үүсчихээд дарагдахгүй тохиолдол гарч байгаа нь л энэ.
Нөгөө талаараа чанаргүй эм гэж хэлээд ард нь жинхэнэ өөрсдөө чанаргүй эмийн бизнесээ хийх гэж байж магадгүй шүү. Манай иргэдийн дунд ч буруу ойлголт байна. Эмчийн зааваргүйгээр шууд ирээд эмийн санчийг хэлэх хэлэхгүй үгээр доромжилж байгаад антибиотик төрлийн эм худалдаж авах гэж оролддог асуудал ч байна” хэмээв.
СЭТГҮҮЛЧИЙН ТЭМДЭГЛЭЛ: Хэдийгээр ханиад томуугийн улирал шувтарж байгаа хэдий ч эрчээ алдаагүй л байна. Тиймээс иргэд анхаарлаа сулруулж болохгүй. Түүнчлэн энэ нөхцөлд эмийн буруу хэрэглээгээ хязгаарлах хэрэгтэй. Дур мэдэж эм ууснаараа ирээдүйд эмд ч дарагдахааргүй болох эрсдлийг бий болгохыг анхаарах нь зүй.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.