Ярилцлага

А.Ананд: Ойрын зорилго маань дэлхийн аваргаас медаль хүртэх

Тэр одоогоос гуравхан жилийн өмнө нэгэн зорилго тээн Монголдоо буцаж ирсэн. Тэр зорилго нь сагсан бөмбөгийн 3х3 төрлөөр дэлхийд өндөр амжилт гаргах, олимп, дэлхийн аварга болох. Эл зорилгодоо хүрэхийн тулд Японы их сургуулиа дундаас нь орхиж ирээд, “Улаанбаатар ММС энержи” багт нэгдэж байсан түүнийг Ариунболдын Ананд гэдэг.

Тэрбээр эхний жилээ л гэхэд “Улаанбаатар ММС энержи”-гийнхний хамт Инже, Манилагийн чэлленжерээс хүрэл медаль хүртэн, АНУ-д болсон “Их дуулга”-д IV байрт шалгарсан.

Сэтгүүлч Б.Буяндалай өнөөдрийн онцлох контентынхоо агуулгыг танилцуулж байна.

Мөн Монгол Улсын шигшээ багийнхны хамт дэлхийн элсний анхдугаар наадмаас хүрэл медаль авсан юм. Үүний сацуу ФИБА 2019 оны залуучуудын ДАШТ-ий шилдэг 10 тоглогчийн нэгээр түүнийг онцолсон.

Үүний сацуу 2019 онд олныг шуугиулж, шинээр танигдсан дэлхийн шилдэг 10 рүүки тоглогчийг онцлохдоо А.Анандыг хамгийн шилдгээр нэрлэсэн нь давтахад бэрх амжилт. Тэрбээр Монголын Үндэсний сагсан бөмбөгийн холбооны 2019 оны шилдэг залуу тоглогчоор тодорч, давхар цохилт хийсэн юм.

А.Ананд багаасаа шуугиулж, олны хараанд өртсөн тоглогч. “ТLG-13” клубээс тамирчны замналаа эхэлсэн, С.Тулга дасгалжуулагчийн унаган шавь. Өсвөр үеийн УАШТ-ий шилдэг тоглогчоор олон удаа тодорч, 2013 онд насныхаа ангилалд шилдэг тамирчнаар шалгарсан юм.

Мөн “Хагуро” сургуулийн нэрийн өмнөөс Японы сурагчдын лигт өрсөлдөхдөө 28 оноо, самбараас бөмбөг авалт 19, оновчтой дамжуулалт ес, бөмбөг таслалт дөрвийг дунджилжээ. Тэгэхдээ “Ямагата Ничидай” сургуулийн эсрэг тоглохдоо 45 оноо авч, шуугиулсан юм.

Энэ жил дээд лигээс “Архангай Алтан Дорнодын дайчид” багийнхны хамт хүрэл медаль хүртсэн М.Ананд өдгөө “Сансар ММС Энержи” багт тоглож байгаа. Тэрбээр хамгийн сүүлд буюу өнгөрсөн амралтын өдрүүдэд болсон дэлхийн “Их дуулга”-аас багийнхныхаа хамт хүрэл медаль хүртэн, 22 мянган ам.доллароор шагнуулсан юм.

АМЖИЛТЫН ТӨЛӨӨ ЯПОНЫ ИХ СУРГУУЛИА ДУНДААС НЬ ОРХИОД ИРСЭН

-М.Ананд 2019 онд Японд байхдаа сургуулиа дундаас нь орхин, эх орондоо ирсэн. Сагсан бөмбөгийн 3х3 төрлөөр тууштай хичээллэх, амжилтын төлөө зүтгэхийн эхлэл нь тэр байв уу?

-Сайн байна уу. Юуны өмнө “Eguur.mn” сайтын хамт олонд энэ өдрийн мэнд хүргэе. Би Японд сурч байгаад гуравдугаар дамжаанаас нь орхиод, 2019 оны дөрөвдүгээр сард эх орондоо ирсэн. Тухайн үед манай багийн Г.Цэнгүүнбаяр ах бэртчихсэн байсан юм л даа. Би орон зайг нь нөхөөд өрсөлдсөн. Анхандаа 3x3 төрлийн дүрмэнд дасахад амар байгаагүй ээ. Шантармаар, больё гэж цөхөрмөөр үе зөндөө байсан. 3x3 төрлийн дүрэм, багийнхаа системд уусаж чадахгүй үе, цагийн зөрүүнд дасах шиг хэцүү зүйл байгаагүй. Сагсан бөмбөгийн 3х3 төрлөөр тууштай хичээллэх, амжилтын төлөө зүтгэж эхлэхийн маань эхлэл тэр байлаа.

Монголоос найман цагийн зөрүүтэй улсад очоод тэмцээнд оролцох анхандаа хэцүү байсаан. Тэр бүхэнд бууж өгөөгүйгийнхээ хүчинд өнөөгийн амжилтад хүрлээ. Би мундагтаа ийм амжилтад хүрээгүй. Би бус бид багаараа шилдэг байсаар ирснийхээ хүчинд л өнөөгийн амжилтыг гаргасан юм шүү.

-Их сургуулиа гэнэт дундаас нь орхиод Монголд ирэх амаргүй байсан нь мэдээж. Гэнэт тийм шийдвэр гаргахад юу нөлөөлөв?

-Сагсан бөмбөгийн спорт, С.Тулга дасгалжуулагч. Г.Цэнгүүнбаяр ахыг бэртсэний дараа намайг багтаа тоглуулах санал тавьсан юм. Би Японд таван жил амьдарсан. Тэнд “Жобу” их сургуульд олон улсын бизнесийн чиглэлээр сурч байсан юм. Японы хоёрдугаар дивизионд өрсөлддөг “Жобу” сургуулийн багт тоглон, гараанд гардаг байв. Тэгээд ерөөсөө сагсан бөмбөгийн спортоор тууштай хичээллэх, “Улаанбаатар ММС Энержи” багт тоглохын тулд их сургуулиа гуравдугаар дамжаанаасаа орхисон.

БАГШДАА БИ ЭРГЭЛЗЭЭГҮЙ, ТЭГЭЭД Л ЗӨВШӨӨРСӨН

-Сургуулиа төгсөх үү, “Улаанбаатар ММС энержи” багт тоглох уу гээд хэр эргэлзэв. Гэр бүлийнхэн нь хэрхэн хүлээж авсан бэ?

-Аав, ээж хоёр их дургүйцсэн, би өөрөө ч бага зэрэг эргэлзэж байснаа нуугаад яах вэ. С.Тулга багш манай гэрийнхнийг их сайн ятгасаан. Багаас минь надад сагсан бөмбөг зааж, энэ спортод хөл тавиулсан багшдаа би эргэлзээгүй. Тэгээд л зөвшөөрсөн юм.

-Японд байхдаа 3x3 төрлөөр ямар нэгэн тэмцээнд оролцдог байв уу?

-Нэг удаа өрсөлдсөн юм байна, 2018 онд. Бүх Японы аварга шалгаруулах тэмцээнд оролцохдоо мөнгөн медаль авсан. 3x3 төрлөөр гаргасан анхны амжилт маань тэр.

ДЭЛХИЙН ШИЛДЭГ РҮҮКИ ТАМИРЧИН

-Монголд ирсэн анхны жилээ дэлхийн шилдэг рүүки тоглогчоор шалгарч, шуугиулсан. Таны ур чадвар, амжилтыг дэлхий хүлээн зөвшөөрсний илрэл болов уу. Тэр жил гаргасан амжилтдаа хэр сэтгэл хангалуун байсан бэ?

-Мэдээж дэлхийн шилдэг рүүки тоглогч болсондоо сэтгэл хангалуун, баяртай байлгүй яах вэ. Гэхдээ үнэнийг хэлэхэд тэр жил би амжилтаа чамласан. Зорьсондоо 100 хувь хүрч чадаагүй. ДАШТ-д өрсөлдөхдөө Серби, Голландын багт хожигдохдоо өөрийгөө их голсон. Хожих боломж 100 хувь байсан ч ашиглаж чадаагүй. Мөн Дэлхийн элсний наадамд түрүүлэх боломж байсан уу байсан.

-Монгол хүн сагсан бөмбөгийн спортын төрлөөр залуучуудын ДАШТ-ий шилдэг 10 тамирчны нэг болж, дэлхийн хамгийн шилдэг рүүки тоглогчоор шалгарсан нь яах аргагүй бахдам амжилт. Өөрийгөө наймхан сарын хугацаанд ийм хэмжээнд хүрнэ гэх багцаа танд байсан уу?

-Байгаагүй ээ. Би өөрийгөө дэлхийн шилдэг рүүки тоглогч болно гэж үнэндээ төсөөлөөгүй. ФИБА-гийн анхаарлыг ингэж татаж, онцлуулна гэж ёстой зүүдэлж ч байгаагүй. Тэдний хараанд өртөн, дэлхийн шилдгээр нэрлэгдсэндээ одоо ч баяртай явдаг. Үүнийг дагаад асар их хариуцлага надад ноогдож байгаа. Багийн спортын төрлөөр монголчууд өндөр амжилт гаргаж чадахыг нотолж яваагаараа бахархдаг.

“САНСАР ММС ЭНЕРЖИ” БАГИЙН ТОГЛОГЧ

-Одоо та ямар багт тоглож байгаа билээ?

-“Сансар ММС энержи” багт.

ндөр, жин нь хэд вэ?

-Би 1997 оны дөрөвдүгээр сарын 14-нд төрсөн. 25 настай. 195 см өндөр, 80 кг жинтэй. Миний тоглолтын гол онцлог бол шидэх. Шидэгчийн байрлалд тоглодог. Хэзээд холын зайнаас найдвартай шидэж, сайн хамгаалдаг нь миний давуу тал.

13 настайгаасаа хойш сагсан бөмбөгийн спортоор хичээллэж байна. Багаасаа NBA үзэн, зав л гарвал сагсан бөмбөг тоглох дуртай хүүхэд байлаа. NBA-ийн, дээд лигийн тоглогч нар шиг мундаг тамирчин болохыг мөрөөддөг байв. Тэр бүхэн намайг сагсан бөмбөгийн спортоор тууштай хичээллэх, тоглогч болоход нөлөөлсөн.

ДЭЭД ЛИГИЙН ХҮРЭЛ МЕДАЛЬТАН

-Энэ жил “Архангай Алтан Дорнодын дайчид”  багийн хамт дээд лигээс хүрэл медаль хүртсэн. Алдаа, оноогоо хэрхэн дүгнэж байна вэ?

-Мэдээж энэ жил дээд лигт түрүүлэхийн төлөө өрсөлдсөн. Дээд лигийн аварга зорилго тавиад тоглосон. Даанч санаснаар болоогүй. Манайх шинэ баг. Залуу тоглогч олонтой. Туршлага дутчихлаа гэж хувьдаа дүгнэж байгаа.

-Бүсийн аваргын төлөө “Хасын хүлэгүүд” багт хожигдсон. Тэднийг хожих боломж байсан уу?

-“Хасын хүлэгүүд” багийг хожих боломж манай багт зөндөө байсан. Хожигдлоосоо их зүйл ухаарлаа, туршлага хуримтлууллаа. Энэ алдаагаа дахиж давтахгүй ээ.

ДЭЭД ЛИГЭЭС ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЭХЭД ДУТУУ МЭДРЭМЖ ТӨРСӨН

-Хүрэл медаль хүртэхэд ямар мэдрэмж төрсөн бэ?

-Хүрэл медалийн төлөөх тоглолтод хожигдох эрх бидэнд байгаагүй. Улирлаа амжилттай дуусгая, медаль хүртье гээд бүхнээ шавхсан. Хүрэл медаль авахад үнэхээр сайхан санагдсан. Гэхдээ сэтгэл дундуур, дутуу мэдрэмж төрсөн.

-Ирэх улирлын дээд лигт “Архангай Алтан Дорнодын дайчид” багт дахиад тоглох уу?

-Одоогоор тодорхойгүй байгаа.

-Сая өрсөлдөхдөө нэг улирлын гэрээ байгуулсан юм уу?

-Тэгсэн.

ХИЙЖ ЧАДДАГ ЗҮЙЛЭЭ Л ТАЛБАЙ ДЭЭР ГАРГАХЫГ ХҮСДЭГ

-Өндөр оноо аваад, багийн лидер байх чухал уу. Хийх ёстой зүйлсээ 100 хувь биелүүлэх чухал уу?

-Хийж чаддаг зүйлээ л талбай дээр гаргахыг хүсдэг.

-Чухал, эгзэгтэй мөчид довтлохдоо, холын зайнаас шидэхдээ өөрийгөө, сэтгэл зүйгээ хэрхэн бэлддэг вэ?

-Өөртөө огт эргэлздэггүй. “Би бөмбөг оруулна, чадна” гэж өөрийгөө зориулаад л шиддэг.

ОЙРЫН ЗОРИЛГО МААНЬ ДЭЛХИЙН АВАРГААС МЕДАЛЬ АВАХ

-Ойрын зорилгоосоо хуваалцахгүй юу?

-Зургаадугаар сард Бельги улсад ДАШТ болно. Хамгийн ойрын зорилго маань дэлхийн аваргаас медаль авах. Цаашлаад Азийн аваргад амжилт гарган, 2024 оны олимпын эрх авахыг хүсэж байна.

-Үлгэрлэж явдаг тамирчин бий юү?

-Багадаа NBA-ээс Трэйси Макгрейдигээс үлгэрлэдэг байсан. Одоо Монголынхоо дээд үеийн ах нараас бүгдийг нь хүндэлж, үлгэрлэн, суралцаж явдаг.

БИЕИЙН ХҮЧНИЙ ТОГЛОЛТДОО АНХААРНА

-Цаашид өөрийгөө хэрхэн хөгжүүлье, ур чадвараа ахиулъя гэж зорьж байна вэ?

-Өдөр бүхэн бэлтгэлээ тууштай хийн, сахилга баттай байх чухал. Үргэлж шинэ зүйл сурах, өөрийгөө хөгжүүлэх хүсэл, тэмүүлэл, эрмэлзэлтэй байх хэрэгтэй. Зорилгоо өндөр тавихын хэрээр хөгжиж, сайжирдаг юм билээ.

Сагсан бөмбөгийн 3х3 төрөл биеийн хүчний тоглолт ихтэй. Миний биеийн хүч жаахан дутуу байх. Тиймээс энэ тал дээр анхаарч, биеэ хөгжүүлэхийг зорьж байгаа.

-NBA-ийн аваргын төлөө “Golden State Warriors”, “Boston Celtics” баг аваргын төлөө шалгараад байна. Таны таамгаар аль нь түрүүлэх бол?

-“Golden State Warriors” түрүүлчих болов уу гэж таамаглаж байна.

-Ер нь аль багийн фэн вэ?

-Яг часхийтэл дэмждэг баг надад байхгүй. Ерөнхийдөө “Golden State Warriors” тоглолтыг үзэх дуртай.

-М.Анандыг дэмждэг бүх хүнд хандаж юу хэлэхийг хүсэж байна вэ?

-Намайг дэмждэг бүх хүнд баярлалаа. Зөв хандлагатай, нүдний далд ч зөв хүн байгаарай гэж хэлье.

ГЭРЭЛ ЗУРАГ, БИЧЛЭГИЙГ О.УЛСБОЛД

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Zochin
Zochin
2022-06-02 09:18

Tamirchni daraa zamnalaa bas bodoh nas irj bga uym bna daa

Зочин
Зочин
2022-06-02 11:48

amjilt husey mundag zaluu shu ????????????????

Зочин
Зочин
2022-06-02 13:22

Амжилт хүсье Ананддаа ????????????

Зочин
Зочин
2022-07-10 22:51

Үнэхээр мундаг хичээл зүтгэл сайтай юм аа????????

Холбоотой мэдээ

Back to top button