ВИДЕО КОНТЕНТЯрилцлага

“ЧОТОРО”-ГИЙН ЭЭЖ М.ЭНХЖАРГАЛ: Хүүгийнхээ төлөө элэг бөөрний донор болох талаар ч бодож байсан

Ээж.. ээж... тэгээд эмэгтэй хүн. Тэдэнд нүдэнд харагддаггүй ч байж болох их хүч бий...

Нээрээ төрж үзэх ямар байдаг бол гэсэн бодол толгойд зурсхийн орж ирэв.

Нэг төрөөд үзчих юм сан. Ер нь анх ээж болоход ямар мэдрэмж төрдөг юм бэ хэмээн ярилцагчаасаа асуулаа   

“Би төрөхийн өвдөлтийг хоёрон тоо мэдэрч ээж болохын жаргалыг өнөөдрийг хүртэл амссаар, мэдэрсээр явна. 11 жилийн өмнө анхны үрээ тэврэхийн сайхныг одоо хэлье гэсэн ч аманд багтахгүй юм. Жижигхэн гар хөлийг нь хараад өөрийн эрхгүй догдолж базаад, хазаад авмаар тийм л эгдүү хөдөлж билээ.

Надаас ийм бяцхан амьтан гарлаа гэж үү хэмээн өөртөө итгэхгүй байх нь их инээдтэй. Харин хоёр дахь хүүгээ төрүүлэх гээд 8 жилийн өмнө урьдын л адил өвдөлт өгч төрөв. Гэтэл эмнэлгийн эмч нар жиг, жуг хэмээлдээд байв. Би гайхсан хэдий ч тухайн үедээ юм бодоогүй. Хоёр дахь хүү маань микротиа /бичил чих/ гэсэн оноштой чихний дэлбээ нь хөгжөөгүй, төрөлхийн сонсголын бэрхшээлтэй болж таарав. Эмнэлгийн өрөөний бүдэг гэрэлд хараад гайхсан” хэмээн ярих энэ эмэгтэйг М.Энхжаргал гэдэг. 

Гялав шалав хийсэн түргэн хөдөлгөөнтэй. Юм л бол инээд алдаж суух түүний хувьд бага хүү болох Д.Цогт-Очирынхоо хэл яриаг нь авч үлдэхийн тулд бусдаас тусламж гуйж явсан өдөр ч бий.

“Намайг тусламжийн хайрцаг бариад явж байхад хамгийн их хандив өгч байсан хүмүүс нь оюутнууд нөгөө л нэг гудамжны хэмээн бусдад ад шоо үзэгддэг хүмүүс. Тиймээс би бүх хүнийг хайрладаг” гэж ярих тэрбээр одоо өөрийн хүүтэй адил оноштой хүүхдүүдэд тусалдаг, тэдний эцэг эхчүүдэд зөвлөгөө мэдээлэл өгдөг "Сонор микротиа" ТББ-ыг тэргүүлэхээс гадна хүүгийнхээ суралцдаг цэцэрлэгт туслах багш хийдэг гэнэ.

-Та яаж ийм олон ажлыг зэрэг, зэрэг амжуулдаг юм бэ?

-Ээж хүн чинь зуу, зуун гартай болчихдог юм шүү дээ /инээв/. Чи намайг цэцэрлэгтээ багшлаад, ТББ-ын ажлаа хийдэг л гэж бодож байна уу. Давхар орой нь ойр хавийн хэдэн байрандаа тааруулаад барааны наймаа эрхэлж хүргэлт хийнэ, хумс будна, үс янзална гээд их зүйл хийнэ шүү дээ. Одоо цаашдаа сэтгэл зүйчээр сурна гэсэн төлөвлөгөө байгаа гээд л бод.

-ХҮҮГИЙНХЭЭ ӨМНҮҮР ОРЖ ЮМ БОЛГОНЫГ ШИЙДЭХГҮЙ УЧРААС СЭТГЭЛ ЗҮЙГ НЬ БЭЛДЭНЭ-

-Сэтгэл зүйчээр сурах хэрэгцээ шаардлага их гарч байна уу?

-Тэгэлгүй яах вэ. Зөвхөн үе тэнгийнх нь гэлтгүй зөрж өнгөрөх томчууд хүртэл чихийг нь нүд салгахгүй дагуулаад харах тохиолдол ч бий. Тэр үед нь би нүд салгалгүй ширтээд байгаа хүмүүсийг зөрүүлээд ширтчихдэг юм. Тэр ч бүү хэл зарим нь чиний чих яагаад ийм болсон юм гэж асуух тохиолдол ч гардаг. Энэ тохиолдолд хүүд маань ч надад ч жаахан хүнд тусдаг.

Гэхдээ би бүх зүйлийг өөдрөгөөр харах хэрэгтэй болдог шүү. Тийм учраас би сэтгэл зүйчээр сурч микротиа оноштой хүүхдүүд болон эцэг эхчүүдэд нь сэтгэл зүйн зөвлөгөө өгнө. Мөн хүү маань удахгүй сургуульд сурна. Зарим үед бэрхшээл гадуурхалт тулгарч магадгүй. Тиймээс би хүүгийнхээ өмнүүр орж юм болгоныг хийгээд байх боломжгүй учраас анхнаас нь хүүгийнхээ сэтгэл зүйг бэлдэх хэрэгтэй гэж бодож байгаа.

-Микротиа оноштой хүүхдүүдийн хувьд эмчлэгдэх боломж нөхцөл нь хэр байдаг юм бол?

 - Бид хугацаа алдсан бол хүүхдийнхээ хэл яриаг авч үлдэх боломжгүй байсан. Анх хүүдээ 20 саяын аппарат яаралтай авч зүү гэсэн. Дөнгөж их сургуулиа төгсөөд ажил амьдралынхаа гарааг эхлүүлж байсан залуу гэр бүлд энэ мөнгө алхаар цохиулж байгаа юм шиг л хүнд сонсогдож байлаа. Яаралтай авах болохоор хандив цуглуулж эхэлсэн. Яг тэр үед би үнэхээр барын ам руу гараа хийхээс буцахгүй болсон байсан. 

Эмчилгээний тухайд гэвэл хавирганаас мөгөөрс авч чихний дэлбээг хийх, мөгөөрс ургуулах гэх мэт аргууд байдаг юм билээ. Хамгийн сайн хагалгаа хийдэг газрыг сонирхоод үзэхэд  500 сая төгрөг гэсэн. Энэ их мөнгө эхлээд аманд багтахад хэцүү л байлаа. Одоо бол олно, чадна л гэж боддог болсон. Хагалгаа хийлгэхэд 500 сая төгрөг шаардагдана гэдгийг сонсчхоод хэнд ч хэлэлгүй гадагшаа яваад элэгний донор болоод ирдэг ч юм бил үү гэж бодож байсан шүү.

Нэг удаа элэгний донор болъё гэж бодоод нөхрөөсөө чи намайг урт хугацаагаар алга болоод ирвэл яах вэ гэж асууж байсан ч удаатай. Аргаа барж байхгүй юу. Гэхдээ одоо тэр бодол байхгүй болсон. Би өөрөө эрүүл саруул эсэн мэнд байж л хүүгээ чихтэй болгоно тийм биз дээ. Ер нь хүүгээ харах тоолондоо бяр хүч амтагдаад хэзээ ч зогсошгүй байх ёстой гэж боддог /инээв/. Ийм бэрхшээл туулж байгаа 500 гаруй хүүхэд байгаа. Тэдний ард над шиг ийм ээж, аавууд л бий шүү дээ. Тиймээс бид хүчтэй байх хэрэгтэй.

-Үнэхээр аргаа барах үе гарч байв уу?

-Чи манай “Чоторог” хар даа. Надтай усны дусал шиг адилхан бас царайлаг байгаа биз. Ийм сайхан үрээ харахаар тийм зүйл огт боддоггүй юм /хүүгээ үнсэв/. Дээр нь би их сайн хань ижилтэй учирч, сайн аав ээжийн охин болж төрсөн учраас надад шантрах үе нэгээхэн ч гарч байгаагүй гэхэд хилсдэхгүй.

-Д.Цогт-Очирыг маань яагаад Чоторо гээд нэрлэчхэв?

-Би Нүхтэд нэг цэцэрлэгт багшилдаг байлаа. Тухайн цэцэрлэгт Киви хамтлагийн дуучин Ц.Намуунаагийн хүүхэд сурдаг юм. Нэг өдөр Ц.Намуунаа багш аа Чоторо гэж хэн бэ гээд л ороод ирэв. Би хайгаад олдоггүй. Тэгсэн тэдний хүүхэд манай хүүг тэгж дууддаг болж таарсан. Ерөнхийдөө найзуудынх нь л өгсөн нэр. Дээрээс нь манай энэ чинь Японы “Чоторо” гэдэг киноны гол дүр шиг ёстой хөдөлгөөнтэй хүүхэд байхгүй юу.

-Хөдөлгөөнтэй гэснээс “Чоторог” их барилдаанч  гэж сонссон?

-Тэгэлгүй яах вэ. Миний хүү ёстой мундаг. Би хүүгээрээ маш их бахархаж байгаа. Улсын аваргаас мөнгөн медаль авчихаад би саарал медаль авсан гээд л одоо яриад сууж байгаа юм чинь. Анх улсын аваргын тэмцээнд оруулна гэхэд нь н.Ууганбаяр багшид "юу вэ багш аа" гээд л гайхаж байв. Гэтэл яг барилдаж байгааг нь хараад огшоод хашхираад л байсан. Одоо бараг юу болсныг бүүр түүр л санахаар тийм хэмжээнд баярласан гээд л бод /инээв/. Миний хүү бараг хичээл хийхээс илүү барилдах тал дээрээ илүү хоббитой. Сайн багш эцэг эхээс нь түрүүлээд сайн чанарыг нь олоод харчихдаг юм бил ээ.

-Түрүүн та цэцэрлэгт багшилдаг талаараа ярьсан. Цэцэрлэгт багшлаад хэр удаж байна?

-Анх хүүгээ цэцэрлэгт ороход нь л дагаад туслах багшаар орчихсон юм. Одоо энэ байгууллагадаа ажиллаад таван жилийн нүүрийг үзэж байна. Уул нь би Хятад орон судлаач мэргэжилтэй. Гэхдээ одоо мэргэжлээ бараг бодохоо болиод бүх хүүхдийн төлөө ямар нэг сайн сайхан зүйл хийх юм сан л гэж бодох болсон. Дээрээс нь нөгөө үнэтэй авсан сонсголын аппаратаа унагаад аль эсвэл хэн нэгэн эвдчихвэл яана гэхээс айна шүү дээ. Зарим хүмүүс шууд дураараа энэ чинь юу юм гээд бариад авах ч тохиолдол гардаг л  юм.

-Ирээдүйд хүүгээ ямар хүн болно гэж бодож байна?  

- Мэдээж миний хүү ирээдүйд хоёр том чихтэй болно. Мөн  олимпийн аварга тамирчин болох байх аа.

-Сонсголын бэрхшээлтэй хүүхдүүдэд тулгамддаг асуудал нь юу вэ? Юун дээр анхаарвал зүйтэй гэж та харж байна?

-Би энэ ярилцлагыг өгч суухдаа нэг л юм бодлоо. Яг миний ярьсан зүйлсийг нэг ч гэсэн хүн ой тойндоо ойлгож авч байвал хүүхдийнхээ төлөө мөн адил асуудалтай бусад хүүхдүүдийн төлөө хийж буй бас нэг тус дэм юм болов уу гэж харлаа.

 Харин боловсролын тухайд хүүгээ 29 дүгээр сургуульд өгөөгүй. Нэгдүгээрт гэр хол. Хоёрдугаарт сонсголын бэрхшээлтэй хүүхдүүдийн эх хэл нь дохионы хэл байдаг. Гэтэл тэр хүүхдүүдийг дохионы хэлээ мэдэхгүй байхад, бичгийн хэл  заадаг асуудал байна.

Гэрэл зургийг Б.Эрдэнэбаяр

Бичгийн хэлээ сурахын тулд эхлээд дохионы хэлээ сурах ёстой тийм үү. Гэтэл энэ сургуульд дохионы хэлний хичээл долоо хоногт нэг цаг л ордог. Энэ болон бусад асуудлаар дуу хоолойгоо хүргэнэ. Дээрээс нь хүүхдийнхээ сургуулийг сэтгэл зүйчтэй болгомоор байна. Хэдий сонсох асуудлаа шийдвэрлэсэн ч ангийнхаа олон хүүхдийн дунд аппаратаараа сонсоход тархи нь маш их ядардаг. Тиймээс долгион юмнуудыг нь тааруулах хэрэгтэй болдог юм. Харин энэ тохируулга ч байдаг юм уу бусад асуудлыг сургуулийн дэмжлэгийн баг надтай хамтарч шийдэх хэрэгтэй шүү дээ. Энэ мэт олон, олон асуудлыг би Монголын бүх үрсийнхээ төлөө ярьсаар л явах болно. Шийдүүлнэ ч гэж боддог. 

ГЭРЭЛ ЗУРГИЙГ: Б.Эрдэнэбаяр

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Умаахан

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. Нийгэм, эрэн сурвалжлах, спортын сэдвээс гадна утга зохиолын шүүмж, шүлэг бичдэг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-06-01 10:37

Та бүхэндээ "Олон улсын Хүүхдийн Эрхийг хамга##ах өдөр"-ийн мэндийг хүргэе. Баярл##аа #Eguur.mn

Зочин
Зочин
2022-06-01 10:38

Ёстой мундаг ээж, хүү хоёр байна аа. Аз жарг## хүсье. Хүү нь сайхан эдгээд, мундаг эр хүн болно оо.

Зочин
Зочин
2022-06-01 10:48

Эх хүний том хайр бол үр хүүхэд билээ. Эрүүл энхийг хүсий????????????

Зочин
Зочин
2022-06-02 04:37

Ene apparattandaa genetiin osoliin daatgal hiilgechih, iim unetei yum chin batalgaat hugatsaa ni urt l bh estoidoo.esvel evdrel garval unegyu bh estou doo .batalgaag ni sain unshaarai.

Холбоотой мэдээ

Back to top button