ДЭЛХИЙ

НҮБ: Томчуудын улс төрийн хэнээ, амбицын ЗОЛИОС нь хүүхэд болсоор байна

НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн хуралдаанаар Украины хүмүүнлэгийн байдлыг авч хэлэлцлээ. Хүмүүнлэгийн асуудал эрхэлсэн Ерөнхий Нарийн Бичгийн Даргын туслах Жойс Мсуя Аюулгүйн зөвлөлийн гишүүдэд хүмүүнлэгийн зорилгоор дайны галыг түр зогсоох талаар хоёр талын хүчин чармайлт болон Украины Мариуполь хотоос энгийн иргэдийг нүүлгэн шилжүүлэх ажиллагааны явцын талаар танилцууллаа. Мөн НҮБ-ын Хүүхдийн сангийн төлөөлөгч Омар Абди хүүхдүүдийн амийг хөнөөсөн, сургууль, эмнэлгүүдийг бөмбөгдсөн асуудлаар ч хэлэлцэв.

“Өдөр бүр маш олон украин хүүхдүүд дайны аймшигт байдал дунд амьдарч байна. Дөрөвдүгээр сард л гэхэд зуу орчим хүүхдийн амь насыг хөнөөсөн гэсэн баттай эх сурвалжтай зүрх эмтрүүлсэн мэдээллүүд НҮБ-д ирж байв. Гэсэн ч, бодит байдал дээр энэ тоо үүнээс ч их байх магадлалтай нь сэтгэл эмзэглүүлж байгаа талаар НҮБ-ын Хүүхдийн сангийн дэд захирал Омар Абди мэдэгдлээ. Олон олон хүүхэд дайны хөлд үрэгдэж, бэртэж гэмтсэн гэдгийг ч дурдав. Инээж баясан хөгжилдөх ёстой хүүхдүүд томчуудын, өөрөөр хэлбэл улстөрчдийн хэнээрхэл, амбицын золиос болж байна гэв.

---ЦЭРГҮҮД ЦЭЦЭРЛЭГ, СУРГУУЛЬ РУУ ДАЙРЧ, ЦЭРГИЙН БААЗ БОЛГОЖ БАЙНА---

“Украины дайн бол бүх дайны нэгэн адил хүүхдүүд болон тэдний эрхийг хамгаалахын эсрэг хамгийн том гай” гэж НҮБ-ын Хүүхдийн сангийн дэд захирал онцоллоо. Өнгөрсөн сард НҮБ-ын Хүүхдийн сан Краматорскийн төмөр замын буудалд болсон халдлагын талаар дурсаж, эмгэнэн гашуудав. Хамгийн сүүлд гэхэд дахин нэг аймшигт халдлага гарав. Тэр бол Луганск мужийн нэгэн сургууль дээрх халдлага. Маш олон хүүхдүүд эцэг, эхээсээ өнчирч хоцорсон дүр зураг эмгэнэлтэй гээд хоёрдугаар сард дайн эхлэхэд Украинд хичээлийн жил тасалдаж, хүүхдийн эрх асар ихээр зөрчигдсөн гэж Омар Абди дурсав.

Дайнаар Украины цэцэрлэг, сургуулиуд руу довтолж, барилгыг нь цэргийн баазын зориулалтаар ашиглаж байгаад эмзэглэв. Украины зүүн хэсэгт л гэхэд НҮБ-ын Хүүхдийн сангийн дэмжлэгээр үйл ажиллагаагаа явуулдаг зургаан сургууль тутмын нэг нь бөмбөгдөлтөд өртөж, эвдэрч сүйджээ.

Омар Абди хэлэхдээ, “Боловсролын байгууллагууд руу, ялангуяа цэцэрлэг, сургууль руу халдлах явдлыг таслан зогсоох учиртай. Орос нь ч бай, Украин нь ч бай талууд энгийн иргэд, тэр тусмаа хүүхдүүдийг хамгаалж, олон улсын хүмүүнлэгийн хууль, хүний ​​эрхийн хууль, хүүхдийн эрхийг хүндэтгэх хууль эрх зүйн болон ёс суртахууны үүргээ биелүүлэх ёстой” гэлээ.

Дайны үеэр Украинд 15 мянга гаруй сургууль танхимын бус зайн сургалт явуулжээ. Украины Боловсрол, Шинжлэх Ухааны Яам НҮБ-ын Хүүхдийн сан болоод бусад түншүүдийн дэмжлэгтэйгээр Украины хүүхдүүдэд цэцэрлэгийн насныхнаас авхуулаад дунд сургуулийн 11-р анги хүртэлх сурагчдад онлайнаар боловсрол олгох хөтөлбөрийг дэмжих зэргээр хамтран ажиллажээ. Зайн сургалт бол зөвхөн түр зуурын шийдэл гэлээ. Сурч боловсрохоос гадна дайнд нэрвэгдсэн бүс нутагт хүмүүнлэгийн тусламж авах боломжгүй хүүхдүүдийн тоо их байгаа ба тэдний ар гэрийн нөхцөл байдал ч хүнд, тулгамдсан асуудал хэвээр байгааг мөн Омар Абди онцлов.

---ХҮҮХДҮҮД ЖИНХЭНЭ ТАМД АЖ ТӨРЖ БАЙНА---

Омар Абди хэлэхдээ, “Хүүхдүүд болон тэдний эцэг эхчүүд жинхэнэ там дунд амьдарч байна. Өлсөж цангахын эрхээр бохир шалбаагнаас хүртэл ундалж, байнгын буудалцаан дунд дагжин чичирж, бөмбөгдөлтөд өртөх вий гэсэн айдас хүйдэс дунд амьдарч байна” гэв.

Украины дайн дэлхийн бараг тив болгонд нөлөөлж, хоол хүнс, шатахууны үнэ дээд цэгтээ хүрлээ. Дайны хар утаа Украины хилээс давж, Афганистанаас Йемен хүртэл гэсэн өргөн цар хүрээг хамарч, дэлхий даяар дайн дажин, мөргөлдөөн, уур амьсгалын хямралд нэрвэгдээд буй хүүхдүүд хамгийн ихээр өртөж, хохирч  дайны төлөө асар их төлбөр төлж байна. Хүн төрөлхтний ирээдүйн амь шууд утгаараа хутганы ирэнд тулж ирсэн учир томчууд бид хүүхдүүдийнхээ төлөө энэ бүх дайныг зогсоох учиртай юм.

Олон улсын хүмүүнлэгийн хуулийн дагуу талууд бүх энгийн иргэд, түүнчлэн орон сууц, сургууль, эмнэлэг болон иргэний бусад чухал дэд бүтцийг дайны хор хөнөөлөөс хамгаалах ёстой. Ялангуяа, эмэгтэйчүүд, хүүхдүүд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст онцгой анхаарал хандуулж, дайны бүсээс тэднийг нүүлгэн шилжүүлэхийн чухлыг НҮБ анхааруулав.

Оросын цэргүүд Украинд довтолсноос хойш 689 гаруй хүүхэд хохирсноос 243 нь амь үрэгдэж, 446 нь шархадсан гэсэн сүүлийн тоон мэдээлэл байна. Гэсэн ч, энэ бол бодит тоо биш юм.

Донецк мужид 153, Киев мужид 116, Харьковт 111, Черниговт 68, Луганскт 52, Херсонд 52, Николайевт 47, Запорожьед 29, Сумыд 17, Киев хотод 16, Житомирт 15 хүүхэд амиа алдаад байгаа юм.

Түүнчлэн, Оросын цэргүүд Украины хот, тосгодыг байнга шахуу бөмбөгдөж, гал нээж довтолсны улмаас 1,909 боловсролын байгууллага устаж, сүйджээ.

Тиймээс, олон улсын байгууллага, НҮБ талуудыг Украины дайны галаа зогсоож, энх тайван байдал тогтоохыг уриалж байгаа юм. Томчуудын улстөрийн үл ойлголцол, хэнээрхэл, амбицын золиосонд хүүхдийн амь хамгийн ихээр хохирч, нөхөж баршгүй хохирол учирч байгааг сануулж байгаа юм.

Эх сурвалж:  UN 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-06-01 10:41

Дэлхий дахинаа иым байгаа

Зочин
Зочин
2022-06-01 10:42

Аль ч оронд хүүхдийн эрх зөрчигдөх юм

Холбоотой мэдээ

Back to top button