Нийгмийн

Улсын наадамд анх уралдахдаа шууд түрүүлсэн Тугал ухаа

Эзэн нь газрын хол, усны уртад амьдардаг болоод ч тэр үү Төрийн наадамд хуруу дарам сойгдсон ч өнөөг хүртэл үлгэр, домог мэт яригдан, мөнхөрсөн хүлэг цөөнгүй. Тэдний нэг нь яах аргагүй Дорнод аймгийн Матад сумын харьяат, Монгол Улсын алдарт уяач Б.Цэндбаатарын хул азарга. Эл хүлгийг уншигч та бүхэн Тугал ухаа нэрээр нь андахгүй. 

Хул азарга хоёр талаасаа хурдны удамтай. Эцэг халтар азарга нь улсын наадамд нэг түрүүлж, гурав айрагдсан, Түмний эх, улсын алдарт уяач Ж.Рэнцэндоржийн хар азарганы төл юм билээ.

Эх нь улсын наадамд 1986 онд түрүүлсэн, Төмөрхүүгийн хул азарганы төл хул гүү.

Тугал ухаа Төв аймгийн харьяат уяач Д.Гэрэлт-Одын унаган адуу. Д.Гэрэлт-Од удамт хүлгээ дааган насанд нь 2006 онд аймгийнхаа наадамд сойгоод 11-д давхиулжээ. Тэр жил түүнээс Б.Цэндбаатар худалдаж авсан гэдэг.

Тугал ухаа 2008 онд улсын наадамд анх уралдахдаа түрүүлж, олны хараанд өртжээ. Тэр жилээ Алтан овооны тахилгад магнайдаа тоосгүй хурдалж, наадамчин олны тааврыг эвдэв. Дараа жил нь улсын наадамд соёолон насандаа аман хүзүүдэж, “Дүжингаравын хурд”-д айргийн гуравт, Дорнод аймагт болсон зүүн бүсийн уралдаанд дөрөвт давхижээ. 2010 онд улсын наадамд айргийн тавд хурдлан, Дорнод аймгийн наадамд түрүүлж, “Дүнжингаравын хурд”-д аман хүзүүдэж, наадамчин олныг баясгасан.

Б.Цэндбаатар уяач улсын наадамд гурван жил дараалан торгон жолоо өргөсөн хүлэгтээ зориулан хөшөөг нь нутагтаа сүндэрлүүлсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button