НийгмийнСПОРТ

600 саяын бооцоот тулаан: Э.Цэндбаатар, З.Шинэчагтга хоёрын хэн нь ялах вэ

Э.Цэндбаатар, З.Шинэчагтга хоёрын тулаан жинхнээсээ болох уу. Эсвэл зүгээр л нэгнийхээ хор, шарыг малтаж байгаа юу. Эл асуулт спортын хорхойтнуудын анхаарлыг ихээхэн татаж байна. Тулаанд анх дуудсан хүн нь Гавьяат тамирчин Э.Цэндбаатар.

Тэрбээр “999 fight night” тулааны үеэр дэвжээн дээр гарч ирээд “З.Шинэчагтгыг мэргэжлийн боксын дүрмээр тулалдах тулаанд дуудаж байна. Бид хоёр муудчихсан байгаа. Тиймээс би түүнийг ард түмний нүдэн дээр зодмоор байна. Өнөөдөр уг нь З.Шинэчагтгыг энд ирнэ гэж бодож байсан ч тэр ирсэнгүй. Надаас айсан бололтой” гэсэн юм. Бүх зүйл эндээс эхлэлтэй.

Үүний дараа З.Шинэчагтга Э.Цэндбаатарт хариу өгч, тулааны саналыг нь хүлээж авсан. Гэхдээ  300, 300 сая төгрөг бооцоонд тавьж байгаад тулалдах хүсэлт гаргасан юм.

Э.ЦЭНДБААТАР ГЭЖ ХЭН БЭ

Өнөө цагийн Монголын хамгийн шилдэг боксчидын нэг нь Гавьяат тамирчин Э.Цэндбаатар яах аргагүй мөн. ДАШТ-ий хүрэл медальтай, Азийн аварга, Азийн наадмын аварга тэрбээр амжилт, ур чадвараараа олны хүндлэлийг хүлээсэн тамирчин. Б.Энхтайван дасгалжуулагчийн шавь Э.Цэндбаатар амжилт, алдаа онооны дэнсэн дээр яваа тамирчин. Үүний сацуу мэр сэр асуудалд холбогдон, олноор шүүмжлүүлдэг нь түүний тамирчны замналд багагүй сэв суулгадаг.  

Э.Цэндбаатар мэргэжлийн боксын хэд, хэдэн тулаанд ялаад буй. Өнгөрсөн жил ДАШТ-ий дараа сонирхогчийн боксыг орхин, мэргэжилд хөл тавихаа мэдэгдсэн. Гэхдээ өдгөө хоёулангаар нь давхар өрсөлдөж буй. Энэ жил УАШТ-д хүч сорихдоо шигшээд Б.Мишээлтэд ялагдан, мөнгөн медаль хүртсэн. Парисын олимпоос медаль авах гол найдваруудын нэг нь мөнөөс мөн.

З.ШИНЭЧАГТГА ГЭЖ ХЭН БЭ

Тамирчдын чансаа, нэр хүндээрээ дэлхийд өндөрт эрэмбэлэгдэн, хүчээ аваад буй “One championship” холбооны ирээдүйн нүүр царай, аварга болох ирээдүйтэй тулаанч хэмээн үнэлэгдэж буй монгол тамирчдын нэг нь Золцэцэгийн Шинэчагтга.

Тэрбээр бокс суурьтай, “Ширэн бээлий” клубийн ахлах дасгалжуулагч Д.Төрбатын шавь. 14 настайдаа боксоор хичээллэн, спортын замналаа эхлүүлсэн. Боксоор цөөнгүй тэмцээнд оролцон, чамгүй амжилт гаргасан тамирчин. Гэхдээ түүний сонирхлыг бокс бус холимог тулаан илүү татсан. З.Шинэчагтга 2017 онд холимог тулааны “Мастер тулаанч” шоунд түрүүлснийхээ дараа У.Зоригттой тамирчин, менежерийн гэрээ байгуулсан. Түүнээс холимог тулааны рингэн дээр өрсөлдөж яваа.

Сэлэнгэ аймгийн Зүүнхараа хотын харьяат, “Ширэн бээлий”, “Zorky’s MMA” клубийн тамирчин З.Шинэчагтга 2019 онд “One championship” холбоотой 100 мянган ам.долларын гэрээ байгуулж, Монголоос анхдагч болсон юм. Тус холбоотой ийм үнийн дүнтэй гэрээ байгуулсан монгол тулаанч түүнээс өөр үгүй.

ТУЛААНЫ ТАЛААР ХЭН ЮУ ГЭВ

З.ШИНЭЧАГТГА: ӨӨРИЙНХӨӨ ТӨРЛӨӨР НАМАЙГ ТУЛААНД ДУУДСАН ЧИНЬ ОНЦГҮЙ ШҮҮ, ЦЭНДЭЭ

Цэндээ намайг ард түмний нүдэн дээр зодох юм гэнэ. Өөртөө ямар их итгэлтэй байна аа. Би холимог тулааны тамирчин. Э.Цэндбаатар өөрийнхөө өрсөлддөг төрлөөр, мэргэжлийн боксоор надтай тулалдъя гэлээ. Магадгүй гурван минутаар, 12 үе түүнтэй өрсөлдөнө гэсэн үг. “Надаас айгаад ирсэнгүй” гэж ч байх шиг. Түүнээс би айна гэж юу байх вэ дээ.

Надад цохиулаад унаж байснаа мартчихдаг юм байх даа. Тэгснээ одоо ийм юм яриад. Эсвэл Э.Цэндбаатарт мөнгө, карьер хэрэгтэй болсон юм болов уу. Эсвэл хажуунаас нь хүн шургаад байгаа юм уу. Чамайг ойлгохгүй байна.

Чи боксын ДАШТ-ий хүрэл медальтай, хоёр олимпод оролцсон. Бэлтгэл, форм сайтай байгаа. Гэтэл холимог тулааны тамирчин намайг мэргэжлийн боксоор өрсөлдье гэсэн чинь онцгүй шүү.

Бид хоёр нэг их сүртэй муудалцаагүй. Ам зөрөх нь зөрсөн. Өс санаад байгаа юм уу. Цэндээ чи битгий охин шиг шалчигнаад бай. Нэвтрүүлэгт орохдоо, энд тэнд явахдаа дандаа шалчигнах юм. Юм болгоныг өөрийнхөө зөв болгох гээд л.

Үнэндээ бид хоёр найзууд. Зүв зүгээр нөхөрлөдөг байсан. Одоо охин шиг ингээд байх юм. Сонин нөхөр. Чи надтай холимог тулаанаар хэзээ ч өрсөлдөж чадахгүй. Үнэхээр л намайг тулаанд дуудаж, басаж байгаа юм бол миний төрлөөр намайг дууд л даа. Чи чадахгүй.

Чи мэргэжлийн боксоор өрсөлдъе гээд өөрт ашигтайгаар, өөрийнхөө талд гаргалаа. За, яах вэ чиний төрлөөр тулалдъя. Хамаа алга. Би чамайг яагаад дахиад цохиж унагааж чадахгүй гэж.

Мэргэжлийн бокс, холимог тулаан хослуулаад өрсөлдөж уг нь болно. Гэхдээ чи хэзээ ч надтай тэгж тулалдаж чадахгүй.

Би хэсэг хугацаанд бэлтгэл хийгээгүй. Одоо бэлтгэлдээ оръё доо. Гэхдээ хамгийн багадаа 300 сая төгрөгийн бооцоотой тулалдана. Үүнээс бага бооцоотой бол би чамтай юм ярихгүй. Өөрөө намайг дуудсан юм чинь 300 сая төгрөг босгоод тулалдчих байлгүй дээ. Чамд мөнгө олдох болов уу. Гайгүй байлгүй дээ.

Чамайг дахиад унагааж чадахаа би сайн мэдэж байна. Тиймээс зөвшөөрч байгаа юм шүү. Хандыг чинь дарах гэж үзье дээ, Э.Цэндбаатар аа. Байранд нь тавья. Рингэн дээр эр хүмүүс учраа олчихъё.

Э.ЦЭНДБААТАР: НАМАЙГ ДАХИЖ ЦОХИЖ УНАГААВАЛ ЧАМАЙГ ШҮТЬЕ

З.Шинэчагтгын лайвыг үзсэн. Миний хүсэлтийг хүлээж авсан. Ерөнхийдөө Шинээ эхлээд намайг тулаанд дуудах ёстой байсан. Бид хоёр багаасаа бокс тоглож өссөн. Шинээгийн боксын карьерыг би дуусгасан гэж боддог.

Азаар намайг ганц удаа унагаасныгаа одоо яриад, дөвийлгөж байгаа нь надад таалагдаагүй. Одоо холимог тулаанаар, өөр карьертай яваа тамирчин. Чаддаг юм бол намайг дахиад нэг цохиод унагаачих. Тэгвэл би нээрэн Шинээг шүтье.

Би бэлтгэл сайтай байгаа. Шинээг хэд л бол хэдэн ч цохиж унагаамаар байна.  

Намайг дэмжиж байгаа ах нар байгаа. 300 сая төгрөг би олж чадна.

Зургаадугаар сард нэг тулаан байгаа. Тэр тулаанаа түр хойш нь тавина. Эхлээд энийг зодчихоод дараа нь Америк явна.

Би рингэн дээр гараад зодолдмоор байна. Би аймар өлсгөлөн байгаа, угаасаа. Ийм байхад манай найз намайг сумлаж гарч ирээд, ах нарынхаа дэргэд аймар доош нь хийсэн. Түүнд нь миний уур хүрсэн. Анх ямар байснаа мартчихаж. Анхнаасаа надад даруулж байсан л даа. Чадал байвал намайг ял л даа. Бүр аймар уур хүрчихсэн байгаа, угаасаа. Ялна гэдэгтээ итгэлтэй байна. Хандыг нь хага дараад, байранд нь буцаагаад тавина.  

МЭРГЭЖЛИЙН БОКСООР ӨРСӨЛДӨХ НЬ Э.ЦЭНДБААТАРТ АШИГТАЙ

Тэд хэдийгээр өнөө цагийн Монголын хамгийн шилдэг тамирчдын төлөөлөл ч хүч сорьдог спорт нь ондоо. Холимог тулаан, мэргэжлийн бокс бол хоорондоо тэс өөр спорт.

Мэдээж өрсөлддөг төрлөөрөө хүч сорих тусмаа давуу байдлыг өөртөө бий болгоно. Энэ талаас нь харвал мэргэжлийн боксоор З.Шинэчагтгатай өрсөлдөх нь Э.Цэндбаатарт ашигтай, давуу талтай. Эсрэгээрээ хэрвээ холимог тулаанаар өрсөлдөхөөр болвол З.Шинэчагтгад давуу тал үүснэ. Үүнийг тэр мэдэхийн дээдээр мэдэж байгаа. Энэ удаа шарандаа л Э.Цэндбаатарын саналыг хүлээн зөвшөөрчих шиг боллоо.

Өмнө нь тэд нэг удаа сонирхогчдын боксоор өрсөлдөхөд Э.Цэндбаатар ялж байсан. Тулааны спортын ялалт, ялагчийг урьдчилан таахад бэрх. Бэлтгэл, сэтгэл зүй, тэр өдрийн од нь хэрхэн гийснээс гээд олон зүйлээс шалтгаална. Яг мэргэжлийн боксоор гаргасан амжилт, өдөө яг энэ төрлөөр хүч сорьж яваа талаас нь харвал Э.Цэндбаатар ялах болов уу. Мэдээж ялах боломж З.Шинэчагтгад ч мөн бий. Хэн нь ч ялсан бай үнэхээр үзүүштэй, нэгнээ өдсөн, хурцалсан тулаан болох нь ойлгомжтой.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-06-06 08:00

Сенсациас сенсацийн хооронд явсан хүндээ Цэндмаа ч

Зочин
Зочин
2022-06-06 08:17

Ингэж л нэр хүнд авч бгаашдээ

Зочин51
Зочин51
2022-06-06 08:40

coши�##�аар хооллодог бацаанууд

TUHGAA
TUHGAA
2022-06-06 11:21

Tsenbaatar bol estoi humuujilgui zaluu olon zuil deer haragdsan daa

хэлэх үг олдохгүй л бна шөө. ха ха
хэлэх үг олдохгүй л бна шөө. ха ха
2022-06-06 21:11

ард түмний нүдэн дээр зодох юм гэнэ. Өөртөө ямар их итгэлтэй байна аа.барахгүй ээ чи . уйланхай нусгай бацаан .... тэгж байхаар тэр дэлхийн мэрэгжилд очоод зодуулаад яв даа. чадахгүй барахгүй байж их л томорч байх .........мэрэгжилийн тулаан гэдэг чинь өөр шүү. чиний тэр тоголсон хоёр тулааныг хэлэхгүй ээ... хэлдэгүйм даа. ....мэрэгжил тулаанд чамайг авах уу ? чи ханг�##�ттай гэж бодож байгаа бол яваад үз , оролдоод үз . дараа нь ш�##�чигнаж бай ... дарваан бацаан ...

Холбоотой мэдээ

Back to top button