Нийгмийн

БАЙР СУУРЬ: Эцэг эхчүүд сургууль, цэцэрлэгийн насны хүүхдээ гэртээ түгжиж байна

Эцэг, эхчүүдийн толгойн өвчин болсон асуудал бол сургууль, цэцэрлэг амарсны дараа хүүхдээ хаана, хэнээр харуулах вэ. Зарим нь хөдөө хамаатных руугаа, аав, ээж рүүгээ явуулдаг бол нөгөө хэсэг нь айлд үлдээж, хүнээр харуулж, гэртээ цоожлоод үлдээдэг. Өөрөөр хэлбэл, хараа хяналтгүй, "тавиул хүүхдүүд" зуны саруудад олширдог гэсэн үг. Бид эцэг эхчүүдийн төлөөлөл болгож, дөрвөн хүнээс байр суурийг нь авлаа. Тэд энэ зун хүүхдүүдээ хэнээр, хаана харуулж байгаа вэ.

Б.ОТГОНБАЯР: УТСЫГ НЬ ЦЭНЭГЛЭЖ ҮЛДЭЭГЭЭД ЦООЖИЛЖ БАЙНА

Би 7-18 насны хүүхэдтэй. Хүүхэд харах асуудал долоон настан дээр үүсэж байна. Ах, эгч нар нь шалгалт, хөгжүүлэх сургалт, цагийн ажил хийнэ гээд “олддоггүй”. Өдөр өнжүүлэх нь амарчихсан. Тэгээд зарим өдөр утсыг нь сайн цэнэглэж үлдээгээд цоожлох, зарим үед ажилдаа дагуулж явах, ойр дотны амарч байгаа ах, эгч байвал ганц нэг өдөр гуйж үлдээх мэтээр энэ зуны амралт эхэллээ.

Есдүгээр сарын 1 хүртэл иймэрхүү байдлаар л үргэлжлэх байх даа. Ер нь бол хүүхэдтэй айл болгонд л ийм асуудал тулгарч байгаа байх. Томууд нь дунд ангид байх үед дүү нараа хардаг байсан. Одоо ахлах ангид ороод зорилготой, төлөвлөгөөтэй болчихоор тэрийг нь хааж, боох аргагүй учраас хүүхдээ өөрөө л ямар нэг аргаар зохицуулахыг хичээж байна.

Ч.ДАВААДУЛАМ: ХОЁР ХҮҮХДЭЭ ГАДНААС НЬ ЦООЖЛООД ҮЛДЭЭДЭГ

4-9 насны хүүхэдтэй. Нэг үеэ бодвол том хүүхэд маань 9 нас хүрсэн учраас дүүгээ хараад гэртээ үлддэг. Гаднаас нь цоожлоод, хоол ундыг нь бэлдээд явахад асуудал гарах нь бага байна. Гэхдээ л тог, усны аюулаас их айдаг. Том хүүхэддээ сайн л хэлээд явдаг ч ойр ойрхон л дүрсээ харуулж ярьж санаагаа амраадаг.

Гэрт нь өдөржин үлдээхэд гарч байгаа бас нэг асуудал нь хоёр хүүхэд маань утсаар их тоглоод байгаа юм. Өдөржин гэрт байгаа хүүхдүүд уйдаад л утсаар тоглодог байх. Байнга хянаж чадахгүй болохоор дэлгэцийн донтолтод өртөх вий гэсэн айдастай л байна.

Ажлаа тараад түгжирсээр байгаад л 21:00-22:00 цагт гэртээ очно. Хоол унд нь оройтно гээд асуудал их бий. Нөхөртэйгөө амралтаа ээлжилж аваад хүүхдээ харах л санаа байна даа. Өмнө жил уг нь хөдөө эмээ, өвөөгийнх рүү нь явуулаад амар байсан. Хөдөө агаар салхинд, цагаан идээ идээд байхад асуудалгүй байдаг. Гэвч энэ жилээс ах эгч, дүүгийн хүүхдүүд очих тул олуулаа болчих гээд байгаа юм. Тиймээс энэ жил явуулаагүй л байна.

Ч.ДОЛГОРСҮРЭН: ОЮУТАН ДҮҮГЭЭРЭЭ ХҮҮХДЭЭ ХАРУУЛЖ БАЙНА

2-6 насны хүүхэдтэй. Оюутан дүүгээрээ хүүхдүүдээ харуулдаг. Мэдээж оюутан хүүхдэд мөнгө хэрэгтэй учраас мөнгө өгч харуулж байгаа. Найдвартай тэр нь амар байдаг шүү дээ. Өөр хүнээр мөнгө өгч харуулъя гэхээр одоо цагт хүнд итгэхэд хэцүү болсон. Тиймээс л дүүгээ гуйж харуулж байна даа.

Хөл хорионы хоёр жилд нөхөр Өмнөговь аймагт ажиллаж байгаад түр завсарласан болохоор гэртээ хүүхдүүдээ харж байсан юм.

Б.ЦЭРЭНЛХАМ: ЗАРИМДАА АЙЛД ГУЙЖ ХАРУУЛНА

5-7 насны хүүхэдтэй. Хүүхэд харуулах бол нөхөр бид хоёрын хувьд шийдэхэд хэцүү асуудал. Хадмынх Хэнтий аймагт байдаг болохоор явуулахад хүндрэлтэй байдаг. Манай аав, ээж том хүүг харж өгдөг байсан. Одоо хөгшин настай хүмүүсийг ядраачих байх гээд аль болох харуулахгүй байгаа.

Заримдаа айлд гуйж харуулна. Ажил гэртээ ойрхон байдаг болохоор гэрээрээ орж гараад эргэж тойроод байдаг юм. Харьцангуй том болчихсон болохоор арай дээр л байх юм. Гэхдээ л өдөржин зурагт үзээд, чийгтэй байшинд түгжчихдэг болохоор хааяа өрөвддөг. Өмнө жилүүдэд амралтаар өвөө эмээгийнд нь харуулдаг байсан. Манайх аав, ээжийнхээс зайтай болохоор хааяа очиж авч чадахгүй 2,3 хонуулах үе бас байна.

Ж.ДАВААДУЛАМ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-06-15 09:30

Өдөр өнжүүлэхийг зун л ажиллуулмаар юм

Зочин
Зочин
2022-06-15 22:34

Гаднаас түгжих аюултай шүү. Одоо айлууд гэртээ камер тавиад ажил дээрээсээ хардаг болсон байсан. Хүүхэдтэй хүмүүсийг хааяа ажил дээрээ гэрийн камераа харахыг зөвшөөрөх хэрэгтэй. Ямар ажил дээрээ дагуулаад ирж байгаа биш. Бүр жоохныг тэгэх боломжгүй.

Зочин
Зочин
2022-06-16 10:02

Цэцэрлэгүүд соци�##�измын үёд 8 24 цагаар өвөл зунгүй ажилладаг �##�бан байгууллагуудын зусланд ч ажилладаг байлаа гэж .сайхан цаг байжээ гэж

Холбоотой мэдээ

Back to top button