Сурвалжилга, Нийтлэл

СУРВАЛЖИЛГА: Эмээлтийн үйлдвэрүүд махны дуулианаас өмнө хаалгаа барьжээ

Эмээлтэд үйл ажиллагаа явуулдаг "Эм ди си пи" ХХК-ийн үйлдвэрийн байрнаас нянгийн бохирдол ихтэй мах олдсон. Мөн формальдегидийн найрлагатай цагаан өнгийн нунтаг бодис ч илэрсэн нь олон нийтийг сэртхийлгэв.

Сар гаруйн өмнө болсон энэ үйл явдлын дараа хяналт шалгалт бужигнаж, 16 компанийн тусгай зөвшөөрлийг цуцаллаа. Мөн ирэх оны нэгдүгээр сарын 1 хүртэл дулааны аргаар мах боловсруулахыг хориглосон.

Өдгөө энэ чиглэлд Шадар сайдын ажлын хэсэг ажиллаж байгаа бөгөөд Засгийн газар чиглэлээ нэгтгэн ажиллаж байна. Харин нийгэмд нэгэнт "Эмээлтийн мах хор болжээ" гэсэн мессеж түгж, нөгөө талд бизнес эрхлэгчид хохирох эрсдэл үүссэн. Энэ үүднээс Эмээлтэд үйл ажиллагаа явуулдаг мах боловсруулах үйлдвэрүүдтэй очиж танилцлаа.

-ҮЙЛДВЭРҮҮД ХҮНГҮЙ, КОВИДЫН ҮЕД Л ХААГДСАН ГЭВ-

Эмээлтийг тойрч зургаан үйлдвэрийн хашааны гадна ирлээ.

Тэдний нэг нь мах эхлэн бэлтгэдэг бол бусад нь дулааны аргаар боловсруулдаг байна. Харин гадаах дүр зураг нь нийтлэг, хашаан дотор хүнгүй, зэлүүд. Үйл ажиллагаа явуулж буй шинжгүй. Зарим нь харуултай байлаа.

"Жэй экс си эс" ХХК-ийн хашааны харуул "Би ирээд 20 гаруй л хонож байна. Ямар ч хүн байхгүй. Завсар, үйлчилгээ гээд ажиллалгүй удаж байгаа гэсэн" хэмээв. Тус компанийн удирдах албан тушаалтантай утсаар холбогдож тодруулахад "Жилийн өмнө л манай үйлдвэр зогссон. Ковидын үеэр хилээр мах гарахаа больсон шүү дээ. Үүнээс хойш л ажиллаагүй, таг зогссон" гэж байна.

Түүний ойролцоо байрлах "Сайле фүүдс монголиа" ХХК-ийн харуулаас тодруулахад мөн ижил хариулт буюу "Бараг хоёр жил ажиллаагүй. Одоо засварын ажил л ганц нэг хийдэг. Дотор хүн байхгүй. Ковидын үед хаагдсан" хэмээлээ.

Жишээ татан, дахин нэг үг эшлэхэд, "Ди Эф" ХХК-ийн харуул "Дотор хүн байхгүй ээ. Хөргөгчний хэм тааруулдаг өвөр монгол залуу хааяа ирж, явдаг. Хөргөгчинд гэхдээ мах байхгүй. Хяналт, шалгалт ирж бужигнасан. Манайх гайгүй давчих шиг болно лээ. Ер ковидын үеэс хойш л үүдээ барьсан шүү дээ" гэх.

-"ХЭЛМЭГДЭЖ, БОРЛУУЛАЛТ БАРАГ ЗОГССОН"-

Дулааны аргаар мах боловсруулдаг нийт таван үйлдвэрийн гадаа очиж, харуултай нь ярилцахад бүгд нэгэн ижил хариулт хэлж байв. Тодруулбал, дээр дурдсанчлан "Жил гаруйн өмнө, ковидын үед хаагдсан" хэмээх хариулт юм. Үүнээс Эмээлтэд махны дуулиан дэгдэхээс өмнө ер мах боловсруулж, экспортолдог үйлдвэрүүд хаалгаа барьсан байсан нөхцөл байдал харагдаж буй.

Иймд "Эм ди си пи" ХХК-ийн үйлдвэрээс олдсон мах нь экспортод гаралгүй удсан, удаан хадгалагдсан мах байж болзошгүй. Энэ талаар ХХААХҮ-ийн сайдаас тодруулснаа сурвалжилгын төгсгөлд хүргэнэ.

Харин сурвалжилгын хүрээнд мах эхлэн бэлтгэдэг монгол үйлдвэрийн ажилтантай товч ярилцсан юм. Тэрбээр нэрээ нууцлахыг хүссэн.

"Жуулчны визтэй орж ирээд л, бохир орчинд мах бэлтгээд, урагш нь гаргадаг хятадууд байсан. Тэд олноороо зах зээл эзэлдэг. Иймд үүнийг цэгцлэх гэж байгаад хувьдаа баяртай байгаа" хэмээгээд тэр "Гэхдээ асуудал Эмээлтийн бүх үйлдвэр буруу юм шиг ойлголтыг олон нийтэд төрүүлсэн. Манайх бол мах дулааны аргаар боловсруулдаг нь биш. Гэвч бидний борлуулалт дуулианы дараа бараг зогссон. Хүнд л байна" гэлээ.

Мөн ихэнх үйлдвэрүүд ковидын үед үйл ажиллагаагаа зогсоосон байсан ба ийм нөхцөлд үйлдвэрийн байрнаас бохирдолтой мах илрүүлж, эл асуудал дэгдсэн гэдэг байр суурийг баталж байв.

-З.МЭНДСАЙХАН: ЗАСГИЙН ГАЗАР ЦОГЦООР НЬ ШИЙДНЭ-

Шадар сайд С.Амарсайханы дэргэд эл асуудлаар байгуулагдсан ажлын хэсэгт ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан ажиллаж буй. Түүнээс товч тодрууллаа.

-Ихэнх үйлдвэрүүд ковидын үед хаалгаа барьсан талаараа ярьж байна. Хяналт шалгалтууд тэднийг нууцаар ажиллаж, мах бэлтгэж байсан гэх ойлголт руу аваачиж байна уу?

-Тийм биш юм. Ковидын үед ажиллахаа больсон нь үнэн. Гэхдээ сүүлийн үед БНХАУ-ын тал махны импортоо сэргээх бодлого барьсны үндсэн дээр бид ААН-үүд рүү мэдээлэл өгсөн. Тэд ч нөөцөнд байсан махаа экспортод гаргахаар ажиллаж эхэлж байсан. Ийм үед асуудал дагаж гарч ирлээ л дээ.

Тодруулбал, энэ махнууд 2020-2021 оны өвөл бэлтгэгдсэн байсан. Ер нь мах бэлтгэдэг улирал намар, өвөл. Гэтэл 2021.06.21-нд БНХАУ-ын талаас махны импортоо зогсоосон. Иймд түүнээс хойш уг нөхцөлөөрөө хадгалагдаж байсан.

-16 компанийн тусгай зөвшөөрлийг цуцалсан. Цаашид тэдний үйл ажиллагааг дэмжих чиглэлд яаж ажиллах юм бэ?

-Бид хяналт, шалгалтад бүдрээгүй, холбогдох зөвшөөрөлтэй, стандарт шаардлага хангасан ААН-ийг хааж хорихгүй. Аль болох л нээнэ, дэмжинэ. Гэхдээ энэ асуудалд Засгийн газар гал унтраах байдлаар хандахгүй. Сууриар нь шийднэ. Иймд малыг нядлахаас өмнөх эрүүл мэндээс авхуулаад хоол болоод ирэх хүртэлх бүх шатны хяналт, боловсруулалтын зохицуулалтыг Засгийн газар баталсан. Улаанбаатар хот руу үйлдвэрийн бусаар бэлдсэн мах орж ирэх боломжгүй болно гэсэн үг.

Энэ зохицуулалт ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ. Тэр хүртэл бид үйлдвэрүүдээ бэлдэнэ. Ингээд тэр үед бүх журам, зохицуулалтдаа нийцсэн ААН-үүдийг ямар ч асуудалгүй ажиллуулаад явна.

НЭГТГЭХЭД: ХХААХҮ-ийн сайдын хэлж буйгаар мах боловсруулах үйлдвэрүүд ковидын үед зогссон ч сүүлийн хугацаанд үйл ажиллагаа сэргэж байжээ. Харин харуул, манаач нарын өгч буй мэдээлэл "Одоо дандаа засвар үйлчилгээ хийж байгаа. Ковидын үед зогсоод дахиж ажиллаагүй" гэсэн нэг агуулгатай байв.

Гэхдээ идэвхтэй үйл ажиллагаа явуулаагүй, 2020 оны өвөл бэлтгэсэн махаа хадгалж буй нөхцөл байдалтай үйлдвэрүүд дээр хяналт шалгалт хийж, асуудлыг өндөр авхуулсан нь ч анхаарал татах өнцөг юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

М. Тэнгис

Олон улсын харилцааны мэргэжилтэй, сэтгүүл зүйн салбарт таван жил ажиллаж байна. Нийгэм, улс төрийн сэдвээс гадна дүрслэх урлагийн шүүмж, ярилцлага бэлтгэдэг. Eguur.mn сайтын Ерөнхий редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-06-21 08:09

Махны бизнес хийдэг хүмүүс их хэлмэгдлээ

Зочин
Зочин
2022-06-21 09:43

Гэмт хүн хэлбэлзэнэ гэдэг чинь л энэ дээ

Зочин
Зочин
2022-06-22 00:27

Нэгэн шөнө цэнгэлдэх тойроод л тэр чигээрээ шорлог зарж байв. Нэг шорлог идчих санаатай очсоноо эмээлтйн мах санаанд ороод аягүй бол энд амтлагаанд ороод шарагдсан байж болзошгүй нь гэж сэжиг хүрэв. Бодоод байв�##� магадл�##� маш өндөр!!!

Холбоотой мэдээ

Back to top button