Сурвалжилга, Нийтлэл

СУРВАЛЖИЛГА: Энэ жилийн наадмын трэнд цайвар өнгөтэй, бүсний гоёлтой дээл

Энэ жил наадмаар ямар дээл өмсөх вэ, юугаар гоёх вэ. Наадам эхлэх мөч өдөр, өдрөөр ойртохын хэрээр хүн бүхэнд ийм бодолд төрж, гоёлоо зэхэж суугаа болов уу. Тэгвэл энэ жилийн наадмаар дээл, гоёлын ямар өнгө, загвар трэнд болж буй талаар сурвалжилга бэлтгэснээ уншигч та бүхэнд сонирхуулъя.

Бид энэ удаагийн сурвалжилгаа “Нарантуул” олон улсын худалдааны төвөөс бэлтгэлээ.

Г.НАНСАЛМАА: ЭНЭ ЖИЛ ЦАЙВАР ӨНГӨТЭЙ, БҮСНИЙ ГОЁЛТОЙ ДЭЭЛ ТРЭНД БОЛЖ БАЙНА

Нар ээсэн халуун өдөр тус худалдааны төвийг бид зорив. Захын лангуу хэсэгт очиход “Хүмүүс аль хэдийнэ наадмын бэлтгэлдээ орж дээ” гэмээр түм түжигнэж, бум бужигнаж байлаа. Хамгийн наад талын лангууны эзэн Г.Нансалмаатай уулзлаа. Тэрбээр “Манайд 150-180 мянган төгрөгийн үнэтэй дээлүүд байгаа. Ерөнхийдөө хүмүүс мэр сэр наадмын бэлтгэлээ хангаж байна.

Сүүлийн хоёр, гурван жил хонхны баяр, наадам болоогүй. Энэ жил гэгээлэг цайвар өнгөтэй, бүсний гоёлын загвартай дээл трэнд болж, хүмүүс их сонирхож байна. Ийм загварын дээл 180.000 төгрөгний үнэтэй” гэв.

Б.БАТТӨМӨР: МАТЕРИАЛЫН ҮНЭ ӨССӨН ТУЛ ДЭЭЛИЙН ҮНЭ 20-ИОД МЯНГАН ТӨГРӨГӨӨР НЭМЭГДСЭН

Бид цааш яван, дараагийн лангуун дээр очлоо. Эл лангууны эзнийг Б.Баттөмөр гэдэг. Үйлчлүүлэгч ихтэй байсан ч тэр ярилцлага өгөхөөс татгалзаагүй. Бусдад үйлчлэхийнхээ хажуугаар “Наадам дөхөхийн хэрээр худалдан авалт нэмэгдсээр байна. Энэ жилийн хувьд өнгөлөг чамин дээлүүд эрэлттэй байгаа” гэлээ.

Материалын үнэ өссөн тул дээлний үнэ хоёр, гурван жилийнхээс 20-аад мянган төгрөгөөр нэмэгдсэн гэж Б.Баттөмөр онцоллоо. Түүгээр ч зогсохгүй биднийг сурвалжилгынхаа видеонд зориулж дээл өмсөн, бичлэг хийхийг зөвшөөрсөн юм.

П.САРУУЛ: МОНГОЛ ЦАМЦНЫ ҮНЭ БАГАДАА 10-ААД МЯНГАН ТӨГРӨГӨӨР ӨССӨН

Тэндээс цааш хөдлөхөд эрэгтэй, эмэгтэй, хүүхдийн төрөл бүрийн өнгө, загварын дээлтэй лангуу биднийг угтлаа. Эл лангууны эзэн П.Саруул “Ер нь жилийн жилд хүмүүс өөртөө таалагдсан загвараа л сонгодог. Ихэвчлэн ямар баяр ёслолд оролцож байгаагаасаа шалтгаалаад өөр, өөр дээлүүд авдаг. Наадам болох гэж байгаа болохоор хос дээл, цамц их зарагдаж байна.

Манайд эмэгтэй хүүхдийн монгол загвартай даашинз, эрэгтэй монгол өмд тус бүр 65.000, хүрэмтэй тэрлэг 230.000 төгрөгийн үнэтэй байна. Хамгийн чамин хийцтэй, сайн материалтай, гоёмсог гоё дээл 280 мянган төгрөгийн үнэтэй. Цар тахал гарснаас хойш монгол цамцны үнэ дор хаяж 10.000-аар нэмэгдсэн.

Одоогоор наадам гэж сүртэй бужигнаагүй л байна. Нарантуул дээр бүх бараа бөөний үнээр байдаг болохоор харьцангуй боломжийн үнэтэй,  хямд гэж ойлгож болно” гэлээ.

Ш.БАТТУЛГА: ЭНЭ ЖИЛ ХҮМҮҮС ЗАВСРЫН ӨНГӨТЭЙ ДЭЭЛ ИХ СОНИРХОЖ БАЙНА

Дараа нь дээлүүдээ хөнгөн өнгөнөөс нь хүнд өнгө рүү жирийтэл өлгөсөн Ш.Баттулгын лангуун дээр очлоо. Тэрбээр 23 жил оёдлын үйлдвэрээ ажиллуулж, дээл борлуулж буй эрхэм. Зөвхөн эрэгтэй хүнд зориулсан дээл борлуулдаг нь түүний онцлог. Ш.Баттулга “Энэ жилийн хувьд завсрын өнгө ноёрхож байна. Тосон бор, саарал, хүрэн бор, хар хөх гээд л...

Эрэгтэй дээл 220-330 мянга, энгийн дотортой дээл доод тал нь 180 мянган төгрөгийн үнэтэй байна. Манайх оёдлын үйлдвэр, цехтэй. 23 жил ажиллуулж байна.

Олон жилийн туршлагаас харахад, жил ирэх тусам хүмүүсийн худалдан авах чадвар муудсан. Үүнийг коронавирус, санхүүгийн хямралтай л холбоотой гэж боддог.

Урд хөрш хилээ хааснаас болж материалын үнэ өссөн. Үүнийг дагаад дээлийн үнэ нэмэгдсээр байгаа. Дээлийг зөвхөн торго, даавуугаар хийдэггүй шүү дээ. Дотор өнгө, эмжээр, оёдлын утаснаас гадна оёдлын хөлс нэмэгдэнэ. Нэг дээлийг 80-100 мянган төгрөгийн хөлсөөр оёулдаг.

Манайх зөвхөн эрэгтэй хүний дээл борлуулдаг. Дунджаар 240-250 мянган төгрөгийн үнэтэй. Ер нь яг санаанд хүрэх хэмжээний худалдан авалт хийгдэхгүй байна. “Наадмаар нэмэгдээсэй” гэж бодож сууна. Агаар салхинд гарах гэж байгаа хүмүүс дотортой дээл сонирхоод явж байна” гэлээ.

ХАМГИЙН ҮНЭТЭЙ ХОС ДЭЭЛ 700.000 ТӨГРӨГ

Эрэгтэй дээлний өнгө, загвар, үнэ нэг иймэрхүү. Одоо бид хос дээлний талаарх мэдээллийг үргэлжлүүлэн хүргэе. Хос дээл дагнан борлуулдаг Р.Мөнхтөр “Хос дээлний үнэ 360 мянгаас эхэлж байгаа. Хамгийн үнэтэй нь 700 мянган төгрөг. Хуучны хэв маягийг агуулсан, хоргой торгоор эмжсэн дээл бий” гэв.

ЭНЭ ЖИЛИЙН ТРЭНД ДӨРВӨН ТАЛТАЙ МОНГОЛ МАЛГАЙ

Наадмын гэлтгүй үндэсний хувцасны чухал гоёлын нэг нь малгай. “Нарантуул” захад малгай ямар үнэтэй байна вэ. 1994 оноос хойш худалдаа эрхэлж буй Ц.Цэцэгмаа “Манайд төрөл бүрийн малгай загвар, загвараараа бий. Жишээ нь, бөх, сурын хүүхдийн малгай 30,000 төгрөгийн үнэтэй. Дөрвөн талтай монгол малгай энэ жил трэнд болж байна. Охидуудад хөөрхөн шанх (толгойн шүр) 25-30,000, тоорцог хэмжээнээсээ хамаараад 30-50 мянга, сэрсэн малгай 25-30 мянган төгрөгийн үнэтэй байгаа.

Манайх зах гэдэг утгаараа үнийн хувьд хямдхан. Үнээ нэмэхээр хүмүүс авахаа больдог. Орлогогүй болчихгүйн тулд аль болох хямд, боломжийн үнийг санал болгож байгаа. Хэрвээ цаг үеэ дагаад үнээ нэмбэл борлуулалт буурна” гэлээ.

Наадмын гоёлоо бэлтгэж буй иргэд ямар дээл, гоё сонирхож явна вэ. Тэдэнд энэ жилийн дээлний үнэ, загвар ямар санагдаж байна вэ.

ИРГЭН: ТРЭНД ГЭХЭЭСЭЭ ИЛҮҮ ТААЛАГДСАН ДЭЭЛИЙГ НЬ ЭЭЖДЭЭ АВЧ ӨГНӨ

Ээждээ наадмын дээл авч өгөх гэж байна. Энэ жилийн трэнд гэхээсээ илүү настай хүмүүс торгон дээл сонирхдог. Өнгөрсөн жил наадам болоогүй. Ээж маань нутаг руугаа очиж наадна. Таалагдсан дээлийг нь авч өгнө өө.

ИРГЭН: ДЭЭЛИЙН ҮНЭ БОЛОМЖИЙН БАЙНА

Би наадмаар гоёх дээлээ сонирхож явна. Цаг үеэ дагаад үнэ нь өссөн байна. Өсөх нь мэдээж хэрэг. Гэхдээ боломжийн хэмжээнд өссөн нь таалагдаж байна. Тэнгэрийн үнэ хэлэх вий гэж эмээж байлаа. Харин санасныг бодоход боломжийн байна. Энэ жил гэгээлэг өнгөтэй дээл моданд орж байгаа нь анзаарагдлаа. Хөдөөгийн бид яаруу сандруу үзэж сонирхох юм. Өөр газраар яваагүй ээ.

СЭТГҮҮЛЧИЙН ТЭМДЭГЛЭЛ: Цар тахлын улмаас өнгөрсөн жил наадам болоогүй. Энэ онд Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойг хамтатган тэмдэглэх тул монгол түмэн тэр хэрээр ач холбогдол өгч, гоёл, чимэглэлдээ ихээхэн анхаарч байгаа нь мэдээж. Дээл болон бусад гоёлын өнгө, загварыг сурвалжлахад ийм байна. Үндэсний хувцас өмнөх жилүүдээс 20-30 мянган төгрөгөөр нэмэгдсэнийг худалдаачид онцолсон юм. Үүний сацуу үнэ нь боломжийн, хил хаалттай байгаа гэхэд өнгө, загварын сонголт гайгүй байгааг иргэд хэлж байлаа.

О.ПҮРЭВСҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-06-22 09:19

Хил ха�##�ттай байгаа гэхэд харин энэ дээлнүүдийн маань үнэ өсөөөгүй байна шдэээ

Зочин
Зочин
2022-06-22 09:19

Энэ жил их цэвэрхэн өнгө моодонд орж байгаа юм байн адаа

Зочин
Зочин
2022-06-22 09:20

tsar tahlaaas bolood naadmaa temdegleegvi udsan bid hamag baidgaaraaa l goehiiig hvsne. Harin vne bolomjiin bgd bayrlalaaa

Зочин
Зочин
2022-06-22 09:21

Цайвар өнгө ямар ч өнгөн дээр гоё зохицдог шүү

Зочин
Зочин
2022-06-22 09:22

Deeleereee goeoood naadmaa temdegleh ni deee ene jil

Зочин
Зочин
2022-06-22 09:22

Наадмаар жинхэнэ гангарий даа

Холбоотой мэдээ

Back to top button