СУРВАЛЖИЛГА, НИЙТЛЭЛ

СУРВАЛЖИЛГА: Тэтгэмжээ төлдөггүй эцэг, эхийг АЙЛГАСАН хилийн хориг

Сэтгүүлч Э.Булган өнөөдрийн онцлох контентынхоо агуулгыг танилцуулж байна.

Гэрлэлт бол хариуцлага. Их л сүржин санагддаг байв, энэ үг. Гэвч үнэн хэрэгтээ хамгийн чухаг үнэн үг байж. Ингэж хэлсний учир гэвэл өнгөрсөн 2019, 2020, 2021 онд улсын хэмжээнд 50413 гэр бүл гэрлэлтээ батлуулж, 10969 гэр бүл гэрлэлтээ цуцлуулжээ. Энэ нь гэрлэлтээ батлуулсан таван гэр бүл тутмын нэг салсан гэсэн үг юм.

Гэрлэлтээ цуцлуулаад л зарим аавууд "зугтдаг" бол зарим нь хариуцлагаа ухамсарлаж, хүүхдийн тэтгэмжээ төлдөг. Дан ганц аавууд л тэтгэмж төлдөг юм биш. Нийслэлийн хэмжээнд л гэхэд хүүхдэдээ тэтгэмж төлөхөөр тогтоолгосон найман ээж байдаг.

Нийслэлийн хэмжээнд өнөөдрийн байдлаар 5938 хүүхэд хүүхдийн тэтгэмж авч байна. Тэдгээрийг насны ангиллаар харах юм бол 0-11 насны хүүхэд дийлэнх байна.

Хүүхдийн тэтгэмжээ өгөөгүй, төлөхөөс зайлсхийсэн хүнд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасны дагуу арга хэмжээ авч байна. Тодруулан хэлбэл, гурван сараас дээш хугацаагаар төлөөгүй тохиолдолд гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлж буй юм. Энэ арга хэмжээ хүүхдийн тэтгэмжээ төлдөггүй эцэг, эхийг "өмдөнд нь шээлгээд" эхэлжээ. Нэгэн кэйс дурдъя.


1998 он. Иргэн А, Б нар /нууц нэр ашиглав/ нэг гэрт оров. 13 жил хамт амьдарч, хоёр хүүхдийн аав, ээж боллоо. Гэсэн ч амьдрал бүтсэнгүй. 2011 оны арваннэгдүгээр сард шүүхээр гэр бүлээ цуцлууллаа. Эмэгтэй Б 11 настай хүү, хоёр настай охиноо тэврээд үлдэв. Хүүхдүүдийн аав сар бүр хүүхдийн тэтгэмж төлж байх шүүхийн шийдвэр гарсан ч, ер холбоо барилгүй усанд хаясан чулуу мэт алга болжээ. Харин 11 жилийн дараа гэнэтхэн "Хүүхдүүдийн тэтгэмжийн мөнгөө өгье" хэмээн гарч иржээ. Учир нь хүүхдийн тэтгэмжээ гурван сараас дээш хугацаагаар төлөөгүй хүмүүст хилийн хориг тогтоож буй юм.

Бид дээрх асуудалтай бодитоор нүүр тулсан иргэн Б-аас цөөн асуултад хариулт авлаа.

-МУУ ААВЫГ САЙН МӨНГӨ ОРЛОНО-

-Салсан нөхөр тань олон жил холбоогүй, хүүхдийнхээ тэтгэмжийг өгөхгүй байснаа гэнэтхэн холбоо барьсан гэсэн. "Хилийн хориг тавьсан тул хүүхдийнхээ тэтгэмжийг өгье" гэдгээ шуудхан хэлж байх юм уу?

-Маш их гайхсан. Энэ хүний ухаан санаа зүгээр үү гэж бүр бодогдсон. Ямар ч холбоо сураггүй байснаа 11 жилийн дараа гэнэт ажил дээр хүрч ирээд хүүхдүүдийн тэтгэмжийн мөнгөө өгье гэж хэлэхэд үнэхээр гайхсан. Хүүхдүүдээ гэх эцгийн ухаан суусан юм болов уу гэж бодож суутал хилийн хоригоос шалтгаалж өөрийнх нь хийж байгаа ажил үргэлжлэх боломжгүй болсон тухай хэлсэн. Тэгэхэд л өөрийнхөө эрх ашгийн үүднээс хүрч ирснийг ойлгосон.

Би эхэндээ хэд хэдэн удаа хандаад бүтэмжгүй болохоор орхичихсон байсан юм. Бардам зан хатгаад гэх үү дээ. Хүний ухаан мэдэх хэрэг биз дээ. Хууль шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлэхгүй байгаа хүнээс хүүхдүүдээ гэх хайр, сэтгэл гарах болов уу гэж найдаад орхичихсон юм. Тэгсэн өөрт нь хилийн хориг тавигдах үед мөнгөө бариад гүйгээд ирдэг юм байна.

-Одоо хүүхдийн тэтгэмж гэж хэдэн төгрөг өгч байгаа вэ?

-Яг одоо бол өгөөгүй байна. 11 жилийн хугацаанд хоёр хүүхдийн тэтгэмжийн мөнгө 24 сая орчим төгрөг хуримтлагдсан юм билээ. Тэрийг бүтэн өгөөгүй. Боломжтой үедээ гүйцээж өгнө гэсэн. Урьдын адил найдаж л байна.

Тэгээд хүүхдүүдийн аавын хүсэлтээр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгож өгнө үү гээд Шийдвэр гүйцэтгэлийн албанд бичээд өгчихсөн. Одоо ямар нэгэн хууль журмын дагуу ярих боломжгүй болсон. Харин жинхэнэ аав хүний үүрэг хариуцлага, ухамсар, сэтгэлийг харах үлдсэн.

-Ер нь энэ мөнгө хүүхдэд аавыг нь орлож чадахгүй. Зарим эмэгтэйчүүд хүүхдийн тэтгэмжийн мөнгийг нэмэх хэрэгтэй гэсэн байр суурьтай байгаа харагддаг. Та үүн дээр ямар бодол тээж явдаг вэ?

-Муу аавыг бол сайн мөнгө орлоно л доо. Халамжгүй, хэрцгий, хариуцлагагүй аав хажууд байснаас мөнгө нь илүү нэмэртэй. Тэгэхээр нэмэх хэрэгтэй. Уг мөнгө нь бага шүү дээ. Сард 100 мянга хүрэхтэй үгүйтэй. За тэгээд хүний ухамсар л энэ асуудлыг шийднэ дээ. Хэчнээн мөнгө нэмлээ ч, эсвэл бага байлаа ч цаад хүн нь өгөхгүй л бол яалтай билээ.

Харин энэ онд Хууль зүй, дотоод хэргийн сайд улсын хэмжээнд өр төлбөртэй хүмүүст хилийн хориг тавих тушаал гаргаж, хуулийг хэрэгжүүлэх бодит алхам хийсэн нь үнэхээр сайн шийдвэр болсон байна. Хууль батлах нь нэг хэрэг, хэрэгжүүлэх хүсэл зориг байх нь хамгийн чухал.    

-Хүүхдийн тэтгэмж ч авахгүйгээр ганцаараа хүүхдээ өсгөхөд тулгарч байсан хүндрэл бэрхшээлээсээ хуваалцаач?

-Амар байгаагүй ээ. Гэхдээ одоо эргээд бодоход даваад гарсаан. Ах дүү, хамт олон, найз нөхдийнхөө дэмээр давж туулсан. Өлсөх, даарах бол зовлон биш. Харин хүүхдүүддээ аав шиг хандах шаардлага гардаг байлаа. Хоёр хүний дүрд хувирах шаардлагатай үе байсан. Аавгүй өсөж байгаа гэх хүүхдийнхээ сэтгэл зүйг арчлах нь надад чухал байсан. Одоо зүгээр ээ, даваад гарсан.

-УИХ-ын эмэгтэй гишүүд хамтран Гэр бүлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл санаачилж, УИХ-ын даргад өргөн барьсан. Энэ хуульд “Хүүхдийн тэтгэмжийг нэмж, эцэг, эхийнх нь данснаас шууд татдаг болгох”-оор тусгаад буй юм билээ. Энэ хуульд ямар зүйл, заалт заавал орсон байгаасай гэж хүсэж байна?

-Энэ талаар тодорхой мэдээлэл байхгүй болохоор хэлж мэдэхгүй байна. Яахав, байж болох арга хэрэгслийг ашиглаад үзье гэж хууль тогтоогчид үзэж байж магадгүй. Үр дүнтэй ч байх юм бил үү. Нарийн судалгаа дүн шинжилгээ хийсэн байж таарна. Өгөхгүйгээр нэгэнт шийдсэн хүмүүст ийм албадлага заавал хэрэглэх ёстой бол хэрэглэсэн нь зөв л дөө.

Шинээр гэр бүл болж байгаа залуус хайр сэтгэл чухал ч гэсэн хариуцлага бүр илүү чухал гэдгийг ойлгоосой. Чи өөрөө хариуцлагагүй, цаад хүн чинь хариуцлагагүй бол гэрлэх хэрэггүй гэж зөвлөмөөр байна. Гэрлэлтийн гэрээ байгуулах, талууд аль аль нь үүрэг хариуцлагаа гүнзгий ухамсарлах гээд орчин цагийн гэр бүлүүд шинэ харилцаанд орох шаардлагатай болжээ.   


-4850 ХҮҮХДЭД ТЭТГЭМЖ ОЛГУУЛАХААР АЖИЛЛАЖ БАЙНА-

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 59.1. Энэ заалт 2020 оны нэгдүгээр сарын 10-наас хойш мөрдөгдөж буй юм. Өөрөөр хэлбэл, тэтгэмжээ төлөөгүй эцэг, эхэд дээрх өдрөөс хойш хилийн хориг тавьж эхэлсэн гэсэн үг.

Хоёр жилийн хугацаанд хэчнээн эцэг, эх тэтгэмжээ төлөхгүй хилийн хоригт багтсаныг, яг өнөөдөр хэчнээн хүнд хилийн хориг тавиад буйг Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Ерөнхий Газрын харьяа Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албаны дэд дарга, ахмад Б.Базарсадаас тодрууллаа.

Тэрбээр "Гурван сараас дээш хүүхдийн тэтгэмжээ төлөөгүй бүх хүнд хилийн хориг тавьсан. Хуримтлагдсан тэтгэмжээ өгч дуусаад, дахиад хуримтлал үүсгэчихдэг. Тэр ч утгаараа бодит тоо гарахад төвөгтэй.

2022 оны хагас жилийн байдлаар нийслэлийн хэмжээнд 4850 гүйцэтгэх баримт бичигт хүүхдийн тэтгэлэг гаргуулах шийдвэр гүйцэтгэх ажиллагаа зохион байгуулж байна. Задлан хэлбэл, 5938 хүүхдэд хүүхдийн тэтгэмж олгуулахаар ажиллаж байна. Сар бүр хүүхдийн тэтгэмжээ тогтмол төлж байгаа 1740 хүн байна. Хэсэгчлэн төлөөд явдаг 2188 байна" хэмээв.

-ТЭТГЭМЖ ТОГТООДОГ ЗОХИЦУУЛАЛТ-

Тэтгэмжийг хэрхэн тогтоодог, хүүхэд тэтгэмж гэж сард яг хэдэн төгрөг авдгийг мэдэхгүй хүмүүс байгаа байх. Тиймээс тайлбарлая.

Шүүхээс хүүхдийн насны ангилал, тухайн бүс нутгийн хүн амын амьжиргааны доод түвшинг харгалзан үзэж, тэтгэмжийн хэмжээг тогтоодог.

Харин 2022 оны байдлаар манай улсад бүсчилсэн байдлаар амьжиргааны доод түвшнийг доорх байдлаар тогтоожээ.

  • Улаанбаатарт 277,800
  • Баруун бүсэд 238,800
  • Хангайн бүсэд 240,400
  • Төвийн бүсэд 239,200
  • Зүүн бүсэд 236,400 төгрөг байна.

11 хүртэлх насны хүүхдэд сар бүр дээрх хэмжээний 50 хувиар тооцож, 11-аас дээш насны хүүхдэд 100 хувиар тооцож, мөнгөн тэтгэмж өгдөг.

Ингэхээр Улаанбаатар хотод ажиллаж, амьдардаг 11 хүртэлх настай хүүхэдтэй бол 138,900 төгрөг, 12 настай хүүхэдтэй бол 277,800 төгрөгийг хүүхдэдээ тэтгэмж болгож өгдөг байх нь.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
10 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-06-23 09:29

Xuuxdiin momgoo awaad showudad ywdag eejuud zondooshdee

Зочин
Зочин
2022-06-23 09:55
Reply to  Зочин

за бүх хүн л тийм байв гэж, тэгсэн өгөх ёстой юмаа өгөөд явчих хэрэгтэй. Бүр ээжид нь итгэхгүй байгаа бол хугацаатай хадг####амж гэж зүйл байдаг шүү

Зочин
Зочин
2022-06-23 09:30

Тэтгэмжийн мөнгө авч чадахгүй ганцаараа хариуцлагаа үүрээд явж буй ээжүүд зөндөө их байдаг

Зочин
Зочин
2022-06-23 09:30

Хариуцлагааа хүлээдэг бай эрчүүддэээ

Зочин
Зочин
2022-06-23 09:31

Гэр бүл цуцл####т бол үнэхээр асууд#### шүү, үр дүнд нь хүүхдүүд л хохирч байгаа.

Зочин
Зочин
2022-06-23 09:31

Хуулиар яваагүй огт тэтгэмж тогтоолгоогүй хүмүүс ч зөндөө л байгаа

Зочин
Зочин
2022-06-23 09:31

угаасаа одоо тогтоож буй дүн бол нэг сарын дугуйлангын төлбөрт ч хүрхээргүй байгаа шүү дээ

Зочин
Зочин
2022-06-23 09:33

Зөв шударга хүн дэмжинэ ээ манан намд авах хүн бхгүй

зочин..
зочин..
2022-06-23 17:13

Хүүхдийнхээ тэтгэмж төлөөгүй бол хилийн хоригоос өмнө өөр хуулийн хариуцлага хүлээлгэх нь зөв байх,хүүхдийн амьдрах сурч хүмүүжих эрхэнд х####даж байгаа асууд#### шүүдээ.

Буяа
Буяа
2022-06-25 12:06

Энэ эмэгтэй шийдвэр гүйцэтгэл дээр хэргээ ха####гах буруу шд.11н жил төлөөгүй хүн гүйцээж төлнө гэдэг найдваргүй шүү

Холбоотой мэдээ

Back to top button
10
0
Would love your thoughts, please comment.x
()
x