“Адууны үнэртэй дугараа нь айргийн сөн дээр хүлээнэ
Арван цагаантай эмээл нь нүдний гижгэн дээр хүлээнэ
Саран хөмсөгтэй нум нь хөвчиндөө чангарч хүлээнэ
Наран хээтэй зодог нь хөлсөндөө чангарч хүлээнэ” хэмээн дуунд өгүүлдэгчлэн монголчууд бид дэлхийд ганцхан наадмаа дэнж хотойлгон эхлэхийг сэтгэл догдлон хүлээсээр. Өнөө жил Ардын хувьсгалын 100, 101 жилийг хамтатган тэмдэглэх тул бүр ч их ач холбогдол өгч, догдолж буй нь мэдээж.
Наадам эхлэх мөч өдөр өдрөөр ойртохын хэрээр хэний хүү түрүүлэн, хэн гээч харваачийн цэц мэргэн байж, аль нутгийн уяачийн хүлэг торгон жолоо өргүүлэх бол хэмээн дор бүрнээ таамаг дэвшүүлж суугаа нь мэдээж. Жил жилийн наадмын түрүү бөхийн тааварт багтдаг олон хүчтэнтэй “Алдар” спорт хорооны бөхчүүд бэлтгэлээ хэрхэн базааж буйг сонирхон, наадмын сорилго барилдааныг нь сурвалжлахаар “Найман шарга” амралтын газрыг зорилоо.
Тэднийг онцолсон нь их учиртай. Үндэсний бөх гэлтгүй Монголын бүхий л спортын түүх, амжилтыг “Алдар” спорт хороогүйгээр төсөөлөхийн аргагүй. 1946 онд байгуулагдсан, 76 жилийн түүхтэй тус хороонд үе, үеийн аваргууд, том цолтнууд, олимп, дэлхийн медальтнууд харьяалагдан, бэлтгэл сургуулилалтаа хийн, амжилтын төлөө зүтгэсээр, монгол түмнээ баярлуулсаар ирсэн.
Зөвхөн үндэсний бөхийг л онцлоход, улсын 15 аварга, 18 арслан цолтон төрсөн. Ардын хувьсгалын 100 жилийн түүхэнд 50 орчим наадмын үзүүр, түрүүг “Алдар”-ын бөхчүүд булаалдсан нь яах аргагүй бахархам, бахдам амжилт. “Алдарт” спорт хороо бөхчүүдэд хэр ээлтэй, өгөөжтэй, амжилтынх нь гүүр болсон байгууллагынх нь илрэл.
Хамгийн сүүлийн буюу 2020 оны улсын наадамд л гэхэд “Алдар”-аас П.Бүрэнтөгс түрүүлж, улсын аварга цол хүртэн, М.Бадарч улсын заан, Ц.Одбаяр, Б.Зоригтбаатар нар улсын харцага, Х.Цогтгэрэл, Ш.Пүрэвгарьд, О.Мөнх-Эрдэнэ, Н.Мустафа нар улсын начин болсон юм. Тэгэхээр ганцхан жилийн наадмаар л гэхэд улсын аварга, улсын заан, улсын хоёр харцага, улсын дөрвөн начин энэ хорооноос төрсөн гэсэн үг. “Алдар” спорт хороо өнөө цагийн үндэсний бөхийн өнгийг тодорхойлж буй хэчнээн олон хүчтэнтэй, хэр ундаргатайгийнх нь илрэл.
Энэ цаг үед л гэхэд дархан аварга Г.Өсөхбаяр, улсын аварга Ч.Санжаадамба, улсын арслан Р.Пүрэвдагва, улсын гарьд М.Бадарч, улсын заан Ц.Одбаяр, улсын харцага Б.Орхонбаяр Б.Цэдэнсодном, Ш.Пүрэвгарьд, Б.Бат-Өлзий нарын олон шилдгүүд “Алдар” спорт хороонд харьяалагдан барилдаж, амжилтын төлөө зүтгэж явна. Ингээд нэрийг нь онцлоод бичихээр “Хөөх, ёстой хэн нь ч улсын наадамд түрүүлэхэд гайхахааргүй шилдэг бөхчүүд” гэх бодол уншигч танд өөрийн эрхгүй төрж байгаа нь лавтай.
Биднийг очиход “Алдар”-ын наадмын сорилго барилдаан эхлэх дөхчихсөн байлаа. Хүндэтгэлийн ширээнд Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, “Алдар” спорт хорооны дарга, дархан аварга Г.Өсөхбаяр, улсын арслан Д.Ганхуяг, Р.Пүрэвдагва нарын эрхмүүд тухлан, бөхчүүдийнхээ барилдаан, өнгийг шинжинэ.
Тэдэнтэй хамт нэгэн хүчтэн суусан нь улсын арслан Д.Азжаргал. Их Монгол Улсыг байгуулсны түүхт 800 жилийн ойд үзүүрлэсэн тэрбээр Говьсүмбэр аймгийнхаа бөхчүүдийг “Алдар”-ын сорилгод зодоглуулахаар ирсэн байв.
Мөн энэ өдөр “Алдар”-ынхан зөвхөн бөхчүүдийнхээ бус үндэсний сур болон шагайн харвааны тамирчдынхаа наадмын сорилгыг хийсэн юм.
Г.ӨСӨХБАЯР: АРДЫН ХУВЬСГАЛЫН 100 ЖИЛ ХОВОР ТОХИОХ ОЙ, БИ БАРИЛДАНА
Барилдааны үеэр дархан аварга Г.Өсөхбаяртай цөөн хором ярилцлаа.
-“Алдар” спорт хорооны бөхчүүд өнгөтэй харагдаж байна. Энэ удаагийн сорилго барилдааны онцлог юу вэ?
-Түүхэн, тэгш ойд эрийн гурван наадмаар өрсөлдөнө гэдэг хүн бүхэнд тохиохгүй хувь заяа. Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойд түрүүлэхийн төлөө тамирчин бүхэн бэлтгэл сургуулилтаа хийн, хичээж байгаа нь мэдээж. Батлан хамгаалах яамны харьяа “Алдар” спорт хорооноос маань түүхт ойн түрүү бөх, харваач тодроосой, бүгд өндөр амжилт гаргаасай гэж хүсэлгүй яах вэ.
Нар, хур тэгширсэн сайхан өдөр наадмын сорилгоо хийж байна, бид. “Алдар”-ын бөхчүүд, шагайн болон үндэсний сурын харваачид энд нэг дор өрсөлдөн, наадмын өнгөө шинжиж буйгаараа онцлогтой. Батлан хамгаалах яамны сайд, удирдлага үндэсний спортын тамирчдынхаа бэлтгэл, сургуулилалттай танилцан, амжилт хүслээ.
-Бөхчүүдийн бэлтгэл жигдэрсэн үү. Ямархуу бэлтгэл түлхүү хийлгэж байгаа вэ?
-Манай хорооны бөхчүүдийн бэлтгэл жигдэрсэн, их сайхан өнгөтэй байна. Ер нь өнөө цагт “Алдар”-ын гэлтгүй бүхий л бөхчүүд жилийн дөрвөн улиралд жигд, тогтмол бэлтгэлтэй байдаг. Бөхчүүдээрээ барилдааны бэлтгэл түлхүү хийлгэж байна.
Батлан хамгаалах салбар, “Алдар” спорт хороо түүхэн уламжлалтай. Монголын бүхий л спортын хөгжил, тамирчдын амжилтын үндэс нь манай хороо байсаар ирсэн. “Алдар” спорт хороо байгуулагдсан цагаасаа үндэсний спортоо, бөхчүүд, харваачдаа дэмжсээр өдий хүрсэн. Үүний үр дүнд жил жилийн наадамд манай хорооныхон өндөр амжилт гаргадгаар нь бахархдаг.
“Алдар спорт хорооноос үндэсний бөхийн 15 аварга, улсын 18 арслан төрсөн. Ардын хувьсгалын 100 жилийн түүхэнд 50 орчим наадмын үзүүр, түрүүг манай хорооны бөхчүүд булаалдсан байдаг. Энэ жил ч мөн манай хорооны бөхчүүд, харваачид өндөр амжилт гаргана гэдэгт итгэлтэй байна. Бүгдэнд нь амжилт хүсье.
-2022 он түүхэн ойн жил. Та барилдах уу?
-Ардын хувьсгалын 100 жил бол ховор тохиох ой. Би бэлтгэл, сургуулилтаа хангаж байна. Монгол түмнээ хүндэтгэн, төрийнхөө наадамд барилдана аа.
Цар тахлын улмаас 2020 оны улсын наадмыг хаалттай хийн, өнгөрсөн жил өнжсөн. Хаана, хаанаа хүлээлт ихтэй байгаа болов уу. Монгол наадам өнө мөнх орших учиртай. Эрийн гурван наадмаараа наадах шиг жаргал хаана байх вэ. Монгол түмэн минь сайхан наадаарай. Бүгдэнд нь аз жаргал, сайн сайхан бүхний дээдийг хүсье.
ӨНӨӨ ЦАГИЙН “МОЛИГО ОЧИР”
Ямар ч тамирчны амжилтыг дасгалжуулагчгүйгээр төсөөлөхийн аргагүй. “Алдар” спорт хорооны дасгалжуулагч, улсын харцага Т.Өсөх-Ирээдүйг харахаар хамгийн түрүүнд “Гарьд магнай” киноны Молиго Очир санаанд бууж байлаа. Тэрбээр шавь нартайгаа тулж ажиллан, амжилтад хүргэхийн төлөө борви бохисхийлгүй зүтгэж байгаа нь тийм сэтгэгдэл төрүүлсэн. “Алдар”-ыг Т.Өсөх-Ирээдүйгүйгээр, харцагыг “Алдар”-гүйгээр төсөөлөхийн аргагүй.
Тэрбээр “Манай хорооны наадмын сорилгыг сурвалжилж буй “Eguur.mn” сайтын хамт олонд талархаж буйгаа юуны өмнө хэлье. “Алдар” спорт хорооны бөхчүүд, үндэсний сур болон шагайн харвааны тамирчид маань наадмын бэлтгэлдээ гарчихсан, ид базааж байна. Өнөөдөр нэг дор бүгд цугларч наадмын сорилгоо хийлээ. Батлан хамгаалах яамны удирдлага, олон түмэн цугларч, сайхан өргөн дэлгэр боллоо.
Би 2016 оноос хойш “Алдар” спорт хорооны бөхчүүдийнхээ бэлтгэлийг хийлгэж байгаа. Монгол орны өнцөг булан бүрээс ирсэн, бөх болох хүсэлтэй залуустай, бөхчүүдтэй ажилладаг. Манай өвлийн бэлтгэл сургуулилтад 100 гаруй хүүхэд тогтмол хамрагддаг. Энэ жил наадмын бэлтгэлд 60 гаруй хүүхэдтэй гарлаа. Зарим хол аймгийн бөхчүүд сумынхаа наадамд барилдах гээд өнөөдрөөс нутаг буцаж байна.
Улсын наадмыг өнжсөн түүх өнөө цагийн бөхчүүдийн хэнд нь ч тохиолдож байгаагүй. Амжилтын ид ирэн дээрээ яваа бөхөд нэг жил гэдэг урт хугацаа. Бөхчүүд нь бяртай, морь нь хурдан, сум нь мэргэн, элдэв маргаан, будилаангүй, ард түмнээ баясгасан наадам болоосой гэж хүсэж байна. Монгол түмэн минь сайхан наадаарай” гэлээ.
НААДМЫН СОРИЛГОД Б.ЦЭДЭНСОДНОМ ТҮРҮҮЛЛЭЭ
“Алдар” спорт хорооны жил жилийн сорилго барилдаан сумын наадмын дайтай болдог гэхэд хилсдэхгүй. Өнөө жил тэдэнтэй хамт Говьсүмбэр аймгийн бөхчүүд барилдан, наадмын өнгөө шинжсэн нь барилдааныг улам сонирхолтой болгов.
Улсын гарьд М.Бадарч, улсын заан Ц.Одбаяр, улсын харцага Б.Цэдэнсодном, Ш.Пүрэвгарьд, Б.Зоригтбаатар нараар магнайнуулсан 96 хүчтэн барилдлаа.
Харин том цолтнуудаас улсын аварга Ч.Санжаадамба, улсын арслан Р.Пүрэвдагва нар зодоглосонгүй.
Барилдаанд Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын харьяат бөх, улсын харцага Б.Цэдэнсодном түрүүлж, Сэлэнгэ аймгийн Жавхлант сумын харьяат бөх, улсын харцага Б.Одгэрэл үзүүрлэлээ. Б.Цэдэнсодном харцага аймгийн арслан Пүрэвсүрэнтэй их хүч шавхсан барилдаан хийсэн. Дараа нь улсын харцага Б.Одгэрэл, улсын начин О.Мөнх-Эрдэнэ нартай амьсгаагаа нэг дараад л шууд барилдаад давсан нь олны талархлыг бүр ч их хүлээлээ.
Шөвгийн гуравт Архангай аймгийн Хайрхан сумын харьяат бөх, улсын начин О.Мөнх-Эрдэнэ шалгарлаа. Аралтай, бяртай, барилдаанч начин өнгөрсөн ням гаригт болсон улсын наадмын сорилго барилдаанд шөвгийн дөрөвт үлдсэн. Энэ удаа мөн шөвгөрч, олон түмнийг баярлууллаа.
Б.ЦЭДЭНСОДНОМ: ЦОЛОО АХИУЛАХЫН ТӨЛӨӨ ХИЧЭЭНЭ ЭЭ
Түрүү бөх Б.Цэдэнсодном “Алдар” спорт хорооныхоо наадмын сорилго барилдаанд түрүүлсэндээ баяртай байна. Би 10 жилийн өмнө, 16 настайдаа энэ дэвжээнд анх бэлтгэлд гарч байлаа. 10 жилийн дараа “Алдар”-ынхаа барилдаанд түрүүлсэндээ их бэлгэшээж байна.
-Сүүлийн гурван барилдаанд шууд дараалж гараад барилдлаа.
-Тэглээ. Наадам дөхчихсөн энэ цаг үед надад харин ч бэлтгэл, туршлага боллоо. Сүүлдээ бие тавираад сайхан болсон. Өөртөө итгэлтэй барилдаад түрүүллээ. Тэгш ойд сайхан барилдаж, цолоо ахиулахын төлөө хичээнэ.
Б.ОДГЭРЭЛ: ЯАРЧ БАРИЛДААД УНАЧИХЛАА
Үзүүрлэсэн Б.Одгэрэл “Алдар” спорт хорооны маань бөхчүүдийн наадмын сорилго өргөн дэлгэр, сайхан боллоо. Энэ цаг үеийг өнгөлж яваа М.Бадарч гарьдыг давлаа.
Б.Цэдэнсодном харцагатай түрүү булаалахдаа түрүүлэх сэн гэж хичээлээ. Яарч барилдаад уначихлаа. Наадмын бэлтгэлдээ гараад 10 гаруй хонож байна. Т.Өсөх-Ирээдүй харцагынхаа удирдлагад бэлтгэлээ хийдэг. Монголынхоо, Сэлэнгэ аймгийн Жавхлан сумынхаа, “Алдар” спорт хорооныхондоо мэнд дэвшүүлье. Сайхан баярлаарай” гэлээ.
О.МӨНХ-ЭРДЭНЭ: УЛСЫН НААДМЫН, "АЛДАР"-ЫН СОРИЛГОД САЙХАН БАРИЛДЛАА
Шөвгийн гуравт үлдсэн О.Мөнх-Эрдэнэ "Наадмын бэлтгэлд гараад 14 хонож байна. Хэд хоногийн өмнө улсын наадмын сорилгод барилдсан. Өнөөдөр "Алдар" спорт хорооныхоо сорилгод сайхан зодоглолоо. Бэлтгэл жигдэрсний илрэл болов уу. Б.Цэдэнсодном харцагатай барилдахдаа зах дээр сулраад уначихлаа. Монгол түмэн Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойдоо сайхан наадаарай" хэмээв.
Улсын наадам дөхсөн үед барилдаан, галын сурвалжилгын үеэр томоохон цолтой бөхчүүдээс ярилцлага авах байтугай хэд, гурван үг унагана гэдэг амаргүй даваа. Аль болох ярилцлага өгөхгүй, наадамд л гол анхаарлаа төвлөрүүлдэг нь тэдний гэм биш тогтсон “уламжлал”.
Эл гачлан энэ удаа намайг ч бас тойрсонгүй. Улсын гарьд Бадарч, улсын заан Одбаяр, улсын харцага Зоригтбаатар тэргүүтэй нэлээд хэдэн бөхөд ярилцлага авах санал тавьсан ч “Багшаас авчих аа. Наадам дөхчихсөн болохоор ярилцлага өгмөөргүй байна” гээд халгаасангүй.
Сорил барилдаан 17,00 цагийн үед өндөрлөж, бөхчүүд тус тусын гал руугаа, наадамчин олон гэрийн зүг хүлгийн жолоо заллаа. Өнөө цагийн үндэсний бөхийн өнгийг тодорхойлж буй олон хүчтэнтэй “Алдар” спорт хорооны бөхчүүдийн бэлтгэл жигдэрч, улсын наадмыг хоног тоолон хүлээж байна. Жил жилийн наадмын өнгөнд барилдаж, түрүү, үзүүрт багтдаг хүчтэнүүд өнөө жил ч бас амжилтаа баталж, ахиулах биз ээ.
ГЭРЭЛ ЗУРАГ, БИЧЛЭГИЙГ Б.ТЭМҮҮЛЭН
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Бөхчүүд маань иртэй сайхан харагдаж байна
Бөхчүүд допингоос л хол яваарай
Ойрд ийм онгод дүүрэн сайхан бөхийнхөөө ярилцлагыг уншиж , дуранд буусан эгэл зургуудийг үзэээгүй үнэхэээр их хөглөгдөв. Монголд минь одооо наадам болоод бужигнаж байгаа даа
Сайхан сайхан монгол наадам минь маш ихэээр омогшив
Зовлого ихтэй мөнгө ихтэй бөхөнцөр л түрүүлнэ дээ гэж төлгөнд бууж бна даа
Ямар нь 8 жил эрхээ хасуулаад, ямар нь болохоороо 11-хэн сар эрхээ хасуулчихаад дээрээс нь цолоо хура�##�гах биш харин ч бүр цолоо нэмүүлж байдаг юм бэ? Ямар нь улсад 4 түрүүлээгүй байж хуулинд өөрчлөлт оруулж Дархан Аварга цол аваад байдаг юм бэ? Монголын Спортын Арбитрийн шийдвэр маш зөв, шударга шийдвэр гарсан шүү. Маг�##�жав тэргүүнтэй МҮБХ чинь ч зүгээр нэг төрийн бус байгууллагын статустай спортын сайн дурын байгууллага. Ер нь энд нэг зүйлийг бөх сонирхогч хүний хувьд, шударга ардын хувьд хэлэхэд: Монгол бөхийн түүхэнд допинг хэрэглэсэн бүх 37 бөхчүүдэд хатуу хариуцлага тооц. Лавтай мэдэгдэж байгаа нь түрүүлсэн наадам болгондоо допинг хэрэглэсэн А. Сүхбатын цолыг хурааж з�##�уу бөх болго, мөн адил допинг хэрэглэсэн Эрхэмбаярын цолыг хурааж арслан болго. Улсад 4 түрүүлээгүй байж дархан аварга цол авсан, наадмаар ёс зүйгүй үйлдэл гаргасан Өсөхбаярын цолыг хурааж аварга цолтой нь үлдээ. Үнэхээр хариуцлага тооцох гээд байгаа бол бүгдэд нь яг ижил ханд. Яг ижил хариуцлага тооцож чадахгүй бол ард түмний хүүхдүүдийг битгий хэлмэгдүүл!!!
Өсөхирээдүй ч дээ ...яг л адьяахүгиин адил шавь нараа �##�агчилж үздэг өнгө мөнгөөр өгдөг авдаг ц�##�ин хөлсөөр нь ялгаварлан гадуурхдаг багш ухаантай новш доо Өвлиин идшээ да�##�гана машин унаагаа солиулна тиим гар утас тэдэн төг бэлгэнд авна гээд нэхдэг багш биш авлигач нөхөр