Нийгмийн

Мөрөн хотын нарны цахилгаан станцын төсөлд зориулж Голомт банк “Ногоон баталгаа” гаргалаа

Азийн Хөгжлийн Банк (АХБ)-ны санхүүжилтээр Эрчим хүчний яамнаас хэрэгжүүлж буй Сэргээгдэх эрчим хүчийг нэмэгдүүлэх төслийн хүрээнд Хөвсгөл аймгийн Мөрөн хотод 10МВт-н хүчин чадал бүхий нарны цахилгаан станцын бүтээн байгуулалтын ерөнхий гүйцэтгэгчээр гадаад, дотоодын томоохон байгууллагууд шалгараад байна. Энэхүү төслийн хүрээнд ажил гүйцэтгэх гэрээний шаардлагын дагуу Голомт банк БНХАУ-ын Industrial and Commercial Bank of China банктай хамтран “Ногоон баталгаа” гаргалаа.

Төслийн хүрээнд алслагдсан болон буурай хөгжилтэй бүс нутгийн эрчим хүчний системийг нүүрстөрөгчгүйжүүлэх Монгол Улсын Засгийн газрын бодлогыг дэмжих, Парисын уур амьсгалын хэлэлцээрийн хүрээнд 2015-2030 он хүртэл “Төрөөс эрчим хүчний талаар баримтлах бодлого”-ыг бэхжүүлэх зэрэг ажлуудтай холбогдуулан нийт суурилагдсан хүчин чадалд сэргээгдэх эрчим хүчний эзлэх хувийг 2023 он гэхэд 20 хувь, 2030 он гэхэд 30 хувьд хүргэх зорилт тавин ажиллаж байна.

Уг төсөл нь нийт 40.5МВт-н хүчин чадал бүхий сэргээгдэх эрчим хүчийг алслагдсан бүс нутгууд болох Баруун болон Алтай-Улиастайн бүс нутгуудад хоёр үе шаттайгаар хэрэгжиж байгаа бөгөөд эхний ээлжинд 2019-2022 оны хооронд 25.5МВт хүчин чадалтай үндсэн дэд төслүүдийг, 2022-2024 оны хооронд хоёрдугаар ээлжийн 15МВт хүчин чадал бүхий үндсэн бус дэд төслүүдийг тус тус хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна.

АХБ-ны хөгжиж буй гишүүн орнуудын дунд эрчим хүчний систем нь нүүрснээс хамгийн их хамааралтай байгаа нь Монгол Улс буюу эрчим хүчний нийт үйлдвэрлэлийн 93 хувийг нүүрс шатаах замаар эрчим хүч гаргадаг дулааны болон цахилгаан станцуудаас нийлүүлдэг. Төсөл амжилттай хэрэгжсэнээр жил бүр 99 гига-ватт/цаг цэвэр цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх, 82,789тн нүүрстөрөгчийн давхар исэл (CO2) ялгаруулахаас сэргийлэх, өвлийн улиралд цахилгаан эрчим хүчний нийлүүлэлт болон дулааны хангамж тасалдах эрсдэлээс бүрэн хамгаалах, 70 мянган айл өрхийг цахилгаанаар хангаж, импортын эрчим хүчний хэрэгцээг бууруулах боломжтой болж буйгаараа онцлог юм.

Голомт банк нь байгаль орчинд ээлтэй, тогтвортой санхүүжилтийн бодлогын хүрээнд дотоод гадаадын ногоон төслүүдийг тусгайлсан санхүүжилтийн бүтэцтэй бүтээгдэхүүн, үйлчилгээгээр дамжуулан дэмжсээр байгаа билээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Холбоотой мэдээ

Back to top button