Нийгмийн

СУРВАЛЖИЛГА: УСУГ-ын УХААЛАГ Хяналт, удирдлагын төв нээлтээ хийлээ

-ҮЙЛ АЖИЛЛАГААГ 24 ЦАГИЙН ТУРШ АЛСЫН ЗАЙН СИСТЕМЭЭР ХЯНАХ БОЛОМЖТОЙ-

https://www.facebook.com/eguurmgl/videos/399700904282073/

Өнөөдөр /2019.09.29/ УСУГ-ын Хяналт, удирдлагын төвийн нээлтийн үйл ажиллагаа боллоо. 380 жилийн түүхтэй Улаанбаатар хотын хүн амыг унд болоод ахуйн цэвэр усаар хангаж, гарсан бохир усыг татан зайлуулах үүргийг энэ байгууллага 60 жил амжилттай гүйцэтгэсээр өнөөдрийг хүрчээ.

Нийслэл хүрээгээ тэлэх тусам бүтээн байгуулалт өрнөж, хүн ам өсөн хөгжихийн хэрээр усны хэрэглээ өндөрссөнөөр УСУГ-ын ачаалал нэмэгдэх болсон. Ийм ч учраас хотын усан хангамж, цэвэрлэх байгууламжийн үйлдвэрлэл үйлчилгээний цар хүрээг нэмэгдүүлж, орчин үеийн техник технологийг нэмэгдүүлэх шаардлага эрхгүй бий болоод буй.

Үүнтэй уялдан ус хангамж, ариутгал татуургын систем тоног төхөөрөмжийн хэвийн найдвартай, тасралтгүй, аюулгүй байдлыг хангах, үйлчилгээг нэг цэгээс хянан удирдах “Хяналт удирдлагын төв”-ийг барьж байгуулахаар шийдвэрлэн 2017 оны долоодугаар сарын 24-ний өдөр шавыг тавьж, төслийн гүйцэтгэгчээр “Титан Тауэр” констракшн ХХК шалгарч, гэрээлт хугацаанд барилга, угсралтын үйл ажиллагааг хийж гүйцэтгэжээ.

Уг байгууламж ашиглалтад орсноор Улаанбаатар хотын ус хангамжийн насос станц, усан сангууд, шугам сүлжээний даралт, түвшин, цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагаа, цахилгаан хангамжийн дотоод схем, ундны усны халдваргүйжүүлэлт, Ус зөөврийн автомашинуудын ус тээвэрлэлт, ухаалаг ус түгээх цэгийн үйл ажиллагаа, алсын зайны хяналтын систем, нэвтрэх систем, шугам сүлжээний трасс, бүсчлэл, горимын параметрүүд, шугам сүлжээний гэмтэл зэргийг хянаж, горимын оновчлолыг хэрэгжүүлэн алсаас удирдах боломжтойгоос гадна 24 цагийн турш хэрэглэгчдийн санал хүсэлтийг хүлээн авч, түргэн шуурхай шийдвэрлэх боломжтой болж байгаа юм байна.

-С.АМАРСАЙХАН: НИЙСЛЭЛ МААНЬ УХААЛАГ ХОТ БОЛЖ БУЙН НЭГ ЖИШЭЭ БОЛ ЭНЭ-

Нээлтийн арга хэмжээний үеэр УИХ-ын гишүүн, БХБ-ын сайд Х.Баделхан:

“УСУГ-ын том бүтээн байгуулалтын нээлт болж байна. 60 жилийн хугацаанд хүн амыг ундны цэвэр усаар хангана гэдэг маш хариуцлагатай энэ ажлыг нэр хүндтэй хийж ирсэн байгууллага гэж би хардаг.

Шинэ Хяналт, удирдлагын төв Засгийн газраас дэвшүүлсэн сорилтын хүрээнд, Азийн хөгжлийн банкны дэмжлэгээр бослоо. Хувь нэмрээ оруулсан хүн бүрт гүнээ талархал илэрхийлье. Хүн амын тэн хагас нь амьдарч байгаа хотын ус суваг, ариутгал татуургыг системийг нэг цэгээс хянадаг болж байна. Энэ бол мэдээ мэдээлэл, технологийн эрин зуун.

Цаашдаа өдөр бүр Улаанбаатараас өмхий үнэр гарахгүй. Олон жил хуримтлагдсан лагийг өвөл гэхэд бүрэн бордоо болгон задалж дуусна. УСУГ-ын ажилтнуудад улам их амжилт хүсье” гэсэн юм.

Харин НИТХ-ын дарга Р.Дагва:

“Ус хэмээх чандмань эрдэнийг нийслэлчүүддээ түгээдэг эрхэм нандин ажлын эзэн УСУГ-ын ажилтнуудад баяр хүргэе. Ус үгүй бол амьдрал үгүй гэдэг. Цэвэр усыг сахин хамгаалах нь бид бүгдийн үүрэг. Орчин үеийн дэвшлийг хэрэгжүүлж чадаж буй та бүхэнд талархахын ялдамд баяр хүргэмээр байна. Мэдээллийн технологи дээр суурилан алсын зайнаас энэ системийг хянах боломж бүрдлээ. Ингээд цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагаа, усны халдваргүйжүүлэлт, гэмтэл саатал зэргийг 24 цагаар хянах боломжтой болж байна. Улам их амжилт хүсэж, түүхт 60 жилийн ойн мэндийг НИТХ-ын өмнөөс дэвшүүлье” гэлээ. Мөн Нийслэлийн захирагч С.Амарсайхан:

“УСУГ-ын 1700 гаруй ажилтан та бүгдэд нийслэлчүүдийнхээ өмнөөс чин сэтгэлийн талархлаа илэрхийлье. Мөн 3.7 сая долларын туслалцаа үзүүлсэн Азийн хөгжлийн банкинд нийт ард түмнийхээ өмнөөс талархал илэрхийлье.

Улаанбаатар хот ухаалаг хот болох тодорхой сууриуд тавигдаж эхэлсэн. Цахимаар ихэнх үйл ажиллагаагаа явуулдаг, үр дүнг нь тооцдог тогтолцоо руу орж байна. Үүний нэг жишээ бол УСУГ-ын Хяналтын төвийн ухаалаг систем болж байна. Үйл ажиллагааг нь эхлүүлж буйдаа баяртай байна.

УСУГ-ын ажилтнуудын нийгмийн асуудлыг мөн шийдэх хэрэгтэй. Орон сууцны хангамжийн ажлыг хамгийн хөнгөлөлттэй нөхцлөөр зөв хүмүүс рүү нь чиглүүлнэ гэж төлөвлөж байна. Та бүхэнд амжилт, бүтээлийн дээдийг ерөөе” хэмээв.

Шинэ бүтээн байгуулалтыг Азийн хөгжлийн банк, тус байгууллагын мэдээллийн технологийн болон мэргэжлийн инженер техникийн нийт ажилчдын туслалцаатайгаар бий болгосон гэдгийг удирдах албан тушаалтнууд онцолж байлаа. “Энэ бол УСУГ-ын хамт олноос байгууллагынхаа түүхт 60 жилийн ойг тохиолдуулан Нийслэлийн иргэд, хэрэглэгчиддээ барьж буй бэлэг юм” хэмээн тэд мэдэгдсэн юм.

Х.ЭРХЭС

ГЭРЭЛ ЗУРГИЙГ: Г.БЭЛГҮТЭЙ

ШУУД ДАМЖУУЛАЛТЫГ: Г.БЭЛГҮТЭЙ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button