УЛС ТӨР

Үйлдвэрлэл технологийн паркийн тухай хуулийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2022.06.30/ үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 10.24 цагт эхэлж, “Олон улсын автотээвэрлэлт гүйцэтгэх тээврийн хэрэгслийн багийн ажлын тухай Европын хэлэлцээр”-ийг соёрхон батлах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.

Дараа нь Үйлдвэрлэл технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж эхэллээ.

УИХ-ын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо хуулиудын нэгтгэсэн төслийн анхны хэлэлцүүлгийг 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн хуралдаанаараа явуулсан бөгөөд энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн танилцууллаа.

Тэрбээр танилцуулгадаа, Дээрх төслүүдийг хууль санаачлагчид нэгтгэн хэлэлцүүлэхийг зөвшөөрсөн тул Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.24 дэх хэсэгт заасны дагуу хуулийн төслүүдийг нэгтгэн УИХ-ын гишүүн С.Бямбацогт нарын 14 гишүүнээс өргөн мэдүүлсэн шинэчилсэн найруулгын төсөлд суурилж хэлэлцсэн болно.

Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны 2022 оны 03 дугаар тогтоолоор хуулийн төслийг Байнгын хороо, нэгдсэн хуралдааны хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнгээр ахлуулан, гишүүдэд Ж.Батжаргал, Э.Батшугар, Ж.Бат-Эрдэнэ, Г.Ганболд, С.Ганбаатар, Л.Мөнхбаатар, О.Цогтгэрэл, Т.Энхтүвшин нарын бүрэлдэхүүнтэйгээр байгуулан ажилласан гэдгийг дурдсан.

Мөн Ажлын хэсэг хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэхдээ Байнгын хороо, нэгдсэн хуралдааны үеэр УИХ-ын гишүүдээс гаргасан болон D-parliament аппликейшнд иргэдээс ирүүлсэн санал, УИХ-ын Тамгын газрын Эрх зүйн дүн шинжилгээний хэлтэс, паркуудын төлөөлөл, хэлэлцүүлэгт оролцогчдын саналууд, бусад улс орнуудын үйлдвэрлэл, технологийн паркийн туршлагыг судалж, хуулийн төсөлд холбогдох өөрчлөлт оруулсныг онцлоод Ажлын хэсгээс бэлтгэсэн зарчмын зөрүүтэй 70, найруулгын багцалсан 3 санал тус бүрээр хэлэлцэж, Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар хэлэлцэн шийдвэрлэсэн гэж байлаа.

Тухайлбал, Паркийн зорилго, удирдлагын компанийн өмчлөлийн хэлбэрийг ойлгомжтой болгох, паркт үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний эрэлт хэрэгцээ хэтийн төлөвийг тодорхойлох, гадаад зах зээлд сурталчлах, паркийн нэгжид хөрөнгө оруулалт татах, паркийн газар эзэмшил, ашиглалттай холбогдох харилцааг боловсронгуй болгож улмаар хөрөнгө оруулагчийн эрх ашгийг хамгаалах асуудлыг тусгажээ. Түүнчлэн тусгай зөвшөөрөлтэй холбогдсон харилцааг ойлгомжтой тодорхойлох, паркийн удирдлагын компанийг үүсгэн байгуулах, түүний эрх зүйн байдлыг тодорхой болгох, татварын орчныг олон улсын гэрээ, холбогдох хууль тоггоомжид нийцүүлж өөрчлөх чиглэлээр өөрчлөлт оруулах талаар зарчмын зөрүүтэй саналын томьёололд тусгасан байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авсанаар үдээс өмнөх хуралдаан өндөрлөсөн бөгөөд үдээс хойших хуралдаанаар зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулна хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button