СУРВАЛЖИЛГА, НИЙТЛЭЛ

СУРВАЛЖИЛГА: Хурдан морины уяан дээр танилцаж, хамтдаа 30 жил морь уяж буй хос

Үндэсний их баяр наадмын өдрүүдэд зориулан долдугаар сарын 4-нд бэлтгэсэн эл контентыг уншигчдынхаа амралтад зориулан сэргээн нийтэлж байна.

Баруун хойд уулын цаагуур нар ташуурч, улбар шар өнгө тэнгэрт замхрахтай зэрэгцэн уяаны шон дээр хүүхдүүдийн гийнгоон дуу цангинана. Тэдний хажуугаар эвлэг нарийхан хоолойгоор нэгэн бүсгүй “Ум хэрэ, Бадан дади, Базар горьда, Хаян хярваа, Хүлү хүлү, Хум пад, Гийнгоо өө...” хэмээн сэнгэнэтэл гийнгоолно.

Харин уяаны адагт хурдан хүрэн дааганыхаа сүүлийг шууж зогссон эр боргил хоолойгоор “Миний хүүхдүүд ээ, эгч шигээ хийморьтой гэгч нь гийнгоолоод өгөөч. Морины чинь хийморь сэргэнэ” хэмээн зааварлана.  

Хурдан хүлгүүд цугларсан уяан дээр оройн нар ташуурахыг харж суух нь ёстой л нөгөө уяачдын жаргал гээч нь болтой юм. Ийм нэг байгаа бүхнээрээ сэтгэл татаж, хийморь сэргээсэн уяа бол Налайх дүүргийн алдарт уяач Л.Баярмагнайнх. Харин сурвалжилгын эхэнд уяаны шон дээр сэнгэнэтэл гийнгоолсон эмэгтэй бол түүний хань Д.Лхагваа билээ. Эмэгтэй хүн уяан дээрээ сэтгэл гэгэлзэж зогсох нь даанч соньхон.

-ТЭДНИЙ 30 ЖИЛИЙН АМЬДРАЛЫГ ХУРДАН МОРЬ, ХУСУУР СОЙЗГҮЙГЭЭР ТӨСӨӨЛШГҮЙ-

Хамтдаа амьдарч эхэлснээс хойш тооцвол тэдний амьдрал 30 жилийн түүхтэй хэмээн хэлж болно. Магадгүй, бие биедээ сэтгэл алдарч явсан үеийг цугт нь тооцох юм бол 40, 50 жил ч байж мэднэ. Харин цугтаа туулж ирсэн амьдралыг нь хурдан морь, хусуур сойзгүйгээр төсөөлөхийн аргагүй. Арга ч үгүй биз. Л.Баярмагнай анх ханиа хурдан морины нуруун дээр хоёр салаа гэзгээ хийсгээд давхиж явахад нь хараад дурлаж байсан талаараа ийн ярьсан юм.

Тэрбээр “Нэг л мэдэхэд 30 жил өнгөрчээ. Хүний амьдрал их сонин. Багадаа ханийнхаа аавын сойсон хурдан морьдыг унадаг хүүхэд байлаа. Нэг л мэдэхэд унаач хүүхдүүдийн эгнээнээс хасагдах болж цэрэгт явсан даа. Цэргээс ирээд эхнэртэйгээ сууж байлаа. Харин түүндээ сэтгэл алдарч эхэлсэн нь хамт хурдан морь унаад хоёр салаа гэзэг нь хийсэж явсан тэр л үе байх. Үргэлж сайн сайхан зүйл бодож явсан учраас өөрт минь ийм сайхан хань заяасан юм болов уу. Эцсийн эцэст сайн сайхан бодол амьдралд тохиох гэгээлэг бүхнээ дагуулаад ирдэг юм билээ” хэмээн ярих зууртаа хаа нэг оч татуулан инээмсэглэж харагдана.

Харин эхнэр Д.Лхагваагийн хувьд эмэгтэй хүн адуунд, тэр тусмаа хурдан моринд хайртай, дуртай байхын сайн, мууг амсаж яваа нэгэн. “Эгч нь багадаа яггүй сайн унаач байсан шүү. Улсын наадамд зургаан настай байхдаа хязаалан унаж уралдаад айргийн гурваар хурдлуулж байлаа. Аав минь аймгийн алдарт уяач хүн байв. Аавынхаа залгамж халаа болсон ийм нэг гүндүүгүй эртэй ханилсан суусан. Өөрийгөө уяач хүнтэй сууна ч гэж төсөөлөөгүй явлаа” хэмээн догдлон, догдлон ярина.

Багадаа хамт хурдан морь унаж, маргаашийн наадамд хэн нь түрүүлэх бол хэмээн нойргүй шахам догдолж явсан тэд өдгөө амьдрал гээчтэй “уралдаж” яваа том уяачдын тоонд хэдийнээ багтах болжээ. Л.Баярмагнай, Д.Лхагваа нар мориныхоо уяа сойлгод анхаарахын сацуу сайн аав, ээж.

Гурван сайхан охины эцэг, эх болсондоо хязгааргүй их баярлаж явдаг даа хэмээн ярих. Хэдий хувь тавилан тэдэнд хүү заяагаагүй ч хурдан морины унаач хүүхдүүд хүүгээс нь өөрцгүй. Ажвал “Миний хүү эмээлээ аваад ир, миний хүү мордоорой...” гэх мэтчилэн элгэмсүү үгээр унаач хүүхдүүдээ мялаана.

Унаач хүүхэд: Б.Банзрагч

Гэхдээ тэд дан ганц хүний хүүхдээр морь унуулахыг эрмэлзэж байсангүй. Хамгийн бага охиноороо хурдан морио унуулж улсын наадамд мордуулчхаад, аав Л.Баярмагнай нь айсандаа уйлж байсан гэнэ. Эр хүн гаднаа ган төмөр шиг байж болох ч дотроо уян зөөлөн байдгийн ганцхан жишээ энэ болов уу.

Гэргий Д.Лхагваа энэ талаар хуучлахдаа Эмэгтэй хүн цагаа тулбал эрэгтэй хүнээс ч шударга, хатуу болчихдог юм шиг санагдаж билээ. Мэдээж охин хүүхдээ улсын наадамд мордуулчхаад айлгүй яах вэ. Гаднаа төдийлөн ил гаргаагүй. Харин аав нь сандраад л хачин болж билээ /инээв/. Тэр наадамд охин минь 40 гаргаад л сайхан уралдаад ирсэн. Түүнээс хойш олон ч айраг түрүү авч бид хоёрыг баярлуулсан даа. Бид хоёрын ген байдаг юм уу яадаг юм. Мориноос хасагдсан дэнхгэр амьтан болчхоод одоо хэр уяан дээрээс холдоно гэж байхгүй шүү” хэмээн ярив.

Биднийг ийн ярилцаж байх хооронд оройн морины ажил ид өрнөж тарлахыг нь тарлаж, хөлсөн тар авахын сацуу өдөр сунгаанд оролцсон хэдийнхээ хөшөөг гаргав. Налайхын бага сунгаанд Л.Баярмагнайгийн буурал азарга, хүрэн даага түрүүлж, бусад нь айргийн тав хавьцаа орцгоов. Газар газраас ирсэн 300 гаруй хүлгүүдээс айраг түрүүг нь “түүнэ” гэдэг Л.Баярмагнай гуайн уяа энгүй их хурдтай байгаагийн шинж.

Өдөр уралдсан хэдийнхээ хөшөөг гаргачхаад, хөлсийг нь буулгах хооронд “Энэ надтай зэрэгцээд л морь уяна шүү. Намайг наадамд явсан хойгуур миний муу хань чинь үлдсэн хэдийгээ түүртэлгүй уяа сойлгыг нь тааруулаад л байж байдаг гээд бод” хэмээхэд нь эхнэр Д.Лхагваа нь “Тэгвэл би наадамд явж байх уу даа” хэмээн хошигноно.

-ОРЛОГОГҮЙ БОЛ ТАМХИ БҮҮ ТАТ, ОВЛИГОГҮЙ БОЛ АРХИ БҮҮ УУ-

Хөдөөгийн хөх уяачид гэхээр л тамхи баагиулсан өвгөд шиг санаад “Та ер нь архи, тамхи хэрэглэдэггүй бололтой. Танай уяан дээр ирээд бүхэл бүтэн нэг өдөр өнгөрөхөд та ганц ч тамхи асаасангүй шүү” хэмээн Л.Баярмагнай ахаас асууж орхив.

Тэрбээр “Ах, эгч хоёр нь яах вэ, алтан туурайтны буянаар сайн сайхан л явна. Хоол унд элбэг дэлбэг, өвчин зовлонгүй, эрүүл энх сайхан л байна. Дээрээс нь зургаа долоон залуусыг нэгтгээд гал байгуулсан. Мэдээж энэ сайхан залуусаар хойч үеэ залгамжлуулъя гэвэл өөрөө зөв байх нь чухал биз дээ. Тиймээс ах нь архи, тамхи хэрэглэдэггүй. Залуучууддаа хандаж “ОРЛОГОГҮЙ БОЛ ТАМХИ БҮҮ ТАТ, ОВЛИГОГҮЙ БОЛ АРХИ БҮҮ УУ” хэмээн байнга захидаг юм" гэлээ.

Нээрээ л түүнээс гуч гаран насны болтой залуучууд “Магнай ах аа, үүнийг яах уу, тэрийг яах уу” хэмээн  байн байн асууна. Ёстой л нөгөө “Магнайгүй” юм энэ уяан дээр алга. Залуучуудаас ирэх асуулт бүрд ер төвөгшөөсөн шинжгүй хариулсаар байдаг нь түүний ямар буурь суурьтай уяач болохыг илтгэнэ.

“Алтан туурайтны заяа буян их гэж ярих юм. Буян нь яг яаж мэдэгддэг юм бэ” хэмээн асуусан өөрийн минь томоогүй ч гэмээр асуултад гэргий Д.Лхагваа “Муу эгч нь өглөө бүхэн цайныхаа дээжийг үр хүүхэд, адуу малынхаа төлөө өргөдөг. Хүн чинь сэтгэлийн амьтан шүү дээ. Сэтгэлээрээ ядуу бол яаж амьдрах билээ. Өдийг хүртэл алтан туурайтныхаа буян заяагаар амьдарч яваа. Тиймдээ ч бидний амьдралд муудсан, дордсон зүйл нэг алга даа. Цаашид улам л өсөн дэвжсээр байх болно доо” гэж ярих аж. Ер бодоход, хүн бүхэн аливааг сайн сайхан байлгахын төлөө зүтгэдэг бол энэ нийгэм “гэрэлтэй” болох ч энүүхэнд байна даа хэмээх бодол зурсхийв.

-ТЭД ХАМТДАА УЛСЫН АЛДАРТ УЯАЧ ЦОЛОНД ХҮРЭХ ЗОРИЛГОТОЙ-

Улсын наадмын довд морь айрагдуулж, түрүүлгэнэ гэдэг тийм ч амархан олдох хувь биш. Харин Л.Баярмагнайнх энэ жилийн баяр наадамд зургаан насны 10 гаруй морь уяж сойгоод байна. Мэдээж уяач хүний хүч хөдөлмөрийг илтгэдэг ганц зүйл нь цол тэмдэг билээ. Тэгвэл уяач хосуудын хэтийн зорилго нь хоёул Монгол Улсын Алдарт уяач цол хүртэх гэнэ. Тэдний зорилго нь ярианаасаа л мэдрэгдэхээр. Гэргий Д.Лхагваа “Миний хань ч удахгүй улсын цол хүртэнэ дээ” хэмээхэд Л.Баярмагнай гуай “Хоёул хамтдаа л болно шүү дээ, хань минь” хэмээн инээмсэглэнэ.  

Зан сайтай айлд хүн болгон цуглана гэгчээр орсон гарсан хэнд ч мэндтэй устай, үүд хаалга нь үргэлж нээлттэй байдаг тул Л.Баярмагнай гуайн уяаг зорин ирэх хүмүүс ч олон аж. Ийнхүү хамтдаа 30 жил морь уяж хөдөлмөрлөсөн нэгэн гэр бүлээс бэлтгэсэн сурвалжилга минь энд хүрээд өндөрлөж байна.

Биднийг уяан дээр очиж ярилцах зуурт морьдын жолоо эрээслэгдэж орооцолдсон байв. Харин “Уяа орооцолдож, сулрахад морь хурдалдаг гэдэг үгтэй юм” хэмээн Л.Баярмагнай гуай бэлгэшээн байв. Түүний хэлснээр уясан морьд бүхэн нь хурдалж, айргийн морьдын хашаанд уулзалдах ерөөл тавиад гэрийн зүг жолоо заллаа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-07-04 09:05

Сэтгэл хөдөлгөсөн Үнэхээр сайхан яриа болжэээ. Баярл####аа

Зочин
Зочин
2022-07-04 09:05

Монгол ТВээр орж байсан ах байнашдээ. Охин нь морь унадаг гээд

ард
ард
2022-07-04 11:51

задаа 2таарсан царайтл байнадааа хөө өөр юм бүү бод

mgl hyn
mgl hyn
2022-07-14 12:18

saihan hosuud bn, az jargal hysey

Bidon
Bidon
2022-07-15 09:59

Avgai n sain huhdug bsan daa

Холбоотой мэдээ

Back to top button
5
0
Would love your thoughts, please comment.x
()
x