Нийгмийн

Цэргийн ёслолын жагсаалд 4000 гаруй алба хаагч оролцоно

Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улсын 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн хүрээнд зохион байгуулах “Төрийн далбааны өдөр”-т зориулсан Цэргийн ёслолын жагсаалд оролцох Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын бүрэлдэхүүн бэлтгэлээ базаасаар байна.

Энэ хүрээнд өнөөдөр өглөө үүрийн 04.00 цагт Сүхбаатарын талбайд нэгдсэн бэлтгэлээ хийлээ. Энэ удаагийн “Төрийн далбааны өдөр”-т зориулсан Цэргийн ёслолын жагсаалд БХЯ, ЗХЖШ, ХХЕГ, ОБЕГ, ШШГЕГ, ТТХГ, ТЕГ, ЦЕГ, ДЦШ, ХЗЦК, АЦК, ТХЦК, ҮБХИС, ДХИС гэсэн 14 байгууллагын 4000 гаруй алба хаагч оролцож байна. Цэргийн ёслолын жагсаалыг ЗХЖШ-ын нэгдүгээр орлогч дарга, Улаанбаатар цэргийн хүрээний дарга бригадын генерал С.Ганбямба командлах бол тугийн чиглүүлэгчээр ЗХЖШ-ын Ажиллагааны удирдлагын газрын дарга бригадын генерал С.Дашзэвэг, тугчаар ЗХЖШ-ын ХШҮГ-ын дарга хурандаа Ж.Өсөхбаяр, тугийн хамгаалагчаар ЗХЖШ-ын ХҮГ-ын дарга хурандаа С.Баяр-Очир, Захиргааны удирдлагын хэлтсийн дарга хурандаа Д.Номт нар ажиллах юм.

Энэ жилийн "Төрийн далбааны өдөр"-ийн Цэргийн ёслолын жагсаал нь түүхэн ойнууд давхацсан жилд зохион байгуулагдаж буйгаараа онцлог бөгөөд энэ хүрээнд Батлан хамгаалахын сайдын тушаалаар Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой, “Төрийн далбааны өдөр”-т зориулсан Цэргийн ёслолын жагсаалд Зэвсэгт хүчний нэгтгэл, анги, байгууллага, Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудаас оролцох салбаруудын дунд “Тэргүүний жагсаалч удирдлага, байлдааны тугийн бүрэлдэхүүн”, “Тэргүүний жагсаалч салбар”, “Тэргүүний жагсаалч эгнээ”-г анх удаа шалгаруулна.

Энэ нь Батлан хамгаалах бодлого, зорилт, Зэвсэгт хүчин, Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын үйл ажиллагааг иргэд олон нийтэд сурталчлах, Цэргийн ёслолын жагсаалын дүрэмч, жагсаалч, идэвх оролцоо, санаачилга, жигдрэлтийн байдлыг сайжруулах зорилготой юм. Сонирхуулахад, Цэргийн ёслолын хүндэтгэлийн жагсаал нь тухайн улс орны тусгаар тогтнол, батлан хамгаалах цэрэг, армийн хүчин чадлыг харуулсан чухал арга хэмжээний нэг юм. Улс орны сүр жавхаа болсон цэрэг дайчдын цог золбоог илтгэн харуулдаг Цэргийн ёслолын жагсаалын түүхээс дурдвал, анх жанжин Д.Сүхбаатарын санаачилгаар Монгол Улсад Ардын хувьсгал ялсан өдөр буюу 1921 оны 7 дугаар сарын 11-ний өдөр Нийслэл хүрээнд анх удаа явуулж эхэлснээс хойш эдүгээ 101 жил болж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button