НИЙГЭМ

Сэргийлье: Нууц үггүй утаснаас чат уншиж, банкны мэдээллийг нь авчээ

Танд Фэйсбүүк чатаар ямар нэг зар сурталчилгаа, анхаарал татах мэдээлэл бүхий линк ирдэг үү. Линк дээр дарахад тухайн мэдээлэл гарч ирэхгүй, алдаа зааж байсан уу. Мөртлөө эдгээрийн цаана Фэйсбүүк хаягийнхаа нууц үгийг ч алдах эрсдэл байдгийг та мэддэг үү?

Цахим орчинд ихээр үйлдэгдэх болсон залилангийн гэмт хэргийн нэгэн түгээмэл жишээ нь энэ.

Кэйс нэг:

Өнгөрсөн дөрөвдүгээр сард иргэн Б нь ийм байдлаар Фэйсбүүкийнхээ нууц үгийг алджээ. Түүн рүү өмнө нь холбогдож байгаагүй хүнээс нэгэн сонирхол татах бичлэгийн линк ирсэн байна. Б “Би ямар ч сэжиглэх, болгоомжлох сэтгэхүйгүйгээр шууд л линк дээр дарчихсан. Бичлэгийг үзнэ л гэж бодсон. Харин бичлэгийн оронд гадаад бичигтэй нэг сайт руу холбогдсоноо уншаад таг болчихсон. Холбогдолгүй, өөр зүйлс гарч ирсэн” гэж ярилаа. Харин долоо хоногийн дараа тэр Фэйсбүүк хаяг руугаа нэвтэрч чадахаа больсон байна. Түүний хаяг дээр бүртгэлтэй хоёр ч хуудас байжээ. Өндөр дагагчтай тус хуудсууд нь бусдад зарагдаж, өөрийнх нь хаяг дээрх бүх зураг мэдээлэл нь устав. Иргэн Б цагдаад хандсанаар цахим залиланд өртсөнөө мэджээ.

Кэйс хоёр:

Энэ оны хоёрдугаар сард, Цагаан сарын баярын үеэр иргэн Л банкны аппликейшний мэдээллээ алджээ. Л нь 65 настай. Шаардлагатай үед аливаа сошиал аппликейшнийхээ нэвтрэх нэр, нууц үгийг зээ охиноосоо асуудаг байж. Харин зээ охин О-гийн эмээтэйгээ бичсэн чатаас банкны аппликейшний мэдээллийг авч, дансан дахь бүх мөнгийг шилжүүлэн авсан байна. О-гийн ярьснаар, шинэ худалдаж авсан утсандаа ямар нэг нууц үг, хамгаалалт хийж амжаагүй байсан бөгөөд нэг өдөр ангидаа мартаад явжээ. Тэр утсаа үүдний хамгаалагчаас авсан ба манаачийг цагдаагийн байгууллагаас шалгаж, гэм буруугүйг нь тогтоосон бөгөөд өнөө хэр ямар хүн чатад нь нэвтэрч, эмээгийнх нь банкны апплкейшний мэдээллийг харсан нь тодорхой болоогүй ажээ.


ЗАЛИЛАХ ГЭМТ ХЭРЭГ ӨМНӨХ ОНООС ХОЁР ДАХИН ӨСӨХ ТӨЛӨВТЭЙ БАЙНА

2022 он гарсаар нэн ялангуяа цахим орчин дахь залилах гэмт хэргийн тоо хурдацтай өсөж буй талаар СХД-ийн Цагдаанийн хоёрдугаар хэлтсийн Мөрдөн байцаах албаны дарга Э.Батбаяраас тодрууллаа.

Тэрбээр “Монгол Улсын хэмжээнд 2021 онд залилах гэмт хэрэг 6658 бүртгэгдсэн бол энэ оны эхний таван сарын байдлаар 5500 гаруй бүртгэгдээд байна. Хэтийн төлвөөрөө өнгөрсөн оныхоос хоёр дахин өсөх хандлагатай байгаа тул цагдаагийн байгууллагаас статистик тоон мэдээлэлдээ тулгуурлан, гэмт хэргээс урьдчилан сэргийлж, иргэддээ мэдээ мэдээлэл өгөх нэн шаардлагатай болоод байна” гэлээ.

Өөрөөр хэлбэл, өнгөрсөн 2021 оны хэмжээнд 6658 гэмт хэрэг бүртгэгдсэн. Гэтэл 2022 он талдаа орж буй энэ үес хэдийн 5000 гаруй бүртгэгдчихээд байгаа нь энэ төрлийн гэмт хэргийн гаралт өсөж байгааг илтгэнэ.


ЗӨВЛӨГӨӨ: ЗАЛИЛАНГААС ИНГЭЖ СЭРГИЙЛЭХ БОЛОМЖТОЙ

Цахим орчин дахь залилангийн хамгийн чухал онцлог нь, хэрэг үйлдсэн этгээдийг цагдаагийн байгууллагаас олж тогтооход хүндрэлтэй нүүр тулдаг. Этгээдүүд зөвхөн цахим орчинд ул мөрөө үлдээдэг бөгөөд, үлдээлгүй ажилладаг хэсэг ч байдаг байна. Иймд гэмт этгээдийг олж илрүүлэх ажил удаашралтай, зарим үед амаргүй асуудлуудтай нүүр тулдгийг цагдаагийн албанаас мэдээлж байна.

Тийм учраас цахим залиланд өртөхгүйн тулд:

  • Гар утас, таблет болон компьютер зэрэг хувийн төхөөрөмжиндөө нууц үгээр нэвтрэх тохиргоо хийх
  • Олон нийтийн болон үйлчилгээний газрын баталгаагүй /үнэгүй Wi-Fi сүлжээнд холбогдохгүй байх; /Энэ нь Wi-Fi сүлжээгээр дамжуулан хувийн мэдээлэл, нууц үгээ алдах эрсдэлээс таныг хамгаална./
  • Хувийн мэдээлэл агуулсан төхөөрөмж болон гар утсаа бусдад өгөхгүй, дамжуулан ашиглуулахгүй байх;
  • Сошиал орчинд сонжоо бөглөх, сэжигтэй холбоос дээр дарж орон хувийн мэдээлэл, цахим банкны нэвтрэх нэр нууц үгээ оруулахгүй байх;
  • Олон нийтэд зориулсан төхөөрөмжөөс цахим банк руугаа хандахгүй байх. Хэрэв хандсан бол заавал Log out/Sign out үйлдлийг хийн гарах;
  • Өөрийн төхөөрөмжинд нууц үгийн хамгаалалт, антивирус програм хангамж зэрэг нууцлалын аюулгүй байдлыг хангасан тохиргоонуудыг хийсэн байх;
  • Хувийн мэдээлэл агуулсан аппликэйшндээ нэвтрэх нэр, нууц үгээ сануулахгүй байх;
  • Дансны дугаар, нууц үг, регистрийн дугаар зэрэг нууцлалтай мэдээллээ гар утас болон и-мэйл дотроо хадгалахгүй байх;
  • “Дансаараа гүйлгээ хийж өгөөд урамшуулал аваарай”, “Койн өсгөх арга зааж өгье” гэх хялбар аргаар мөнгө олох агуулгатай мэдээлэлд бүү итгээрэй, тэр тусмаа хувийн мэдээллээ бусдад бүү дамжуулаарай.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-07-05 08:42

энэ одоо монголоор бол хохино л биз дээ

Зочин
Зочин
2022-07-05 10:42

Өөрсдөөсөөө ш�##�тга�##�сан юман дээр �##�ь болохоор битгий �##�даа гарга.

Зочин
Зочин
2022-07-05 10:42

Муу санаа өвөртөлсөн хүн өөдлөхгүй дээ

Холбоотой мэдээ

Back to top button