НийгмийнНИЙГЭМСПОРТ

Улсын наадамд давтахад бэрх, түүхэн амжилт тогтоосон бахархлууд

Дэлхийд ганцхан наадмаа дэнж хотойлгон эхлэхийг сэтгэл догдлон хүлээсээр, монгол түмэн. Өнөө жил Ардын хувьсгалын 100, 101 жилийг хамтатган тэмдэглэх тул бүр ч их ач холбогдол өгч, догдолж буй нь мэдээж.

Наадам эхлэх мөч өдөр өдрөөр ойртож буй энэ өдрүүдэд “Eguur.mn” сайт наадамтай холбоотой сонирхолтой баримт, нийтлэлүүдийг цувралаар хүргэж байгаа билээ.

Эрийн гурван наадам болох үндэсний бөх, үндэсний сур, хурдан морины уралдаанд дахин давтахад бэрх түүхэн амжилт тогтоосон эрхүүдийг сонирхуулъя.

-Улсын наадамд хамгийн олон удаа түрүүлсэн бөх бол Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат бөх, дархан аварга Б.Бат-Эрдэнэ. Монголын домогт аварга тэрбээр төрийн наадамд 11 удаа түрүүлсэн амжилтаар бусад бүх бөхийн тэргүүлдэг. Төрийн наадамд 1985-2006 онд завсаргүй 22 удаа шөвгөрсөн Б.Бат-Эрдэнэ 1988, 1989, 1990, 1992, 1993, 1994, 1995, 1996, 1997, 1998, 1999 онд түрүүлж, цагийг эзэлсэн их аварга гэдгээ нотолсон юм. Өдгөө төр түшиж яваа тэрбээр улсын наадмын нэг үзүүртэй. Хөдөлмөрийн баатар Х.Баянмөнх улсын наадамд 10 түрүүлсэн амжилтаар Б.Бат-Эрдэнийг удаалдаг.

-Улсын наадамд хамгийн олон удаа шөвгөрсөн хүчтэн бол Увс аймгийн Хяргас сумын харьяат бөх, дархан аварга Х.Баянмөнх. Төрийн наадамд 10 (1968, 1971, 1972, 1973, 1975, 1977, 1979, 1981, 1982, 1987) түрүүлж, хоёр (19748 1990) үзүүрлэсэн тэрбээр улсын наадамд 27 удаа шөвгөрсөн амжилтаар рекорд эзэмшдэг. Х.Баянмөнх аварга энэ жил Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойд барилдаад зодог тайлахаа мэдэгдээд буй. Улсын наадмын дөрвийн давааны өмнө домогт аваргын цолыг дуудан, хүндэтгэл үзүүлнэ.

-Улсын наадмаас хамгийн олон айраг, түрүү хүртсэн уяач бол Төв аймгийн Баянцагаан сумын харьяат, тод манлай уяач Д.Даваахүү. Хөдөлмөрийн баатар тэрбээр улсын наадмаас 21 түрүү, 43 айраг хүртсэн нь хэний ч гаргаагүй, хүрэхэд бэрх амжилт.

-Улсын наадамд хамгийн олон удаа түрүүлсэн хүлэг бол “Амгалан төрийн ажнай шарга” азарга. Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын уугуул, Тод манлай уяач Э.Эрдэнэчулууны унаган хүлэг, УИХ-ын гишүүн асан, “Мон-Уран”-ы Б.Наранхүүгийн шарга азарга төрийн наадамд зургаан удаа түрүүлж, хоёр айрагдан, шигшмэл морьдын “Их хурд” уралдаанд нэг түрүүлж, нэг аман хүзүүдэн, бүсийн наадамд тав түрүүлж, нэг айрагдан, “Амгалан төрийн ажнай шарга” цол хүрттэлээ монгол түмнээ олон, олон жил баясган, самсайг нь шархируулсан алдарт хүлэг.

Шарга азарга өнгөрсөн жил 24 насандаа тэнгэрт хальж, ах шаргатайгаа уралдахаар одсонд моринд хайртай монгол хүн бүхэн өдгөө ч харамсан, халаглаж сууна.

ШАРГА АЗАРГАНЫ АМЖИЛТ

2000 он: Улсын наадамд анх тоосоо өргөхдөө шүдлэнгийн уралдаанд түрүүлсэн

Архангай аймагт болсон “Тамирын хурд”-д түрүүлсэн

Хэнтий аймагт болсон Өвгөн ноёны наадамд айргийн гуравт давхисан

2001 он: Улсын наадмын хязаалангийн уралдаанд айргийн дөрөвт хурдалсан

2002 он: Улсын наадмын соёолонгийн уралдаанд түрүүлсэн

Дундговь аймгийн 60 жилийн ойд түрүүлсэн

2003 он: Улсын наадамд айргийн дөрөвт хурдалсан

2004 он: Улсын наадамд түрүүлсэн

“Их хурд” уралдаанд түрүүлсэн

Алтан овооны их тахилгад түрүүлсэн

2007 он: Улсын наадамд түрүүлсэн

“Их хурд”-д аман хүзүүдсэн

2008 он: Улсын наадамд түрүүлсэн

2009 он: Улсын наадмаас 12 насандаа зургаа дахь түрүүгээ хүртсэн. Алдарт шарга азарга улсын наадамд есөн удаа уралдахдаа зургаа түрүүлж, хоёр айрагдсан нь яах аргагүй давтахад бэрх бахдам амжилт мөнөөс мөн.

-Төрийн наадамд хамгийн олон удаа түрүүлсэн эрэгтэй харваач бол дархан мэргэн Ш.Даваахүү. Завхан аймгийн Тосонцэнгэл сумын харьяат тэрбээр улсын наадамд дөрвөн удаа түрүүлсэн амжилтаар эл рекордыг эзэмшдэг. Мөн үүн дээр Монголын нууц товчооны 750 жилийн ойн түрүү нэмэгдэнэ. Ш.Даваахүү  1995 оны улсын наадамд цэц сорихдоо 40 сумнаас 40 онон түрүүлж, улсын наадмын дээд амжилтыг тогтоосон юм. Түүний амжилт өдгөө ч эвдэгдээгүй байна. 

-Улсын наадамд хамгийн олон удаа түрүүлсэн эмэгтэй харваач бол Сэлэнгэ аймгийн Ерөө сумын харьяат, дархан мэргэн, Гавьяат тамирчин Чойжинсүрэнгийн Мөнхцэцэг. Тэрбээр 1982, 1985, 1993, 1994, 1997, 1999 түрүүлж, дархан мэргэн болсон. Улсын наадамд зургаан удаа түрүүлсэн амжилтаар зөвхөн эмэгтэйчүүдээ бус Монголын бүх харваачдыг тэргүүлдэг. Төрийн наадамд түүнээс олон түрүүлсэн харваач үгүй.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-07-05 08:36

Энэ хэдийгэээ харахааар л хайр хүрэх юм. Эрүүл энхийг хүсий

Зочин
Зочин
2022-07-05 08:41

энэ жилийн наадмаар хэдүүлээ дэнжээ хотойтол нааднаа

Зочин
Зочин
2022-07-05 08:41

Түүхүүүд минь????????????

Зочин
Зочин
2022-07-05 10:41

Улсын минь бахархлууд хайртай шүү

Холбоотой мэдээ

Back to top button
4
0
Would love your thoughts, please comment.x
()
x