Ярилцлага

ХӨДӨЛМӨРЧ ХҮН: Бүтэн үхрийн махыг 11 минутад эвддэг 70 настай Г.Харнүдэн гуайтай ярилцлаа

“Герман явуулна гэхээр нь л анх энэ ажилд хөл тавьсан даа” гээд инээх энэ эмэгтэйг Г.Харнүдэн гэдэг. Түүний нас 70 гарчээ. Мах шулж, эвдэх нь эмэгтэй хүн байтугай баргийн эрэгтэй хүн бүрийн хийж чаддаг ᠌”ажил” биш. Гэтэл мах шулж эвдэхэд гарамгайгаар зогсохгүй хонины махыг долоон минут орчим, харин үхрийн махыг арван нэгэн минутад эвддэг гэхийг нь сонсоод биширч, бахархах сэтгэл төрснийг нуух юун.

Тэрээр "Мах комбинат"-д 20 жил, харин  “Хатансүйх импекс” ХХК-даа мах шулаачаар 20 гаруй жил ажиллаж байна. Тодруулбал, тэрбээр амьдралынхаа 40 гаруй жилийг усны гуталтай, зогсож өнгөрүүлжээ.  Мах шулалгааны ажлын онцлог нь энэ билээ. Г.Харнүдэн өнөөдөр ч ажилласаар л байна. "Би нэг л өдөр энэ хүүхдүүдээс хоцорч, хөлд нь чирэгдэх байх. Тэр өдрөө шууд гэртээ сууна" гэж тэр ярьдаг. Гэтэл өнөөдөр ч тэр яг л 10, 20 жилийн өмнөх шиг эрч хүчээрээ бусдыгаа манлайлан ажилласаар. 


ИЛҮҮ ӨНДӨР НАСТАЙ БАЙЛАА ГЭЭД ЗАЛУУСААСАА БАГА АЖИЛ ХИЙЖ БАЙСАН УДААГҮЙ

-Манай уншигчдад өөрийгөө танилцуулна уу?

-Намайг Г.Харнүдэн гэдэг. 1948 онд Увс аймгийн Өмнөговь суманд төрсөн. Ээж аавын зургаан хүүхдээс доороосоо хоёр дахь нь. Одоо далан нас гарч байна даа эгч нь. Махны чиглэлээр 46 жил ажиллаж байна.

-Нэр тань их өвөрмөц юм аа, нэрийнхээ тухай яривал?

-Мэдэхгүй ээ, жоохон байхад ээж, аав л өгчихсөн байсан/инээв/

-Мах эвдэж, шулах нь амаргүй ажил шүү дээ, тэр дундаа эмэгтэй хүний хувьд. Анх яагаад энэ ажлыг хийх болсон бэ?

-Анх залуухан байхад хүмүүс Мах компинатад мах шулаачаар орохоор Герман руу явуулдаг гэнэ гээд яриад байсан. Далаад оны эхээр шүү дээ. Тэгээд хадам аав тэр үйлдвэрийн даргыг таньдаг байсан болохоор аавыг тийшээ оруулж өгөөч гэж гуйсан. Гадаад явахын л бөөн хүслэн болсон хүн. Юу хийх яахаа ч мэдэхгүй л байсан. Залуу бас дэврүүн ч байж дээ. Тэгээд аав намайг оруулж өгсөн. 

-Тэгвэл Герман явах хүсэл нь биелсэн үү?

-Явсан, явсан. Зургаан сарын хугацаатай хоёр ч удаа яваад ирсэн. Махны мэргэжилтнүүдийг мэргэжил дээшлүүлэх чиглэлээр Герман явуулдаг байсан юм тэр үед.

-Германд ажиллаж байсан үеэ дурсвал?

-Зургаан сар ажиллаж байх хугацаандаа бараг л амралтын байдалтай байж байгаад л ирсэн дээ. Сайхан өндөр цалин аваад л амарсан гэж хэлэхэд болно. Германд Манай орон шиг хэт их ачаалалтай ажиллуулдаггүй. Ачаалал нь жаахан нэмэгдвэл дарга нар нь өөрсдөө орж ирээд л хамт ажиллана шүү дээ. Сайхан өндөр хөгжилтэй оронд хоёр ч удаа очиж ажиллаж байсандаа их баяртай байдаг.

-Энэ чиглэлээр ажилладаг хичнээн хүн байдаг юм бол оо?

-Одоо олон болсон байх аа. Улаанбаатар мах кабинет жижиг хувийн үйлдвэрүүд болоод тарчихаад байгаа шүү дээ. Дээр үед яг энэ чиглэлээр ажилладаг 3000 хүн байсан юм. Одоо манай үйлдвэрт яг махны чиглэлээр арваад хүн л ажилладаг юм. Арваад сайхан залуучуудынхаа дунд нь л явж байдаг юм даа.

-Ажлынхан тань таныг залуу хүнээс дутахааргүй л эрч хүчтэй байдаг гэж тодорхойллоо?

-Тийм ээ, би залуусаасаа чирэгдээд , ард нь үлдэнэ гэж огт боддоггүй. Энэ хэдийгээ гүйцэх гээд л ажилладаг даа. Илүү өндөр настай байлаа гээд залуусаасаа бага ажил хийж байсан удаагүй. Зэрэгцээд л бүхий л ажлаа эн тэнцүү хийдэг дээ. Манай ажлын залуус надтай нэг үе юм шиг л инээж хөхрөөд харьцдаг шүү дээ.

-Залуусдаа өөрийн чадвараа зааж, сургаж байна уу?

-Тэгэлгүй яахав, би зөндөө олон шавьтай болсон. 200 гаруй шавь байгаа. Их дээд сургууль төгсөж ирсэн хүн хүртэл миний шавь болдог байлаа. Шавийн хүүхдүүд хүртэл миний шавь болчихсон явж байна. Хоёр үеэрээ надаас мах шулахыг сурч байгаа хүмүүс байна шүү дээ. Ингээд бодохоор эвгүй ч юм шиг, бахархмаар ч юм шиг. Аавд нь анх зааж байсан бол одоо хүүхдэд нь заагаад байж байна даа.Гэхдээ мах шулах нь их хэцүү ажил, удаж байж сурдаг. Анх орж байхад хутгаа ирлэх хүртэл хэцүү байдаг юм.


-ҮХРИЙН МАХЫГ АРВААД МИНУТ, ХОНИНЫ МАХЫГ ДОЛООД МИНУТАД ЭВДЭЖ ЯНЗАЛДАГ-

-Шавь нараас тань таны чадварыг давж гарах нь уу?

-Гарна байх аа. Одоогоор сайхан шулдаг залуус байгаа манайд. Өнөөдөр нэг шавьтайгаа зэрэгцээд шулсан чинь бараг намайг давах гээд байна билээ. Би анх 28,29 настай байхдаа энэ ажилдаа орж байсан юм. Анх орж ирдэг өдрөө бүр хонож ажиллаж байлаа. Дээр үеийн хүмүүс одоогийнхоос их өөр байсан. Өөр өөрсдийн хариуцаж авсан ажлаа ягштал хийдэг байсан гэх юм уу. Одоо бол чаддаг, чадахгүй нь хамаагүй багаараа хамтарч, ажлаа хуваагаад л хийнэ.

Харин намайг анх ирдэг өдөр хүн тус бүрт таван үхэр тоолоод өгчихсөн байдаг байгаа. Чадахгүй хүнд Таван үхэр эвдэж, шулна гэдэг чинь их ажил. Бүр анх орж ирдэг өдөр шүү дээ. Чаддаг бол юухан байхав, дороо гялалзуулна, багахан ажил. Тэгээд Цехийн эгч нар маань өөрсдийн ажлаа хийчихээд л нэг казах залуу бид хоёрыг орхиод явчихсан. Тэгж л би анхны өдрөө шөнөжин оролдож байж мах эвдэж, шулж сурсан даа. Тэр өдрөөс хурдтай байх ёстой юм байна, хоцорч болохгүй юм байна гэдгийг ойлгож авсан. Дээр үеийн ах эгч нар маань хүнийг ажилд сургахын төлөө байсан байгаа юм. Бид одоо бол нэг хүн үлдээгээд явчихаж чадахгүй шүү дээ. Тийм ч учраас одоогийн залуус тэр үеийнх шиг шахалтгүй учир ажлыг жоохон удаан сураад байгаа юм шиг санагддаг. Тэр үед би нялх хүүхэдтэй, нялх биетэй байсан юм.

-Өмнө нь мах эвдэж байгаагүй хэрнээ нэг шөнө таван үхрийн махыг эвдэж, шулсан хэрэг үү?

-Тийм, тийм. Одоо бодох нээ тэр шөнө бол миний хувьд дурсгалтай ч юм шиг санагддаг. Тэгж сурсандаа сүүлд нь их баярладаг болсон. Хүнийг ийм л хатуу аргаар сургадаг юм байна даа гэж бодоод л одоо шавь нартаа хатуурхана аа/инээв/ Би нялх, хөхүүл хүүхэдтэй байж шөнөжин ажиллаад гарч байсан юм шүү нөхөд өө гээд л. Одоо ажилд ороод жил болж байгаа хүүхэд сурахгүй л байна шүү дээ. Тэгэхээр бид зөөлдөөд байх шиг байгаа юм.

-Та хэдий хугацаан сурсан бэ? Нэг шөнийн дотор л сурчихсан юм уу?

-Бүтэн өдөр, шөнөжин ажилласан гэхээр бараг хорин дөрөв, таван цаг хийчихсэн байгаа биз, тэр шөнө л хоёр шат, дамжлагыг маш сайн сурсан. Үхрийн нуруу болон үхрийн дал шулж сурсан. Бусдыг нь ямар юм хийж байсан юм бүү мэд, ажиллаж байх хугацаандаа сурсан даа.

-Таны үндсэн мэргэжил юу вэ?

-Би тогооч мэргэжилтэй байсан юм л даа. Гэхдээ мах эвдэж байгаагүй, бэлэн махаа шулаад л хоол унд хийдэг байсан. Гэхдээ Тогоочийн үнэмлэхтэй л болохоос бараг ажиллаагүй дээ. "Туул" ресторанд хоёр жил л мэргэжлээрээ ажилласан.

-Одоо тэгвэл үхэр болон хонины махыг хэдэн минутанд шулж эвдэх вэ?

-Дээр үед бүтэн үхрийн махыг арван нэгэн минут шулаад системийн аварга болж байсан. Одоо хонь, ямааны махыг долоо, найман минутад л шулна даа. Өдөрт найман цаг ажиллахад хорь гаруй мах эвддэг байлаа. Гахайн махыг бол хорин тав, зургааг эвдчихдэг.

-Таны ажлын хамгийн чухал зэвсэг бол хутга байх, хутга цуглуулдаг уу?

-Энд ажилд орсноор л хутганы учрыг олдог болсон доо. Хутганд хайртай, хайртай. Хүмүүс үзэг, бал цуглуулдаг шиг би хутга цуглуулдаг шүү дээ. Өөрийнхөө хутгаар өөр хүнд хоол хийлгэх их дургүй.

-Гэрийнхээ хоолны махыг та өөрөө эвддэг үү?

-Өөрөө эвдэнэ ээ. Хүүхдүүдийнхээ махыг хүртэл шулж өгдөг шүү дээ /инээв/ Нэг хүүхэд маань махны чиглэлээр технологич. Гэхдээ яг үүгээрээ ажилладаггүй юм.


...НЭГ ДЭЭЛНИЙ ӨНГӨ ОЛЖ АВААД Л ДЭЭЛ ХИЙЖ ӨМСӨӨД АЛТАН ГАДСАА АВАХ ГЭТЭЛ ИРЭЭГҮЙ

-Нөхөр болон хүүхдүүд тань ажилд нь дургүйцэж байв уу?

-Дургүйцэж байсан. Нөхөртөө бүр загнуулж ч байлаа. Дээр үед манайх идэшний мах гэж гулууз мах авдаг байсан юм. Тэгээд хүнсээ базааж яваад нэг бүтэн үхэр авав аа. Манай нөхөр “Хөгшөөн хоёр гуяар нь борц хийх юм шүү, сайхан эвдээд янзалчих” гэсэн байхгүй юу. Тэгсэн чинь би нэг мэдсэн, мартаад ясыг нь цайртал шулчихсан байсан даа/инээв/. Яс нь мөлжих махтай байх ёстой байтал би юу ч үгүй шулаад хаячихгүй юу. Манай хүн гал тогооны өрөөнд ирснээ, “Үгүй ээ чи чинь би л нэг шулаач гэсэн шиг ингэж шулаад байхдаа яахав дээ” гээд л загнаж байлаа. Хүүхдүүд маань мөн адил ээж минь одоо болиоч дээ, амар гэнэ. Зарим нь уурлана. Хамаагүй ингэж явж байгаад гэнэт бие хаа нь муудах вий гээд л.

-Гэр бүлийнхээ талаар ярьвал, хэдэн хүүхэдтэй вэ?

-Найман хүүхэд төрүүлсэн хоёрийг нь эндчихсэн/нулимсаа арчив/. Бусад зургаан хүүхдүүд маань өнөр өтгөн сайхан айл бий. Өвгөн минь 2000 онд өөд болчихсон. Одоо өр хүүхэд, ач зээгээ тойруулаад л амьдарч явна даа.

-Олон жил энэ байгууллагад ажилласан юм байна шүү дээ. Ажилчид болон дарга нартайгаа их дотно харилцаатай байдаг байх тийм үү?

-Тийм ээ. Манай дарга нар хүнийг ажиллуулж, удирдах чадвар сайтай хүмүүс. Дарга нартайгаа холбоотой сайхан түүхүүд олох бий.

-Түүнийгээ бидэнд хуваалцаач?

-Анх намайг энэ байгууллагад орж ирэхэд бид их цөөхүүлээ ажилладаг байсан юм. Нэг хүн их л ачаалалтай ажилладаг байлаа. Тэр үед махны хөргөгч байж байгаад л эвдэрчихдэг байсан юм. Дээд давхрын хөргөгч эвдэрчхээр доторх махаа доошоо зөөнө, доод талынх нь эвдрэхээр дээшээ зөөнө. Ийн байдлаар бараг сар гаруй ажилласан. Тэгсэн чинь нэг өдөр манай дарга орж ирээд “Ядарч байна уу Нүдэн эгч ээ” гэхээр нь “Гайгүй ээ” гэсэн чинь миний хоёр хацар дээр үнэсчихдэг байгаа. Тэр мөч миний санаанаас огт гардаггүй юм. Хүнийг тэгж их хайрлаж ажиллуулж байгаа байхгүй юу /нулимсаа арчив/. Биднийг өвдчих вий гэж их санаа зовдог юм шиг байгаа юм. Дарга нартаа их хайртай. Миний болон хүүхдүүдийн минь сайн сайхан явдаа энэ байгууллагатай минь, дарга нартай минь салшгүй холбоотой.

-Энэ байгууллагад ажиллаад олон шагнал, урамшуулал хүртэж байсан байх.

-Олон шүү, үйлдвэрт арван долоохон жил ажиллаж байхдаа "Алтан гадас" одонд тодорхойлогдож байсан. Үйлдвэрт хурал хийгээд таван зуу гаруй хүн гараа өргөж дэмжсэн байдаг юм. Тэр үед дээлний өнгө ховор байлаа. Нэг дээлний өнгө олж аваад л дээл хийж өмсөөд алтан гадсаа авах гэтэл ирээгүй. Хорин жил ажиллаагүй юм байна гээд буцаагдчихсан. Алтан гадас одонг хориод жил ажилласан хүнд өгдөг юм билээ. Харин түүний оронд засгийн газрын "жуух бичиг" ирсэн. Удалгүй алтан гадас одонгоо ч авсан юм. Мөн хүнсний тэргүүний ажилтан болж байлаа. Өөр жижиг шагнал, урамшууллууд олон бий. Хамгийн сүүлд хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон авсан.

-Таныг хөдөлмөрийн баатарт тодорхойлсон гэж сонссон?

-Ноднин тодорхойлсон байна лээ. Тэгсэн чинь хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон шагнал хүртсэн. Хамаагүй ээ шагнал авах гэж ажиллаж байгаа биш дээ. Герман явах юмсан л гэж бодож орж ирсэн/инээв/ бодолдоо ч хүрсэн. Гэхдээ намайг манай захирлууд гаднаас шалгалт орж ирэхэд манай баатар л гэж танилцуулдаг юм шүү дээ.Байгууллагын ажилтныхаа Баатар нь шүү дээ би чинь.


-БИ ТЭТГЭВЭРТЭЭ ГАРАХ БОЛООГҮЙ-

-Таны тэтгэврийн нас болчихсон шүү дээ. Хүүхдүүдийнх нь хэлдгээр амрах болоогүй юу?

-Юу ярьж байгаа юм бэ, би тэтгэвэрт гарах болоогүй шүү дээ/инээв/. Би 1991 онд тэтгэвэртээ гарсан. Манай салбарт ажиллагсад арай залуу тэтгэвэртээ гардан юм л даа. Тэтгэвэртээ гараад зүгээр суултай нь биш гээд наймаа хийж үзлээ. Гэтэл намайг манай хамт олон ахин ажиллахыг хүсээд, одоо эндээ ажиллаж байна даа. Би энэ ажлаа л сайн мэддэг, үүнийгээ сайн хийдэг, ажилдаа хайртай хүн.

-Мах эвдэж, шулахаас өөр хийхийг хүсдэг ажил бий юу?

-Би юм оёх их дуртай. Өөрийгөө сайн оёчихдог гэж боддог юм. Хэрвээ ажлаасаа гараад зүгээр суухаар болох юм бол нэг оёдлын машин аваад ядаж л ач зээ нартаа монгол дээл, хувцсыг нь оёод өгчих юм сан гэж боддог шүү дээ. Улаанбаатар, мах комбинатын хиам, консервын үйлдвэрт миний оёсон дээлийг өмсөөгүй хүн бараг байхгүй. Өөрийнхөө хувцсыг ч оёод л өмсчихдог. Ээжийгээ амьд сэрүүн байхад ээжээсээ дээл оёхыг сурч авсан даа.

Эсвэл Австрали явсан зээ хүү маань намайг татвал тэнд очоод зээгийнхээ хүүхдийг харна даа. Тэр жаахан амьтныгаа бас их санаад байдаг юм.Миний зээнцэр гэсэн үг. Эмээ гэдэг хүн чинь их үүрэгтэй. Гар хөл чөлөөтэй хөдлөөд, нүд минь харж байхад хэдэн хүүхдэдээ туслаж байхаас өөр юу хийх вэ. Мөн хүмүүнлэгийн ажил хийхийг их хүсдэг юм.

-Та зүгээр суух тун дургүй хүн юм аа?

-Тийм ээ, их дургүй. Ноднин хөлөө гэмтээгээд хэд хоног гэртээ байх болсон чинь сүүлдээ сэтгэлд нийцэх зүйл ч үгүй болоод, бухимдаад эхэлсэн. Манай охин ээж хөлөө гипсдүүлсэн нь дээр гэсээр байгаад гипсдүүлчихсэн. Гипстэй арван долоо, найм хоноход ёстой хэцүү байсан шүү дээ. Өдөр барагдахгүй, энд тэнд хийчихмээр юм харагдаад л. Тэгсэн нэг өдөр суга таягаа тулаад аяга угаачихсан зогсож байсан чинь манай охин орж ирээд: ээж та яг ингэх гээд байсан байхгүй юу, ингэхийг чинь мэдээд л хөлийг чинь гипсдүүлсэн байхгүй юу, зүгээр сайхан амарч бай л даа гээд л байсан/инээв/.

-Байнга зогсож ажиллахаар хөл нь өвддөг үү? Ажиллаж байхдаа хутганд бэртэж байсан уу?

-Ёстой гар хөлөө зүсэж байгаагүй ээ. Хөл өвдөх нь ч гайгүй байдаг шүү дээ. Гэхдээ мах эвдэхэд заавал усны гутал өмсөж ажилладаг болохор чийг татаад бөөр бага зэрэг өвдөх гээд байгаа. Бас хавар болохоор хөл өвдөх гээд байдаг талтай. Хөл жоохон өвдөх аядаад ирэхээр Хасу-гийнхаа ясны шөлийг уугаад л дажгүй болчихдог юм.

-Залуу хүмүүсээр хүрээлүүлэн ажилладаг мөн залуусаасаа дутахгүй эрч хүчтэй юм аа.

-Тийм шүү, ямар сайндаа миний төрсөн өдөр болохоор хүүхдүүд маань заа, ээж бидэнд олдох биш, ажлынхантайгаа алга болчихдог юм, маргааш очно шүү гэдэг шүү дээ/инээв/.

-Хамт олонтойгоо яаж баярладаг юм бэ?

-Энэ хэдэн залуус маань авч яваад л хамт хоолонд оруулж, гадуур авч явдаг юм.

-Байгууллагадаа олон жил ажиллахдаа юунд хамгийн ихээр талархаж байв?

-Би удирдлага болон бүхий л ажилчиддаа маш их талархаж явдаг . Бүгд намайг ихэд хайрлаж, хүндэлж явдаг юм . Хатансүйх ХХК-д ажилласнаар би үр хүүхдүүддээ оюуны хөрөнгө хамгийн их оруулдаг даа. Надад тийм ч их хөрөнгө мөнгө гээд байх зүйл байхгүй ээ. Харин эндээсээ авсан цалин мөнгөөрөө бага охиноо докторант хүртэл сургасан. Одоо ач зээ нараа сурч боловсроход нь мөн л оюуны хөрөнгө оруулалт хийж байна. Зээ минь өнгөрсөн жил Австрали улс руу магистрт суралцахаар явсан. Явахад нь ёстой л хамаг юмаа шавхаж байгаад явуулсан даа. Явсан ч араас нь цалингаасаа явуулж байгаа. Тэр зээгээ бүрэн боловсролтой болгочихвол тэгээд л болох нь тэр. Хүүхдүүдийнхээ оюунд хөрөнгө оруулалт хийж байгаадаа туйлын их баярладаг. Энэ үйлдвэртээ би их хайртай.

-Ярилцсанд баярлалаа. Та урт наслаарай.

Э.ОЮУН-ЭРДЭНЭ

ГЭРЭЛ ЗУРГИЙГ: Д.ЖАРГАЛМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-03-23 15:08

Мундаг хүн байна

Зочин
Зочин
2023-05-20 19:50

Сайхан хүнтэй сахйан ярилцлага хийжээ:

Холбоотой мэдээ

Back to top button