НИЙСЛЭЛ

Наадмын өдрүүдэд нийтийн тээврээр үйлчлүүлэхийг уриаллаа

Үндэсний их баяр наадмыг угтан Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй 7 худагт хийсэн тохижилтын ажлууд хийгээд наадмын өдрүүдэд зам хаах хуваарь, нийтийн тээврийн зохицуулалтын талаар мэдээлэл хийлээ. Хэвлэлийн хуралд Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны Тохижилт, засвар, худалдаа, үйлчилгээний салбар хорооны дэд дарга Д.Батболд, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хотын инженерийн байгууламжийн хэлтсийн дарга Ц.Нямцэвээн, ТЦА-ны Замын цагдаагийн газрын хэлтсийн дарга, дэд хурандаа Н.Ганбат, Нийслэлийн Нийтийн тээврийн газрын Хяналт шалгалтын хэлтсийн дарга Ц.Мягмар нар оролцсон юм.

Д.БАТБОЛД: ТӨВ ЦЭНГЭЛДЭХ ХҮРЭЭЛЭНГИЙН ГАДНА ТАЛЫГ ЗҮЛЭГЖҮҮЛЖ, ЯВГАН ХҮНИЙ ЗАМЫГ ЗАСАЖ ШИНЭЧИЛСЭН

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны Тохижилт, засвар, худалдаа, үйлчилгээний салбар хорооны дэд дарга Д.Батболд:

-Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооноос Тохижилт, засвар, худалдаа, үйлчилгээний салбар хороонд 619 сая төгрөгийн төсөв баталж өгсөн. Төсвийн хүрээнд Төв цэнгэлдэх хүрээлэн болон Хүй 7 худагийн явган хүний зам, авто зам, ариун цэврийн байгууламж, асар, үзэгчдийн суудлыг засан шинэчлэх зэрэг тохижилт, засварын ажлуудыг хийж гүйцэтгэлээ. Тухайлбал, иргэдэд ая тухтай орчин бүрдүүлэх зорилгоор Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна талын 6600 ам метр талбайг зүлэгжүүлж, явган хүний 4818 ам метр зам талбайг засан шинэчилсэн. Төв цэнгэлдэх хүрээлэн орчмын авто замд сүүлийн 10-20 жил засвар, шинэчлэл хийгдээгүй байсан бол энэ жил 10.194 ам метр авто замд асфальт бетон хучилт, хэвтээ тэмдэглэл хийлээ. Мөн Төв цэнгэлдэх хүрээлэнд 60 суултуур бүхий хоёр ариун цэврийн байгууламж шинээр барьсан. Харин Хүй 7 худагт 46 ариун цэврийн байгууламж ажиллана. Түүнчлэн Төв цэнгэлдэх хүрээлэн болон түүний гадна талбайд нийт 70 гэрэлтүүлэг хийж, туг мандуулах шонг засаж, шинэчилсэн. Худалдаа, үйлчилгээний нийт 725 байгууламж ажиллахаас Төв цэнгэлдэх хүрээлэнд 390 асар, Хүй 7 худагт 335 гэр ажиллах юм. Наадамчид та бүхнээс хог хаягдлаа ил задгай хаялгүй, соёлтой наадахыг хүсье хэмээлээ.

Ц.НЯМЦЭВЭЭН: 12 БАЙРШИЛД 6540 ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ЗОГСООЛ БЭЛДСЭН

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хотын инженерийн байгууламжийн хэлтсийн дарга Ц.Нямцэвээн “Улаанбаатар хотын хэмжээнд нийт 12 байршилд 6540 тээврийн хэрэгслийн багтаамж бүхий зогсоол бэлдсэн. Тэдгээр 12 байршлаас зургаад нь наадмын зөвшөөрөл бүхий тээврийн хэрэгсэл, үлдсэн зургаан байршилд наадмын зөвшөөрөлгүй тээврийн хэрэгслүүд зогсох боломжтой. Зөвшөөрөл аваагүй иргэд тэдгээр зургаан байршил дахь зогсоолд машинаа тавиад Төв цэнгэлдэх хүрээн болон Хүй 7 худаг руу нийтийн тээврээр зорчиж болно. Зогсоол дээрх тэмдэг тэмдэглэгээ зэргийг хийж дуусан, наадамчин олноо хүлээж авахад бэлэн болоод байна” гэв.

Н.ГАНБАТ: ТЭЭВРИЙН ЦАГДААГИЙН 580 АЛБА ХААГЧ ХОТОД ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭНЭ

Баяр наадмын өдрүүдэд замын хөдөлгөөнд хийх зохицуулалтын талаар ТЦА-ны Замын цагдаагийн газрын хэлтсийн дарга, дэд хурандаа Н.Ганбат мэдээлэл өглөө. Тэрбээр “Наадмын өдрүүдээр замын хөдөлгөөнд оролцож байгаа иргэдийн аюулгүй байдал, ая тухтай зорчих нөхцөлийг бүрдүүлж, замын хөдөлгөөн зохицуулах чиглэлээр Тээврийн цагдаагийн албанаас 580 алба хаагч Төв цэнгэлдэх хүрээлэн болон бусад гудамж, замд ажиллана.

Үүнд Хүй 7 худагт үүрэг гүйцэтгэх алба хаагчдын тоо ороогүй. Наадмын Тохижилт, засвар, худалдаа үйлчилгээний салбар хорооноос бэлтгэсэн зогсоолуудад алба хаагчид хяналт тавьж ажиллана. Төв цэнгэлдэх хүрээлэнгийн зогсоолын тоо хязгаарлагдмал байгаа учир нийтийн тээврээр түлхүү үйлчлүүлэхийг иргэддээ уриалж байна. Мөн Замын цагдаагийн газраас иргэдийг хөдөлгөөнд оролцож байгаа үед ая тухтай, осол авааргүй зорчуулах үүднээс хяналтын цэгүүд гаргасан.  Мөн хэд хэдэн байршилд зам хаана. Тухайлбал, Төв цэнгэлдэх хүрээлэн орчмын замын хойно буюу Гандигийн гудамж, урд буюу Нийслэл хүрээ өргөн чөлөөг долдугаар сарын 11-12-нд хязгаарлана. Хязгаарлалттай бүсүүдэд зөвшөөрөлтэй тээврийн хэрэгслүүд болон шуурхай албаны тээврийн хэрэгслүүд, нийтийн тээвэр явна.

Тухайн хязгаарлалтын бүсийн оршин суугчид буюу Хан-Уул дүүргийн 15, 18-р хорооны иргэдэд тухайн хорооны Засаг даргаас зөвшөөрөл олгоно. Тухайн хороодын иргэн иргэний үнэмлэх, хорооны тодорхойлолт, түрээсийн байранд амьдардаг иргэд түрээсийн гэрээ гэсэн бичиг баримтын аль нэгийг зөвшөөрлийн хамт үзүүлж хөдөлгөөнд оролцоно. Иймд нийт хөдөлгөөнд оролцож байгаа иргэд та бүхэн зохих зөвшөөрлийг авч, заасан маршрутын замаар хөдөлгөөнд оролцохыг уриалж байна. Хүй 7 худагт шаардлагатай тохиолдолд хөдөлгөөнийг нэг урсгалд оруулдаг. Тухайн үеийн нөхцөл байдал, хөдөлгөөний эрчмээс шалтгаалан шийдвэр гаргана. Энэ талаар иргэдэд тухай бүрд мэдэгдэж ажиллана” хэмээн ярилаа.

БОГИНО ЭРГЭЛТИЙН АВТОБУСНУУД ҮНЭГҮЙ, ХҮЙ 7 ХУДАГИЙГ ЗОРИХ АВТОБУС 1500 ТӨГРӨГИЙН ҮНЭТЭЙ БАЙНА

Нийслэлийн Нийтийн тээврийн газрын Хяналт шалгалтын хэлтсийн дарга Ц.Мягмар “Наадмын өдрүүдээр нийтийн тээврийн үйлчилгээнд үндсэн 107 чиглэлд их, дунд багтаамжийн 674, зуслангийн гурван чиглэлд тав, шөнийн тээврийн үйлчилгээний гурван чиглэлд зургаа, нийт 685 автобус, наадмын зургаан чиглэлд 56, нийт 741 тээврийн хэрэгсэл, 383 такси үйлчилгээнд явна.  “Мишээл экспо” төв-“Дүнжингарав” худалдааны төв-Төв цэнгэлдэх хүрээлэн, мөн Нарантуул зах-Вокзал-Төв цэнгэлдэх гэсэн маршрутаар гурван минутын зайтай 30 тээврийн хэрэгсэл, Давааны зөрлөгөөс Хүй 7 худагийн морь бариа хүртэл таван автобус үйлчилгээнд явж, иргэдэд үнэ төлбөргүй үйлчилнэ.

Соёмботой хөшөө буюу Төв цэнгэлдэх хүрээлэнгийн хойд талын автобусны буудлаас Хүй 7 худаг руу 10 тээврийн хэрэгсэл 1500 төгрөгөөр үйлчилнэ. Мөн долдугаар сарын 11, 12-нд морь барианаас нэг цагийн өмнө Вокзалаас галт тэрэг хөдөлж, Давааны зөрлөг хүртэл 2000 төгрөгөөр явна. Давааны зөрлөгөөс богино эргэлтийн таван тээврийн хэрэгсэл Хүй 7 худаг руу үнэгүй явах юм. Долдугаар сарын 11-15-ны хооронд Хүй 7 худаг руу шөнийн тээвэр 18:00-03:00 цагийн хооронд иргэдэд үйлчилнэ. Таван шар-Хүй 7 худаг гэсэн чиглэлээр таван тээврийн хэрэгсэл 1500 төгрөгөөр явна” хэмээв.

Богино эргэлтийн автобуснууд үнэгүй, Хүй 7 худагийг зорих автобус 1500 төгрөгийн үнэтэй байх юм. Наадмын өдрүүдэд замын ачаалал их байх тул иргэдийг нийтийн тээврийн хэрэгслийг сонгон үйлчлүүлэхийг албаныхан уриаллаа. Мөн Төв цэнгэлдэх хүрээлэн болон Хүй 7 худагт ариун цэврийн өрөө үнэгүй үйлчилнэ.

НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button
0
Would love your thoughts, please comment.x
()
x