ОРОН НУТАГ

СУРВАЛЖИЛГА: Алс баруун хязгаарын буйдхан сумын НААДАМ

-БАГА НАСНЫ ДУРСАМЖИЙН ГҮНД БАРИНТАГТАЙГАА ҮЛДСЭН СУМЫН НААДАМ-

Дэлгэр зун атлаа хавар шиг. Өвс ногоо гандуухан. Мал хуй ядруухан. Идээ цагаа тааруухан. Өрх дэрвүүлэн, яндан хяхруулан салхилах өдрүүд олон. Сумын наадмын өмнөх өдөр ч ялгаагүй. Алс баруун хязгаар дахь буйдхан сумынхаа наадам үзээгүй удсан би маргааш бас л салхилах нь гэхээс урам муутайхан байлаа. Гэтэл наадмын өглөө /2022.07.07/ хэзээ ч салхилж байгаагүй юм шиг нам тайван, агаар дулаахан гэж жигтэйхэн эхлэв. Энэ бол Тулгар төрийн 2231, Их Монгол улс байгуулагдсаны 816, Ардын хувьсгалын 101, Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сум байгуулагдсаны 97 жилийн ойн баяр наадам. Наадмын талбай руу айл, гэр бүл бүхэн өөр өөрсдийн машиндаа суугаад хөдөлцгөөв.

Биднийг багад айл бүхэн унаа машинтай байгаагүй. Аль нэг айлын “УАЗ-469” машинд арван хэдүүлээ чихээд суучихна. Эсвэл ачааны том машинтай айл нь тээшин дээрээ хавийн бүх хүүхэд борчуулыг суулгаж аваад хөдөлдөгсөн. Наадам үзэх гэж догдолсон бид шинэ хувцас өмсөөд хэрэндээ л гоёцгоочихсон, додигор гэж жигтэйхэн. Тухайн үед миний үзэж сонирхдоггүй байсан ганц зүйл нь яагаад ч юм хурдан морины уралдаан байв. Морь болоод уяачдыг төдийлөн таньдаггүй байснаас тэр юм болов уу. Харин хүүхэд, залуучуудын унаж ирсэн морь, дэл сүүлийг нь цэмцийтэл боосон хурдан морьдыг гайхна. Сумын төвийн хүүхдүүд наадамд ирсэн ангийнхаа хүүхдүүдээс морь илүүчилж гуйгаад уначихна. Наадам тарахын алдад нэг ангийнхан тэр чигээрээ морьтой болчихдогсон. Тэгээд байгалийн үзэсгэлэнт газар болох Таван бэлчир, Сайхан дэвсэг рүү ихэвчлэн зугаалахаар явцгаачихна. Эсвэл хаа нэг уулын энгэрт цагаан мод цохихоор бужигнацгаах нь баараггүй байдаг байв.

Наадмаар ганц сонирхдог нь хүчит бөхийн барилдаан. Тэр дундаа шөвгийн найман бөх. Аав минь асарт суугаад бөхийн барилдааныг хүнгэнүүлэн, цэвэрхэн, сонирхолтой гэгч нь тайлбарладаг байсан учраас юм л даа. Тунаж үлдсэн бөхчүүдийн барилдаан дээр талцал маргаан гарах нь олонтаа. 

Алдрайхан бага насны дурсамжийн гүнд баринтагтайгаа үлдсэн сумын наадмаа бүрэг бараг дурсан бичиглэхэд нэг иймэрхүү.

Харин энэ удаагийн сумын наадамд “Сайхан наадаж байна уу, морь хурдан, уяа эвлэг үү” хэмээн хэвлүүтэх мэндийн үг эзгүй гэмээр. Дэлийг нь сумлан зассан ганган морьтой наадамлагч байхгүй, ганган морьтой ганган дээлтэй эгч нар эзгүй нь тиймхэн. Ихэнх нь хятад мотоцикл, жижиг том машинууд хөлөглөн ирдэг болж. Энэ нь нэг талаараа нутаг усныхан хот хүрээ бараадсаных. Малчин залуучууд ховордсоных. Нөгөө талаараа алс холын Улаанбаатар, Дархан, Эрдэнэт, Хэнтий гээд өөр бусад аймгуудаас ирсэн гаднын зочид наадамчид олонтойн илэрхийлэл байлаа.

-ЭР БЯР, ЦЭЦ МЭРГЭН, ХУРД ТЭНЦСЭН ЭРИЙН ГУРВАН НААДАМ-

Сумын наадмаар голдуу сонирхож үзсэн нь сур харваа. Аймаг, сумаас нийт 50 харваач Урианхай сурын харваагаар цэц мэргэнээ сорив. Сумын наадамд өдий хэмжээний харваач оролцоно гэдэг том амжилт. Харин найман эмэгтэйчүүд Халх сурын харваагаар цэц мэргэнээ сорьсон юм. Энэ ч бас чамгүй тоо. Хүүхэд, эмэгтэйчүүд сурын спортоор хичээллэж, сонирхох нь нэмэгдсэний илэрхийлэл. 

Жижигхэн сум ч гэлээ энд бүх насны морьд уралдуулна. Энэ жилийн наадмаар мартагдаж, бүдгэрсэн Хатираа морины уралдааныг зохион байгуулсан нь онцлог байлаа. Эл уралдаан 20 гаруй жил тасалджээ. Бусад уралдаануудад өшиглүүлсэн, бэртсэн гэсэн муу мэдээ дуулдсангүй. Харин бариандаа орсон түрүү морины хүүхэд унасан ч, ашгүй хүнд бэртэлгүй босоод явчихсан тохиолдол гарав. Наадамчин олон морь барианы газрыг орхиж төв талбайдаа цугларлаа.

Төрийн далбаа салхинд дэрвэж, шавран блокоор босгож, цагаан шохойгоор шохойдсон асар. Дотор нь ЗДТГ-ынхан болоод ахмадууд эгнэж сууцгаана. Засаг дарга, бөх тайлбарлагч, хөлийн цэц, тавагтай идээ, өргөмжлөл медалиуд. Энэ бүхэн нийлээд наадмын төв талбай.

Зүлэг ногоон дэвжээнээ өсвөрийн бөхчүүд өмдтэй, цамцтай, зодогтой зодоггүй, шуудагтай шуудаггүй эрээн мяраан. Тэгсэн хэдий ч үнэн шударга, уран цэцэн барилдаанаараа үзэгч олныг шуугилдуулан баясгаж байгаа нь бахдалтай. Харин сум, аймгийн цолтой 64 бөх зодоглосон. Тэд бүгд зодог шуудагтай. Ялангуяа аймгийн цолтой бөхчүүд ирж зодоглосон нь энэ удаагийн наадмыг үзүүштэй болгов.

Давсан бөхчүүд төрийн далбаагаа тойрон, наадамчин олонд боорцог цацдаг. Гэхдээ энд тэгсэнгүй. Бөхчүүдэд боорцог сэлт ч тараасангүй. Харин хурдан морьд шагналаа гардаж авах үеэр уяачдын эхнэрүүд наадамчин олон руу чихэр цацсан юм. Олон түмэнтэй баяраа хуваалцаж буй нь тэр. Эл үйлийг “Шашуу” гэж нэрийддэг бөгөөд Казак түмний соёлын нэг хэлбэр гэх үү дээ. “Шашуу”-ны чихэрнээс барьж авч, олж идсэн хүмүүс азтай гэлцдэг.

Наадмын хуушуурын олдоц тун муу байв. Өмнө нь бөмбөгөр цагаан гэрүүд эгнэж буугаад хуушуур худалддаг байсан билээ. Энэ удаад тийм биш. Хийж авч ирсэн хуушуураа худалдацгаасан нь хүрэлцээ тааруу байхад хүргэсэн байх. Хуушуур 1500 төгрөг. Салхитай, бороо хур багатай, зуншлага гандуу байснаас гүү барьсан айл тун ховор. Айрагны бараа сураг ч харагдсангүй.

Сумын наадам өргөн дэлгэр сайхан болж өндөрлөлөө. 

-Ш.АЙБЕК: СУМАА АЙМГИЙН ТӨВТЭЙ ЗАСМАЛ ЗАМААР ХОЛБОЖ, ТОГ ЦАХИЛГААНТАЙ БОЛГОХЫГ ЗОРЬЖ БАЙНА-

Ийнхүү алс баруун хязгаарын буйдхан сумын наадам өндөрлөх тийшээ хандахад би Засаг дарга Ш.Айбектэй тааралдаж нутаг нугын зуншлага, наадмын өнгийн талаар хөөрөлдөв. 

-Сайн байна уу, зуншлага сайхан уу. 

-Сайхан, сайхан наадаж байна уу. Хур тунадас, өвс ногоо багатай зун болж байна. Бороо орчихвол долдугаар сар сайхан болох өнгөтэй. Өнөө маргаашдаа адуу мал гайгүй. 

-Энэ жилийн сумын наадмын онцлог юу вэ?

-Коронавирусийн цар тахлын улмаас ард түмэн минь хоёр жил наадамлаж, баярлаж чадаагүй. Энэ жил ардын хувьсгалын 100, 101 жилийг давхар тэмдэглэж буй тул сумдын наадмыг түрүүлж зохион байгуулах чиглэл өгсөн. Тиймээс аймгийн алдарт уяачдыг морьд хурдалж, аймгийн цолтой бөхчүүд ирж зодоглож байгаагаараа онцлогтой. Энэ утгаараа ард түмэн үзэж харах юм ихтэй сайхан наадам болж байна. 

-Дотоодын аялагч жуулчид нилээдгүй их иржээ?

-Тийм. Цар тахлын улмаас гадаадын аялагч, жуулчид ирэх нь харьцангуй бага. Харин дотоодын аялагчид нилээдгүй их ирсэн байна. 

-Таны хувьд Засаг даргаар ажиллаад хичнээн жил болж байна вэ, ямар ажлууд хийж хэрэгжүүлэв?

-Миний хувьд Засаг даргаар ажиллаад хоёр жил өнгөрч байна. Манай сумын 100 жилийн ой 2025 онд болно. Ойн баярыг хүлээлгүйгээр урьдчилаад улсын болон орон нутгийн хөрөнгө оруулалтаар нилээдгүй бүтээн байгуулалтуудыг хийхээр төлөвлөн ажиллаж байна даа. 

-Хамгийн чухлаас нь дурдвал?

-100 хүүхдийн дотуур байрыг барихаар шав тавьчихаад байна. Энэхүү бүтээн байгуулалтын хөрөнгө оруулалтын 200 сая төгрөг энэ жилдээ багтаж хийгдэх юм. 3.8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар аймгийн төвтэйгээ засмал замаар холбогдох зорилго тавьжбайна. Тендер нь зарлагдчихсан, наадмын дараа ажил нь эхэлнэ. Мөн Ховд голын дээгүүр 65 тоннын даац бүхий нүүрс тээвэрт зориулагдсан гүүр барих ажил явагдах юм. Тендер нь мөн л зарлагдчихсан, зураг төслийн ажил явагдаж байна. Манай сум ганцхан цэцэрлэгтэй. Нэмээд 100 хүүхдийн цэцэрлэгтэй болно. Энэ хүрээнд эхний ээлжинд хуучин эмнэлгийн барилгыг засварлаж, цэцэрлэгийн шугамаар ажиллуулах зорилго бий. 2025 онд тохиох 100 жилийн ойгоосоо урьтаж “Хоёр толгой”-н зуслангаа тог цахилгаантай болгох төлөвлөгөөтэй. 21-р зуунд тоггүй байна гэдэг асар хүндрэлтэй. Үүний хөрөнгө оруулалтын ажлыг чамгүй сайн хөөцөлдөж байна. 2024 он гэхэд бид нилээдгүй ажлуудын ард гарах байх аа.

-Ямар ч байсан засмал зам, тог цахилгаантай болох нь ээ. Төсвүүд нь амжилттай шийдэгдэж байгаа юу. Танай суманд хөрөнгө оруулалт хийгдээгүй нилээдгүй удсан байх аа?

-Манай суманд сүүлийн 30 жил хөрөнгө оруулалт хийгдээгүй. Өнгөрсөн жилээс түрүүн дурдсан төслүүдээс эхлээд харьцангуй нааштай шийдэгдсэн. УИХ-ын гишүүд, аймгийн депутатууд бидэнд тусалж дэмжиж байгаа. Манай сум баруун таван аймгийг хүнсний ногоогоор хангаж байсан газар тариалангийн бүс нутаг. Иймд тариалангаа сэргээн хөгжүүлэхээр “Шинэ хөдөө” төсөлд нэгдэхээр Т.Аубакир гишүүнд уламжилсан, бид. Улмаар Т.Аубакир гишүүний багцад ороод хэрэгжхээр болоод байна. 

-Алслагдсан сум гэдэг утгаараа тулгарч буй бэрхшээлүүд бий л биз дээ?

-Нийслэлээс алдлагдсан аймаг, сум тул тодорхой бэрхшээлүүд тулгардаг. 

-Ярилцаж мэдээлэл өгсөнд баярлалаа. 

-Үндэсний их баяр наадмаа өргөн тэмдэглэж сайхан баярлаарай. Морь хурдан, бөх хүчтэй, сум мэргэн байх болтугай. Тэгш сайхан зуншлага болохыг ерөөе.

Сумын засаг дарга нь ойрын 30 жил хийгдээгүй их бүтээн байгуулалтууд хийхээр төлөвлөж зорьж байгаа тухайгаа ийн дурдлаа. Энд онцлоход Алтанцөгц бол Монгол Улсын хэмжээн дэхь нүүдлийн маш цөөхөн сумуудын нэг. Тус сумын ард иргэд сумын төвөөсөө 40 гаруй км алсад Цамбагарав хайрханы бэлд цаст уулын мөснөөс эх авсан цэнгэг ус, булаг шандаас ундалж, зүлэг ногоон дээр зуны хоёр сар амьдардаг. Эл зуслан нь тог цахилгаангүй. 21-р зуунд хүмүүс тоггүй байгаа энэ байдлыг халахаар сайн хөөцөлдөж байгаа гэдэг баяртай мэдээг ч тэрбээр дуулгасан юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-07-13 10:51

Төв аймгийн Баян сум??!!

Зочин
Зочин
2022-07-13 11:09
Reply to  Зочин

Баян-өлгий Алтанцөгц

Зочин
Зочин
2022-07-13 12:53

Ali n umbe

Зочин
Зочин
2022-07-13 17:05

Баярл####аа дүүдээ ажилын өндөр амжилт хүсье. нутаг усаа таньдаг хүмүүсээ хараад нульмас дуслуулж суулаа сумын наадамч сайхан шүү,хүний нутагт байгаа би мэтийн хүмүүст энэ шиг сайхан зүйл ####га.Баян-Өлгий Алтанцөгц сумаа санаж байнааа

Зочин
Зочин
2022-07-13 18:50

Сумын наадам минь их л сайхан болдогсон эдүүгээ цагийн эх нутгийнхаа наадмын тэмдэглэлээ шимтэн уншлаа. Бодит үнэнийг урьд урдийн наадмын дурсамжтайгаа харьцуулан бичсэн чамбай тэмдэглэл болжээ. Амжилт хүсье.

А.бадамсүрэн
А.бадамсүрэн
2022-07-14 01:56

Мундаг сайхан бичжээ. Дүү минь сайхан сэтгүүлч болжээ. Чамаараа бахархаж шимтэн уншлаа.ганчиг уншаад Сүлжээ муу байсан учир нээгдээгүй тул шөнө 12 цагаас хойш интер'ийн сүлжээ сайжирдаг гэхээр шөнө нэг ирээд нээгээд шимтэн уншлаа.

Зочин
Зочин
2022-07-14 21:08

Ажлын амжилт хүсье .

Холбоотой мэдээ

Back to top button
7
0
Would love your thoughts, please comment.x
()
x