Сурвалжилга, Нийтлэл

Тэмдэглэл: Ginjin, Mrs.M-ийг “Соёл-Эрдэнэ”-ийн өмнүүр тавьсан “Playtime 2022”

“Playtime” фестиваль 20 нас хүрч, анх удаа дөрвөн өдрийн турш хөгжимд хайртай хүмүүсийг цуглууллаа. Барагтай хоёр ч өдөр нь бороо асгарсан боловч олны хөл тасарсангүй. “Монголчуудыг дөрвөн өдөр тасралгүй шоудуулж чадлаа” гэлцэх нь ч байна. Хөгжмийн фестивальд шоу цэнгээний өнгө аяс байхаас хаачих вэ. Харин агуулгын хувьд энэ жилийн “Playtime” юу илэрхийлэв ээ.

Бүр 2003 оноос хойш тасралтгүй зохион байгуулагдсан энэ фестиваль цар тахлын гэгдэх хоёр жилд завсарлаж, 2022 онд эргэн ирсэн. Тийм ч учраас урьд урьдынхаас илүү өргөн далайцтай хийх гэсэн зохион байгуулагчдын эрмэлзэл байсан нь мэдээж. Түүнчлэн энэ хоёр жилд нийгмийн амьдрал, хүмүүсийн сэтгэхүй хандлага ч хурдацтай өөрчлөгдсөн. Сошиал үзэмжид шүтэж, хий хөнгөн аз жаргалд тэмүүлэх нь улам л гүнзгийрч байна. Үүний дээр мөнгө бүр л үнэ цэн болж, капиталист нийгмийн сүүдэртэй талууд гаарсаар байгаа. Ийм онцлог цаг үед “Playtime” фестиваль 20 жилийн ойгоо тэмдэглэлээ.

ХӨГЖИМ ҮҮ, МӨНГӨ ҮҮ

10 гаруй жилийн өмнө фестиваль хоёр өдөр болдог байснаас гадна такс нь 20 мянган төгрөгөөр борлуулагдаж байв. Харин энэ жил 250 мянга болж өссөн. Өдөр, өдрийн такс худалдаагүй. Нэг мөр дөрвөн өдрийн таксыг 250 мянгаар авах ганц сонголттой тулсан нь цөөнгүй хүмүүст шүүмжлэх шалтгаан болоод байв. Иймд такснаас эхэлье.

Хоёр талаас харах бололцоотой юм. “Капиталист нийгмийн сүүдэртэй талууд...” гэж дээр дурдсанчлан, инфляц галзуурч, хөгжимд хайртай, эс хайртайг үл харгалзан үнийн өсөлт иргэдийг дарамталж байгаа энэ цагт нэлээд боломжийн төлбөрийн чадвартай хэсэг л “Playtime”-ийг зорих бололцоо бий болов. “Цаг завтай” ч гэж нэмж болно. Мэдээж Монголын амьд хөгжмийн түүхийг бичилцэж буй фестивалиа үзэхээр зориуд мөнгө цаас, цаг заваа бэлдэж ирэх хэсэг байх ч баярхах хандлага тэндээс ажиглагдаж л байв. Шоу цэнгээнээс үл хоцрогч, нийгмийн трэнд болж буй эвентээс хэзээ ч үл дутагч хүмүүс ирж: Ирсэн, байсан гэдгээ сошиалд зарлалаа гэлтэй.

Нөгөөтээгүүр, энэ шалгуур өөрөө фестивалийг эмх цэгцэнд, дэг замбараанд оруулав. Туулайчлах, майхан барьж олноор дотор “орогнох” бололцоог ч боломжийн хэрээр хаасан тул “учраа мэдэхгүй” дэвэгчид, дагалдагчид, цаг нөгцөөгчид багассан харагдсан. Хөгжимд хайртай хэнийг ч ийн анги ялгаанд хувааж болохгүй хэдий ч бичих сэдвийн хүрээнд ийм өгүүлбэрүүд тэрлэгдэж буйд хүлцэл өчье.

Ташрамд, “Монгол шилтгээн” дэх үйлчилгээний асруудын үнэ, төлбөр ч чангадаа тооцогдохоор байв. Хоногийн хоол гэж толгой чилээхгүй хэсэгт мэдээж юу ч биш л дээ, дөрвөн өдрийн турш хангалттай ууж, идэхэд ер хотойх зардал гарахгүй. Нөгөөтээгүүр зах зээлийн зарчим л үйлчилж буй тул илүү, далий үглэсэн болно. Гэхдээ ер базахад, хөгжим гэхээсээ мөнгө удирдагч нь, чиглүүлэгч нь болсон “Playtime” зохион байгуулагдлаа гэхэд нэг их хилс болохгүй болов уу.

АРИЛЖААНЫ ШИНЖ НЭВТ ҮНЭРТСЭН Ч ҮЛ БУРУУТГАХ НЬ

Ерөөс зүрхэндээ амьд хөгжмийн илчийг тээн, амьдрах эрчээ ноцоодог хэн бүхний тэмүүлэл эгэл боргилоор энд цуглах нь таатай, утга агуулгатай санагддаг минь бичвэрт нөлөөлж байгаа л даа. “Өмнөх шиг хуучин тосонд хайрсан хуушуур идэж, хоёр хонодог “Playtime” биш болжээ” гэж эерэг коммент хэлэгсэд бий. Юм сайжрах, дэвжих, хөгжилтэй орнуудыг жишигт дөхөх л ёстой. Энэ утгаар өнөө жилийн “Playtime”-ын асрууд цаг үеийнхээ боломжийн жишиг дэх хэрэглээ, хэрэгцээг хангаж байсан нь сайн хэрэг. Яг үүнийг “Сайн хэрэг”, “Амжилт”, “Дэвшил” гэж тодотгоход ч хэтэрхий хуучинсаг, хөгшин, үглээ болох асуудал юм.

Гэхдээ үзэгчдийг энгийн, VIP гэж ангилан ялгасан нь анхаарал татсан. Хөгжмийн мэдрэмжээр нь ч хөгжимд хайртай хүнийг ялгахад эмзэгхэн агуулга байдаг. Авчиг ялгаж л таардаг. Харин тэнд VIP хэмээх тодотголын дагуу тусдаа асарт сууж, хооллож, үйлчилгээ авч, бидний хэлдгээр “тасарч” байгааг “Playtime”-аас олж харахад их сонирхолтой байсан. Хэцүү ч байсан. Аль ч утгаар нь харсан нэр нүүр, нөлөө хүч, амьдралын боломж бололцоотой хэсэгт нь тусгай маягаар үйлчилж буй л дүр зураг билээ.

Хөгжим хэнийг ч ялгадаггүй, “Playtime” ч ялгаж байгаагүй. Харин хөгжимд олон жил хүчин зүтгэсэн, даруу хөдөлмөрлөгчид VIP асраас нь хол хөндий, “нийтийн хоол” хүлээн дугаарлаж, мөртлөө зүгээр л хатуу бизнесменүүд борооноор хундан асарт хундага барин мишилзэж зогсох нь эрхгүй анзаарагдаад. Нэр цохохоос татгалзав. Гитар нүдэн тайзан дээр амьдарсан, хөрөнгө чинээ хөөгөөгүй зарим уран бүтээлчдийг тийм ялгамжит дүр зураг дор харах сонихон байсан.

Мөнгөө төлсөн нь VIP үйлчилгээ авах боломжтой нь мэдээж. Гэвч ядаж хөгжимд амьдралаа зориулсан хүмүүсээ /жинхэнэ VIP хүмүүс л дээ/ хүндэтгэж үзээсэй л гэж бичих гэсэн юм.

Цаашлаад, ивээн тэтгэгч байгууллагуудын асар энэ жил цочтол их босжээ. “Оюу толгой”-н хөрөнгө оруулагч “Rio Tintо”-гоос эхлээд л. Ийм хэмжээний фестиваль дэглэхэд мөнгө асар хэрэгтэй. Цэвэр таксны орлогоор бүхнийг зохицуулна гэдэг боломжгүй хэрэг. Тийм ч учраас ивээн тэтгэгч олох нь зохион байгуулагчдад олзуурхууштай явдал. Гэхдээ нөгөө талаас нь харахад, “Playtime” яах ч аргагүй залуу бөгөөд соёлт нийгмийн нэгэн трэнд үзэгдэл болсоор буй тул ийш мөнгөгүйн зовлонгүй хэсгүүд хошуурах нь дамжиггүй л дээ. Жам дагасан явдал. “Playtime”-ын эцэгт фестивалиа ийм үзэгдэлд тавиад туучих, хаа сайгүй өнгө алагласан сурталчилгааны самбар болгочих совесть байхгүй гэдэгт итгэлтэй байна.

За, ерөнхийдөө энэ хэсэгт нэлээд арилжааны хэв маяг руу орсныг нь л бичих гэж оролдсон юм уу даа. Буруутгая гээд буруутгаж болохгүй зүйл тул бичиж тэмдэглээд орхих нь зүй. Унших хэсэг нь уншина. Харин одоо жинхэнэ гол зүйл рүүгээ оръё.

ЯМАР ХӨГЖИМ БИЛЭЭ?

Бүх асраар зочилж, судалгаа тэмдэглэл хийгээгүй ч төв болон “New Wave” тайзнаас холдоход нэлээд хүндрэлтэй байлаа. Учир нь тэндээс холдоход л электро, диско хөгжим нүргэлээд. Тэнд ч диско, энд ч бүжиг. Хүүхдийн 100, “Mint” хавиар “баасандаж” явах шиг мэдрэмж үнэнхүү төрөөд салдаггүй. Олон улсаас тулхтай DJ нарыг урьж авчирсан нь фестивалийн бас нэгэн өнгө л дөө. Авчиг тэд амьд хөгжмөөс өдий төдий ялгаатай. Рок ай савынхны дийлэнх нь нэг гартаа шот барьчхаад, диско хөгжим дор нахилзаж, тахилзаж зогсохгүй.

Гэхдээ бас хэт туйлширч буй ч хэрэг. Аль алинаас нь таашаал авдаг хэсэг бий. “Playtime”-ыг амьд хөгжмийн биш ерөнхий хөгжмийн фестиваль болсон гэж, зохион байгуулагчид нь ч үүнийг хүлээн зөвшөөрсөн юм гэж “дуулсан”. Харамсалтай нь, үүдээр орохоос эхлээд л бааранд яваа юм шиг хөл хөдөлгөөнийг туучиж, төв тайз орчмоо бараадахад сая нэг уужуу амьсгалж байв. Ерөнхий уур амьсгал шууд ингэж зураглагдахуйц л байв шүү. Харин деталь бүрийг мэдрэхээр, хөтөлбөр даган мөшгивөөс сайн хамтлаг, жазз тоглолтуудыг үзэж таашаах боломж байсан билээ.

Төв тайз гээд байв ч тэнд “Lumino”, Ginjin, Mrs.M нарын улс гарсан байдаг. Трэндээ дагасан л илэрхийлэмж гэж харсан. Ард нь амьд хөгжмийн хамтлаг тоглож байсан тул дуу нь харин хүчтэй түгж байв даа. Өнөө цагийн супер үзэл бодолтой, залуу уран бүтээлчдийг үргэлж хайрлан нандигнадаг ч “Соёл-Эрдэнэ”-ийн өмнө Ginjin гардаг нь маш бичүүштэй өнцөг болсон.

Энэ бүх орчин цагийн хөгжмийн эхлэл, үүтгэлийг тавьсан хамтлаг шүү дээ, “Соёл-Эрдэнэ”. Адаглаад: Ginjin, Mrs.M дуулаад, араас нь яагаад “Соёл-Эрдэнэ”, тэгээд Японоос ирсэн тэр “Mono” нь байж болоогүй юм бол. Ginjin нарт ядаж өөрсдөд нь тийм совесть байж болоогүй л юм байх даа. Энэ бол өнөө жилийн “Playtime”-ын ерөнхий зүй тогтлыг тод томруун илэрхийлсэн үйл явдал байв.

Харин “Уухай”, “Аясын салхи”, “Нисванис”, “Никитон”, “Recon”, “Colors”... тэр бүгдтэй ярилтгүй. “Нисванис” “Нарны цаад руу, харанхуй руу” хэмээн сүүлийн дуугаа дуулахад салют буудсан мөч, “Никитон” “Янаг цэцэг”-ээ дуулахад хацар дүүрэн нулимс унагаж зогссон тэр хорихон хэдтэй л болов уу гэмээр залуу. Рок ай сав үнэнхүү сэтгэл дүүргэсэн. За, гадаадаас авчирсан хамтлагууд  яг өөгүй, өв тэгш. “Motorama”, “Alcest”, “Mono” зэрэг оройн тэнгэрийн доор цаг хугацааг тасалж, зосгоож байв шүү.

ХАРЬЦАНГУЙ СОЁЛТОЙ Ч БАС Л АНХААРМААР ҮЗЭГЧИД

Эцэст нь, зохион байгуулагчид руу бус ирсэн үзэгчдийн ерөнхий өнгө төрхийг жаахан бичье.

Диско асарт үргэлж бүжих мөртлөө “Alcest” ч юм уу “Mono” гарахаар явчихдаг тийм үзэгчид байв. “Playtime” фестивалийг санаачлагч Ц.Нацагдорж “Mono”-гийн постыг шэйрлэхдээ “Бороо худ гаруудыг ялгаж өглөө” гэсэн утгатай зүйл бичсэн байсан. Ер нь байдаг дүр зураг энэ боловч өнөө жил илтэд гүнзгийрчээ. Ер рок сонсох гэж зорих хүмүүсийн тоо жил ирэх тусам цөөрөхөөр шинж төрх ажиглагдсан.

Үүний дээр, “Төлбөрийн чадвартай хэсэг орсноор зах замбараатай болов шиг” хэмээн дээр бичсэн хэдий боловч тэдний наад захын соёл жаахан тиймхэн. Эмэгтэйчүүд “ShangriLa”-д ч соёлгүй бие засдаг шигээ энд айхавтар л юм болов. Шагайж үзсэнийг ч хэлэх үү. Бие засах газрын асуудлыг урд жилүүдээс илүү дэвшилттэй шийдсэн байсан ч яахын аргагүй үг хаямаар. Энд тэндгүй хог хөглөрөх нь гайгүй байсан ч /зохион байгуулагчид сайн ажилласан ч байж мэднэ/ ийм наад захын соёлдоо хариуцлагагүй хандаж л байв.

Түүнчлэн хөгжим сонсох гэж ирсэн үү, гоодож, зураг авхуулж, стори хийх гэж ирсэн үү гэмээр өнгө төрх хаа сайгүй. Энэ ерөөс цаг үеэ дагасан асуудал тул нэг өгүүлбэр л хангалттай. “Playtime” улам л соёлыг сурталчлагч хариуцлагаа ухамсарлаж байгаа нь мэдэгдэж буй энэ үед үзэгчид ч бас тэгж өөрчлөгдөөсэй. “Гээсэн юмаа аваарай” асарт өдий төдий гар утас, машины түлхүүр, банкны карт зэрэг цугларсан байсан нь тун авууштай. Үүний дээр мал болтлоо согтож, унаж туссан хүмүүс ч бараг харагдаагүй дээ. Сайнтай, саартай, залуу үеийн хөгжлийн сэтгэхүй хандлагын өнгө төрхийг сайтар илэрхийлсэн дүр зургийг өнөө жилийн “Playtime”-аас харах бололцоотой байв.


ТЭМДЭГЛЭЛ: Фестивалийн санаачлагч Ц.Нацагдоржийн тайзан дээр согтуу гарч, хэлсэн үгсийг энд өнцөг өгч бичьюү гэсэн ч орхив. Түүнд өдий төдий авирлах эрх нь бий. Харин тулхтай хамтлаг, уран бүтээлчид тайзан дээр гарав уу үгүй юу л “Нацагаа найздаа баярлалаа, баяр хүргэе” гэхээ мартаагүй. Тэр битгий вакуумжиж, “Playtime”-ийг өмчлөөсэй. Амьд хөгжимд дурлагч монголчуудын оч, заяа тавилан цаг үеэ даган түрснийг, цахилсныг барьж авсан гавьяагаа ухамсарлан, “Playtime”-ийг хөгжимд хайртай бүхний, нийтийн агуулга талаас нь авч үлдээсэй.

Бусдаар шорлогны утаа хүүшилсэн “Playtime”-ийн дөрвөн өдөрт хоргодох ч шиг болов доо. Харин амьд хөгжмийн орон зай нь ийн шахагдах тусам яг рок ай савынхан нь тусдаа фестиваль зохиох хэрэгцээ шаардлага аяндаа үүсэх шинж төрх байв. “Playtime” зөв байж чадвал амьд хөгжмийн агуулгаар үзэгдэл болж дархлагдсанаа, түүх бичиж буй гавьяагаа урт удаан хадгалан биз ээ. Ерөнхийлэн дүгнэвэл асар сайн зохион байгуулагдсан, дөрвөн өдөр байрлахад гудайх юмгүй хөгжмийн кайфаар ялгуусах боломжтой “Playtime 2022” болов. “Дараа жилийн “Playtime” мөн ч хол байна даа” гэдэг үгээр бяцхан бичвэрээ дуусгая.

ГЭРЭЛ ЗУРГИЙГ CENTRAL TV-ЭЭС АШИГЛАВ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

М. Тэнгис

Олон улсын харилцааны мэргэжилтэй, сэтгүүл зүйн салбарт таван жил ажиллаж байна. Нийгэм, улс төрийн сэдвээс гадна дүрслэх урлагийн шүүмж, ярилцлага бэлтгэдэг. Eguur.mn сайтын Ерөнхий редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Bidon
Bidon
2022-07-15 09:58

Har tamhichid y####nuudiin bayar

Зочин
Зочин
2022-07-15 10:33

Мөнгөтэй нэг л үзэхэээр болсон байна лээ

Зочин
Зочин
2022-07-15 10:42

Энэ жил арай л гомдмоор мөнгө бизнес т�##�руугаа их чиглэсэн

Хэхэ
Хэхэ
2022-07-15 11:47

Соёл эрдэнэ гэж одоо үхсэн хүмүүсий сүнс л байгаа биздээ хаха

Зочин
Зочин
2022-07-15 17:01

Овоо ялгаварлан гадуурх�##�тай нөхөр бичжээ.

Зочин
Зочин
2022-07-18 00:59

4 өдөр ч арай урт байхаа . 2 өдөр байхад хаваасаг

Холбоотой мэдээ

Back to top button