УЛС ТӨР

Эрдэнэбүрэн УЦС-ын нөлөөллийн бүсийн айлуудыг нүүлгэх зардлыг төсөвт суулгасан

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Баян-Өлгий аймгийн Баяннуур суманд ажиллаж, тус сумын нэгдүгээр багийн нутаг Шижигтийн хавцал хэмээх газарт “Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц” төслийн явцтай танилцлаа. Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц ашиглалтад орсноор баруун бүсийн аймгуудын эрчим хүчний хэрэглээг дотоодоосоо бүрэн хангах боломжтой болж импортын цахилгаан эрчим хүчний хараат байдлаас гарч, найдвартай эх үүсвэртэй болох юм.
Монгол Улсын Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-д дэвшүүлсэн Эрчим хүчний сэргэлтийн хүрээнд сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрүүд, түүний дотор усан цахилгаан станцыг нэн тэргүүний зорилт болгож, 90 мегаваттын Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын бүтээн байгуулалтыг дуусгаж, 220 мегаваттын Эгийн голын усан цахилгаан станцыг эхлүүлэхийн төлөө бүх боломжоо дайчлан ажиллаж буй.  


Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц төслийг хэрэгжүүлэхээр улсын тусгай хэрэгцээнд авсан газар нутагт тухайлбал, Увс аймгийн Өмнөговь сум, Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын нутагт Ховд голын баруун захаар амьдарч буй 270 айл өрх төслийн нөлөөлөлд өртөхөөр байгааг тогтоосон.

Төслийн усан сан бүрэлдэх талбайн нөлөөлөлд өртөж буй 270 өрхийг одоо мөрдөгдөж буй Газрын тухай хууль, дагалдаж гарсан журмын хүрээнд 2022-2025 онд үе шаттайгаар нүүлгэн шилжүүлэхээр орон нутгийн засаг захиргааны нэгжтэй хамтран ажиллаж байгаа бөгөөд 2022 онд нийт 91 өрхийг нүүлгэн шилжүүлэх санхүүжилтийг Улсын төсөвт тусгуулаад байгаа юм.
Эрчим хүчний салбараа хараат байдлаас гаргах, шинэ эх үүсвэрүүд барих, өсөн нэмэгдэж байгаа хэрэглээгээ дийлэхгүйд хүрсэн энэ салбарын үйл ажиллагааг нөхөж сэлбэх асуудал Монгол Улсын хувьд нэгдүгээрт байна. Энэ салбарт дэм болгож байгуулах хэд хэдэн станцын нэг нь яах аргагүй баруун бүсийн эрчим хүчний ачааг үүрэлцэх Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц юм. Салбарын хараат байдлыг засаж арилгахад энэ станц том хувь нэмэр үзүүлнэ гэдгийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ онцлов.
Монгол Улсын Ерөнхий сайдын 2021 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 112 дугаар захирамжаар төслийг хэрэгжүүлэх ажлыг шуурхай зохион байгуулахад дэмжлэг үзүүлэх ажлын хэсгийг Эрчим хүчний сайдаар ахлуулан холбогдох аймгийн Засаг дарга нар, яамдын газар хэлтсийн дарга нарыг оролцуулан байгуулсан.
Ажлын хэсэг нь төсөлд дэмжлэг үзүүлэх асуудлаар хоёр удаа хуралдсан бөгөөд төслийн нөлөөлөлд өртөж буй айл өрх, соёлын өвийг нүүлгэн шилжүүлэх ажлыг зохион байгуулах төлөвлөгөөг батлан хэрэгжүүлж байна. 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button