Сурвалжилга, Нийтлэл

362 килограмм төмстэй тэнцэхүйц цалинтай монголчууд

Та сарын хэдэн төгрөгийн цалин авч, хэдийг нь өдөр тутмынхаа хэрэглээнд зарцуулдаг вэ. Тооцоолж үзэж байсан уу. Тэгвэл одоо нэг тоо бодоцгооё.

2022.07.18-ны өдрийн байдлаар "Баянзүрх" хүнсний зах дээр:

  • Төмс: 4000 /кг/
  • Лууван: 3500 /кг/
  • Манжин: 2500 /кг/
  • Хүрэн манжин 5000 /кг/
  • Байцай: 2500 /кг/
  • Сонгино: 3500 /кг/
  • Монгол сонгино 4000 /кг/ байна.

2022 оны нэгдүгээр улиралд Монгол Улсын нэг иргэний дундаж цалин 1,450,100 төгрөг байсан хэмээн Үндэсний статистикийн хорооны мэдээлжээ. Тэгэхээр та дээр дурдсан хэмжээний цалин авдаг гэж бодъё. Цалингаараа хэдэн килограмм төмс авч болохыг харцгаая.

362 килограмм төмс авч болох нь. Харин лууван дангаар нь авах бол 414 килограммыг авах нь. Хэрэв цалинг жинлэж болдог бол монголчуудын сарын цалин 362 килограмм төмс ажээ. Эсвэл 414 килограмм луувантай тэнцэх хэмжээний цалин авдаг аж.

ТӨМСНИЙ ҮНЭ 2018 ОНЫ ЭНЭ ҮЕЭС 2220 ТӨГРӨГӨӨР ӨСӨВ

Дизель түлшний үнийг дагаад, хүнсний ногооны үнэ ийнхүү өссөн юм. Хүнсний ногооны үнэ өнгөрсөн онуудын долоодугаар сард ямар байсныг Үндэсний статистикийн хорооноос гаргажээ. ҮСХ-ноос гаргасан үнийн мэдээлэлд тулгуурлан, дараах инфографикийг бэлтгэлээ.

Инфогоос 2018 оны долоодугаар сард өндөр байсан төмс, лууван, хүрэн манжингийн үнэ 2019 онд 644-1771 төгрөгөөр буурсныг харсан байх. Харин 2018 оны үнийн дүнг 2022 оныхтой харьцуулахад:

  • Хүрэн манжин: 575
  • Лууван: 850
  • Төмс: 2220 төгрөгөөр өссөн байна.

МОНГОЛЧУУД ТӨМС, ЛУУВАН Л ХЭРЭГЛЭДЭГ БОЛЖЭЭ

Хүнсний ногооны үнийн өсөлт иргэдийн амьдралд хэрхэн нөлөөлж буйг иргэдээс тодрууллаа. Зарим иргэд хүнсний ногооноос татгалзаж буйгаа цахим сүлжээнд илэрхийлсээр буй билээ...

ИРГЭН Д.АЛТАНТУНГАЛАГ

-Хүнсний ногоо үнэтэй байна. Бас жаахан муудчихсан байгаад байна лээ. Тиймээс одоохондоо хүнсний ногоо авахгүй байгаа. Харин таньдаг айлынхаа хүлэмжнээс жаахан нарийн ногоо, дэлгүүрүүдэд хэрчээд хөлдөөчихсөн ногоо авч хэрэглэж байна. Ер нь бол зургаадугаар сарын 15-наас хойш хүнсний ногоо худалдаж аваагүй.

ИРГЭН

-Долоодугаар сарын 13-нд хүнсэндээ ногоо авч хэрэглэсэн. Ногоо их үнэтэй байна лээ. Лууван 4000, манжин 3500 гэж байсан. Шатахууны үнэ өсөөгүй байхад л бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдээд байдаг. Өөрсдийнхөө боломжинд тааруулж, хэрэглээгээ зохицуулдаг. Болгоод л байна. Болохгүй байна гээд байх хэцүү. Өнөөдөр хүмүүсийн амьдрал дундаж л байна шүү дээ.

ИРГЭН Г.ОТГОНЖАРГАЛ

-Хүнсний ногоо их үнэтэй байна. Манайх наадмын өмнө л авсан. Хэдий хүнсний ногооны үнэ өссөн ч өдрийнхөө хоолонд тааруулаад байцай, лууван, манжингаа авна. Мөнгөтэй үедээ бол 2-3 хоногийнхоор авдаг.

ИРГЭН

-Манайх ногоо худалдаж авдаггүй. Бүх төрлийн ногоогоо өөрөө тарьчихдаг юм. 20-иод жил тарьж байна. Өөрсдөө хэрэглэчихнэ. Салатны навч дийлэхгүй их ургаад байхаар нь цөөнийг дэлгүүрт тавьдаг. Мөн байцайгаа иргэдэд зардаг.

Ер нь бол хүнсний ногоог нэг тариад эхэлчих юм бол өөрөө ургадаг. Хэцүү биш. Тиймээс эрүүл, эко юм идэхийн тулд хүнсний ногоогоо тарьж хэвшээрэй гэж хэлмээр байна. Би одоо салатны навчгүйгээр, огурцыгүйгээр амьдралаа төсөөлж чаддаггүй.

ИРГЭН Г.МӨНХЗУЛ

-Төмс, лууван, сонгино гурваас өөр ногоо авч чадахгүй байгаа. Хүнсний ногооны үнэ дийлдэхгүй нь. Наадмын өмнө л жаахан ногоо авсан. Баяр ёслолоор л гэхээс биш одоо ер нь ногоо авахгүй л гэж бодож байна.

ИРГЭН Т.ГАНТУЯА

-Хүнсний ногоо дэндүү үнэтэй байна. Манайх лууван, манжин төмс гурав л авдаг. Авч байгаа цалин амьдралд бараг л хүрэлцэхгүй. Ногоо авч махандаа нэмэрлэхгүй бол мах үнэтэй байгаа. Боломж нь байвал нарийн ногоо хэрэглэмээр л байна. Цаашдаа хүнсний ногооны үнэ өсөөд л байх юм бол бүр хэрэглэхгүй.

ИРГЭН Б.ЖАРГАЛ

-Ногоогоо "Барс" захаас авдаг. Ногоогоо сарын өмнө авсан. Нэг их олон төрлийн ногоо авахгүй. Төмс, луувангаа л голцуу авдаг.

ИРГЭН Д.ЭНХТУЯА

-Хүнсний ногоо их үнэтэй байна. Сая нэг килограмм төмс авсан чинь 4500 гэж байна. Бас 2-3 лууван авсан. Цаашид ингээд өсөөд байх юм бол хүнсний ногоо хэрэглэхгүй.

НОГООНЫ ҮНИЙН ГАЛЗУУРАЛ ТҮР ЗУУРЫНХ УУ...

"Баянзүрх" захын ногооны лангууд хүн багатай байлаа. Зарим лангуун дээр төмс алга. Бид худалдаачдын төлөөллөөс үнийн гэнэтийн савалгаа түр изуурынх уу гэдгийг тодрууллаа.

НОГООНЫ ХУДАЛДААЧИН З.ЖАРГАЛСАЙХАН

-Жил бүр наадмын дараа шинэ ургацын төмс гарчихдаг байсан юм. Энэ жил их сэрүүн байсан учир төмсний ургалт хэд хоногоор хойшилсон бололтой. Нөөцгүй учир хуучин төмс зах зээлийнхээ жам ёсоор хэдхэн хоног л өсөж байна. Үүнийг бид өсгөчихдөггүй юм шүү дээ. Нөөцгүй болохоор хөдөө орон нутгаас оруулж ирж байгаа хүмүүс өөрсдөө өсгөчихдөг байхгүй юу. Хүнсний ногооны үнэ өсөөд, тариаланчдад ашигтай нөхцөл бүрдчихээд буй тул удахгүй төмсөө хураагаад аваад ирнэ байх.

НОГООНЫ ХУДАЛДААЧИН Ж.ЧИМЭГМАА

-Наадмын өмнө төмс нэг килограмм нь 2500-тай байсан. Наадмын дараа шуудай нь 150,000, килограмм нь 4000 болсон. Монголд төмсний ямар ч нөөц байхгүй, зоорины үлдэгдэл цөөн шуудайтай төмсөө л айлууд гаргаж, бидэнд өгсөн. Шинэ ургацын төмс гартал төмсний ханш иймэрхүү л байна. Шинэ ургац гарвал ногооны ханш унана. Эсвэл хятадаас хүнсний ногоо орж ирвэл унана.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
8 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-07-19 08:38

Yg unendeeee oor arga bhgvi eee

Зочин
Зочин
2022-07-19 08:39

тари�##�анчид маань л одоо улсынхааа ногооны хэрэглээг хангах т�##� дээр маш нухацтай хандах хэрэгтэй мөн төр засаг ч гэсэн дэмжэээд өгвөл юутай сайхан бэ

Bidon
Bidon
2022-07-19 08:40

Suuliin 2 hudaldagch chaalaa daa haha lalrud

Зочин
Зочин
2022-07-19 16:53

7 шуудай төмс.

Зочин
Зочин
2022-07-19 20:30

Арчаагүй хулчгар ард түмэн одоо яахав. Эрх мэдэлтэй хулгайч луйварчид нь хэдэн тэрбумаар нь улаан цагаан идэж байхад таг дуугүй

Зочин
Зочин
2022-07-20 09:56

Юун 362 кг төмс. Бүр 200хан кг төмсний үнэтэй тэнцэх ц�##�интайшдээ.

Зочин
Зочин
2022-07-20 14:21

Наймаачид өөрсдөө их үгсэн хуйв�##�даж үнээ нэмдэг наймаачдаас татвар сайн авах хэрэгтэй.

Зочин
Зочин
2022-07-20 15:03

Төмсийг хоол хүнсэндээ хэрэглэхээ болиод оронд нь ногоон хулуу г.м нарийн ногоо хэрэглэж байх нь зөв шүү, төмсний ашиг тус гэж байхгүй

Холбоотой мэдээ

Back to top button