Сурвалжилга, Нийтлэл

Кино бүтээгчдийн халаас руу "гараа дүрсэн" этгээдийг 500 мянга, 5 саяар л торгоод өнгөрөх юм гэж үү

Бүтээгчид хулгайд өртсөөр. Гэвч кино урлагийн зөвлөл, Соёлын яам таг чиг. Кино урлагийг дэмжих тухай хуулийн 8.1.1.д заасны дагуу Соёлын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага "Кино үйлдвэрлэлийн салбарт зохиогчийн эрхийг хамгаалах талаар холбогдох байгууллагатай хамтран ажиллах, дэмжих" бүрэн эрхтэй. Гэсэн хэдий ч бүтээгчдийн мөнгө салхинд хийсчхээд байхад таг чиг.

Кино театрт тавигдах нэг монгол кино 300-500 сая төгрөгөөр, IPTV-д тавигдах кинонууд арай бага зардлаар бүтдэг гэгдэг. Ийм хэмжээний мөнгөө салхинд хийсгэчхээд буй продакшн, хувь хүмүүстээ арга зүйн зөвлөгөө, тусламж үзүүлэх ёстой бус уу. Хулгайгаар хуулбарлаж болохгүй, ямарваа нэгэн уран бүтээлийг цаг хугацаа, хөлс мөнгө, сэтгэл, зүрхээ зориулан хийж буй, хэрэв ингэсэн тохиолдолд ийм хариуцлага хүлээлгэдэг гэдгийг тэд л нийгмийн сэтгэлгээнд бат нот суулгаж өгөх хэрэгтэй санагдах юм.

Ямарваа нэгэн уран бүтээлийг үзэгчдэд хүргэхийн тулд эхлээд санхүүжүүлэгч хайна. Олон байгууллагын хаалга татна, төслөө танилцуулна. Олон ч хаалга мөргөнө. Гэтэл нээлтээ хийгээд удаагүй, IPTV-д ороод хэдхэн хонож буй кинонуудыг амар хялбар аргаар мөнгө олох гэсэн иргэд хуулбарлан түгээсээр. Цахим хуудсанд түгсэн заруудыг харахад:

  • 5000 төлөөд хаалттай групп рүү орж, цаашид орох болон орсон бүх киног үзэх
  • 1000-5500 төгрөг, эсвэл энэ хэмжээний нэгж шилжүүлээд, кино үзэх боломжтой байдаг аж.

Бид 17 киног зарна гэсний дагуу дугаар руу нь залгахад, групп нь хаагдсан хэмээгээд утсаа таслав.

КИНО БҮТЭЭГЧ: МЭДЛЭГГҮЙ, МЭДЭЭЛЭЛГҮЙН ГАЙГААР ХУЛГАЙН КИНО ҮЗЭЭД БАЙНА

IPTV-үүдээс хэрхэн сонголтоо хийж, киногоо байршуулдгийг, хулгайчийн гарт кино чухам ямар замаар очсон хэмээн хардаж буйг "Orange Entertainment"-ийн продюсер Ү.Баяржаргалаас тодрууллаа. Тэд өөрсдийн хийсэн хэд, хэдэн уран бүтээлээ ийн хулгайд алдаад буй юм.

-"Orange Entertainment"-ийн ямар, ямар бүтээлийг хуулбарлаж, цахим сүлжээнд түгээгээд байсан бэ. Хэдэн төгрөгийн хохирол учруулсан гэж үзэн хэдэн хүнийг холбогдох байгууллагад өгөөд байна вэ?

-Манай сүүлийн үеийн бүтээлүүд болох "Дуудлагын хов базагч", "Бумбын тахилга" гэх контентыг хулгайд алдагдсан. "Бумбын тахилга" баяр наадмын үеэр, "Дуудлагын хов базагч" зургаан сарын 14-нд IPTV-д орсон. Гэтэл фэйсбүүк групп нээгээд зарж, борлуулахаас гадна үнэгүй тавьчихсан байсан. Үнэгүй тавьсан киноных нь үзэлт нь 300 мянга хүрчихсэн байх жишээний. Энэ үзэлтийн тоог үндсэн борлуулж байгаа үнэ буюу 6500-6900-аар үржүүлэхэд бараг 2 тэрбум төгрөгийн хохирол учруулсан байгаа байхгүй юу.

Дээрх хоёр киноноос гадна "Нийслэл хүүхэн" киноны хоёрдугаар бүлгийн ангиудыг зарна гэсэн зарын дагуу утсаар ярьж үзсэн. Мэдлэг, мэдээлэлгүйгээс болоод хүүхдүүд энэ хэрэгт орооцолдоод байх шиг ээ. Нэгж шилжүүлчхээд аваарай гэж байх жишээний. Хаанаас яаж авсан юм гэхээр "Телевизээсээ бичээд авчихсан юм. Үзэхэд бол боломжийн" гэж байсан.

Ер нь бол хуулбарласан кинонуудыг нэг бол нэгжээр, нэг бол мөнгөөр зардаг юм билээ. Зарим нь 5500, 5000-аар. Зарим нь 2000-3000-аар. Хуулбарлагдаад группүүд дээр тавигдсан киног архивлаад тараагаад байсан хүмүүсийн дотор төрийн цагдаа хүртэл байсан.

-Оюуны өмчийн газар, кино урлагийн зөвлөл рүү үүсээд буй нөхцөл байдлаа хэлж, туслалцаа хүссэн болов уу?

-Өнгөрсөн долоо хоногийн даваа гарагт албан ёсныхоо өргөдөл гомдлыг Оюуны өмчийн газар өгсөн. Оюуны өмчийн газрын хянан шалгах хэлтэс над руу дөнгөж сая залгасан. Анх киног хуулбарлаж авсан этгээдийг олсон гэж байна. Очиж уулзах гээд явж байна. Энэ хүн хамгийн анх фэйсбүүкт тавиагүй бол олон хүн татаж аваад, зарж борлуулахгүй.

Тухайн хүнийг Оюуны өмчийн газар Зөрчлийн тухай хуулиар таван зуун нэгжтэй тэнцэхүйц хэмжээний мөнгөөр торгох байх. Харин манайх өөрсдөдөө учирсан хохирлыг төлүүлэхийн тулд өмгөөлөгч авсан байгаа. Шүүхэд өгөх болно. Нэг ёсондоо хуулбар киноны үзэлтийн тоог, үндсэн борлуулж байгаа үнээрээ үржүүлээд, бидэнд учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний мөнгийг тухайн хүнээс нэхэмжилж авна гэсэн үг.

-Ер нь хаанаас алдагдчихав гэж бодож байна. Танайх дээрх гурван киногоо ямар, ямар IPTV-д өгсөн юм бэ?

-Ер нь бүх IPTV-д өгсөн. Алдагдсан эх сурвалж нь LookTV.

-Энэ нь яаж батлагдсан юм бол. Тэгэхээр кино алдагдсанд энэ платформ буруутай гэсэн үг үү. Ер нь бүтээгчид IPTV-үүдэд контентоо байршуулахдаа ямар шалгуураар сонголт хийдэг юм бол?

-Дэлгэцээс нь биччихсэн байсан. Хуулбар кинонуудын буланд нь LookTV гэсэн бичиг гарч ирж байсан.

Оригинал бичлэг нь тухайн IPTV-д ажилладаг хүний буруугаас болж алагдагдсан тохиолдолд бид IPTV-үүдтэй зарга үүсгэх боломжтой. Өөр компьютер руу дэлгэцээс нь биччихсэн тохиолдолд тухайн IPTV-ийн буруу гэж үзэхэд хэцүү. LookTV-д гэсэн дэлгэцийг нь бичихэд харанхуйлдаг тохиргоонууд байгаа. Хулгайчид л арай өөр арга замаар хулгай хийгээд байна л даа. Манай зүгээс бас фэйсбүүктэй хамтраад киногоо хамгаалчихдаг. Манай кинонууд эх бичлэгээрээ фэйсбүүкт тавигдах юм бол фэйсбүүк танина. Хуулж авсан, чанаргүй бичлэгүүдийг харин таньж чадахгүй байгаад байна л даа. Ийм тохиолдолд бид фэйсбүүк рүү механикаар хүсэлт явуулдаг юм.

Хүмүүс мэдлэггүй, мэдээлэлгүйн гайгаар л хулгайн кино үзээд байна гэж бодож байна. Мянган төгрөг төлөөд чанартайгаар үзэж болох байтал зурагтаас давхар бичээд, дуу дүрс, чанарыг нь ямар ч баталгаагүй болгочихсон байхад нэгж ч юм уу мөнгө төлөөд үзэж байна гэдэг ухамсаргүй үйлдэл л дээ. Үнэхээр худалдаж аваад үзэх мөнгө байхгүй бол upoint-оороо бас төлөөд, үзэж болно шдэ.

Анаж сууж байгаад, шинэ кино оров уу, үгүй юу хулгайлчихдаг байдал бүр гаарлаа. Тэгэхээр контент үйлдвэрлэгчид маань нэгдэж дуу хоолойгоо өргөе. Хамтдаа тэмцье.

"Orange Entertainment"-тай адил бүтээлээ хулгайд алдчихаад буй хоёр жишээ дурдъя.

ЖИШЭЭ НЭГ

"Ихэр тавилан" киноны уран бүтээлчид оюуны өмчийг хууль бусаар тараан борлуулж буй этгээдүүдэд хариуцлага тооцохоо мэдэгдээд буй юм. Энэхүү кино нь "Номадиа Пикчерс" болон "Хүүк Фильм"-ийн хамтын бүтээл юм.

ЖИШЭЭ ХОЁР

“Аlagaa&Nyamka” хуудсаар дамжуулан уран бүтээлээ хүргэдэг залуусын хийсэн "Durara Гарууд" УСК мөн хулгайд алдагдаад буй юм. Тэд энэхүү киногоо DDish, Univision Mongolia, LookTV-д тавьсан аж. Хийсэн бүтээл нь хулгайд алдагдсаны дараа тэд өөрсдийн цахим хуудаснаа мэдэгдэл хийсэн юм.

Уг мэдэгдэлдээ "Бид "Durara Гарууд" гэсэн кино контент хийж тавьсан. Энэхүү киног маань нэг хүн фэйсбүүкт тавьчихсан байна. Одоогийн байдлаар 200 гаруй мянган хүн үзчихсэн байна. Энэ контентын зураг авалтыг 30-40 хүний бүрэлдэхүүнтэй Булган аймгийн хоёр сумдаар явж, 10 хоног хийсэн. Кино багийн хоол, байрлах байр гээд ер нь бол маш их зардал гарсан. Монтаж, эвлүүлэг, дууны найруулга дээр нь хүртэл олон хүн ажилласан. Гэтэл түүнийг маань нэг хүн аваад цацчихлаа. Ийм хогийн зүйл биднээр дуусаг. Хуулбарлаж тавьсан кино, контентуудыг битгий шэйр хийгээрэй. Ард нь бас олон хүний хүч хөдөлмөр байдаг юм шүү. Хүнээс мөнгө зээлээд л контент хийж байгаа залуучууд, бид.

Киног маань хуулбарлаж тавьсан хүнийг цагдаад өгчихсөн байгаа. Хариуцлагаа хүлээнэ гээд тавьсан юм байлгүй. Бид хулгайд юмаа алдаж дээрэмдүүллээ" хэмээжээ.

LООКTV: НЭГ Ч БҮТЭЭЛ МАНАЙХААС ШАЛТГААЛАН АЛДАГДАЖ БАЙГААГҮЙ

Уран бүтээлчдийн хөлс, хөдөлмөрийн үр шим бусдын халаас руу урссан өдрүүдийн дараа LookTV өөрийн цахим хуудсаараа дамжуулан мэдэгдэл гаргажээ. Уг мэдэгдэлдээ 2016 оноос хойш уг платформ дээрх контентыг хууль бусаар хуулбарлан олшруулахаас сэргийлж, оюуны өмчийг хамгаалах боломжтой бүхий л арга хэмжээг цаг ямагт авдгаа дурджээ. Түүнчлэн видео санд орсон нэг ч уран бүтээл LookTV-ээс шалтгаалан алдагдаж байгаагүй хэмээжээ.

ОӨГ:КИНОНЫ ХУЛГАЙТАЙ ХОЛБООТОЙ ГУРВАН ХЭРЭГ ШАЛГАГДАЖ БАЙНА

Киноны хулгайтай холбоотой хэчнээн гомдол ирээд буйг, энэ тохиолдолд ямар арга хэмжээ авдгийг Оюуны өмчийн газраас тодрууллаа.

Ингэхэд "Кинотой холбоотой гурван хэрэг гар дээр шалгагдаж байна. Тийм хүн, ийм юм тавиад байна гэсэн мэдээлэлтэй гомдол ирдэг. Тэрхүү мэдээллийнх нь дагуу зөрчлийн хэрэг нээгээд, мэдүүлэг авч, хариуцлага тооцдог. Дансны дугаар нь байх юм бол прокурорын зөвшөөрлийн дагуу пэйж хуудасных нь эзэмшигчийн мэдээллийг тодруулдаг. Тэгээд тухайн хүнийг дуудаж уулзан мэдүүлгээ авч, хариуцлага тооцдог. Киног маань хуулбарлаж тавьсан хүмүүсийг цагдаад өгчихсөн байгаа. Эхнээсээ баригдаад эхэлж байгаа. Хариуцлагаа хүлээнэ гээд тавьсан юм байлгүй. Энэ төрлийн хэрэгт Зөрчлийн тухай хуулиар хариуцлага тооцдог.

  • 8.3 дугаар зүйл. Зохиогчийн эрхийн тухай хууль зөрчих

1.Зохиогчийн эрхийн тухай хуулийг зөрчсөн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйлс, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, үйл ажиллагааг зогсоож, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж, хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр /500,000/, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр /5,000,000/ торгоно.

Харин IPTV-үүдэд бол манайхаас ямар нэгэн хариуцлага хүлээлгэхгүй. Тэд ямар хүний юм зөвшөөрөлгүй авч тавьсан биш.

2022 оны хагас жилийн байдлаар нийт 50 гомдол ирсэн юм байна. Үүний 19 нь зохиогчийн эрхтэй холбоотой гомдол байжээ. Энэ 19 хэргийн 13 иргэн, хуулийн этгээдэд зохиогчийн эрхээр торгууль оногдуулсан юм байна" хэмээсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button