Ярилцлага

ТАНИЛЦ: Тэргэнцэртэй иргэний сумдаа байгуулсан 150 ХҮҮХДИЙН БАГТААМЖТАЙ, ХҮРГЭЛТТЭЙ ЦЭЦЭРЛЭГ

Хөвсгөл аймгийн Жаргалант сумын иргэн Ж.Жаргалсайхан өөрийн хөрөнгөөрөө сумандаа 150 хүүхдийн хүчин чадал бүхий хувийн цэцэрлэг барьж байгуулан тогтмол үйл ажиллагаа явуулж байна. 20 настайдаа ахуйн ослоор нуруу, нугасаа гэмтээсэн энэ залуу 23 наснаасаа эхлэн нутаг орныхоо онцлогт тохирсон бизнес эрхэлсээр иржээ.  Тэрбээр 2014 онд нутагтаа хүүхдийн цэцэрлэгийн барилгыг барьж 2015 оноос элсэлтээ авч эхэлжээ.  Бид энэ удаад Жаргалант сумын “Хүслэн” хувийн цэцэрлэгийг сурвалжиллаа.  

-Та өөрийгөө бидэнд танилцуулна уу?

-Хөвсгөл аймгийн Жаргалант сумын уугуул иргэн. Бүрэн бус дунд боловсролтой. 40 настай.

-Сумандаа сайхан бүтээн байгуулалт хийжээ. Хэрхэн эхлэв?

- 2014 онд цэцэрлэгээ барьсан. Манай сумын цэцэрлэг актлагдаад цэцэрлэггүй болчихсон үе л дээ. Айл болгонд цэцэрлэгийн насны хүүхдэээ яах вэ гэсэн асуудал үүслээ л дээ. Тэгээд сумандаа нэг хэрэгтэй юм хийчихье гэж шийдээд цэцэрлэгийн барилгаа барьж эхэлсэн.  

-Хөрөнгө мөнгөө яаж босгов, хүндрэл бэрхшээл юу байв?

-Ах нь 23 настайгаасаа бизнес эрхэлж ирсэн. Тэр бүхнээсээ олсон орлогоор барьсан. Энд тэндээс дэмжлэг туслалцаа хүссэнгүй, өөрөө л зохицуулсан. 12Х25 хэмжээтэй 600 м.квадрат хоёр давхар байшин. Барилгын компаниа өөрөө олж гэрээ хийсэн. Харин барьсан хойноо зөвшөөрлөө авах гэж хүндрэлтэй байсан даа. Хүсэлтээ өгөөд гурван сар боллоо, хариу байдаггүй, учир битүүлэг байдалтай байтал УИХ-ын гишүүн Энх-Амгалан гуай тусласан. Зөвшөөрөл, хувьсах зардлыг нь шийдэж өгснөөр ажил жигдэрсэн дээ. Тав, бараг зургаа дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байна.  

-Одоо хичнэээн хүүхэд сурч байна, танайд?

-Одоо тогтмол 13-15 ажлын байртай. Манайх уг нь зургаан бүлэг бүхий 150 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай л даа. Одоо хувьсах зардал маань гүйцэд шийдэгдэхгүй болохоор дээрээс баталж өгсөн 70 хүүхдийн төсвөөрөө ажиллаж байна. Гурван багш, гурван туслах багш, нягтлан, нярав, эрхлэгч, хоёр жижүүртэй.

-Хувийн хэвшлийн цэцэрлэг болохоор төлбөртэй байх..?

-Төрөөс олгож буй хувьсах зардалд ажилчдын цалин, нийгмийн даатгалын шимтгэл ордог. Бусад зардлаа төлбөрөөрөө шийднэ гэсэн. Төлбөрийн хувьд сарын 25-30 мянган төгрөг байдаг.

-Төлбөр нь үү...?

- Тийм ээ. Сумын төвийн хүмүүсийн амьдралын түвшин, өрхийн орлогод дүйцүүлсэн үнэ л дээ. Энд бэлэн мөнгөний эх үүсвэр муу шүү дээ. Миний хувийн нэг бодол байдаг. Аливаа ажил заавал өндөр ашигтай байх нь чухал биш. Нэгэнт зориод шийдээд бүтээсэн ажил бол ажил. Цаашдаа ч ингээд л ажиллуулна.

-Төлбөр цалингаас бусад зардлыг шийдэж чадаж байна уу?

-Хоол хүнс, бензин шатахуун, түлш халаалт, тог цахилган гээд бүхий л асуудлаа өөрийн орлогоосоо шийднэ. Болгоод л байна. 

-Буянтай сайхан ажил юм даа?

-Би энэ суманд төрж, өсөөд одоо өтлөөд явж байна. \инээв\ Сумандаа сайхан юм хийчихье гэснээс ашиггүй гэдгийг анхнаасаа мэдэж байсан.

-Танай цэцэрлэгээс ирсэн хүүхдүүдийг онц сурдаг гэж багш нар ярьсан..?

- Манайхыг төгсөөд сургуульд орж байгаа хүүхдүүдийг их сайн байна гэж багш нар хэлдэг юм. Багш нар маань тав, зургаан жил ажиллаж ур чадварын хувьд ч өсөж байгаа. “Авьяаслаг монголчууд” шоунд манай нэг хамтлаг оролцсон. Зургаан сарын 01-нд  эцэг эхчүүд хүүхдүүддээ тайлан тавьдаг. Шинэ жилээр сурсан мэдсэнээ эцэг эхдээ үзүүлнэ.

-Танайх хүүхэд залуус ихтэй сум юм байна. Нэлээд ачаа үүрэлцэж байна шүү?

-Намайг цэцэрлэг барьснаас хоёр жилийн дараа концепцийн гэрээгээр 150 хүүхдийн хүчин чадалтай улсын цэцэрлэгтэй болсон. Одоо хоёр цэцэрлэг ажиллаад  байхад л хүүхдүүд цэцэрлэггүй үлдэж  байна. Насжилт залуу газар л даа.  

-Насаараа мод чулаатай ноцолдож явж. Яагаад энэ салбар руу орчихов?  

-Миний ээж сумандаа насаараа цэцэрлэгийн багш, цэцэрлэгийн эрхлэгч хийсэн хүн. Ээж сумын цэцэрлэг актлагдаад ажиллахгүй болоход санаа нь их зовнидог байсан. Тэгээд нэг удаа, энэ олон хүүхэд яаж цэцэрлэггүй байхав, чи хувиараа бизнес эрхэлж байгаа хүн байна цэцэрлэг бариач гэсэн. Ээж хүүхдэд зориулсан ажил цагаан мөртэй,  буянтай сайхан үйлс гэж хэлдэг. Одоо ээж маань манай цэцэрлэгийн эрхлэгчээр ажиллаж байна. Ойрд бие нь жаахан тэнхээрхээд хот руу эмчлүүлэхээр явсан.  

-Аав тань аль салбарын хүн бэ?

-Манай аав сум нэгдлийн үед гэрийн модны мужаан хийж байсан.

-Таны бие одоогоор ямархуу байдалтай байна?

-Ах нь хөгжлийн бэрхшээлтэй хүн шүү дээ. 20 настайдаа аваарт ороод нуруугаа хугалж нугасаа гэмтээсэн. Бүсэлхийнээс доош мэдээ алдалттай 20 гаруй жил амьдарч байна. Хэдэн жил эмнэлгээр яваад нугасыг Монголд байтугай дэлхийд эмчлэхэд хүндрэлтэй гэдгийг мэдсэн. 2000 онд суумгай болсон.  

-Тэргэнцэртэй энэ олон жил бизнес эрхлээд л явж. Та их хүчтай хүн юм?

-Эцэг эхийн минь олгосон  хүмүүжил их нөлөөлсөн. Аливаа юманд шантрахгүй, бууж өгөхгүй, хүссэн юмандаа хүрэх гэж зүтгэдэг. Хувийн зан ааш бас нөлөөлсөн. Би хүний дор орохгүй  амьдрахсан гэж боддог. Надад үргэлж зорилго, итгэл үнэмшил байдаг. Би хөгжлийн бэрхшээлтэй гээд л сууугаад байлгүй олныхоо дунд ороод ирэхээр хүмүүс их дэмжинэ. Монгол хүмүүс их сайхан сэтгэлтэй, жижиг сажиг наймаа хийгээд явж байхад олон хүн намайг дэмжсэн дээ.  

-Юу юу хийж байв?

-Модны чиглэлээр бизнес хийж байлаа.  Өвөрхангай, Баянхонгор аймгийн модны цехүүдтэй гэрээ хийгээд хушин зөөлөн банз нийлүүлнэ. Би аавыгаа дагаад багаасаа модны мужаан болсон хүн. Тэр хийсэн юмнуудаа зарна. Байшин барьж өгнө. Мод модон материал,  мах, жимс хүртэл аваад зарж л байлаа. Их юм хийсээн. Зүгээр сууж чаддаггүй зантай.

-Хувийн хэвшлийн цэцэрлэгийн төлбөрийг 25-30 мянган төгрөгөөр тогтоогоод байнгын үйл ажиллагаа явуулахад бэрхшээл бол зөндөө байгаа даа?

-Өнөөдөртөө болгоод л байна. Хүүхдүүддээ зориулалтын цэвэр, тохьтой орчинд эрүүл ахуйн шаардлага хангасан чанартай хоол ундаар үйлчлээд л болж байна. Бэрхшээл гэхээр их том ярина даа ах нь. \инээв\ Төрөөс анхаарах зүйл их байна. Хотын хувийн цэцэрлэг, хөдөө орон нутгийн хувийн цэцэрлэгийн хувьсах зардал адилхан  байна. Үүн дээр бүсчилсэн бодлого барих хэрэгтэй юм болов уу гэж боддог. Сум, хот хоёрын амьдралын түвшин  газар тэнгэр шиг ялгаатай. Энэ хууль бидэнд хүндээр тусдаг. Хуулийн орчин таатай байвал хувийн хөрөнгөөрөө сургууль цэцэрлэг бариад улсын хөгжилд хувь нэмэр оруулах хүн сумдад зөндөө л байгаа.

-Та цэцэрлэгтээ ямар алба эрхэлж байна вэ?

-Би нярав нь. \инээв\ Тэгээд яахав, алсуур нь аж ахуйн ажил энэ тэр гээд бүх асуудалд оролцоно. Хүүхдүүдтэйгээ хүртэл тоглож наадаад бужигнана шүү дээ.

-Та гэр бүлээ танилцуулаач? Хэдэн хүүхэдтэй вэ?

-Эхнэртэйгээ хоёулаа амьдардаг. Манай хүн сумын англи хэлний багш. Нутгийн маань бүсгүй бий. Бид хоёр 2005 онд айл гэр болсон.

-Та хоёр чинь 70 хүүхэдтэй юм байна шүү дээ?

-Тийм шүү. \инээв\ 150 хүүүхэдтэй байх бүрэн боломжтой. Төсөв мөнгө нь хасагдаад байдаггүй бол. Би төсөвөө  150 хүүхдээр явуулдаг,  12 сард 70 хүүхэд болоод хүрээд ирдэг. Үүнд их сэтгэл дундуур байдаг юм. Би сум орон нутгийнхаа хөгжилд хувь нэмрээ оруулья, бусдад үлгэр дуурайл больё гээд итгэл үнэмшилтэй ажилладаг. Гэтэл аймаг, улсын түвшинд хүлээн зөвшөөрдөггүй. Орон нутгийн удирдлагууд бол сайн дэмждэг.

-Иргэд  дэмжээд мах, сүүгээ бариад ирнэ биз?

-Дэмжилгүй яахав. Өсөхөөс өдий хүртэл мэддэг болохоор сайхан шүү дээ.  Цэцэрлэгээ  дампууруулчихгүйн тулд бартер хийнэ. Мөнгө байхгүй бол сүүгээ өг, махаа өг, аарцаа өг, за нэг төлөг өгчихээрэй. Хойтон намар хүнсэнд нь хэрэглэчихье гээд л. Түлээ мод хийдэг хүмүүст нэг машин түлээ өгөөрэй. Зах зээлийн үнээр нь бодоод авья гэнэ. Монгол улсдаа анхны суманд баригдсан хувийн цэрцэрлэг бол манайх.

-Хүүхдүүдээ хүргэж өгдөг гэсэн?

-Манай хүргэлтийн үйлчилгээ 4-11 сард явдаг. Өглөө хүүхдүүддээ гэр гэрээс нь очиж аваад орой хүргээд өгчихнө. Аав ээжийнх нь ачаалал нь буурна, хүүхдүүд даарахгүй.  Манайх  дулаан граштай болохоор хүүхэд даарна гэсэн асуудал байхгүй.

“Хүслэн” цэцэрлэгийг байгуулагч ингэж ярилаа. Тэр өвчтэй гээд гараа хумхиж суусангүй. Хөдөлмөрлөж, хуримтлуулсан мөнгөөрөө нутгийнхаа ирээдүй болсон багачуудыг дулаан тохьтой  цэцэрлэгтээ болгожээ. Хөвсгөл аймгийн Жаргалант сум нь 5413 хүн амтай. Хүн амын 60 хувь нь гуч хүртэлх насны хүүхэд залуус эзэлдэг. Сумын хэмжээнд СӨБ-ын насны 700 хүүхэдтэй байгаагаас улсын төсвийн цэцэрлэгт 200 хүүхэд, “Хүслэн” цэцэрлэгт 70 хүүхэд суралцаж байна. Төрөөс хувьсах зардлын хэмжээг хүчин чадалд нь дүйцүүлэн баталж өгвөл бид дахиад арав гаруй ажлын байр гарган нэмж 70 хүүхэд авах бүрэн боломжтой гэж Ж.Жаргалсайхан ярьж байна. Жаргалант сумынхан хөдөлмөрч ард түмэн. Үе удмаараа дамжин эрхэлж буй модны уран дархцуул энэ суманд амьдардаг. Бидний ярилцагч ч уран дархан, хөдөлмөрч иргэдийн нэг нь.


Бид “Хүслэн” цэцэрлэгээр “зочилсны” дараа сумын засаг дарга Н.Найманжинтай ярилцлаа.

И.Найманжин: Манай сум хамгийн хөдөлмөрч бүтээлч иргэдтэй

-Жаргалант сумын ард иргэдийг их хөдөлмөрч бас модны мужаанаараа цуутай нутаг гэдэг. Тантай сум орон нутгийн онцлогийн талаар ярилцья?

-Баярлалаа. Үнэхээрийн хөдөлмөрч ард түмний үргэлжлэл билээ, бид. Манай сум  1973 онд төрийн дээд шагнал алтан гадас одон хүртсэн. Одоо ч энэ шагналаараа овоглож явдаг. Эдийн засгийн голлох салбарын нэг нь мод, модон бүтээгдэхүүн үйлдвэрлэл. Манай сум хуш модны арвин их нөөцтэй.  Одоо сумын иргэд маань түймэрт шатсан модоор төрөл бүрийн модон эдлэл хийж орон нутгаа төдийгүй Баянхонгор, Говь-Алтай, Завхан аймгийн сумдыг хэрэгцээг  бүрэн хангаж байна. Жаргалант суманд сандал хийдэггүй эр хүн ховор доо. Үе удам дамжсан модны мужаан олон бөгөөд хувиараа гэр гэртээ л үйлдвэрлэл эрхэлж байна. Цаашдаа бид үйлдвэрлэлий хөгжүүлэх бодлогын хүрээнд мод, модон материалын үйлдвэртэй болох зорилготой. Ингэснээр иргэдийн ажиллах нөхцөл сайжирна, дээрээс нь  энэ олон хүний нийгмийн даатгалын асуудал шийдэгдэнэ. Улмаар баруун аймгуудынхаа хэрэгцээг хангах модон эдлэлийн брэндийг бий болгоно.

-МАА-н хувьд ...?

-Сумын эдийн засгийн голлох нэгэн салбар нь мал аж ахуй. 2018 оны жилийн эцсийн тооллогоор 271200 толгой мал тоолуулсан. Малчин өрх 988,  мал бүхий өрхтэйгөө нийлэхээр 1135 болдог. Манай сумын бэлчээрийн даац 4.2 дахин нэмэгдсэн байгаа. Малын тоонд биш чанарт анхаарах цаг нэгэнт ирээд байна. Өнгөрсөн өвөл л гэхэд өөрийн аймгийн арван сум, бусад аймгийн найман суманд отор нүүдэл хийлээ. Цаашид сүргийн бүтцийг сайжруулах, малын ашиг шимийг сайжруулах, бэлчээрийн зөв менежменттэй болоход анхаарч ажиллана.

-Хөвсгөл аймгийн сумдын дийлэнх нь аялал жуулчлалын салбарт анхаарлаа хандуулаад буй. Танай сумын тухайд?

-Архангай  аймгийн Тариат сумын нутагт орших Хоргын тогоо, Цагааннуур болон Хөвсгөл далай хоорондын босоо тэнхлэгийн аялал жуучлал манай сумаар дайран өнгөрдөг. Энэ чиглэлд анхаарлаа хандуулж байна. Сумын төвөөс 5 км зайд халуун рашаан, үүнийг түшиглэсэн жуулчны бааз байдаг. Жуулчны улиралд их ачаалалтай байдаг.  

-Хүн амын дийлэнх хувийг хүүхэд залуус эзэлдэг юм байна. Залуу сум гэж нэрлэж болох нь?

-Тэр утгаараа манай сум хүүхэд залуусаа зөв хүмүүжүүлэх хөгжүүлэх чиглэлд тусгай бодлого барьж ажилладаг. Бүтээн байгуулалтын хувьд 2016 онд 1.2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 150 хүүхдийн хүчин чадалтай цэцэрлэгтэй болсон. Өнгөрсөн онд 3.2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар соёл спортын цогцолбор ашиглалтад орлоо. ЕБС 1000 гаруй сурагчтай, номын сангийн фонд учир дутмаг байсан. Тэгээд улсын хэмжээнд “Сод эрдэм 3” аянг зарлаж 7000 ширхэг номтой цугласан. Энэ нутгаас гаралтай олон хүний сэтгэл зүтгэл шингэсэн сайхан аян болсон.

-Танай сумын иргэн нутагтаа хувийн цэцэрлэг байгуулан ажиллаж байгаа нь сайхан ажил болжээ?

-Жагаа ах их хөдөлмөрч хүн. Бид түүнийг хөгжлийн бэрхшээлтэй хүн гэхээсээ илүүтэй  манай сумын хамгийн хөдөлмөрч бүтээлч иргэн гэж хардаг. “Хүслэн” цэцэрлэг сүүлийн хэдэн жил тогтмол үйл ажиллагаа явуулж байгаа. Манай сум СӨБ-ын насны хүүхэд олонтой болохоор Жагаа ахын цэцэрлэг ачааллыг хуваалцаж байгаад баярлаж явдаг.

 Б.ОТГОНБАЯР

DCIM\100MEDIA\DJI_0045.JPG
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button